Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 620

 

 

Х.Б, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч, Х.Б, Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хохирогч Б.Балжинням, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Х.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ял, мөн онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, ... овогт Х.Б,

2. Монгол Улсын иргэн, ... овогт Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б, Б.Б нарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1 406 000 төгрөгийг гаргуулж Х.Б-т олгож, хохирогч Х.Б нь бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Х.Б-оос 530 310 төгрөгийг гаргуулан Б.Б олгож,

Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Б.Б нь Б-с, хохирогч Х.Р нь Б.Б-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Б  гаргасан гомдолдоо  “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй, бөгөөд ямар нэгэн хууль зөрчөөгүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж цаг алдуулж Б.Б ыг ялаас чөлөөлөгдөх боломж олгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Б.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, үйлдэл холбогдолдоо ямар ч маргаан байхгүй байхад тогтоолыг хүчингүй болгосон нь буруу юм.

Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б.Б ы өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд аргагүй хамгаалалтын шинжтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хохирлыг 1 400 000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй гэсэн гурван үндэслэлээр гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Миний хувьд давж заалдах шатны шүүхээр гомдлыг хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Тийм учраас Х.Б ын гомдлыг хүлээж авах боломжгүй. Б.Б.Б ы үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Х.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс Х.Б т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Б.Б д ял шийтгэл оногдуулсан. Тус шийдвэрийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн хэмээн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б ын гаргасан гомдлыг үндэслэн Х.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Х.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилогдох ёстой.

Гэтэл Х.Б, Б.Б нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч нь дээрх журмын дагуу томилогдсон эсэх шийдвэр, баримт хавтаст хэргийн материалд байхгүй байгаа нь уг хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  “ноцтой зөрчил”-д хамаарч, уг шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б ын  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН