Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 


Б.Б, Т.Г нарт холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г (цахимаар),
Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Б (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, Т.Б нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Т.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2216001920017 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

Ж овогт Т.Г нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ............ сумд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, “......................” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ................ сумын ........... багийн ... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 (дөчин мянга) төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ТИ.............. регистрийн дугаартай,

Ө овогт Б.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ............... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “......................” төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .............. сумын ............ багийн ........... хороолол ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ.................. регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г, Б.Б нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж овогт Т.Г, Ө овогт Б.Б нарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, 6,500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 11,150,000 (арван нэгэн сая нэг зуун тавин мянга) түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж, улсын орлого болгож, иргэний хариуцагч А.А-оос 7,420,000 (долоон сая дөрвөн зуун хорин мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 8 хоног томилолтоор явсан болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа боловч байгууллагын эд хөрөнгийг бусдад худалдах хууль бус үүрэг даалгавар өгсөн болох нь гэрч болон иргэний хариуцагч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэжээ. Гэтэл иргэний хариуцагч болон шүүгдэгч Б.Б нарын хооронд үүссэн нарны зайг худалдан авч худалдан борлуулсан, хууль бус үүрэг даалгавар өгсөн гэх цаг хугацаанд өөр газар ажил үүргээ гүйцэтгэж байсан тухайн байгууллагын дарга асан Т.Г-т хамаатуулж, гэм буруутайд тооцож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Нэг. Гэрчүүдийн мэдүүлэг илт зөрүүтэй, гэрчүүд нь хууль болон журмын талаарх өөрийн ойлголтоо мэдүүлсэн болохоос биш шүүгдэгч нарыг зориуд хууль зөрчиж, идэвхтэй үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг хийсэн талаар огт мэдүүлээгүй.
Гэмт хэрэг гэж үзэх нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй бөгөөд эхнээсээ Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, ажил хэргээ явуулахтай холбоотой үйлдэл гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн тогтоогддог. Гэтэл заавал эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах ёстой атал зөвшөөрөл аваагүй, түүнчлэн Б.Б өөртөө давуу байдал үүсгэн ашиглах боломжгүй болсон зай хураагуурыг худалдсан гэж буруутгадаг.
Ямар давуу байдал бий болгосон, энэ нь хэрхэн үйлдэгдсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгагдаагүй бөгөөд гагцхүү төрийн өмчийн хөрөнгийг худалдсан эсхүл устгасан аль ч тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авах ёстой гэх байдлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийг гуйвуулан тайлбарлаж. /Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.2/ гэм буруутай гэж үзсэн.

Тухайн төрийн өмчийн байгууллагын үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд энэ хүрээнд ямар нэгэн зөрчил гарсан эсэх асуудлыг дээд шатны захиргааны байгууллага шийдвэрлээд хариуцлага алдсан албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулаад явах ёстой атал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэжээ.

Тухайлбал: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт гэрч Т.Гийн мэдүүлэгт “...Байгууллагын 2020 оны тооллогын комиссын шийдвэрийг үндэслээд цаашид ашиглах боломжгүй болсон. Үнийг шинэчлэн тогтоох, актлах үндсэн хөрөнгийн танилцуулгыг нэгтгээд байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурал дээр танилцуулж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт зааснаар үндсэн хөрөнгийг олж авах, актлах, шилжүүлэх, худалдан борлуулах асуудлыг гагцхүү энэ хуулиар зохицуулж өгсөн бөгөөд манай байгууллагаас шийдвэр гараагүй байхад тухайн хөрөнгийг акталж, худалдан борлуулж болохгүй...” Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарч байгаа эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Төрийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгийг актлах, устгах, худалдан борлуулах балансаас баланст шилжүүлэх эцсийн шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргадаг. “.............” ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор үндсэн хөрөнгийг актлах, худалдах, шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд дэмжиж шийдвэрлэсэн байна. Уг тогтоолын 4 дэх заалтаар үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах, худалдах болон үнийг шинэчлэн тогтоох асуудлыг хууль тогтоомж, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох материалыг хүргүүлж, шийдвэрлүүлэхийг тус компанийн гүйцэтгэх захирал Т.Гт даалгасан байна. Тэгэхээр тухайн хөрөнгөтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлөөс нь зөвхөн дэмжиж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нарны тэжээлийн батарейнуудыг хэрхэх талаар эцсийн шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2021 оны В/2498 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна. Энэ бичигт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А-2/1391 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна...” гэх мэдүүлэг,

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24/А дугаартай яллах дүгнэлтийн 8-т гэрч А.А-ын “...ерөнхий инженер Б.Б мэдэж байгаа байх гээд утас руу нь залгаад асуусан чинь Б “...сумаас ашиглахгүй болсон батерайнууд ирсэн...” гэсэн. Тэгэхээр нь наад батарейнуудаа зарах уу гэсэн... Б над руу нэг данс өгөөд хөгшин чинь албаны машинд сэлбэг авах гээд байна мөнгөө шилжүүлээч...” гэх мэдүүлэг зэргээс харахад нарны зайн хураагуурыг актлах асуудал нь байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлууд дээр хэлэлцэгдэж, энэ талаар шийдвэр гарсан байх бөгөөд уг шийдвэр эцсийнх биш гэж мэдүүлж байгаа хэдий ч тухайн нарны зайг устгах талаар шийдвэр гарч байсан гэж үзнэ.
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу устгах саналыг дэмжсэн шийдвэр төлөөлөн удирдах зөвлөлөөс хүргүүлсэн байх бөгөөд шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Үүнээс үзвэл тухайн нарны зайг устгах, актлах шийдвэрийг зөвхөн шүүгдэгч Т.Г, Б.Б нар нь дангаараа шийдвэрлэсэн биш гэдэг нь харагдаж байна. Б.Б нь тухайн нарны зайны төлбөрийг хувьдаа биш компанийн эд хөрөнгийг засан сайжруулах зорилгоор ашигласан байхад /нотлох баримт хэрэгт авагдсан/ анхан шатны шүүхээс уг гэрчийн /А.А/ мэдүүлгийг үнэлэхгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүйд хүргэсэн гэж үзэхээр байна.

Хоёр. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам” нь хуульд нийцсэн журам мөн эсэх талаар.
Хууль болон журмаар зохицуулсан нарийвчилсан харилцааг мэдээгүйн төлөө хайнга хандсан үйлдэлдээ ял авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх” журмын хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөх журам биш юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу эсхүл Сангийн яам уг журмыг батлах ёстой байсан уу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд чиг үүргийн хувьд Сангийн яам батлах байсан гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс гадна хуулиас давсан журам байж болохгүй учир уг журмыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулж төрийн өмчийн компани болон орон нутгийн өмчит компани, иргэдээс саналыг тус тус авч, улмаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэх ёстой байсан. Уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хэм хэмжээний актын шинжийг бүрэн хангаж байх бөгөөд захиргаа хуульд заасан шаардлагыг хангаж, хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус болох эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 8 дахь хуудсанд уг журмын 6 дугаар зүйлийн 6.2.1-г үндэслээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан. Уг хуулийн зохицуулалтын зорилго нь эрх бүхий байгууллага /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/ нь материаллаг хуульдаа /Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль/ нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актын /Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”/ төслөө боловсруулж, Хууль зүй дотоод хэргийн яамаар хянуулж, бүртгүүлээгүй бол уг журмыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байх буюу хуулиас давсан журамд хариуцлага хүлээхгүй тухай онолын ойлголт юм.
Дээрхээс нэгтгэн үзвэл хөрөнгийг устгах тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл заавал авахаар хуульчлаагүй. Гэтэл нарийвчласан журмаар заавал авах ёстой мэтээр тайлбарлаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Уг журмын үйлчлэл нь хүчингүй байна гэсэн үг юм.

Гурав. Хаягдал батарейг худалдсан төлбөрийн зориулалтыг бүрэн шалгаж тогтоогоогүйгээс гадна нарны зайг зориулалтын дагуу худалдаагүй гэдгийг шүүх анхаарч дүгнээгүй.

Гэрч А.А-ын мэдүүлэгт дурдснаар албаны машиндаа тухайн хаягдал болсон нарны зайн төлбөрийг зарцуулах талаар хэлсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэх, хувьдаа мөнгө завших санаа сэдэлт, зорилго байгаагүй гэдгийг нотолж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хуудас 11-т “...Нарны тэжээлийн 398 ширхэг цэнэг хураагуурын зайг худалдан борлуулсан 11,150,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б өөрийн эзэмшлийн Хаан банкны 53.............. тоот дансаараа авч, ашигласан байх тул дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, шүүгдэгч Б.Бгээс гаргуулж, улсын орлогод оруулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ. Шүүгдэгчийн шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга хэсэг дээр бичсэн “Dugui” “gaa ford” гэсэн бичвэрт үндэслэн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж дүгнэн, тус гүйлгээний үнийн дүнгээс хасч тооцох  үндэстэй байна” гэжээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус хуульчилсны дагуу хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй болох нь дээрх шийдвэрийн хэсгээс харагдаж байна.
Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн хуудас 11-т “...Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол тогтоогдоогүй буюу худалдан борлуулсан нарын тэжээлийн 398 ширхэг цэнэг хураагуурын зай нь элэгдэл, хорогдол тооцогдож үлдэх өртөггүй болсон, ашиглах хугацаа дууссан эд хөрөнгө байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний компаниуд үнэлгээ тогтоохоос татгалзсан, хэрэгт эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байна.
Дээрх дүгнэлтээс үзвэл шүүхээс маргаан бүхий 398 ширхэг цэнэг хураагуурын зай нь ашиглах хугацаа дууссан эд хөрөнгө мөн болохыг тогтоож, хөрөнгийн үнэлгээний компаниуд үнэлэхээс татгалзсан баримтаар нэгэнт л устгагдаж хог хаягдал болох ёстой байсанг илтгэн харуулж байна. Гэтэл хог хаягдал болон устгагдах гэж буй эд хөрөнгийг зөвшөөрөл аваагүй гээд буруутгаж байгаа нь үндэслэл бүхий биш байна гэж дүгнэхэд хүргэж байна.
Нөгөөтэйгүүр Хог хаягдлын тухай хуулийн 4.1.1-т “хог хаягдал” гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг;” хэлнэ гэж хуульчилсны дагуу өмчлөгч хэрэглэхгүй болсон этгээдийг зориулалтын дагуу биш өөр этгээдэд Б.Б шилжүүлсэн. Үүнээс олсон төлбөрийг компанид зарцуулсантай холбоотой ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн маргааныг шүүхээс эрүүгийн гэмт хэрэг гээд дүгнэчихсэн байж болзошгүй гэж үзэхээр байна.
Иймд маргаан бүхий нарны цэнэг хураагуурын 398 ширхэг зай нь бодитоор худалдах хөрөнгө байсан юм уу эсхүл устгах хөрөнгө байсан юм уу гэдэг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн хуудас 11 болон 12 дахь хэсгээс үзвэл устгах хөрөнгө байсан нь харагдаж байна.
Харин шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудасны 2 гэсэн дугаартай хэсэгт “Шүүгдэгч Б.Бгийн цэнэг хураагуурыг худалдсан, хариу төлбөр авсан үйлдлийг нь хууль зүйн агуулгаараа эд хөрөнгө устгасан гэж үзэхгүй бөгөөд эд хөрөнгө устгах гэдэг нь тухайн зүйлийн биет байдлын хувьд үгүй хийх, аж ахуйн болон иргэний гүйлгээнээс гаргах үйл ажиллагаа бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29, 31 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтаас ангид байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид бие даан шийдвэр гарган байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй” гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлт үг зүйн хувьд хоорондоо зөрүүтэй байна. Устгах гэдэг агуулгыг шүүхээс тайлбарлахдаа 1-т тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, 2-т аж ахуйн гүйлгээнээс гаргах гэж тайлбарласан байх бөгөөд 2 дахь тайлбарын дагуу авч үзвэл маргаан бүхий 398 ширхэг хураагуур нь устгагдах хөрөнгө гэж үзэхээр байна. Гэтэл хөрөнгө устгагдсан гэж үзэхгүй гэж өгүүлбэрийн эхний хэсгээрээ тайлбарлаж байгаа нь өгүүлбэрийн төгсгөлийн хэсэгтэй зөрчилдөж байна. Үг зүйн тайлбарын хувьд авч үзвэл хөрөнгө устгах гэдэг нь аж ахуйн гүйлгээнээс гаргахыг мөн хамааруулж ойлгохоор шүүх өөрөө тайлбарласан атлаа устгагдсан гэж үзэхгүй гэдэг нь логик уялдаа үүсгэхгүй. Үүгээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Шүүгдэгч нарыг дан ганц өөрт олгогдсон эрх байхгүй байхад ажил үүргээ гүйцэтгэсэн гэж буруутгаад байгаа бол ажил үүргээ мэдэхгүй буруу хийчихсэн үйлдэл юм биш үү хэрэв тийм бол Төрийн албаны тухай хууль эсхүл Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцлага хүлээх үндэслэлтэй.

Ерөнхийд нь нэгтгэн дүгнэвэл тус 398 ширхэг зай хураагуурыг шүүхээс худалдах ёстой хөрөнгө гэж үзээд байгаа юм уу, эсхүл устгах ёстой хөрөнгө гэж үзээд байгаа юм уу гэх асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Тайлбарлавал: Худалдах ёстой хөрөнгө гэдэг нь зориулалтын дагуу ашиглаж болохуйц хөрөнгө хамаарна. Харин устгах гэдэгт бол зориулалтын дагуу ашиглах боломжгүй, аж ахуйн гүйлгээнээс гаргах хөрөнгө хамаарна.
Устгах ёстой хөрөнгийг заавал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байхгүй. Хуулийн системчлэлийн хувьд авч үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл буюу хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах арга хэмжээг авч болох юм. Ингэхдээ тус хуулийн 2 дахь хэсэгт заасны дагуу худалдах, шилжүүлэхэд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авахаар зохицуулсан байна. Эрх бүхий этгээд гэдэгт төрийн өмчийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллагыг ойлгоно. Зүй нь устгагдах эд хөрөнгийн хувьд Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөл болон өмч хамгаалах байнгын зөвлөлийн шийдвэрийн дагуу устгаад энэ талаар авсан арга хэмжээгээ эрх бүхий байгууллагад тайлагнаж болох юм.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй улмаар ажил үүргээ гүйцэтгэсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээх болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Үйл баримтын тухайд:

Шүүгдэгч Т.Г-ийг “..............” эрчим хүчний систем ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа компаний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан 398 ширхэг нарны тэжээлийн цэнэг хураагуурыг (2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны хооронд) Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зөвшөөрөл авалгүйгээр худалдах зөвшөөрлийг ерөнхий инженер Б.Б-д олгосон, Б.Б-г уг газрын зөвшөөрөлгүй хөрөнгийг худалдах ёсгүйг мэдсээр байж бусдад худалдан төлбөрийг өөрийн дансаар шилжүүлэн авч нийтийн албан тушаалтны хувьд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бус давуу байдал олгосон гэм буруутайд тооцжээ.  

3. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж овогт Т.Г, Ө овогт Б.Б нарыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, 6,500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

4. Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Ж.Д “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Т.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон үйлдэл холбогдолыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлыг, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Т.Б “...Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй улмаар ажил үүргээ гүйцэтгэсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээх болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү...” гэж тус тус давж заалдах журмаар гомдол гаргажээ.

5. Давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын… шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж, “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт “элэгдлийн нийт хэмжээ, ашиглалтын хугацаагаараа балансын үнээ бүрэн нөхсөн бөгөөд цаашид зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр данснаас хасна” гэх заалтыг зөрчсөн. Үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэртэйгээр дуудлага худалдаа явуулах аргаар худалдах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл буюу хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах арга хэмжээг авахаар тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан “төрийн өмчийн хөрөнгийг худалдах” тохиолдол нь ямар нэг нөхцөл шаардаагүй тохиолдол буюу хэвийн зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдах зохицуулалт ба энэ тохиолдолд заавал зохих этгээдийн шийдвэр гарч, дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь ...илүүдэл буюу хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах арга хэмжээг авах тухай нөхцөл шаардсан зохицуулалт байна. 
 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр заавал гарсан байхыг хуульд шаардаж буй бол 31 дүгээр зүйлд заасан ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийн хувьд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авахаар заажээ. Энэхүү хуульд заасан зөвшөөрлийг хэрхэн яаж авах асуудлыг доорхи хэм хэмжээ тогтоосон захиргааны актаар шийдвэрлэжээ. 
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх” журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрх олгогдсон байгууллагаас гадагш чиглэсэн заавал дагаж мөрдөх шинжээрээ захиргааны хэм хэмжээ тогтоосон акт байна.  Монгол Улсын Хууль Зүй Дотоод Хэргийн яамны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар (8 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал) энэхүү журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна. Энэхүү шаардлагыг зөрчсөн буюу Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “энэ хуулийн 67.2-т зааснаар тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчлагджээ. Холбогдох хуулиар нарийвчлан зохицуулаагүй буюу тодорхой бус асуудлыг тусгайлан эрх олгогдсон журмаар тодорхойлж зохицуулдаг ба уг журам нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр хууль ёсных байх ёстой. Хуульд заасан зөвшөөрөл авах, өгөх харилцааг хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулаагүй тохиолдолд уг журмыг үндэслэн тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. 
Тиймээс энэ тохиолдолд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул холбогдогч этгээдүүдэд ашигтайгаар шийдвэрлэж цагаатгах  үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ашиглалтын хугацаа дууссан, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй, үнэгүй болсон зай хураагууруудыг худалдан авагч бий болсон тохиолдолд тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн худалдаж, байгууллагын хэрэгцээнд буюу машины дугуй худалдан авах, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх тохиролцооны хүрээнд байрны түрээсийнх нь төлбөрийг төлөх зэрэгт зарцуулсан нь гэмт хэргийн шинжийг хэлбэр төдий агуулсан, гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. (1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал Компаний гүйцэтгэх удирдлага Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс Б.Б-г байр орон сууцаар хангах хэлцэлтэй Улаанбаатар хотоос авчирч ажилуулсан талаар гүйцэтгэх захирал мэдүүлсэн. Компаний автомашинд дугуй худалдан авсан болох нь нотлох баримтаар няцаагдаагүй.)
 Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г, Б.Б нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн, шүүгдэгч Т.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2216001920017 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                        ШҮҮГЧИД                             Ш.Б

                                                                            Ц.О