Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 46

 

 

 2024     06        25                                             2024/ДШМ/46

 

Т.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Баярмагнай/онлайнаар/, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 11ий өдрийн 2024/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн Т.*******д холбогдох эрүүгийн 2437000000012 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6 /эхнэр 4 хүүхдийн хамт/ Ховд аймгийн ******* ******* ******* ******* оршин суудаг, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан гэх, ******* ******* ******* ******* РД: ПИ90083135

 

2. Шүүгдэгч Т.******* нь өөрийн эзэмшлийн coгolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг " ам" гэх газраас хохирогч гийн эзэмшлийн хөх зүсмийн 6 настай сарлаг үхрийг бэлчээрээс хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Т.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх:

4.1 ******* ******* ******* *******ийг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1 /нэr/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн толгой, арьс, хөөвөр, шар өнгийн хагас түрийтэй ботинк-1 хос, хар өнгийн цагаан ултай урт түрийтэй гутал -1 хос, өвчүү, хүрз, сээр, нуруу, сүвээ хавирга 2 ширхэг, цул мах 1 ширхэг, 7 ширхэг 36 кг мах зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисс даалгах, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн CD-г хавтаст хэрэгт хавсаргах, улсын дугаартай corolla маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,

Хэрэгт улсын дугаартай corolla маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэн ирүүлсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.6 Шүүгдэгч Т.*******өөс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

4.7 Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

4.8 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч Т.******* нь мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж үйлдсэн нь тодорхой байхад хяналтын прокурор Б.Оюунцэцэг нь түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар давхар зүйлчилж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тодруулсан байна.

5.2 Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурорын эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдаа засуулах арга хэмжээ авахгүйгээр шүүгдэгч Т.*******ийг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн илт үндэслэлгүй шийдвэр байна.

Учир нь Т.******* нь өөрийн эзэмшлийн corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг " ам" гэх газраас хохирогч гийн хөх зүсмийн 6 настай сарлаг үхэр хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байхад хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор, хэргийн хянан хэлэлцсэн шүүх нь шүүгдэгч Т.*******ийн нэг удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзнэ.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны заримтай нийцэхгүй байна.

5.3 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "******* ******* Түмэн-Өлзийгийн *******ийг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй" гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл, хэсэг, заалтыг бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, шүүгдэгч Т.*******ийг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа 17.12 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь ойлгомжгүй байна.

5.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д "шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт" гэж тус тус заасан.

Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШЦТ2024/00019 дугаартай шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжгүй байхаас гадна шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.******* нь нэг удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж үйлдсэн нь тодорхой, тогтоогдсон байхад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт "... Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан.

Шүүгдэгч Т.*******д 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна" гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШЦТ2024/00019 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6.Шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Т.*******ийн хувьд прокурортой тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж ялаа тохиролцож оролцсон байгаа. Түүний дагуу анхан шатны шүүх Т.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Миний үйлчлүүлэгч цагдан хорих байранд анхан шатны шүүх хуралдаан болох үеэс эхлэн хоригдсон байгаа. Манай зүгээс давж заалдах гомдол гаргахгүй хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэгдсэн мөн шүүгдэгчийн зүгээс уг ялыг хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлага хүлээн учир давж заалдах гомдол гарахгүй гэх нөхцөл байдалтай байсан. Гэтэл прокурорын эсэргүүцэл гаргаж давж заалдах шатны шүүхэд хандсанаас болж шүүгдэгчийн эрүүл мэнд болон эрх зүйн байдал хүнд нөхцөлд байгаа.

Иймд анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас “шүүгдэгч Т.*******ийг өөрийн эзэмшлийн corolla маркийн ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг “ ам” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн хөх зүсмийн 6 настай сарлаг үхрийг бэлчээрээс нь хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  нотлогдсон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

3. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Т.*******ийг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

4. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “шүүгдэгч Т.******* нь мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж үйлдсэн нь тодорхой байхад хяналтын прокурор Б.Оюунцэцэг нь түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар давхар зүйлчилж Эрүүгийн хууль буруу хэрэглэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхад шүүх энэхүү алдааг зөвтгөж өөрчлөөгүй, мөн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

4.1 Шүүгдэгчийн нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байгаа тохиолдолд үндсэн бүрэлдэхүүнээр давхар зүйлчлэхгүй бөгөөд энэ нь хууль хэрэглээний тогтсон практик юм.

Гэтэл  мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж үйлдсэн шүүгдэгч Т.*******ийн нэг удаагийн үйлдлийг прокуророос үндсэн бүрэлдэхүүн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар давхар зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл прокуророос хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхад шүүх шүүгдэгч Т.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөөгүй байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

4.2 Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад “анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна” гэж дүгнэв. Үүнд:

4.2.1 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг зөрчсөн байна.

4.2.2 Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй болжээ.

4.2.3 Тогтоох хэсгийн 5 дахь заалтаар ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэний өмчлөлийн тээврийн хэрэгслийг ямар хууль зүйн үндэслэлээр улсын орлого болгож байгаа талаар тайлбарлаж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6-д заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн дээр дурдсан алдаа зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “...шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоол бичихдээ Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн  29 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ыг баримтлах нь зүйтэй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, дахь заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/00019 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэн-Өлзийгийн *******ийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР