2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03497

 

 

2025 04 25 191/ШШ2025/03497

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Б******* овогт Р*******ийн С******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, Н******* овогт Х*******ын А******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,632,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 13,065,202 төгрөг, нийт 28,697,202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Р.С******* миний бие өөрийн танил, багийн найз болох Х.А*******ийн хүсэлтээр түүний дансанд их хэмжээний мөнгийг шилжүүлсэн болно.

Тодруулбал Х.А*******д яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа, удахгүй эргүүлээд өгнө гэхэд нь өөрийн Хаан банкин дахь *******тоот данснаас Х.А*******ийн Хаан банкин дахь тоот харилцах дансанд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,100,000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14,532,000 төгрөгийг буюу нийт 15,632,000 төгрөгийг зээл гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болно.

Миний бие Х.А*******д шилжүүлсэн мөнгөө эргүүлж шаардахад чамаас авсан бүхий л мөнгөө буцааж төлнө гэж хэлж байсан ба 2021 онд Р.С******* надаас авсан мөнгөө буцаан төлнө гэсэн агуулгатай бичгийг хийж өгч байсан.

Үүнээс хойш миний бие Х.А*******д шилжүүлсэн мөнгөө буцаан шаардахад удахгүй өгнө, яг одоогоор ямар ч боломж бололцоогүй байна гэх мэт элдэв шалтаг тоочсоор нэг ч төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний бие Х.А*******д шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2023/09272 дугаар захирамжаар хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02212 дугаар шийдвэрээр хариуцагч Х.А*******ийг эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс түүний оршин суугаа газрыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 4-р байр, 3 тоот гэж тогтоосон билээ.

Цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягийг тогтоосон дээрх хаягийн харяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дахин нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.4 дэх хэсэгт заасныг тус баримтлан хариуцагч Х.А*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 15,632,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.С*******д олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Дээрх зээлийн гэрээг байгуулагдахаас өмнө Х.А******* нь Казахстан Улсаас улаан буудай их хэмжээгээр худалдах компанитай холбож өгнө гэх нэрийдлээр анх надаас 2021 оны 01 дүгээр сарын 11-нд өөрийн Хаан банкин дахь тоот харилцах дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлж авсан.

Ингээд удалгүй Х.А*******ийг санал болгосон Бүгд Найрамдах Казахстан Улсын Костанай хотын Eca Qazaqstan гэх компанитай миний ажиллуулдаг Орбит комплекс ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Үүнээс хойш Х.А******* нь надтай холбогдож Казахстан Улсын компанид төлбөр мөнгийг нь өгөх шаардлагатай байна, дахин мөнгөний хэрэг гарлаа, гэрээний дагуу зам тээврийн төлбөр төлэх шаардлагатай боллоо, яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэх болгонд нь миний бие түүнд итгэн шаардсан мөнгийг нь шилжүүлж байсан ба дээрх байдлаар Х.А*******т нийт 6 удаагийн гүйлгэзгэзр ажпын хөлс, төмөр замын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар нийт 13,065,202 төгрөгийг шилжүүлжээ.

Гэтэл Казахстан Улсын Eca Qazaqstan гэх компани нь манай Орбит комплекс ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан ба Х.А******* нь надаас авсан мөнгөө тухайн компанид шилжүүлээгүй, түүнчлэн надаас тээврийн зардалд төлнө гэж авсан мөнгөө төлөөгүй нь тодорхой болсон. Ийнхүү Х.А******* нь 13,065,202 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Миний бие энэхүү асуудлыг Х.А*******аас асууж тодруулахад чамаас авсан бүхий л мөнгөө буцааж төлнө гэж хэлж байсан ба 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Р.С******* надаас авсан мөнгөө буцаан төлнө гэсэн агуулгатай бичгийг хийж өгч байсан.

Үүнээс хойш миний бие Х.А*******д шилжүүлсэн мөнгөө буцаан шаардахад удахгүй өгнө яг одоогоор ямар ч боломж бололцоогүй байна гэх мэт элдэв шалтаг тоочсоор сүүлдээ утсаа ч авахаа больсон.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.А*******ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 13,065,202 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.С*******д олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Гэрээг нэг талаас *** тоотод оршин суух Р.С******* /РД:XE87102063, А тал/ түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г /РД: /,

нөгөө талаас *** тоотод оршин суух Х.А******* /РД:*******, Б тал/ нар харилцан тохиролцож, энэхүү "Эвлэрлийн гэрээ"-г байгуулав.

Энэхүү гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд гэрээ байгуулах гол нөхцөл нь эрх тэгш, шударга болон хуульд нийцсэн байх, энэхүү гэрээний бүх зүйл заалттай бүрэн танилцаж хүлээн зөвшөөрсөн, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байх зарчимд тулгуурласан болохыг үүгээр баталгаажуулж байна.

Нэг. Гэрээний зорилго

1.1. А тал буюу Р.С******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Х.А*******т холбогдуулан ...зээлийн гэрээний үүрэгт 15.632.000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13.065.202 төгрөг, нийт 28,697,202 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болохыг тэмдэглэн;

1.2. Талууд Иргэний хуулийн 42, 44 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг баримтлан шүүхэд үүсгэсэн байгаа дээрх иргэний маргааныг харилцан тохиролцсон нөхцлөөр эцэслэн шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

Хоёр. Гэрээний гол нөхцөл

2.1. Гэрээ баталгаажсанаар Талууд дараах нөхцлийг хэрэгжүүлж эхлэнэ. Үүнд: 2.1.1. А тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан эрхийнхээ дагуу нийт 28,697,202 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 14,510,802 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан.

2.1.2. Б тал үлдэгдэл төлбөр 14,186,400 /арван дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг А талд төлөхөөр харилцан тохиролцов.

2.1.3. Б тал гэрээний 2.1.2.-т заасан төлбөрийг дараах байдлаар А талд төлж барагдуулна:

- 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,186,400 /хоёр сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг,

- 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг,

- 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг,

- 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг,

- 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг,

- 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулна.

2.2. Хэрэв Б тал нь энэхүү гэрээний 2.1.3.-т заасан хугацааг зөрчиж үүргээ биелүүлээгүй нөхцөлд А тал нь хуульд заасан эрхийнхээ дагуу шийдвэр /захирамж/-ийг албадан биелүүлэх арга хэмжээг авах эрхтэй болно.

Гурав. Гэрээний бусад нөхцөл

3.1. Энэхүү гэрээ нь талуудын эвлэрлийг баталсан шүүхийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг бүрэн ханган гарч, талууд хүлээн авч, гэрээнд заасан гол нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.

3.2. Энэхүү гэрээг талууд сайн дураар байгуулсан бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Дөрөв. Баталгаа.

4.1. Үнэн зөв мэдэгдэл: Энэхүү гэрээний дагуу Талуудаас гаргаж өгсөн, гаргаж өгөх бүх баримт бичиг болон мэдээлэл, баталгаа нь бүгд үнэн зөв, ямар нэгэн нөхцөл байдлын талаар худал мэдэгдээгүй, гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал нөхцөл байдлыг орхигдуулаагүй болно.

Тав. Бусад зүйл.

5.1. Энэхүү гэрээг 3% үйлдэж, талууд гэрээний хуудас бүрт гарын үсэг зурсан хувийг хадгалж, шаардлагатай тохиолдолд хувиудыг шүүхэд хүргүүлэх бөгөөд хувиуд адил хүчинтэй байна.

Зургаа. Төлбөр хүлээн авах мэдээлэл.

6.1. Б тал нь А талын доорх дансны мэдээллийн дагуу хуваарт төлбөрийг шилжүүлнэ:

Банк: Хаан банк Эзэмшигч: С******* Дансны дугаар: 572162 4491

Долоо. Нэмэлт нөхцөл

7.1. Б тал нь тус гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлснээр А тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн дагуу Б талын битүүмжлэгдсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.С*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.А*******т холбогдох 28,697,202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 14,510,802 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 14,186,400 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,186,400 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр хүртэл 6 удаа 2,000,000 төгрөгөөр тус тус нэхэмлжэгчид төлж барагдуулахаар тохиролцсон байна.

2. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.С*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.А*******т холбогдох 28,697,202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 14,510,802 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 14,186,400 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,186,400 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр хүртэл 6 удаа 2,000,000 төгрөгөөр тус тус нэхэмлжэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 459,387 төгрөгийн 344946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 114,441 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 114,441 төгрөгийг хариуцагч Х.А*******ээс гаргуулан нэхэмжлэгч Р.С*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА