| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/07098/И |
| Дугаар | 191/ШШ2025/01286 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01286
2025 02 11 191/ШШ2025/01286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Тийн Б /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах БЭ ХХК /РД: ***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, БЭ ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, Р.А
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т овогтой Б миний бие БЭ ХХК-д 2012 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 онд байгууллагын дотоод асуудлаар орон нутгийн ажилчдын эрх тэгш байдал, хөдөлмөрийн нөхцөлийн талаар компанид олон удаагийн шаардлагуудыг хүргүүлж, цаашлаад ажил хаялт зарласны улмаас 2021 онд ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, 2024 оны 04 сард Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор ажилд эгүүлэн тогтоолгосон.
БЭ ХХК нь Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу 2024 оны 07 сард намайг ажилд авахдаа урт хугацаанд хамтран ажиллана, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангаж, боловсон хүчин бэлтгэнэ, цалин хөлсний бодлого дээшлүүлнэ гэж амлан 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 2024/27 тоот тушаалаар ажилд эгүүлэн авсан атлаа 2024 оны 09 сарын 23-ны өдөр буцаан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, намайг ажлаас халсан.
Тус ажлаас халсан 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт үндэслэж гардаг.
Ажил олгогчийн зүгээс миний урьд эрхэлж байсан ажлын байр хасагдсан тул ажлаас халж байна гэж тайлбарладаг боловч тус ажлын байр нь 2023 онд хасагдсан гэдэг тайлбарыг өмнөх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан шүүх хуралдаан дээр тайлбарладаг.
Нэг үгээр хэлбэл хасагдсан ажлын байранд намайг ажилд авсан буюу Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэх нэрийдлээр хасагдсан байсан операторын ажлын байрыг сэргээж ажилд томилоод буцаан тус ажлын байрыг хасаж, тус үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй явдал нь хууль зөрчсөн буюу Дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн тус ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь тодорхойгүй, ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж буй талаараа тодорхой тусгаагүй, мэдэгдээгүй нь ойлгомжгүй буюу намайг үндэслэлгүйгээр дахин ажлаас халж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Мөн ажилд эгүүлэн аваад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хуучин гэрээгээр ажиллуулна гэж хэлж авсан бөгөөд одоо тус хөдөлмөрийн гэрээ хүчинтэй юу, эсвэл хүчин төгөлдөр бус эсэх нь ойлгомжгүй нөхцөл бий болсон.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүлээн аваад Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй тул 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хүлээн авсан болно.
Миний бие урт хугацаанд тус байгууллагад ажиллах сонирхолтой болохоо илэрхийлж байгууллагын надад өгсөн амлалтад итгэж, мөн өнгөрсөн 12 жилийн туршид тус байгууллагад өөрийн бүх боломж, цаг хугацаа, залуу насаа зориулсан байтал эцэст нь ийнхүү орон нутгийн ганц ажилтан намайг чулуу хөөлгөж, нохой төөрүүлж байгаа мэт харьцаж байгаад туйлын гомдолтой байна.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэг сарын дундаж цалин хөлс 1,885,213 төгрөгийг /Монгол улсын дээд шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/00072 тоот тогтоолын тооцоолол/ ажлаас халах тушаал гарсан 2024 оны 09 сарын 23-ны өдрөөс нэхэмжлэл гарах өдрийг хүртэлх нийт 2 сар, ажлын 10 хоногоор тооцон /2сар+10хоног=3,770,000+897,720/=4,667,720 төгрөгийг шаардаж байна.
Иймд БЭ ХХК-ийн захирлын 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус хугацаанд нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, БЭ ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгтээ бичсэн байдаг. 2021 онд ажлаас халагдсан энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн гэж яриад байна шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдэх болохоос биш өмнө нь гарсан Дээд шүүхийн тогтоолтой холбож тайлбарлах нь өөрөө үндэслэлгүй, зохисгүй байна. Тухайн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээс өөр үндэслэлээр байгаа. Ямар баримтад үндэслэж байгаа нь тодорхойгүй байдаг. Хариуцагч компанийг хөдөлмөрийн нөхцөлөөр хангаж, урт удаан хугацаанд хамтран ажиллана, боловсон хүчин бэлтгэнэ гэж амласан гэж яриад байдаг. Талуудын хооронд Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд талуудын эрх, үүрэг тодорхой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан амласан гэх зүйл огт яригдаагүй. Нэхэмжлэгч тал Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай асуудал ярьсан. Хэдийгээр энэ талаар асуудал яригдсан боловч бодит байдал дээр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал гарсан. Нэхэмжлэгч 2021 онд ажлаас чөлөөлөгдсөн талаараа сая өөрөө ярьж байна. Тухайн үед оператораар ажиллаж байсан гэж хэлж байна. Энэ талаараа маргахгүй байх, маргах бол нэмэлт тайлбар дээр хэлэх байх.
Хариуцагч компанийн уран туршилтын олборлолт 2023 онд зогссон. Үүнтэй холбоотой хариуцагч талын зүгээс бүтэц, орон тоог шинэчлэн баталж, операторын 8 орон тоо хасагдаж, уг байгууллагад одоо операторын орон тоо байхгүй болсон. Улсын Дээд шүүхээр шийдвэрлүүлж байхад энэ орон тоо байхгүй болсон байсан. 2021 онд энэ хүн ажлаас халагдаагүй байсан бол 2023 оны 03 дугаар сард энэ хүний ажлын орон тоо байхгүй болсон. Улсын Дээд шүүхийн тогтоол дээр байхгүй болсон орон тоо нь дээр ажилд ав гэсэн тогтоол гаргасан. Ингээд хариуцагч талын захирал 2024 оны 7 сард бүтэц орон тоогоо шинэчлэн баталж, операторын нэг орон тоо нэмж гаргаж, ажилд нь авсан. Нэхэмжлэгчийг ажиллах орон тоогоор хангасан.
Улмаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч талын зүгээс бүтэц орон тоогоо шинэчлэн операторын нэг орон тоог хассан. Уг тушаал нь хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч талд мэдэгдэл хүргүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийг ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж буй талаараа тодорхой тусгаагүй, мэдэгдээгүй гэж бичсэн байдаг. Гэтэл орон тоо хасагдсан гэдэг нь аливаа салаа утга байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд мөн орон тоо хасагдсан болон цөөрүүлсэн тухай маш тодорхой тайлбарласан байдаг.
Хариуцагч компанийн хувьд туршилтын олборлолтын үе шатанд оператор гэх ажлын байранд ажиллуулж байсан. Уг туршилтын олборлолт дууссан тул операторын 8 орон тоог хассан. Нэхэмжлэгчид зориулж бусад 7 хүнийг мөн халаагүй. Энэ бол хувь хүнтэй холбоотой асуудал биш байгууллагын бүтэц, орон тооны хувьд хийсэн ажил. Байгууллага өөрөө бүтэц, орон тоогоо шинэчлэн батлах бөгөөд энэ бол шүүхэд хамааралгүй асуудал. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хариуцагч талын зүгээс нэг орон баталж ажилд эгүүлэн авсан.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ярьж байна. Талуудын эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд хөдөлмөрийн гэрээний талаар тусгасан байгаа. Энэ хүн 2 сар цалин хөлсөө авсан. Нэхэмжлэгч талын ажлын орон тоо байхгүй болсон тул ажлаас нь халсан. Бодитоор нэхэмжлэгч тал ажил үүргээ гүйцэтгээгүй. Учир нь уг орон тооны гүйцэтгэх ажил байхгүй. Түүнээс биш нэхэмжлэгчийг өөрийн болон бусад ажилчдын эрх ашгийг хамгаалсны төлөө хувийн байдал гаргасан зүйл байхгүй. Улсын Дээд шүүхийн тогтоол бүрэн гүйцэт биелэгдсэн. Хариуцагч талын зүгээс шахаж, шаардсан зүйл байхгүй. Эвлэрлийн гэрээнд дахин энэ асуудлаар маргахгүй байхаар тохиролцсон боловч уг асуудлаар нэхэмжлэл гаргаад явж байна. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн харилцаа цуцалсан асуудал тушаал, шийдвэртэй холбоогүй тул иргэний хэрэг үүсээд явж байгаа гэж ойлгож байна гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/00072 дугаар тогтоол /хх-3-7/, БЭ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 тоот тушаал /хх-8/, БЭ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаал /хх-9/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаар шийдвэр/тэмдэглэл /хх-10-12/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-42/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-43-44/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан материалын бүртгэл /хх-47-48/, ирсэн өргөдөл, гомдлын бүртгэл /хх-49-50/ зэрэг,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2420-РоА-054 тоот итгэмжлэл /хх-18, 26-30, 33-34, 80/, хариу тайлбар /хх-26/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-27,31/, шүүх, хууль хяналтын бусад байгууллагад төлөөлөх хууль зүйн үйлчилгээний гэрээ /хх-52/, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-53/, БЭ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 тоот тушаал /хх-54/ , БЭ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ХН/2024/004 тоот мэдэгдэл /хх-55-56/, БЭ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/26 тоот тушаал, хавсралт /хх-57-59/, БЭ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/29 тоот тушаал, хавсралт /хх-60-61/, Монгол шуудан ХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19/20 тоот албан бичиг /хх-62-67/, БЭ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаал /хх-68/, БЭ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/43 тоот тушаал, хавсралт /хх-81-82/, БЭ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/019 тоот албан бичиг /хх-85/, БЭ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/005 тоот мэдэгдэл /хх-86/, БЭ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/022 тоот албан бичиг /хх-87/,Т.Б хүсэлт /хх-88/, Эвлэрлийн гэрээ /хх-89-95/, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2019/06 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-96/, цалингийн тооцооны хуудас /хх-97-98/, БЭ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/045 тоот албан бичиг /хх-99/, БЭ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/В-39 тоот албан бичиг /хх-100-101/, БЭ ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалууд /хх-102-114/, БЭ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/257 тоот албан бичиг /хх-115/, зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч БЭ ХХК-д холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, БЭ ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Миний бие Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ажилд эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч нь 2024 оны 7 дугаар сард намайг ажилд авахдаа урт хугацаанд хамтран ажиллана гэж амласан боловч 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, намайг ажлаас халсан. Тус ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь тодорхойгүй, ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж буй талаар тодорхой тусгаагүй. Намайг үндэслэлгүйгээр дахин ажлаас халж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна... гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг ... Хариуцагч компанийн хувьд туршилтын олборлолтын үе шатанд оператор гэх ажлын байранд ажиллуулж байсан. Уг туршилтын олборлолт дууссан тул операторын 8 орон тоог хассан. Улсын дээд шүүхийн тогтоолоор Т.Бг операторын ажилд эгүүлэн тогтоосон учир тогтоолын биелэлтийг хангаж, бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Гэвч нэхэмжлэгч Т.Бэр биечлэн гүйцэтгүүлэх ажил байхгүй байсан тул бүтэц орон тоог шинэчлэн баталж, операторын орон тоог хассан тухай нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж тайлбарлан, маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1 БЭ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 дугаар Ажилд эгүүлэн авах тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалт, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/00072 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн, Тийн Б /РД: ****/-ийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн операторын ажилд эгүүлэн томилжээ.
3.2 БЭ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ХН/2024/004 дугаартай ... Та 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирж, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх үүрэгтэй бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй тохиолдолд бид таныг ажилд буцаж орохоос татгалзсан гэж үзнэ... хэмээх мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тухайн мэдэгдлийг хүлээн авсанд нэхэмжлэгч маргаагүй.
Мөн нэхэмжлэгч нь дээрх мэдэгдэлтэй танилцсан боловч хийх ажил байхгүй тул ажлын байран дээр очоогүй, харин ерөнхий захирал, хүний нөөцийн захиралтай уулзахаар 1 удаа очсон тухай үйл баримтад зохигч маргаагүй.
3.3 БЭ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/43 тоот Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар
БЭ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг энэхүү тушаалын Нэгдүгээр хавсралтад, байнгын болон хугацаатай ажлын байрны жагсаалт, орон тоог Хоёрдугаар хавсралтад зааснаар тус тус шинэчлэн баталж, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй гэж, Хоёрдугаар хавсралтын үйл ажиллагааны хэлтэс гэсэн хэсэгт операторын 8 орон тоог хасаж,
БЭ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/26 тоот Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар
БЭ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг энэхүү тушаалын Нэгдүгээр хавсралтад , ажлын байрны жагсаалт, орон тоог Хоёрдугаар хавсралтад зааснаар тус тус шинэчлэн баталж, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй гэж, Хоёрдугаар хавсралтын үйл ажиллагааны хэлтэс гэсэн хэсэгт операторын 1 орон тоог нэмсэн,
БЭ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/29 тоот Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар
БЭ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг энэхүү тушаалын Нэгдүгээр хавсралтад , ажлын байрны жагсаалт, орон тоог Хоёрдугаар хавсралтад зааснаар тус тус шинэчлэн баталж, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй гэж, Хоёрдугаар хавсралтын үйл ажиллагааны хэлтэс гэсэн хэсэгт операторын 1 орон тоог хасаж тус тус шийдвэрлэжээ.
3.4 Улмаар БЭ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/005 тоот БЭ ХХК нь урт удаан хугацаанд тогтвортой ажиллах үүднээс Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, таны ажиллаж байсан ажлын байр/албан тушаал Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу хасагдсан. Тиймээс тантай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Т.Б мэдэгдлийг тухайн өдөр нь цахим хаягаар хүлээж авсан үйл баримтад маргаагүй.
3.5 БЭ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын 1 дэх заалтаар Компанийн үйл ажиллагааны хэлтсийн операторын ажлын байр/албан тушаал хасагдсан тул Т овогтой Б /Регистрийн дугаар ****/-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
3.6 Т.Бэс БЭ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй гэж ажиллагааг дуусгавар болгожээ.
3.7 Нэхэмжлэгч Т.Б хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалтай танилцсан, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цалин хөлсний тооцоог хийсэн, ажил олгогчоос нэг удаагийн 5,000,000 төгрөгийн тэтгэмж олгосон талаар зохигчид маргаагүй.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй, ажлаас чөлөөлж буй үндэслэл нь тодорхойгүй гэж маргаж байна.
4.1 Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/00072 дугаар тогтоолоор ...Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан БЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.03.05-ны өдрийн 2021/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Бг БЭ ХХК-ийн үйл ажиллагааны хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч БЭ ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 69,752,905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчаас БЭ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/43 тоот Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар БЭ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг энэхүү тушаалын Нэгдүгээр хавсралтад, байнгын болон хугацаатай ажлын байрны жагсаалт, орон тоог Хоёрдугаар хавсралтад зааснаар тус тус шинэчлэн баталж, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй гэж, Хоёрдугаар хавсралтын үйл ажиллагааны хэлтэс гэсэн хэсэгт операторын 8 орон тоог хассан байсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийн тулд БЭ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/26 тоот Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар БЭ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг энэхүү тушаалын Нэгдүгээр хавсралтад , ажлын байрны жагсаалт, орон тоог Хоёрдугаар хавсралтад зааснаар тус тус шинэчлэн баталж, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй гэж, Хоёрдугаар хавсралтын үйл ажиллагааны хэлтэс гэсэн хэсэгт операторын 1 орон тоог нэмсэн байна.
Улмаар БЭ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 дугаартай Ажилд эгүүлэн авах тухай тушаалаар Т.Бг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн операторын албан тушаалд эгүүлэн авч ажиллуулсан бөгөөд тус тушаалтай нэхэмжлэгч Т.Б нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр танилцсан байна.
Нэхэмжлэгч Т.Б хувьд тухайн ажилд анх томилогдож байгаа ажилтан биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хариуцагч компанийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/27 дугаартай Ажилд эгүүлэн авах тухай тушаалаар ажилд томилсон байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар дээрх үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон тул ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ.
Нэхэмжлэгч тухайн ажлын байранд хөдөлмөр биечлэн эрхлээгүй боловч тухайн хугацааны цалин хөлсийг авч байсан үйл баримтад маргаагүй.
4.2 Хариуцагч БЭ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/29 тоот Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтаар БЭ ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг энэхүү тушаалын Нэгдүгээр хавсралтад, ажлын байрны жагсаалт, орон тоог Хоёрдугаар хавсралтад зааснаар тус тус шинэчлэн баталж, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй гэж, Хоёрдугаар хавсралтын үйл ажиллагааны хэлтэс гэсэн хэсэгт операторын 1 орон тоог хасаж шийдвэрлэсэн.
Хариуцагч энэ талаар тайлбарлахдаа ...Компанийн хувьд туршилтын олборлолтын үе шатанд оператор гэх ажлын байранд ажиллуулж байсан. Уг туршилтын олборлолт дууссан тул 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр операторын 8 орон тоог хассан. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2024/00072 дугаар тогтоолоор ...нэхэмжлэгч Т.Бг БЭ ХХК-ийн үйл ажиллагааны хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр компанийн бүтэц орон тоог шинэчлэн баталж, нэг операторын орон тоог нэмж Т.Бг ажилд эгүүлэн авсан. Гэвч нэхэмжлэгч Т.Бэр гүйцэтгүүлэх ажил байгаагүй тул нэхэмжлэгч ч ажилдаа ирээгүй, энэ талаар хэн ч маргаагүй. Нэгэнт нэхэмжлэгчээр гүйцэтгүүлэх ажил байхгүй тул уг хүнийг удаан хугацаагаар ажиллуулах боломжгүй тул орон тоог шинэчлэн баталж, энэ тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбарлаж байгааг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар заасан ба хариуцагч БЭ ХХК-ийн хувьд энэ хуульд заасан орон тоо хасагдсан нөхцөл байдал бий болжээ.
Энд заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг хэлэх бөгөөд хариуцагчаас зохион байгуулалтын бүтэц нэгжийн орон тоог шинэчлэн батлахдаа Үйл ажиллагааны хэлтсийн операторын ажлын байр 1 байснаас 1 орон тоо хассан нь орон тоо хасагдсан гэж үзнэ.
4.3 Хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/005 тоот БЭ ХХК нь урт удаан хугацаанд тогтвортой ажиллах үүднээс Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, таны ажиллаж байсан ажлын байр/албан тушаал Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу хасагдсан. Тиймээс тантай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэх мэдэгдлийг хүргүүлжээ.
Нэхэмжлэгч Т.Б нь дээрх мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн цахим хаягаар хүлээж авсан үйл баримтад маргаагүй.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэгч Т.Б нь цаашид урт хугацаанд хамтран ажиллая гэж хэлсэн, намайг өөр ажилд томилох гэж байгаа юм байна гэж ойлгосон гэх тайлбарыг гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулснаас өөрөөр зохицуулаагүй буюу зайлшгүй ажил мэргэжилд тохирсон өөр ажилд шилжүүлэх үүрэггүй байна.
6. Дээрхээс дүгнэхэд БЭ ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, БЭ ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БЭ ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, БЭ ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/32 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,667,720 төгрөгийг гаргуулж, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА