| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0334/З |
| Дугаар | 128/ШШ2025/085 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/085
| 2025 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 128/ШШ2025/0858 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Н******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х******* /ШТЭҮД:/,
Хариуцагч: Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч А.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М ХХК /РД:/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л. /РД:/, нарын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Ш.Н*******аас 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Улаанбаатар хот, Х дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан /17025/ байрны тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр дугаар мэдүүлэг, Улаанбаатар хот, Х дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан /17025/ байрны зоорийн давхрын 1В-13 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр дугаар мэдүүлэг тус тус гаргахад хууль хяналтын байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх шалтгаанаар өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан байна.
1.2. Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсныг эс зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлыг хянаад тус газраас 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 5/4776 дугаар албан бичгээр Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авч, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуулийн үндэслэлтэй байна гэх хариу өгчээ.
1.3.Ш.Н*******аас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны /М хотхоны 97 дугаар байрны / 18- тоот 83.09 м.кв 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын хамт эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий 128/2025/0334/з индекстэй захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны 97 дугаар байрны 1В- тоот хаягт орших 83.09 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг орон сууцны 1В-13 дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны 97 дугаар байрны 1В- тоот хаягт орших 83.09 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг орон сууцны 1В-13 дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах гэж тодруулснаар тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлд: Миний бие 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр М ХХК-тай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Нийслэлийн Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1В- тоот /М хотхоны 97 дугаар байрны / 83.09 м.кв 3 өрөө орон сууц, уг орон сууцны 1В-13 дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцож, №1В/62 дугаартай гэрээг байгуулж, гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийн үнийн дүнг төлж барагдуулсан болно. М ХХК-иас 2016 оны 8 дугаар сард гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бүх төлбөр тооцоог барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн албан бичгийг Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн боловч Х дүүргийн Улсын бүртгэлийн газраас Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа гэсэн шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг өгсөн.
2022 онд Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус оны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02148 дугаартай шийдвэрээр иргэн Шын Н*******ын өмч мөн тул улсын бүртгэлд бүртгэж авах тухай шүүгчийн захирамж гарчихаад байхад Х дүүргийн Улсын бүртгэлийн газар бүртгэхээс татгалзаж Төрийн орон сууцны корпорациас барьцаанаас чөлөөлөв гэсэн албан бичиг авч ирэхийг шаардсан.
Мөн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас Х дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 тоот албан бичигт Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх зөвшөөрөл өгөх тухай гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэр албан бичигт миний өөрийн өмчлөл болох М хотхоны 97 дугаар байрны тоотыг барьцаанаас чөлөөлсөн, мөн тэдгээр байр захиалсан оршин суугчдын байрыг чөлөөлсөн, дээр дурдсан айлууд бүгд байрны гэрчилгээнүүдээ авсан. Гэтэл Төрийн орон сууцны корпораци нь дур мэдэн гэрээний гүйцэтгэгч тал болох М ХХК-тай холбоотой хууль хяналтын байгууллагаар явж байгаа асуудлаа иргэн надад нялзааж үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар захиалга авч, гэрээ байгуулан, гэрээний үүргийг хугацаанд нь төлж барагдуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар авсан миний асуудлыг 13 жилийн турш шийдэж өгөхгүй хоёр тал надаар наадаж байгаад гомдолтой байна.
Миний бие Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй ярихад байрнууд Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа нь үнэн гэхдээ танай өмч хөрөнгө болох орон сууц нь Төрийн орон сууцны корпораци -ийн барьцаанд орсон байгаа байх гэж хэлсэн. Хэрвээ барьцаанд байгаа юм бол тэнд амьдарч байгаа 97 дугаар байрны оршин суугчид бүгд байрны гэрчилгээгээ яаж авсан болох вэ. Төрийн орон сууцны корпораци нь дур мэдэн хүний өөрийн өмч хөрөнгийг тухайн иргэнд мэдэгдэхгүй барьцаанд авах ямар эрхтэй юм уу?, тэгж болдог юм уу,? би үнэхээр гомдолтой байна. Миний бие 2022 онд Төрийн орон сууцны корпораци-д өргөдөл гарган шийдвэрлүүлэхээр өгсөн боловч М ХХК нь манай Төрийн орон сууцны корпораци-д 7,8 байрны өртэй тэр байрыг авсны дараа танай асуудлыг шийдвэрлэх болно гэсэн хариуг надад утсаар өгч байсан. 2024 онд дахиад өргөдөл өгөхөд огт хамааралгүй зүйл ярьж М ХХК болон Төрийн орон сууцны корпораци хоёрын асуудалд иргэн намайг 13 жилийн турш хохироож өөрийн хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрхгүй болгон хохироож байгаад гомдолтой байна. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ чинь улсын байгууллага мөн биз дээ би андуураад байна уу? иргэний байрыг дур мэдэн барьцаанд авч болдог юм уу.
Иймд Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны 97 дугаар байрны 83.09 м.кв талбай бүхий 1В- тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны 1В-13 дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны 97 дугаар байрны 83.09 м.кв талбай бүхий 1В- тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны 1В-13 дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н******* намайг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь М ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бүх төлбөр тооцоог гэрээнд заасан графикийн дагуу цаг хугацаанд нь бүрэн барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн албан бичгийг М ХХК-ийн зүгээс Х дүүргийн Улсын бүртгэлийн газарт өгөхөд өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй гэх шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Нэхэмжлэгч нь 2022 онд М ХХК-д холбогдуулан Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 248 дугаар бүхий шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хандахад Төрийн орон сууцны корпорациас барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичиг авах шаардлагатай гэж татгалзсан. Төрийн орон сууцны корпорациас ....оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1546 дугаар барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх зөвшөөрөл олгох тухай албан бичгийг хүргүүлсэн. 2016 оноос хойш 13 жилийн турш ганцхан өгүүлбэр байхгүй гэх үндэслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй татгалзсан нь үндэслэлгүй, маш хариуцлагагүй байна. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн албан бичгийг бүртгэдэг тул хариуцагч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой илэрхий алдаа гаргаж байна гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х дүүргийн 11 дүгээр хороо, М /17025/, Ар зайсангийн гудамж 97 дугаар хаягт байрлах орон сууцыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 30 хувийн гүйцэтгэлтэйгээр М ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн байх бөгөөд Орон сууц санхүүжилтийн корпорацитай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3/30902, 2018 оны 4/3591 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна. М ХХК // нь тухайн орон сууцны зориулалттай барилгыг барьцаалан Орон сууцны санхүүжилтийн корпорацитай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 барьцаат зээлийн гэрээнээс 97 дугаар бар тоот, 83.09 м.кв, 3 өрөө орон сууц, 1В-13 хаягтай 15.5 м.кв талбайтай автозогсоолын Төрийн орон сууцны корпорацийн 2016 оны 1/1546 тоот албан бичгээр хэсэгчилэн чөлөөлсөн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 19 дүгээр 19.4.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан гэж заасны дагуу тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд Х дүүргийн 11 дүгээр хороо, М /17025/, Ар зайсангийн гудамж 97 дугаар байр тоот, 83.09 м.кв, 3 өрөө орон сууц, 1В-13 хаягтай 15.5 м.кв талбайтай автозогсоолын хамт М ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Ш.Н*******ийн өмчлөлд бүртгэх боломжгүй байна гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Н*******ын хувьд манай улсын бүртгэлийн байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус байрны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байна. Гэвч тус байр нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 256 дугаар шийдвэр, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 893 дугаартай гүйцэтгэх хуудсаар улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 97 дугаар байр бүхэлдээ болон бусад 6 байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж битүүмж бүртгэгдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/30902, 2018 оны 4/3591 тоот албан бичгүүдээр 97 дугаар байрыг бүхэлд нь буюу шүүх, хууль хяналтын байгууллагаас захиран зарцуулах эрхэд хориг тавьсан. Түүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байсан боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан үндэслэлээр татгалзсан.
Хууль хэрэглээний тухай дүрэм, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тухайд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйийн 30.1.4-д шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан гэж зааснаар хязгаарлалттай байгаа бөгөөд улсын бүртгэгчээс 30 дугаар зүйлийн 30.1.4-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болгоно гэж зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй тохиолдолд бүртгэлд хийх боломжгүй учир тус хуулий 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан улсын бүртэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж зааснаар Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 97 дугаар байр бүхэлдээ хориг тавигдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичигт тоотуудыг дурдаад өгвөл өмчлөгчөөр тогтооход бид нарын зүгээс маргах үндэслэлгүй гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар.
4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.гаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М ХХК нь нэхэмжлэгчтэй 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №1В/62 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч Ш.Н******* нь бүрэн биелүүлсэн болно. Үүнтэй холбоотой асуудлаар манай компаниас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг илгээж, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. М ХХК-ийн зүгээс Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны 97 дугаар байрны 83.09 м.кв талбай бүхий тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны 13 дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н*******ыг бүртгэхэд татгалзах зүйлгүй болно. Иймд Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны 97 дугаар байрны 83.09 м.кв талбай бүхий 18- тоот хаягт орших 3 өрөө орон сууц, уг орон сууцны дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н*******ыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Маргаан бүхий бүртгэлтэй холбоотой үйл баримтуудыг хэргийн материалаас түүвэрлэн үзвэл,
2.1. Захиалагчийг төлөөлж, иргэн Ш.Н*******, гүйцэтгэгчийг төлөөлөгч М ХХК-ийн хооронд 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх №1В/62 дугаар гэрээ байгуулсан ба гэрээнд захиалагч Ш.Н*******ын захиалгаар Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 1В байрны тоот 83,09 м.кв 3 өрөө орон сууцыг барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр Ж ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон, захиалагч буюу нэхэмжлэгч нь захиалгаар бариулах орон сууцны үндсэн нөхцөл болох дангаар өмчлөх хэсгийн талбайн хэмжээ 83.09 м.кв, автомашины зогсоол 1В-13 тоот гэж зааснаар гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө барагдуулжээ.
2.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 дугаар актаар, Х дүүргийн 11 дүгээр хороо М ХХК-ийн захиалгатай 264 автомашины дулаан зогсоолтой 212 байр сууцны барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад ашиглалтад оруулах тухай комиссоос Байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.
2.3. М ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 113/62 дугаар албан бичгээр Тус компанийн захиалгаар гүйцэтгэсэн Х дүүргийн 11-р хорооны нутаг Зайсан /17025/, Ар Зайсангийн гудамж хаягт байрлалтай М хотхоны 97-р байрны тоот 83,09 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 1В-13 тоот, 15,5 м.кв талбайтай автомашины зогсоолын хамт иргэн Ш овогтой Н******* /РД:*******/ захиалсан бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж бүх төлбөр тооцоог барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч Улсын бүртгэлийн газарт хүргүүлжээ.
2.4. Ш.Н*******аас М ХХК /РД:/-д холбогдуулан гаргасан Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсан гудамж, М хотхоны 97-р байр, тоот, 83.09 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 1В-13 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянаад Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 128/ШШ2022/02148 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна.
2.5. Нэхэмжлэгч Ш.Н******* болон гуравдагч этгээд М ХХК-ийн хооронд дээрх орон сууцны өмчлөлтэй болон бүртгэлтэй холбоотой маргаан байхгүй байна.
3. Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/4979 дугаар албан бичгээр шаардсан нотлох баримтын хариуг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-аас 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/4979 дугаар албан бичгээр ирүүлсэн ба Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх зөвшөөрөл өгөх тухай 1/1546 дугаар албан бичгийг Х дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, уг албан бичигт Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь М ХХК-тай Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 2012/6-07 тоот гэрээ, Барьцааны 2012/7-07 тоот гэрээ байгуулсныг танайд хүргүүлсэн. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь дээрх гэрээний дагуу М ХХК-ийн өмчлөлийн барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс энэхүү албан бичгийн хавсралтад заасан үл хөдлөх хөрөнгүүдийг хэсэгчлэн чөлөөлж байгааг үүгээр мэдэгдэж байна гэсний дотор ...Үл хөдлөх эд хөрөнгийн нэр хаяг, байршил: Х дүүргийн 11 дүгээр, М /17025/, Ар зайсангийн гудамж, 97 тоот. Барьцаанаас чөлөөлөх орон сууцны байршил талбайн хэмжээ: Орон сууц жагсаалтын 59-рт 1в-, талбайн хэмжээ 89,09 м.кв, Авто зогсоол жагсаалтын 13-рт 1в-13, талбайн хэмжээ 15,5 м.кв... гэжээ.
4. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 02-227/11211 дугаар албан бичгээр Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02148 дугаар захирамжаар Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, М хотхоны 97-р байр, тоот, 83.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1В-13 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид 592,006,76 төгрөг гаргуулж Ш.Н*******ад олгохоор шийдвэрлэсэн. Иймд Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, Могул тун хотхотын 97-р байр, тоот, 83.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1В-13 тоот автозогсоолын өмчлөгчөөр Шын Н******* /*******/-ыг тогтоож, гэрчилгээг шинээр гаргаж, хариу ирүүлэхийг мэдэгдье хэмээн Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.
5. Гэвч нэхэмжлэгч Ш.Н******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус өөрийн өмчлөлийн дээрх орон сууц болон автозогсоолыг буюу үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Х дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлсэн боловч татгалзсан хариу авсан, улмаар маргаан бүхий асуудлаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргасан боловч амжилт олоогүй байна.
6. Хариуцагчаас татгалзлын үндэслэлдээ дараах хоёр албан бичгийг дурдаж,
6.1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаар албан бичгээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дугаар шийдвэрээр М ХХК-аас 20.081.670 төгрөгийг гаргуулж Ц.Эд, мөн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 дугаар шийдвэрээр М ХХК-аас 353.081.991 төгрөгийг гаргуулж Ч.Б*******д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч М ХХК-ийн /РД:/ өмчлөлд бүртгэлтэй Улаанаатар хот, Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 97 тоот, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх талаарх хариуг гаргаж ирүүлэх-ийг хүсэж Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан.
6.2. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591 дугаар албан бичгээр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжаар М ХХК-иас 4,112,764.839 төгрөгийг гаргуулж Төрийн орон сууцны корпораци ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч М ХХК /РД:/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү-, Ү-*******, Ү-*******, Ү-*******, Ү-******* дугаарт бүртгэгдсэн Х дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамжинд байрлах 96, 95,0 г97, 97,0,93 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэх лавлагааг гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэх талаар Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан.
6.3. Ийнхүү ирүүлсэн нь ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т шүүх арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан гэж заасны дагуу тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийх боломжгүй... хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаад шүүх дараах дүгнэлт өгөв.
7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана, 11.1.4.эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар, 11.3. Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, 11.9. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 20.1.1.улсын бүртгэгч үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэхчлэн хуульчилсан бол,
8. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 6.5-д шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална гэж заажээ.
9. Дээрх хууль болон журмын заалтаас үзвэл, нэхэмжлэгч Ш.Н******* нь:
9.1. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх зөвшөөрөл өгөх тухай 1/1546 дугаар албан бичгээр болон М ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 113/62 дугаар албан бичгээр Х дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн баримтыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, мэдүүлгийн 11-1568509 дугаараар;
9.2. Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 128/ШШ2022/02148 дугаар шүүгчийн захирамжаар Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, ар зайсан гудамж, М хотхоны 97-р байр, тоот, 83.09 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 1В-13 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Ш.Н*******ыг тогтоосныг хариуцагч М ХХК-ийн зүгээс зөвшөөрснийг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, мэдүүлгийн ******* дугаараар;
9.3. Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, мэдүүлгийн дугаараар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц, автозогсоол/-ийг бүртгүүлэхээр хариуцагч Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан нь хуульд нийцсэн.
10. Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хаягт байршилтай орон сууц, авто зогсоолыг өмчлөх эрхтэй болсноор өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийлгэх үндэслэл бүхий нөхцөл байдал бүрдсэн байхад хариуцагчаас ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1. бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа гэх, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөдлөх журам-ын 2.1.8. эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах, 10.7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргах гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгч болох нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө-орон сууц болон авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
11. Энэ тохиолдолд Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 358 дугаар тогтоолоор Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 10.7-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана гэж заасан заалтыг хүчингүй болгож, хэм хэмжээний актад бүртгэсэн байгааг, ийнхүү дээрх журмын 10.7 дахь заалт хүчингүй болсонтой холбогдуулан дуусаагүй барилгаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүхэлдээ барьцааны эрх бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагч, хөрөнгө оруулагч, худалдан авагч нарын өмчлөлд хэсэгчлэн шилжүүлж эрхийн улсын бүртгэлд тусад нь салгаж бүртгэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж заасны дагуу бүхэлдээ барьцааны эрх бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг захиалагч, хөрөнгө оруулагч, худалдан авагчдын өмчлөлд хэсэгчлэн салгаж бүртгэх нь барьцаа хөрөнгө болон барьцаалагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан нотлох баримтуудыг хавсарган эрхийн улсын бүртгэлд бүртгэхээр байгааг анхаарахаар байна.
12. Уг бүртгэлийн улмаас барьцаалагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, учир нь барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх орон сууцны жагсаалтад анхнаасаа нэхэмжлэгчийн захиалгын гэрээний дагуу худалдан авсан байр болон авто зогсоол бичигдсэн, иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл, шаардлага байхгүй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гуравдагч этгээд М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэр дээр маргаан бүхий үл хөдлөх хоёр хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болохыг тус тус тэмдэглэж байна.
13. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох-оор заасан хүрээнд Ш.Н*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө болох байр болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзаж, удаа дараагийн эс үйлдэхүй гаргасан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, М хотхоны 97-р байр, тоот, 83.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1В-13 тоот авто зогсоолыг Ш.Н*******ын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгох-ыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2. энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах-аар заасныг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3. Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, 11.9. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ гэж зохицуулсныг тус тус хангуулах үндэслэл болох ба хариуцагч нь эдгээр хуулийн үзэл санаа, зорилгод нийцүүлэхгүйгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, ийнхүү хууль бус татгалзлаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9-д заасныг баримтлан иргэн Ш.Н*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий хоёр үл хөдлөх хөрөнгө болох орон сууц болон авто зогсоолыг өмчлөгч Ш.Н*******ын нэр дээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, М хотхоны 97 дугаар байрны 1В- тоот хаягт орших 83.09 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг орон сууцны 1В-13 дугаарт байрлах 15.5 м.кв талбайтай авто зогсоолыг нэхэмжлэгч Ш.Н*******ын нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН