Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч Ц.Буянхишиг,

шүүгдэгч Б.Болорсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ёндон овогт Баянбилэгийн Болорсайханд холбогдох эрүүгийн 1807002090067 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт өрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, Налайх дүүргийн дулааны станцад зуухны засварчин ажилтай, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 07 дугаар хороо, Бадралын 07 дугаар гудамжны 22 тоотод оршин суух, регистрийн УД92052811 дугаартай, Ёндон овогт Баянбилэгийн Болорсайхан.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Болорсайхан нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос түүний машинд сууж Налайх дүүрэгт хүргүүлсэн хохирогч Ц.Буянхишиг Sumsung galaxy A-3, Sumsung galaxy J-3 зэрэг гар утаснуудаа орхиж буусныг завшин 832,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Болорсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Болорсайхан нь 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчим иргэн Ц.Буянхишигийг Пробокс маркийн 94-07 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн офицеруудын ордонгоос Налайх дүүргийн 2 дугаар хороо 9 дүгээр байр 76 тоот хүртэл хүргэж өгөхдөө тээврийн хэрэгсэлд Sumsung galaxy A-3, Sumsung galaxy J-3 загварын гар утасыг орхиж буусан гээгдэл эд хөрөнгийг завшин 832,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болорсайханы өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод таксинд явж байгаад шөнийн 02 цагийн орчим Офицероос 4 хүн ачиж Налайх дүүрэг рүү явсан. Хохирогч Ц.Буянхишиг нь Налайх дүүргийн Петровис шатахуун түгээх газрын дэлгүүр ороод ирье гэж гуйхаар нь зогссон. Ц.Буянхишиг идэж уух юм авсан. Миний машинд гар утсаа хаясан байсан. Цагдаагийн байгууллагад гар утсыг өгөөгүй нь миний буруу” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Буянхишигийн өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Офицероос шүүгдэгчийн машинд сууж явсан. Замдаа “Петровис” шатахуун түгээх станц дээр зогсож би дэлгүүр орж гар утсандаа нэгж авсан. Шүүгдэгчээс гуйж би гэрийнхээ үүдэнд хүргүүлээд буусан. Би гэртээ ороод нэгжээ хийх гэж гар утсаа үзэхэд байхгүй байсан. Би машин дотор гар утсаа бариад явж байснаа санаад тэр оройноо “Петровис” шатахуун түгээх станцын камерыг шүүлгэхэд шүүгдэгчийн машины урд том машин таглаад, шүүгдэгчийн машины дугаар харагдаагүй. Маргааш Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст очиж уулзсан. Тэгээд мөнгө задлуулсан “Шунхлай” шатахуун түгээх станцын камерыг шүүлгэж шүүгдэгчийн зүс царай мэдэж авсан. Амгалангийн замын камерыг бүгдийг шүүлгүүлэхэд гэрлээс шалтгаалаад харагдаагүй. “Буян-Налайх” төв, “Ундрам” дэлгүүрийн камерыг шүүлгэхэд шүүгдэгчийн машины марк мэдэгдээд дугаар нь харагдаагүй. Би Налайх дүүрэг дэх гар утасны засварын төвөөр орж гар утсаа сураглахад “Баян” зоогийн газрын залуу надад нэг хүн Самсунг галакси А3 маркийн утас янзлуулах гэж ирсэн гэдгийг хэлсэн. Би Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс орж өргөдлөө бичиж өгсөн. Надад нэг утасны маань има код, худалдаж авсан бүх зүйлс байсан. Өргөдлөө өгснөөс хэсэг хугацааны дараа шүүгдэгч баригдсан. ...Хэрвээ шүүгдэгч хүн шиг сэтгэлтэй байсан бол гар утсан доторх мемори картанд байсан зургийг ядаж буцааж өгөх байсан. Би шүүгдэгчид “нэг утсыг чи ав, нэг утсыг би авъя” гэж хүртэл хэлж байсан. Миний хайхрамжгүй байдал хэрэг гарахад нөлөөлсөн. Гэхдээ хүний үнэтэй хоёрын хоёр утсыг олсон байж эзнийг мэдэж байж буцааж өгөөгүй ” гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 19 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 30 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 32 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээний хуулбар,

/хх-ийн 35-37 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Болорсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Буянхишигт 832,000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл эд зүйлээ /өөрийн гар утсаа/ тээврийн хэрэгсэлд орхиж буусан нь нөлөөлснийг харгалзан дээрх гэм хорын хэмжээг багасгаж нийт хохирлоос 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 632,000 төгрөгийг шүүгдэгч Б.Болорсайханаас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Болорсайханыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Sumsung galaxy A-3 гар утас нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Болорсайхан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ёндон овогт Баянбилэгийн Болорсайханыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Болорсайханыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Болорсайханд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Болорсайханд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн доод буланд хагарсан Sumsung galaxy A-3 маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, Б.Болорсайхан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Болорсайханаас гэм хэргийн улмаас учирсан хохиролд 632,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Буянхишигт олгосугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Болорсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ