Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 56

 

 

2024     07        30                                             2024/ДШМ/56

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 22ы өдрийн 2024/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436000000096 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн овогт ы Батжаргал, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эцэг эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* суух бүртгэлтэй, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1'000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1'000'000 төгрөгөөр торгох ял, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан.

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант ******* ******* ******* ******* тоотод ахуйн хүрээнд архидан согтуурч байхдаа гэрч ийг эхнэртэйгээ хардаж, заазуур далайж улмаар хүзүүнд нь тулгахад хохирогч тухайн үйлдлийг таслан зогсоох явцад хохирогчийн гарыг зүсэж, баруун гарын 2 дугаар үений гадна талын хэсгийн шарх, зүүн гарын шууны гадна доод 1/3 хэсгийн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч овогт ы Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600'000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 100'000 (нэг зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч д олгож,

4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино" гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаагүй байна.

Шүүгдэгчид шүүхээс ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих тухай хуулийн үр дагаврыг ойлгуулан тайлбарлаагүй нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчсөн, түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нотолгоо болон гэм буруугийн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино" гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн  243600000096 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг  хангаж шийдвэрлэлээ.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч  *******ыг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө архи  согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрч ийг эхнэртэйгээ хардаж, заазуур далайж улмаар хүзүүнд нь тулгахад хохирогч тухайн үйлдлийг таслан зогсоох явцад хохирогчийн  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 5. Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант ******* ******* ******* 2-45Б тоотод ахуйн хүрээнд архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гэрч ийг эхнэртэйгээ хардаж, заазуур далайж улмаар хүзүүнд нь тулгахад хохирогч тухайн үйлдлийг таслан зогсоох явцад хохирогчийн гарыг зүсэж, баруун гарын 2 дугаар үений гадна талын хэсгийн шарх, зүүн гарын шууны гадна доод 1/3 хэсгийн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч гийн мэдүүлэг (хх-5х), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хх-42х), гэрч ийн мэдүүлэг (хх- 8-9х), шүүх эмнэлгийн шинжилгээний 252 дугаартай дүгнэлт (хх-19- 20х) зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  зааснаар түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна..

7. Прокурор эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний  эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч нь ямар хугацаанд төлж барагдуулах,  мөн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд торгох ялыг  хорих ялаар солих тухай  эрх зүйн үр дагаврыг ойлгуулж тайлбарлаагүй, түүнд эрх зүйн үүргийг сануулаагүй нь  шүүхийн шийдвэр тодорхойгүй,ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн  байх  тул шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдаж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

7.1.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрч ийг эхнэртэйгээ хардаж, заазуур далайж улмаар хүзүүнд нь тулгахад хохирогч түүнийг  үйлдлийг таслан зогсоох явцад уг заазуураар хохирогчийн гарыг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч  ******* нь согтуурсан үедээ хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэнээ   хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар   маргаагүй байна.

7.2.Ховд аймгийн Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

7.3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан  *******д тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                                                                                                              

 

 

           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ

 

                       ЕРӨНХИИЙ ШҮҮГЧ                                      Ш.БАТТОГТОХ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА