Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 81

 

Д.От-, М.От- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                            Ц.Амаржаргал

                                                           Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                          Д.Энхтуяа

Хохирогч                                           Н.Бат-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч                  Н.Төгсбаяр

Ялтны өмгөөлөгч                            Д.Пүрэвдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ны О, М-ын О нарт холбогдох эрүүгийн 201509000796 дугаартай, 171/2016/0116/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1966 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 7 дугаар байр, 01 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, ам бүл 3, эх, эгчийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Д-ны О /регистрийн дугаар: ********/,

2. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1975 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эмэгтэй, Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар байр, 60 айлын 05 тоотод оршин суух, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Э овогт М-ын О, /регистрийн дугаар: ********/,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.От-, М.От- нар нь бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 08 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Г-оос 4,035,000 төгрөг, Ж.О-ээс 1,650,000 төгрөг, Б.А-аас 3,680,000 төгрөг, Н.Б-ээс 5,170,000 төгрөг, Г.П-аас 1,830,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч бусдад 16,365,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.От-, М.От- нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Д.От-гийн бүлэглэж үйлдсэн гэх, М.От-ийн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.От-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.От-гийн хувьд ногдох эд хөрөнгөөс 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил /гурав/-ийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч Б.Сүрмандах давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Шүүгдэгч М.От-ийг дээрх хэрэгт санаатай, хамтран оролцсон, хуурч мэхлэх идэвхтэй үйлдэл хийсэн, бусдыг залилан мэхлэж тэдгээрийн өмч хөрөнгийг шунахай сэдэлтээр өөртөө авч захиран зарцуулсан байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгов гэж дүгнэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-р заалтанд “Т овогт Д-ы О-ийн бүлэглэж үйлдсэн гэх, Э овогт М-ын О-ийн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн мөртлөө хэрэгсэхгүй болгож байгаа хуулийн зүйл хэсгийг баримтлаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын үйлдэлд бодитой дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлалгүйгээр шийдвэр гаргаж шүүгдэгч М.От-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Д.От-, М.От- нар нь бүлэглэн 2015 ны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа хөтөлбөр”-ийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Г-оос 4.035.000 төгрөг, Ж.О-ээс 1.650.000 төгрөг, Б.А-аас 3.680.000 төгрөг, Н.Б-ээс 5.170.000 төгрөг, Ү.П-аас 1.830.000 төгрөг, үлэмж хэмжээний буюу нийт 16.365.000 төгрөгийг шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар залилан авсан.

М.От- нь анх Д.От-тай хамтран ажиллахдаа Тосон Сүмбэр Өргөө ХХК-ийг Д.От-гийн дүү Б.Э-ын нэрээр байгуулагдсаныг, мөн үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах, гадаад худалдаа барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйг, уг иргэдийг 8 хувийн зээлэнд хамруулах ажиллагаанд ямар ч банкны байгууллага хамтран ажиллаагүйг, тухайн компани үйл ажиллагаа явуулах байргүйг, тэр хоёроос өөр гишүүнгүй, үйл ажиллагаа явуулах хөрөнгөгүй зэрэг байдлуудыг лавтай сайн мэдэж байсан. Тийм атлаа тус компаний гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж өөрийгээ үзэж /албан ёсны захирлын тушаалгүй/ уг ажиллагаанд идэвхитэй, биечлэн оролцож, иргэдэд сурталчилж. иргэдээс байрны үнийн дүнгийн 10 хувь, нийгмийн даатгалын хураамж, картын үнэ, эрсдлийн сангийн хураамж зэрэг зүйлст хураалгаж байгаа гэж итгүүлэн бэлэн болон бэлэн бусаар авдаг, мөн иргэдэд байгууллагын гишүүнээр элссэн гэж “Батламж" бичиж олгох зэргээр уг залилангийн үйлдэлд бүлэглэн оролцсон нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлогдсон байгаа болно.

Мөн шүүх М.От-ийг зөвхөн Д.От-гийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх төдийд тус компанид ажиллаж байсан, мөн хохирлын мөнгөнөөс захиран зарцуулаагүй, хувьдаа аваагүй гэж дүгнэсэн. Гэтэл М.От- нь хохирогч Н.Б-ээс 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зуучлалын хөлс гэж 600,000 төгрөгийг дансаар шилжүүлж аваад, өөрийн түрээслэж байсан байрны түрээсийн төлбөрт шилжүүлсэн байдаг. Үүнээс гадна М.От- нь хохирогч нарын мөнгөнөөс 2.900.000 төгрөгийг өөрөө буцаан авсан гэж мэдүүлсэн.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, мөн эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Улсын яллагч Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар, дүгнэлтэндээ:

...Эсэргүүцлээ дэмжиж байна, 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 109 дугаартай  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

Хохирогч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Би 5.170.000 төгрөг өгсөн нь үнэн. Мөнгөө авбал гомдолгүй  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Хохирогч нарын зүгээс хохирлоо авбал гомдол, саналгүй. М.От- анхан шатны шүүхийн шатанд авсан зүйлээ хүлээн зөвшөөрдөг. Гэм буруутай гэж үзэж байгаа тул хохирол төлөх талаар санаачлага гаргаасай гэж хүсч байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Д.От-, М.От- нарыг бүлэглэн 2015 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж мэдээлэл тарааж иргэн Ц.Г-оос 4,035,000 төгрөг, Ж.О-ээс 1,650,000 төгрөг, Б.А-аас 3,680,000 төгрөг, Н.Б-ээс 5,170,000 төгрөг, Г.П-аас 1,830,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч бусдад 16,365,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.От-ийн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.От-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д …”- Энэ хуулийн 24.1.1-24.1.4-т заасан байдал тогтоогдсон; ” эсхүл 248.1.2-т ”- Энэ хуулийн 208.1.2, 208.1.3-т заасан үндэслэл;” байвал тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч М.От-т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо хуульд заасан дээрх хоёр үндэслэлийн аль заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаар “Тосон Сүмбэр өргөө” ХХК нь  “Хаан банк, Капитрон банкуудтай хамтран иргэдийг  хөнгөлттэй нөхцлөөр банкны зээлд хамруулан орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэж олон нийтэд мэдээлэл тарааж энэхүү мэдээлэлийн дагуу ирсэн иргэдэд “Хямралыг хамтдаа” хөтөлбөрт хамрагдсан тухай батламж гардуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, тэднээс авсан мөнгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалин олгох зэргээр иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийх явцдаа шүүгдэгч М.От- өөрийгөө тус компаний гүйцэтгэх захирал гэж танилцуулан хөтөлбөрийн талаар танилцуулга өгч бусдад итгэл төрүүлж байжээ. Гэтэл бодит байдал дээр “Тосон Сүмбэр өргөө” ХХК-ний зүгээс “Иргэдийг орон сууцжуулах” талаар ямар нэгэн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлээгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ямар ч банктай хамтран ажилладаггүй, /компани банкинд харилцах данс ч байхгүй/, энэхүү хөтөлбөр нь биелэгдэх боломжгүйг шүүгдэгч нар мэдсээр байж хохирогч нараас мөнгө авч байгаа нөхцөл байдлуудын талаар шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн: Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон яллах дүгнэлтээр хохирогч Б.А-д 3,680,000 төгрөгний хохирол учирсан байхад шүүх тогтоолынхоо 8 дахь заалтаар түүнд 4,035,000 төгрөг гаргуулж хохирлыг 355,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.От- нь хохирогч Ц.Г-оос 4,035,000 төгрөг, Ж.О-ээс 1,650,000 төгрөг, Б.А-аас 3,680,000 төгрөг, Н.Б-ээс 5,170,000 төгрөг, Г.П-аас 1,830,000 төгрөг нийт 16,650,000 төгрөг авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан боловч нөхөн төлөгдөөгүй байна гэж дүгнэжээ. Шийтгэх тогтоолын 18 дугаар талд ...”шүүгдэгч Д.От-гаас 15,765,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Г-т 4,035,000 төгрөг, Ж.О-т 1,650,000 төгрөг, Б.А-д 3,680,000 төгрөг, Н.Б-д 5,170,000 төгрөг, Г.П-д 1,830,000 төгрөг олгохоор шийдвэрлэв.” гэж дахин өөр дүгнэлт хийсэн байна.

 Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтад “...-Шүүгдэгч Д.От-гаас 16,398,500 төгрөг гаргуулж,” дээрх нэр бүхий иргэдэд олгохоор тогтоосон нь Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байна.

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж хуульд заагагаагүй үг хэллэг хэрэглэсэн байх ба цаашид энэ төрлийн зөрчил гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                            Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                         Б.МАНЛАЙБААТАР