Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 50

 

 

  2024     07        04                                             2024/ДШМ/50

 

Б.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 15ы өдрийн 2024/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Баярцогтод холбогдох эрүүгийн 2436000000143 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Солоон ургийн овогт Бэлэгдэмбэрэлийн Баярцогт, 1996 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд эко цементийн үйлдвэрт нярав ажилтай, ам бүл хоёр, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн малчны хороололд оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

2. Шүүгдэгч Б.Баярцогт нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байх “Ховд” зочид буудлын гадна хулгайч гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч М.Нямтогтохын нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн прокурорын газраас Б.Баярцогтын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Солоон ургийн овогт Бэлэгдэмбэрэлийн Баярцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Солоон ургийн овогт Бэлэгдэмбэрэлийн Баярцогтыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Шүүгдэгч Б.Баярцогт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.4 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.5 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч Бэлэгдэмбэрэлийн Баярцогт нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ховд зочид буудлын гадна 2024 оны 4 дүгээр сарын 5-ны хохирогч М.Нямтогтохын биед "хулгайч гэлээ" гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт гараараа халдан нүүрэнд олон тооны зулгаралт, няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүгдэгч Бэлэгдэмбэрэлийн Баярцогтод холбогдох эрүүгийн 2436000000143 дугаартай хэргийг прокурор хянаад 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, 115 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн байна.

5.2 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүхээс шүүгдэгч Б.Баярцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Баярцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино" гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаагүй байна. Шүүгдэгчид шүүхээс ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих тухай хуулийн үр дагаврыг ойлгуулан тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэж заасныг зөрчсөн, түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх Б.Баярцогтын үйлдсэн гэмт хэргийн нотолгоо болон гэм буруугийн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино" гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Баярцогтод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

 

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баярцогтыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байх “Ховд” зочид буудлын гадна хулгайч гэж хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч М.Нямтогтохын нүүрэн тус газарт гараараа олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

            5. Шүүгдэгч Б.Баярцогт нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Нямтогтохын мэдүүлэг, гэрч Б.Алтанзаяагийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Баярцогтын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Баярцогтод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэсэн байна.

 

7. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Амаржаргалд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд нэмж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.           

 

7.1 Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баярцогт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

7.2 Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Баярцогтод торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр нэмэлт заалт оруулж, “прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Баярцогтод тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                             ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                  ШҮҮГЧ                                     Ж.ОТГОНХИШИГ