Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                            Прокурор Б.Мандалмаа

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох

Шүүгдэгч Т.Б

Нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гомдлоор Т.Б-т холбогдох эрүүгийн 2426000510148 тоот хэргийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр, Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, боловсролгүй, *** мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт Т.Б /РД: ***/

Т.Б нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” дэлгүүрийн урд талын уулзвар дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота приус” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Т.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/  төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 03-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай Тоёото приус маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэсэнг зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтыг нэмж өөрчлөлт оруулсан бөгөөд энэ хуулийн зохицуулалт 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн. Т.Б 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан хугацаанд дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон байна. Т.Б-ийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө гаргасан зөрчлөөр жолоодох эрхээ хасуулсан байдлыг гэмт хэргийн шинжийг хангах хүндрүүлэх үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулсан ялыг хүндрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйг байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэснийг тус тус зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж орсон заалт, үйлчлэх цаг хугацааны хувьд 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн үйлдэлд хамаарна гэж үзэж байна. Эрүүгийн хуульд шинээр нэмж орсон дээрх өөрчлөлтөөс өмнө үйлдэгдсэн зөрчлийн шинжийг хуульд шинээр нэмж орсон гэмт хэргийн шинжид хамааруулж гэм буруутайд тооцож байгаа нь холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэх ойлголтонд хамаарна гэж үзэж байна. Урьд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байдлыг шинээр гэмт хэргийн шинжийг хангах үндэслэл гэж үзэж байгаа тохиолдолд өнмө нь эрх хассан хугацаанаас үлдсэн /эдлээгүй, дуусаагүй/ шийтгэлийн хугацааг хэрхэн тооцох талаар зохицуулалтгүй орхигдож байна гэж үзэхээр байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, 3-н сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн. Би урьд нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай Тоёото приус маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан. Энэ хоёр зөрчил нийлээд эрүүгийн хэрэг болсон гэж ойлгосон. Хуулийн талаас нь сайн ойлгож мэдэхгүй байна.

Миний гаргасан зөрчил үнэн. 2 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэрэг шалгахад ч үнэнээ хэлсэн. Миний хувьд багаасаа сургуульд суугаагүй бичиг үсэг мэдэхгүй, ам бүл 4 эхнэр, бага насны 2 хүүхдийнхээ хамт хөдөө амьдардаг. Хэдэн мал маллаж түүний ашиг шимээр ахуйн хэрэгцээгээ хангадаг. Эхнэр 2 хүүхдээ сургууль цэцэрлэгт сургаж аймагт өрх тасарч түр амьдардаг. Бид хөдөө өндөр настай эмээ, өвөөтэйгөө амьдарч тэднийгээ асарч авч явдаг. Хүүхдийн амралтаар эхнэр хүүхдээ аймгаас авах хүргэх, хөдөө өвс хадлан тэжээл татах өвөл хаврын нүүдэл тэр бүрт дандаа жолооч машин тэрэг гуйх тун хэцүү тэр бүр олдохгүй. Хөдөөгийн амьдрал цаг агаарын хүндрэл бэрхшээл ихтэй. Миний ар гэрийн амьдрал, анх удаа хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан хугацааг багаар тогтоож өгнө үү. Би дахин хэрэг зөрчил гаргахгүй хууль дүрмээ биелүүлж явахаа илэрхийлж байна гэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө амьдардаг хүн. Хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж шийдвэрлэснийг багасгаж өгнө үү. Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Цаг хугацааны хувьд шүүгдэгч Т.Б нь 2023 оны 07 дугаар сард эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хүн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт буруутайд тооцон шийтгэж байгаа нь Т.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Тухайлбал 2023 оны 07 дугаар сард эрхээ хасуулсан нөхцөл байдлыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр дагаж мөрдөж байгаа хуулийн заалтад нийцүүлж, эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Т.Б-ийн үйлдэл нь шинээр үйлдэгдсэн гэмт хэрэгт тооцогдож байгаа нь эрх зүйн байдалд нөлөөлсөн бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлахдаа эрхээ хасуулсан хүн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан гэж ямар хэмжээний спиртийн агууламж хэрэглэсэн байх зэргийг тусгайлан тайлбар хийсэн.

Гэхдээ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрхээ хасуулсан этгээдэд энэ хууль хамаарахгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг шүүхээс няцаасан дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүй байна дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Т.Бийн гаргасан гомдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтанд шалгагдаж, согтуу байсан гэдэг нөхцөл байдлаа Т.Б хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Мөн хавтаст хэргээс харахад ч гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал харагддаг. Т.Бийн хувийн байдлыг авч үзэхэд сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, хөдөө мал ахуйгаа эрхэлж амьдардаг. Өөрөө боловсрол эзэмшээгүй тул 2 хүүхдээ боловсролтой хүн болгохын тулд эхнэр, 2 хүүхдээ аймагт амьдруулж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулдаг. Т.Бийн том хүүхэд нь энэ жил сургуульд сууна. Т.Б нь хөдөө өндөр настай өвөө, эмээгээ асардаг. Т.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн амьдрал, үйлдсэн гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж анхан шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийтгэлийг багасгаж өгнө үү гэсэн гомдлыг нь өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна гэв.

Прокурор Б.Мандалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Энэ хуулийн үзэл баримтлал нь сүүлийн жилүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарах болсонтой холбоотой. Шүүгдэгч Т.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан ч тухайн үйлдлээ ухаарч ухамсарлахгүйгээр дахин энэ төрлийн үйлдлийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө гаргасан зөрчил учир гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх нөхцөл болгож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа хууль нь хэрвээ өмнөх хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цаг хугацаанаас өмнөх үйлчлэл хамаарахгүй юм бол энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь бүтэн 1 жилийн дараа хэрэгжихээр харагдаж байна.

Иймд Т.Б-ийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Т.Б нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” дэлгүүрийн урд талын уулзвар дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота приус” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.Б нь эрхээ хасуулчихсан. Хөдөө мал маллаж байгаа. Жоохон юм уучихаад цагдаад баригдсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн орой 18 цаг 30 минутын үед цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүрэг авч ажлаас гарсан. Олон нийтийн цагдаа Зулсарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Өвөрхангай аймгийн *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** дэлгүүрийн урд уулзварт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд *** улсын дугаартай цагаан өнгийн приус загварын тээврийн хэрэгслийг зогсоож баримт бичгийг нь шалгасан чинь жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгээд тухайн жолоочийг тандагч багаж үлээлгэн шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн дохио өгсөн учраас согтууруулах хэмжигч А1.7510 багажаар үлээлгэн шалгахад 0,88% согтолттой гарсан учир тээврийн хэрэгслийг нь түр саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Т.Б тухайн үед ганцаараа явсан. Надад нэг лааз пиво уусан гэж хэлсэн. ...Урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/,

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №0288404 дугаартай “...Т.Б-т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн” хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, Зөрчлийн талаарх мэдээлэл, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 14-15 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан "...Алкотест багажаар шалгахад 0,88 хувь гэсэн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа. ...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай "...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 00 минутын үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд “...*** регистрийн дугаартай *** овогтой Б нь жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан” гэх тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Т.Б-өөс ... Би 2 удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бичиг үсэг мэдэхгүй, ам бүл 4 эхнэр, бага насны 2 хүүхдийнхээ хамт хөдөө амьдардаг. Миний ар гэрийн амьдрал, анх удаа хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан хугацааг багаар тогтоож өгнө үү... гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохоос ... 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг нэмж, үйлчлэх цаг хугацааны хувьд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн үйлдэлд хамаарахаар байна. Эрүүгийн хуульд шинээр нэмж орсон өөрчлөлтөөс өмнө нь үйлдэгдсэн зөрчлийн шинжийг гэмт хэргийн шинжид хамааруулж гэм буруутайд тооцож байгаа нь холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Т.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг багасгаж өгнө үү гэх гомдлыг хангах боломжгүй байна.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцох бөгөөд уг зохицуулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөр хуульчилсан.  

Т.Б нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай “Тоёота приус” маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон       

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.