| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0068/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 53
2018 оны 03 сарын 29 өдөр 2018/ШЦТ/53 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0068/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга,
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хишигтэн овогт Балжирын Өд холбогдох 1839001170066 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Увс аймгийн Ө суманд 1952 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 66 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 03-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хишигтэн овогт Балжирын Ө /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 03-02 тоотод иргэн Б.Ачитбатыг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Ачитбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...гэрт нь ороход нэг эмэгтэй хүнд ном уншиж өгөөд сууж байсан. Тэгээд би гэрт зүүн орон дээр нь унтаж байгаад сэртэл Ө ах ганцаараа үглээд сууж байсан. Тэгээд гад руу чи саван авчир хулгайч минь гэж хэлээд үгийн зөрөөгүй төмөрөөр эхлээд баруун шанаа руу дараа нь баруун нүдний дээд хэсэгт 2 удаа цохисон, дараа нь дагз руу цохиход би төмрийг барьж аваад дарж унагаагаад гараад зугтаад цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-11 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 07-ны №100 Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд
Б.Ачитбатын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна.... /ХХ-15 хуудас/
Сэжигтэн Б. Өгийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэрийн төрсөн дүү Ачитбат архи уучихсан согтуу манайхаар орж гараад яваад байсан. Ингээд өдөр 13 цагийн үед ирж унтаад 16 цагийн үед сэрэхээр нь манайхаас авч явсан тэр хүүхдийн саванг авчирч өг яагаад хүний юм аьчихаад өгдөггүй юм гэж уурласан. Тэгээд уурандаа чи гарч саван авчирч гэсэн чинь хөдөлхгүй болохоор нь би зуухны хажууд байсан галын дэгээ төмрөөр зодлоо гэсэн чинь тэг тэг гэсэн тэгэхээр нь толгой руу 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б. Ө нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 03-02 тоотод иргэн Б.Ачитбатыг дэгээ төмрөөр зодож хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б. Өгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ачитбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны №100 тоот дүгнэлтэнд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Хохирогч Б.Ачитбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б. Өг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1. Шүүгдэгч Хишигтэн овогт Балжирын Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Өг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б. Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б. Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял биеэлмэгц эд мөрийн баримтаар хураан авсан галын дэгээ төмрийг устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б. Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА