| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0092/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Б.Төгсжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөх халхынхан овогт Бархасбадийн Төгсжаргалд холбогдох эрүүгийн 1807001800076 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар, Улаанбаатар хот Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлаг 4 дүгээр гудамж, 03 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан, регистрийн ЦД87031172 дугаартай, Хөх халхынхан овогт Бархасбадийн Төгсжаргал.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Төгсжаргал нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хороолол 3 дугаар байр 13 тоотод хамтран амьдрагч Э.Янжинлхамтай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Төгсжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Төгсжаргал нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хороолол 3 дугаар байр 13 тоот гэртээ 06 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэж ирээд унтаж байхдаа хамтран амьдрагч Э.Янжинлхамыг “халаас ухлаа” гэх шалтгаанаар маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүний биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохиролыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Төгсжаргалын өгсөн: “Тухайн өдөр 2 найзтайгаа гэр бүлээрээ салхинд гарсан. Орой нь эхнэр хүүхдүүдээ гэрт нь хүргэж өгөөд гадуур архи ууж яваад шөнө гэртээ орсоноо санахгүй байгаа. Өглөө 6 цагт ухаан ороход цагдаа ирээд эхнэрээ зодсон байна гэсэн. Тэгээд би мэдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Янжинлхамын өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн орчимд согтуу гэртээ орж ирээд газар хэвтээд унтаж байсан юм. Энэ үед Отгогжаргалын эхнэр Энхмаа гэх хүүхэн миний утас руу залгаад “танай нөхөр Төгсжаргал бид нар шөнө бааранд таараад машинд нь сууж байгаад дэлгүүрийнхээ түлхүүрийг машинд нь үлдээсэн байна, яаралтай одоо аваад өгөөч” гэхээр нь “харанхуйд би бууж чадахгүй, өглөө үүр цайх үед гараад аваад өгье” гэж хэлсэн юм. Тэгээд өглөө нь Төгсжаргалын өмдний халаасыг гараараа үзэж байгаад түлхүүрийг нь авах гэхэд Төгсжаргал сэрээд “яагаад халаас ухаад байгаа гичий вэ зайл” гэж хэлээд босож ирээд хоолойг гараараа боож байгаад үсдэж доош нь дарж байгаад зүүн талын нүдэнд, толгойн зүүн хэсэгт тус хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон юм. Энэ үед гараараа нүүрээ дарахад дахин хэдэн удаа хөлөөрөө өшиглөж зодсон учир босоод зугтаах үед жижиг өрөөнд араас гүйж орж ирээд орны завсараар унагаж байгаад нуруун дээрээс хөлөөрөө дэвсэж, дараа нь үсдэж орон дээр дээш харуулан хэвтүүлж байгаад үс зулгааж нүүрэн тус газарт гараараа мөн хэд хэдэн удаа цохиж зодсон юм. Ингээд би орон дээрээс босож зугтаагаад ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа түгжиж байгаад цагдаагийн хэлтэст өөрийн утсаар дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд Төгсжаргалыг аваад явсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08-13 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08шэ/188 дугаар:
/хх-ийн 29 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 32 дугаар тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүргэл,
/хх-ийн 33-38 дугаар тал/
Аюулын зэргийн үнэлгээ,
/хх-ийн 39 дүгээр тал/
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 41-42 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 45 дугаар тал/
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
/хх-ийн 47 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 48 дугаар тал/
“Хас” банкны дансны хуулга,
/хх-ийн 49-50 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 52-56 дугаар тал/
Дүүргийн 4 дүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5/97 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-ийн 59-60 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Янжинлхамд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч “санал, хүсэлт, гомдолгүй, шүүх хуралдааныг намайг оролцуулалгүй явуулж өгнө үү” гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Төгсжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Янжинлхамын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Төгсжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Төгсжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Төгсжаргалыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Төгсжаргалд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Төгсжаргалд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Төгсжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төгсжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ