Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2021/00033

 

 

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2021/00033

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Хэргийн индекс: ************************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

Оролцогчид

Нэхэмжлэгч ******* /цахим/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/

Хариуцагчийн өмгөөлөгч *******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 481 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч ******* түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох 20.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй шаардлагатай 0078 СЭН улсын дугаартай Land cruiser маркийн авто машины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2020.09.09-ний өдрийн тээврийн хэрэгслийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай, *******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан 25.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага бүхий ******************* индекстэй, 2 хавтас иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 04 дүгээр сард танил ******* надад бичил уурхайн нөхөн сэргээлт хийх гэж байгаа санхүүжилтэд мөнгө хэрэгтэй байна чи хөрөнгө оруулж мөнгө зээлээч, тэгвэл чи хамтран ажиллаад олсон ашгаа тэнцүү хувааж авъя гэсэн хүсэлтийг би зөвшөөрсөн. ...Ингээд ******* түүний нөхөр ******* бид гурав хөдөө хамтдаа байж ажилласан. ******* бид хоёр алт олборлож уг алтыг би борлуулж 28,000,000 төгрөгтэй болоод машин авахад зарцуулсан 22,000,000 төгрөгийг манай нөхөр Б.Батсайханд эргүүлж өгч 6,000,000 төгрөгийг нь тэнцүү хувааж авсан, худалдан авсан автомашин бид хоёрын дундын өмчлөлд үлдсэн байсан. Бид хоёр уг автомашиныг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлж авсан нь нөгөө талдаа 10,000,000 төгрөг өгнө шүү гэж тохирсон. Гэтэл 2020 оны 09 сарын 09-ний өдөр Ланд 80 машин худалдсан ******* гэж хүн над руу залгаад чамд олгогдсон итгэмжлэлийг ******* гэж хүн шилжүүлээд авчихлаа, эмэгтэй эрэгтэй 2 хүн ирээд итгэмжлэлээ хаячихлаа дахиад хийе гэхээр нь би чамтай андуураад шилжүүлээд явуулчих шиг боллоо гээд сандарч ярьсан. Тэр дор нь би *******ийн утас руу залгахад утсаа авахгүй байсан тул маргааш нь Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газарт залилуулчихлаа гэж гомдол гаргасныг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Прокурорын 4255 дугаартай тогтоолын хариунд гомдол мэдээллийг шалгаж холбогдох ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна, иргэд хоорондын харилцааны маргааны шинжтэй бичил уурхайн нөхөн сэргээлт хийж ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон, алт олборлож 28,000,000 төгрөгийн ашиг олсон, ашиг олсон мөнгөнөөс автомашин худалдан авсан мөнгийг буцааж өгсөн автомашин эзэмшигч хэн болох тал дээр маргалдаж байна гэсэн агуулгатайгаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан хариу өгснөөс бидний хооронд маргаан үүсээд байна.

Иймд *******, ******* нар бичил уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас ашиг олсон хэрнээ надтай тохиролцсоны дагуу анх авсан мөнгө болон ашгаа тэнцүү хувааж өгөхгүй намайг хохироосон тул анх өгсөн 10,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөгийг ашигт тооцон нийт 20,000,000 төгрөг гаргуулж авна... гэжээ.

 Нэхэмжлэгч 2021 оны 03 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Уг машин анхнаасаа машины эзэн *******аас надад итгэмжлэл олгогдож, захиран зарцуулах эрх надад хуулийн дагуу үүссэн итгэмжлэлийн хугацаа дусаагүй байхад ******* түүний нөхөр ******* нар хууль бусаар өөрсдөдөө шилжүүлэн авсныг хүлээн зөвшөөрөхгүй хууль бус агаар машины захиран зарцуулах эрхийг авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул *******ын өмчлөлийн ******* УБЛ улсын дугаартай Тоёота Ланд крузер 80 маркийн, 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй суудлын автомашиныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* миний бие худалдан авсан тул хууль ёсны өмчлөгчөөр ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч 2021 оны 04 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...******* ямар ч мөнгөгүй байснаа миний дэмжлэгтэй зорилгодоо хүрч ашгаа хувааж хүртэхгүй, зээлсэн мөнгөө өгсөн гэж үзээд, бид хоёрын дундын өмчлөлд байх ёстой Ланд 80 маркийн суудлын ******* УБЛ улсын дугаартай автомашиныг өөрийн нөхөр *******ы өмчлөлд шилжүүлсэнд би гомдоод байгаа... Иймд нэхэмжлэгч ******* миний бие *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгслийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...*******тай хамтран ашгаа хуваана гэсэн асуудал байгаагүй. Тиймээс түүний нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед миний бие нь бичил уурхай ажиллуулах гэж нөхөрлөл байгуулсан ба мөнгөний хэрэгцээ байсан учраас *******гаас дээрх мөнгийг зээлсэн. Мөн ******* бид хоёрт нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулахад машины хэрэг байсан учир дахин 15,000,000 төгрөгийг *******гаас зээлсэн ба Улаанбаатар хотоос Ланд 80 маркийн машиныг худалдах, худалдан авах гэрээ хийсний үндсэн дээр худалдаж авсан. Миний бие нь зээлсэн мөнгөнөөсөө 25,000,000 төгрөгийг ******* болон нөхөр Б.Батсайхан нарт буцааж төлсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Гэтэл ямар учраас илүү 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд нэгэнт хүний мөнгийг хүүгүй зээлээд хэрэглэсэн учраас сайн дурын үндсэн дээр 5,000,000 төгрөг өгье гэсэн боловч ******* нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгч ******* бид хоёрын дунд ямар ч хамтран ажиллах гэрээ байхгүй, ашгаа хуваалцъя гэсэн хэлцлийг хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

...*******гаас 10,000,000 төгрөгийг бичил уурхайгаар гэрээ байгуулж нөхөн сэргээлтийн барьцаа мөнгө хэрэгтэй болоод зээлсэн нь үнэн. Гэвч нэг сарын дараа эргүүлж өгөх нөхцөлтэй зээлсэн. Дараа нь ажил явуулахад, туулах чадвар сайтай Тоёота Ланд крузер-80 маркийн машин хэрэг болоод ******* машин авах гэсэн юм, дахин мөнгө зээлээч гэхэд ******* би нөхөр Б.Батсайханаас асуугаад хариу хэлье гээд, хэд хоногийн дараа манай нөхөр ажил нь дуусаад хотод ирсэн байна. ... ******* нь нөхөр Б.Батсайханаас мөнгийг авч өгсөн. Дараа нь ******* гэдэг хүнээс ******* УБЛ улсын дугаартай Тоёота Ланд 80 маркийн автомашиныг авахаар болсон. Гэтэл ******* нь итгэмжлэлийг над дээр хийвэл мөнгийг нь өгнө гэсэн шаардлага тавьсан учраас аргагүйн эрхэнд итгэмжлэлийг *******гийн нэр дээр 3 сарын хугацаатай хийсэн. Ингээд машиныг бид хоёр хөдөө унаж авсан ба сарын дараа буюу 2020 оны 08 сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг *******д өгсөн. Ингээд *******тай утсаар ярьж мөнгийг чинь өгчихсөн учраас итгэмжлэлийнхээ хүрээнд машиныг манай нөхрийн нэр дээр шилжүүлж өгмөөр байна гэсэн. Гэтэл ******* нь итгэмжлэлийг хаячихсан, эсхүл дахин мөнгө нэмж өг гэж хэлсэн. Миний хувьд *******д хэлсэн ёсоор машины мөнгийг бүрэн шилжүүлсэн байхад машиныг бидний нэр дээр шилжүүлж өгөхгүй, өөр санаа зорилго буюу бусдын нэр дээр шилжүүлэх нөхцөл байдал үүссэн учраас эд хөрөнгийн хамгаалалт өөртөө хийж Улаанбаатар хотод очиж *******аас өөрт тохиолдсон явдлаа хэлж бэлэглэлийн гэрээг нөхөр *******ы нэр дээр хийсэн. Одоо хууль ёсны дагуу машины жинхэнэ эзэмшигч нь манай нөхөр ******* байгаа. ******* болон түүний нөхөр Б.Батсайхан нар энэ хэргээс болж хохироогүй, харин нэхэмжлэлд зарим худлаа зүйлүүдийг удаа дараа хэлж байгаад харамсаж байна. Мөн машин бидэнд зарсан ******* нь хохироогүй байхад дахин дахин шунахайн сэдэлтээр энэхүү хэцүү цар тахлын үед дарамт болгон нааш, цааш асуудал үүсгээд байгаад бид гомдолтой байна. Иймд *******гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гаргасан нэхэмжлэлтэй нь холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан болно... гэжээ.

 Хариуцагч *******, ******* нараас 2021 оны 05 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа: ...Нэхэмжлэгч нь хэрвээ машиныг буцааж авах зорилгоор бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа юм бол миний зүгээс түүнд өгсөн 25,000,000 төгрөгийг *******гаас буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн тухайн машинд хийгдсэн 4 шинэ дугуйны үнэ 3,000,000 төгрөг, 2 удаа бүтэн засвар, оношлогоонд орсон 1,000,000 төгрөг, 2020, 2021 он үзлэг, оношлогоо, татварын мөнгө 400,000 төгрөг, шинэ аккумлятор 300,000 төгрөг нийт 4 сая 700,000 төгрөгийг цаашид бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцвол тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч болсон этгээдээс нэхэмжлэх болно... гэжээ.

 Нэхэмжлэгчээс сөрөг шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Тайлбар байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Одоогоор шүүх шийдвэр гаргаагүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд хохирсон үйл баримт тогтоогдохгүй байгаа учир хангах боломжгүй... гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 481 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар *******, ******* нараас 9,650,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******гийн Тоёота Ланд крузер 80 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар *******, ******* нарын хооронд 2020 оны 09 сарын 09-ний өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

4.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар *******гаас 25,000,000 төгрөг гаргуулах *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.Хариуцагч нар нь 4,700,000 төгрөгийн шаардлага гаргаагүй гэснийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 9,650,000 төгрөгд тохирох улсын тэмдэгтийн хураамж 169,350 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгож, *******гаас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулж, хариуцагч *******, ******* нараас 247,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тэнцүү хуваан гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулж, *******, ******* нараас сөрөг шаардлагад төлсөн 282,950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 481 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын зүгээс дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж *******, ******* нараас 9.650.000 төгрөгийг гаргуулсныг эс зөвшөөрсөн гомдолтой холбогдуулж дараахи тайлбарыг хийж байна.

-Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэж үзсэн учраас анх шилжүүлсэн 9.650.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д... хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.

Гэтэл бичил уурхайн үйл ажиллагаа нь заавал нөхөрлөл буюу хуулийн этгээд байгуулах шаардлагатай ба хариуцагч *******ийн хувьд өөрөө нөхөрлөл байгуулж үйл ажиллагаа явуулсан. Тус нөхөрлөлийн гишүүнд нэхэмжлэгч ******* нь ороогүй учраас хамтран ажилласан гэх үндэслэл байхгүй.

Мөн *******ийн дээрхи бичил уурхайн үйл ажиллагаа явуулсан асуудал нь хууль бусаар явагдсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба энэ талаар шүүхэд ирүүлсэн цагдаагийн газрын 2021.04.01-ний өдрийн албан бичигт ...*******т холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлосон тухай хэрэгт ******* нь хамтран бичил уурхай ажиллуулсан гэж гэрч болон бусад холбогдон мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогуй болно... /хэргийн 120-р хуудас/ гэсэн байна,

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт... Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна... гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь тухайн бичил уурхайн үйл ажиллагаанд ямар байдлаар оролцож ямар ажлыг гардан хийх ёстой байсан талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй байна.

-Хариуцагчийн хувьд *******гаас авсан 9.650.000 төгрөгийг дээрхи үйл ажиллагааг явуулахад зээлсэн гэж үзэж байгаа ба энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдагдсан...******* надад бичил уурхай нөхөн сэргээлт хийх гэж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна, чи хөрөнгө оруулж мөнгө зээлээч... гэж хэлсэн гэдгээр нотлогдож байна. Харин хамтран ажиллаад олсон ашгаа тэнцүү хуваана гэсэн нь шүүхэд цугларсан баримтаар нотлогдоогүй.

-Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарыг хуульд зааснаар хамтран ажилласан гэж үзэж байгаа тохиолдолд 9.650.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байсан.

Учир нь ******* нь *******гаас зээлсэн 9.650.000 төгрөгийг бичил уурхай явуулах үйл ажиллагаандаа зарцуулсан ба хэрвээ хамтран ажилласан гэж үзсэн тохиолдолд ******* нь тухайн мөнгийг нэхэмжлэх боломжгүй юм.

-Хэрвээ тухайн бичил уурхайн үйл ажиллагаанд зарцуулагдсан 9.650.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хамтран ажилласны улмаас буцааж авч чадаагүй алдагдалд орсон гэж үзвэл иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасан ...хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна... гэж үзэх байсан.

-Мөн нэхэмжлэгч *******гаас шилжүүлсэн 9.650.000 төгрөг *******ийн дансанд орсон байхад шүүх ямар үндэслэлээр Б.Батсайханаас хувааж гаргуулж байгаа нь тодорхойгүй байна.

 Хоёр. Шүүх *******, ******* нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгслийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсныг эс зөвшөөрч дараахи тайлбарыг гаргаж байна

-Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 заалтад...Иргэний хуулийн 59.1, 276.1-д зааснаар...бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт... иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ...хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй....гэж зааснаар ******* шаардах эрхтэй байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгслийн бэлэглэлийн гэрээ нь *******, ******* нарын хооронд хийгдсэн ба тухайн үед гэрээг талууд нотариатч дээр очиж байгуулсан байх бөгөөд нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврын дагуу үйлчлүүлэгч этгээдэд гэрээ хэлцэл нь хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан шалгаж гэрээ хэлцлийн агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулсны үндсэн дээр нотариатын үйлдлийг хийдэг тул *******ыг хууран мэхлэгдсэн гэж үзэхгүй байна.

Хэрвээ автомашины эзэмшигч ******* нь хууран мэхлэгдсэн гэж үзвэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шаардах эрх нь *******д биш *******т үүснэ.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь хэнд ямар байдлаар хууран мэхлэгдсэн, хэн нь хэнийгээ мэхэлсэн эсэх асуудал нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгагдаагүй байна.

Учир нь эсрэгээрээ хариуцагч ******* нь *******д мэхлэгдсэн байх үндэслэлтэй.

******* нь нэмэгдүүлсэн шаардлагадаа... Миний бие нь ******* гэдэг хүнээс ******* УБЛ улсын дугаартай Тоёота ланд крузер 80 маркийн машиныг нөхрөөсөө зээлсэн 15.000.000 төгрөгөөр худалдан авсан гэдэг.

Гэтэл ******* болон түүний нөхөр Б.Батсайхан нар нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг *******аас худалдаж авахдаа яагаад худалдах, худалдан авах гэрээ хийж өөрсдийн нэр шилжүүлэхгүй харин гуравдагч этгээдэд шилжүүлэх итгэмжлэлийг *******гийн нэр дээр олгосныг шүүх анхаарч үзээгүй.

Учир нь тухайн автомашины мөнгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгчид мөнгийг нь өгсөн тохиолдолд *******аас олгосон итгэмжпэлийн дагуу Ш.Шүрэнчимэг нь Эрдэнэчимэгт шилжүүлэх нөхцөлтэй байсан.

Хариуцагч ******* нь 25.000.000 төгрөгийг Ш.Шүрэнчимэгт өгсөн боловч тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг хүсээгүй учраас өөрийн хөрөнгөд эрх зүйн хамгаалалт хийж *******тай бэлэглэлийн гэрээг Б.Батсайханы нэр дээр хийлгүүлсэн.

-Шүүх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохдоо Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-ийг давхар үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Хэрвээ *******, Б.Батсайхан нарын хооронд бэлэглэлийн гэрээ хийгдсэн гэж үзсэн юм бол Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т заасан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлүүдээр *******т мөн адил шаардах эрх үүснэ гэж үзэж байна.

Гуравт. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

-Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалт болон Үндэслэх хэсэгт... Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т зааснаар бэлэглэлийн гэрээтэй холбогдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгчийг автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж гарсан ба хэдийгээр шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглах боломжгүй ч тээврийг хэрэгслийг *******аас нэхэмжлэгчид худалдсан гэж үзэх нэмэгдүүлсэн шаардлагыг хангах юм бол машины төлбөрт өгсөн 25.000.000 төгрөгөө буцааж нэхэмжлэхээр гарсан шаардлага юм.

Гэтэл шүүх бэлэглэлийн гэрээний заалт агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангахгүй гэсэн нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна.

Дөрөв. Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор тухайн автомашины эзэмшигч нь хэн гэдэг нь тодорхой бус байна.

Учир нь автомашины анхны эзэмшигч нь ******* байсан ба машины мөнгө 15.000.000 төгрөгийг авсан. Гэтэл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор уг автомашин *******ын эзэмшилд буцаад ирсэн. Ингэснээр ******* үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүссэн.

*******ын хувьд машиныг анх мөнгө өгсөн Ш.Шүрэнчимэг түүний нөхөр Б.Батсайхан нарт шилжүүлэх юм бол машины мөнгөө *******ээс авсан гэж мэдүүлж байгаа Б.Батсайхан, Ш.Шүрэнчимэг нар үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүсэх боломжтой.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт тухайн авто машин нь Ш.Шүрэнчимэг, ******* нарын дундын өмч гэж дүгнэсэн.

Хэрэв шүүхийн дүгнэснээр тухайн авто машин нь Ш.Шүрэнчимэг, ******* нарын дундын өмч юм бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрх хэзээнээс Ш.Шүрэнчимэгт үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

-Шүүхийн шийдвэрийн дагуу бол хариуцагч нар нь 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байхад дахин 9.650.000 төгрөгийг өгөхөөр, мөн дээрхи мөнгөөр худалдаж авсан автомашинаа бусдад алдах зэрэг хохирол амсаж байна. -Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө болон нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй зэргээр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 481 дугаартай шийдвэр нь эрх зүйн үндэслэл бүхий гараагүй тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний болон хууль зөрүүтэй хэрэглэсэн гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино уу гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж үйл баримтыг тогтоож чадаагүй, зохигчдын хооронд үүссэн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг оновчтой баримтлаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг тогтоон, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хамтран ажиллахаар нийлүүлсэн 10.000.000 төгрөг, дундын өмч болох Ландкрузер маркийн машины тал үнэ 10.000.000 төгрөг гаргуулах нийт 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ландкрузер маркийн машины өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч нарын иргэн *******тай байгуулсан автомашин шилжүүлэн авсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэж нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагч *******ээс ....Миний хувьд *******тай хамтран ажиллаагүй, харин 25.000.000 төгрөг зээлж аваад 28.000.000 болгож төлсөн. Мөнгийг нь төлчихөөд байхад машиныг шилжүүлж өгөхгүй болохоор нь хөрөнгөө хамгаалж өөрсдийн нэр дээр болгож авсан. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрх бүхий этгээд нь ******* биш юм. Анхан шатны шүүх зээлж авсан мөнгөө бүрэн өгчихөөд байхад дахин 9.650.000 төгрөг гаргасан мөртлөө машиныг шилжүүлж авсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоод уг машин дундын өмч гэж шийдвэрлэсэн нь утга агуулгын хувьд алдаатай шийдвэр боллоо, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 Давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь судлан үзвэл:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нартай хамтран ажиллахаар тохиролцож, 2020 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 9.650.000 төгрөгийг дансаар, 15.000.000 төгрөгийг туулах чадвартай машин авах зориулалтаар шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгч талаас гарган ирүүлсэн *******, Б.Батсайхан нарын Хаан болон Голомт банканд эзэмшдэг дансны хуулга болон талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогджээ.

Зохигчдын тайлбараар хамтран ажилласан талууд 2020 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бус ашигт малтмалын олборлолт явуулж 28.000.000 төгрөгийг ашиг олж 22.000.000 төгрөгийг машинд зарцуулсан төлбөрт тооцож, нэхэмжлэгч *******гийн нөхөр Б.Батсайханд өгч үлдэх 6.000.000 төгрөгийг ашиг гэж үзэж талууд 3.000.000 төгрөгөөр тэнцүү хувааж авсан үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хамтран ажиллах нь оролцогчдын хураамж хамтын үйл ажиллагаа гэсэн хэсгээс бүрддэг. Зохигчдын хувьд нь хамтран бичил уурхай ажиллуулахын тулд шаардагдах тодорхой хөрөнгө буюу нэхэмжлэгч *******гийн талаас 9.650.000 төгрөг бэлнээр, үйл ажиллагаа явуулахад шаардагдах туулах чадвартай авто машин авахад зориулж 15.000.000 төгрөг оруулсан бол хариуцагч *******, ******* нарын зүгээс алт олборлоход шаардагдах бичиг баримт, техник, ажиллах хүчийг гаргаж, үйл ажиллагааг гардан явуулах, үйл ажиллагаанаас олсон ашгаа тэнцүү хуваахаар тохиролцжээ.

Талууд нь гэрээг бичгээр байгуулаагүй боловч хуульд зааснаар гэрээг амаар байгуулах боломжтой бөгөөд талууд гэрээний гол нөхцөл болох гэрээний оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа явуулах хэлбэр оролцооны талаар харилцан тохиролцсон байх тул хэлцлийн хувьд хуульд заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Мөн хамтын үйл ажиллагаа явуулахад зориулж худалдан авсан 0078 СЭН улсын дугаартай Ландкруйзер-80 маркийн машиныг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4- т зааснаар дундын өмч гэж үзэж гэрээний талууд тэнцүү хэмжээгээр өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа бөгөөд шүүх шаардлагыг тодруулснаар талуудын хамтын үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх боломжгүй болсноор нэхэмжлэгч ******* нь хамтран ажиллах хугацаанд олсон ашиг орлого, үйл ажиллагаанд оруулсан хураамжаа гаргуулахаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.3-д зааснаар хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тул гэрээнээс хэдийд ч гарч болох бөгөөд ийнхүү гарснаар талуудын хамтын ажиллагаа дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-д зааснаар хамтын ажиллагааны талуудын эрх үүрэг, удирдлагын эрх үүрэг бүтэц, гэрээнээс гарахад ямар шаардлага тавих, ашиг алдагдлаа хэрхэн хуваарилах, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах эсэх зэргийг шийдвэрлэх боловч хэргийн зохигчид хамтын ажиллагааны журмаа бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар зохигчдын хамтын ажиллагаанд оруулж буй хөрөнгө буюу хураамжийг үйл ажиллагааны нөхцөл байдлыг харгалзан 50:50 хувь гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул анх оруулсан хөрөнгө 10.000.000 төгрөг хамтын ажиллагааны явцад олсон ашиг нийт 20.000.000 төгрөг гаргуулна гэж шаардаж байгаа боловч талуудын хамтын үйл ажиллагаа хэрхэн хэрэгжсэн, үйл ажиллагаа явуулахад ямар хэмжээний зардал гарч хэдий хэмжээний орлого ашиг олсон талаар холбоотой баримтыг зохигчдын хэн аль нь ирүүлээгүй тул хамтын үйл ажиллагааны ашгийг хуваарилах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин нэмэгдүүлсэн шаардлага болох автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд хамтын ажиллагаанд зориулан худалдан авсан Ландкруйзер-80 маркийн 0078 СЭН улсын дугаар бүхий машин нь Иргэний хуулийн 477.3-т зааснаар гэрээний талуудын дундаа өмчлөх хөрөнгө бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 -д зааснаар дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийг авахаар шаардах эрхтэй тул автомашины өөрт ногдох хэсэг буюу 9.000.000 төгрөгийг автомашины өмчлөгч нараас буюу хариуцагч *******, ******* нараас 9.000.000 төгрөг гаргуулан *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү автомашины ногдох хэсгийг тодорхойлохдоо хэрэгт авагдсан автомашины зах зээлийн ханшаар тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч Ш.Шүрэнцэцэгийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагч ******* анхны өмчлөгч ******* нарын хооронд байгуулсан автомашин бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагын хувьд нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрх бүхий этгээд биш тухайн этгээдийн хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь түүний ямар эрхийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй байх тул түүний энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь хэрвээ нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдвол машины үнэ 25.000.000 төгрөгөө буцаан гаргуулна гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож байгаа тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй шаардлага нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нарын давж заалдах гомдлын хувьд:

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн үйл баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагч нарын татгалзал нь үгүйсгэгдэж байгаа тул хариуцагч нарын татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг тогтоон, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 481 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 108 дугаар зүйлийн 108.8, 276 дугаар зүйлийн 276.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3, 478 дугаар зүйлийн 478.12-д тус тус зааснаар *******, ******* нараас 9.000.000 төгрөгийг гаргуулж *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11.000.000 төгрөгийн шаардлагыг, машины өмчлөгч тогтоолгох болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэмэгдүүлсэн шаардлагуудыг, 25.000.000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 2,3,4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

 6 дахь заалтыг:

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 9,000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, *******гаас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 70.200 болон 247.950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулж, *******, ******* нараас сөрөг шаардлагад төлсөн 282.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 325.100 төгрөг урьдчилан төлсөн болохыг дурьдаж, хангагдсан гомдлын хэмжээнд буюу 9.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч *******т олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.   

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ