Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 98

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч Ц.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тариатнов овогт Цэнд-Аюушийн Лхагвадоржид холбогдох эрүүгийн 1807002090067 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 337 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 14 дүгээр гудамж 207 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн РФ78050177 дугаартай, Тариатнов овогт Цэнд-Аюушийн Лхагвадорж.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 14 дүгээр гудамжны 907 тоотод хохирогч Ч.Бат-Өлзийтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.Лхагвадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Лхагвадорж нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 14 дүгээр гудамжны 907 тоот өөрийн гэртээ хохирогч Ч.Бат-Өлзийтэй 0,75 литрийн “Хандгай” нэртэй согтууруулах ундаа хэрэглэх явцдаа эхнэр Алтаннавчтайгаа хардлаа гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж түүний зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Лхагвадоржийн өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өглөөний 07 цагийн үед дүүгийнхээ гэр лүү явах замдаа Бат-Өлзийгийн гэрт орсон. Бат-Өлзий эхнэрийн хамт орондоо хэвтсэн “шартаж үхлээ, ганц шил юм зохицуулаач” гэж хэлэхээр нь би дэлгүүр орж 0,75 литрийн архи, ундаа, талх авч ирж өгсөн. Бат-Өлзийтэй хамт авч ирсэн архийг хувааж уугаад тэдний гэрээс гарч дүүгийндээ очиж хоол унд идсэн. Дүү найзын хамт нэг шил архи ууж байхаар нь би хэдэн хундага татаад гэртээ хариад унтсан. Надад илүү цэргийн аранз байдаг юм. Миний гар утас дуугарахад манай ажлын залуу Бодьгэрэл “гэртээ байна уу, нөгөө аранзаа авах гэсэн юм” гэж хэлэхээр нь би гэртээ дуудсан. Бодьгэрэл манай гэрт ирж аранз авахдаа надад 5,000 төгрөг өгсөн. Би “Хандгай” нэртэй 0.75 литрийн архи авч, Бат-Өлзийтэй хувааж уух үедээ Бат-Өлзийгийн эхнэрээр хоол хийлгэж байсан юм. Эхнэр нь байн байн орж гараад байсан чинь Бат-Өлзий уурлаж “юу гээд маяглаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би өмөөрч “чи яагаад манай дүүг ингэж байдаг юм бэ” гэж хэлээд Бат-Өлзийгийн шанаа руу 2 удаа цохьсон. Гэтэл Бат-Өлзий намайг эхнэртэйгээ хардаж уурласан. Би урд өдөр нь үхрийн толгой чанасан юм. Тэрийгээ хутгаар мөлжөөд, хутгаа аранздаа хийх гээд барьсан байсан юм. Бат-Өлзийг уурлаад байхаар нь би “юу солиороод байгаа юм бэ” гэж хэлээд түүнийг ёврох шиг болоход “Лхагваа чи намайг шаачихлаа шүү дээ” гэж хэлсэн. Би эхнэрээр нь түргэн дуудуулсан. Намайг гэртээ ирсний дараа 2 цагдаа ирж авч явсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Бат-Өлзийгийн өгсөн “2018 оны 4 дүгээр 09-ний өглөө 07 цагийн үед гэртээ байж байх үед манай гэр, манай гудамжны найз Лхагва нэг шил архи, ундаа бариад орж ирсэн. Лхагва авч ирсэн архиа надтай хувааж уугаад гэртээ очиж амарна гэж гарсан. Би гэртээ байж байгаад өдөр өөрийн эхнэр Алтаннавчийн хамт Лхагвагийн гэрт очсон намайг ороход Лхагвагийн ажлын дүү гэрт нь ирсэн, цэргийн цүнх аваад гарсан. Тэгээд Лхагва нэг шил архи задлаад сууж байсан ба манай эхнэрийг “сайхан хоол хийж идье миний дүү хоол хийчих” гэж хэлээд эхнэрийг хоол хийж байхад Лхагва бид 2 нөгөө архиа хувааж уусан. Лхагва цэргийн бэлэн байдлын аранзаа надад үзүүлээд үхрийн толгой мөлжиж байсан хутгаа гартаа эргүүлээд байсан. Тэр үед Навчаа өрөөнд орж ирсэн. Би Навчааг “чи одоо наад хоол ундаа хурдан хийгээч” гэж хэлсэн чинь Лхагва “чи миний дүүг юу гээд байгаа юм” гэж хэрүүл маргаан болоод намайг түлхэж 2 удаа цохиод гартаа барьсан байсан хутгаараа миний гуя руу шаасан. Би “Лхагваа чи одоо яаж байгаа юм бэ, намайг хутгалчихлаа” гэж хэлээд гэрээс нь гарч яваад гэртээ ирээд байж байсан, манай эхнэр эмнэлэг дуудсан гэсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн11 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтаннавчийн өгсөн “...Би хоолыг нь хийж өгөөд өөрөө жаахан хоол аяганд хийж идээд гараад гэртээ орох үед Бат-Өлзий зүүн талын гуянаас цус гарсан байдалтай баруун талын орон дээр хэвтэж байхаар нь юу болсон талаар асуусан чинь “Лхагваа намайг хутгалсан” гэхээр нь би цус гарч байгаа газарт нь цаасаар дараад цус нь тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-17 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын сарын 18-ны өдрийн №08шэ/215 дугаар:

  1. “ Ч.Бат-Өлзийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 19 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 37 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 38 дугаар тал/

“Хаан банк”-ны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 42-46 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бат-Өлзийд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтад “намайг хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 365,000 төгрөгийг төлсөн” гэснийг харгалзан шүүгдэгч Ц.Лхагвадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ц.Лхагвадорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Лхагвадоржийг Ч.Бат-Өлзийгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тонгорог хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Лхагвадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Лхагвадоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Лхагвадоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Лхагвадоржид мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан тонгорог хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, Ц.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лхагвадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ