Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 208/Ма2022/00002

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2022/00002

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 448 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч *******ад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 110.000.000 төгрөг, алданги 55.000.000 төгрөг нийт 165.000.000 төгрөгийг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн болон нэхэмжлэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

 

*******аас үндсэн зээл 110.000.000 төгрөгийг алданги 55.000.000 төгрөгийг нийт 165.000.000 төгрөг гаргуулах

 

******* миний танил нь *******, ******* нарыг 2019 оны эхээр дагуулан ирж танилцуулсан. "Тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд дөрөв таван алтны уурхайн олборлох зөвшөөрлийг өөрсдийнхөө үүсгэн байгуулсан нөхөрлөл дээр авчихсан байгаа. Ажил эхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Олборлолт хийгээд олсон ашгаасаа тодорхой хэмжээний хувь өгнө. Мөнгө зээлдүүлээч гэсэн". Тэгээд бид 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 90.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор нийт 110.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнээс хойш тэд "Олборлолт хийсэн ч алт гарсангүй, гэхдээ удахгүй мөнгийг чинь өгнө" гэсэн ч нэг ч төгрөг өгөхгүй болохоор нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандан шалгуулсан ч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №4234 дугаарын прокурорын тогтоол гарган гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч ******* хариу тайлбартаа:

...Миний бие нь *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...******* нь надаас хамтран ажиллах гэрээний хүрээнд зарцуулсан мөнгийг мөн дээрээс нь миний аваагүй мөнгийг бүр хүүтэй нь нэхэж байгаад гомдолтой байна. Би авсан 58 сая төгрөгөө хамтран ажиллах гэрээний хүрээнд зарцуулсан, зээлийн гэрээнүүд хамтран ажиллах гэрээг халхавчлан хийгдсэн, 20 саяын гэрээний хүрээнд нэг ч төгрөг орж ирээгүй зэрэг шалтгаанаар уг 2 зээлийн гэрээ хийж өгсөн мөнгийг нь хамтран ажиллах хүрээндээ зарцуулсан боловч надаас хамаарахгүй шалтгаанаар ажил зогссон хариуцлагыг би дангаараа үүрэхгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 448 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* *******аас 135000000/нэг зуун гучин таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт ******* *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэж 30000000 /гучин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 832950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо:

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11-р сарын 23-ны өдрийн 448 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 1.Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан гэж, харин хариуцагч нь *******, *******, нартай хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, ******* хөрөнгө оруулсан. Харин зээлийн гэрээ гэх зүйлийг хөрөнгө оруулсан баримт болгож, дүр үзүүлж хийсэн. Зээлийн гэрээ гэдэг зүйл дээр гарын үсэг зуруулахдаа ******* зүгээр зурчих, хөрөнгө оруулалт хийж байгаа юм чинь баримт авч үлдэх ёстой биздээ, хүү, алданги авахгүй гэж хэлсэн гэж тус тус маргадаг.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд ямар хэлцэл хийгдсэн талаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ хэлцэл хийгдээгүй болох нь гэрч Д.*******, , , ын мэдүүлгээр тогтоогдож байна. гээд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн байна.

Гэтэл шүүх дээрхи гэрчүүдийн мэдүүлгийн аль хэсгийг хэрхэн үнэлж энэхүү дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй. Учир нь дээрхи гэрчүүдийн мэдүүлгээр харин ч талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар хийгдсэн нь нотлогддог. Тухайлбал, гэрч Д.******* ...2019 онд Бичил уурхайн чиглэлээр *******тай хамтран ажиллахаар тохиролцож, хөрөнгө оруулалт авсан...бид нар анхнаасаа хүнээс мөнгө зээлээд явахаар ашиггүй учраас *******тай хамтарч ажиллахаар тохиролцсон...******* анхнаасаа ирж бидний уул уурхайн үйл ажиллагаатай танилцаж явсан...уурхайн үйл ажиллагаа явагдаж байхад ч ирж байсан...тиймээс хамтран ажиллах чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгодог...бид 4 олсон ашгаа тэнцүү хувааж, өрөө дарах зорилготой ажилласан...гэж, гэрч ...манай нөхөрлөлийн нэр дээр 201 онд *******, *******, нар бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулсан... гэрч ...2019 оноос *******, *******, нар нь манай нөхөртэй бичил уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар болсон...бид 2 сүүлд юун зээлийн гэрээ вэ гэхэд ******* зээлийн гэрээ бишээ, мөнгө гаргаж байгаагаа нотариатаар баталгаажуулж байгаа юм, хүү, алданги авахгүй гэж хэлсэн. .. гэж тус тус мэдүүлгүүд байдаг.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсэгт ...миний танил нь *******, ******* нарыг 2019 оны эхээр дагуулан ирж танилцуулсан...Тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд 4, 5 алтны уурхайн олборлох зөвшөөрлийг авчихсан байгаа...ажил эхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулах хэрэгтэй байна...олборлолт хийгээд олсон ашгаасаа тодорхой хэмжээний хувь өгнө...'гэж дурдсан байдаг. Мөн хариуцагч нь хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ *******, , ******* нартай бичил уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож ******* хөрөнгө оруулсан. Олсон ашгаасаа хамгийн эхлээд хөрөнгө оруулалтын мөнгөө гаргаж өгөөд, үлдсэн ашгаа 4 хуваахаар тохиролцсон гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1-д зааснаар Хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна гэж дүгнэж болохоор байна.

 

2.Гэтэл шүүх талуудын хооронд хийгдсэн үндсэн хэлцлийг хийгдээгүйд тооцож, харин сүүлд хөрөнгө оруулалтын мөнгөний баримт болгож, дүр үзүүлж хийсэн зээлийн гэрээ гэх зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

******* нь анх хамтран ажиллах талаар ярьж тохиролцохдоо ашгаа тэнцүү хуваана, эхний ашгаасаа хөрөнгө оруулалтын мөнгийг гаргана гэж тохиролцсон атлаа дараа нь уулзан, нотариат дээр дуудаж, Зээлийн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан байдаг. Ингэхдээ хариуцагчийг энэ юу вэ гэж асуухад зүгээр баримт болгож зуруулж байгаа юмаа, хүү алданги авахгүй гэж хэлээд гарын үсэг зуруулсан байдаг. Эндээс тухайн зээлийн гэрээ гэх зүйлүүд нь зөвхөн дүр үзүүлэн хийсэн зүйл бөгөөд хариуцагч үүн дээр гарын үсгээ зурахдаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлээгүй, өмнө нь хамтран ажиллах талаар тохиролцсон байсан учир итгээд гарын үсгээ зурсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээс нотлогддог.

Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаардаг.

Иймд талуудын хооронд хийгдсэн гэх Зээлийн гэрээ гэх зүйлүүд нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд харин талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Талуудын маргаж буй өөр нэг зүйл бол өгсөн, авсан мөнгөний хэмжээ юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019.03.03-ны өдөр Зээлийн гэрээ гэх зүйлийг байгуулаад 90,000,000 төгрөгийг 45.000.000-төгрөгийг дансаар, 45,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2019.06.11-ний өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж, хариуцагч нь 45,000,000 төгрөгийг дансаар, 13.000.000 төгрөгийг , ******* нараар дамжуулан бэлнээр авсан. Өөр мөнгө аваагүй гэж маргадаг.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ******* нь *******ын Хаан банк дахь 5171044887 тоот дансанд 45,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн, бэлнээр 45,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөнийг зээлдэгч хүлээн авсан талаар зээлийн гэрээнд нэмэлтээр бичиж баталгаажуулсан байна гэж дүгнэсэн.

Энэхүү дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* тухайн үед мөнгө өгөөгүй атлаа зээлийн гэрээ гэх зүйл дээр мөнгө бэлнээр шилжүүлнэ гэж зуруулсан, мөнгө нь хаана байгаа юм бэ гэхээр энэ байна гараад өгнө гээд хүрэн цүнхтэй мөнгө үзүүлсэн, тэгээд би зурсан. Гараад мөнгөө өгөөгүй. Тухайн үед ******* угаасаа өмнө ярьсан, хөрөнгө оруулалтаар өгөх мөнгөний баримт болгож зуруулж байгаа гэсэн учраас би нэг их юм бодолгүй яваад өгсөн. , *******, ******* 3 хүрэн цүнхтэй мөнгөө аваад зам гараад явчихсан. Дараа нь намайг машинаа засуулаад Патрол сервис дээр байхад *******, нар 13,000,000 саяыг бэлнээр авчирч өгсөн гэж мэдүүлсэн. Үүнийг гэрч Хүрэлтулга, Бурмаа нарын мэдүүлэг нотолдог. Гэтэл шүүх зөвхөн гэрээн дээрх мөнгийг авсан гэж гарын үсэг зурсан учраас 45,000,000 төгрөгийг бэлнээр авсан байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон.

Мөн нэхэмжлэгчээс гарган өгсөн 90,000,000 төгрөгний зээлийн гэрээ гэх зүйл дээр мөнгө хүлээлгэн өгсөн гэж нэмж гараар бичсэн байдаг бол хариуцагчид хадгалагдаж байсан гэрээн дээр мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлнэ" гэж бичсэн байдаг. Шүүх дээрхи нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдийг үнэн зөв эргэлзээтэй талаас нь дүгнэн үзэлгүйгээр шууд шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэргийг үндэслэлгүй шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээн дээр мөнгө хүлээн авсан гэж гарын үсгээ зурсан байгаа учраас мөнгөө авсан байна гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч би анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө хавтаст хэрэгт байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт гэх баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргахад шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170-р зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэсэн.

Ийнхүү 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэсэн атлаа энэхүү эрхээ эдлэх эсэх боломжийг олгохгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон гэж үзэж байна.

Мөн нотлох баримтаас хасахгүйгээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг-ийг хэрхэн үнэлсэн эсэхээ шийдвэртээ огт дурдаагүй болно.

Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11-р сарын 23-ны өдрийн 448 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1. Нэхэмжлэгч *******ын зүгээс дугаар 448 шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1.нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 /гучин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн буюу шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв дүгнэж, тодорхойлсон атлаа нэхэмжлэгчийг 2019 оны 06 сарын 11-ний өдрийн №850 дугаартай зээлийн гэрээг зохих журмын дагуу байгуулсан, гэрээ нь хуульд нийцэж байгаа боловч зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад зээлдүүлэгч мөнгө шилжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Гэтэл талууд №850 дугаартай Зээлийн гэрээ-ний 3-т зээлийн гэрээний нөхцлийн талаар тохиролцсон байх бөгөөд 3.4-т зээлдэгч нь зээл буюу 20,000,000 төгрөгийг 2019 оны 06 сарын 11-ний өдөр бэлнээр хүлээн авч, тухайн хэсэгт гарын үсэг зурж, баталгаажуулсан ба зээлдэгч мөнгө хүлээн авсан тухай мэдэгдлийг тодорхой илэрхийлсэн байгааг харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Талуудын хооронд 2019 оны 03 сарын 03-ны өдөр 90,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2019 оны 06 сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ тус тус байгуулагдсан ба дээрх зээлийн гэрээнүүд нь өөр, өөр газарт байрлах, хоёр тусдаа нотариатчийн үйлдэл байх бөгөөд уг хоёр нотариатчийн гэрээний санал, гэрээний төсөл, гэрээг гэрчилж байгаа арга барилаас улбаалан №850 дугаартай Зээлийн гэрээ-гээр зээл буюу мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй байна гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 448 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах буюу дугаар 448 шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-д ..,нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 /гучин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэнд өөрчлөлт оруулан №850 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзэж байгаа. Хэдий зөв тодорхойлсон боловч 2 зээлийн гэрээний харилцаа үүссэнийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 850 дугаартай зээлийн гэрээг байгуулж, урьд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч хөрөнгийг шилжүүлээгүй гэж дүгнэлт хийсэнд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг 2 зээлийн гэрээ өөр өөрөөр баталгаажиж, 2 өөр нотариатчаар гэрчлэгдсэн. Шүүх дүгнэлт хийхдээ заавал өмнөх гэрээтэй нь адилтгаж, бэлнээр авсан тухай бичих ёстой мэт тайлбарлаж, хууль хэрэглэхгүй. Бидний хувьд 850 дугаартай зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зээлийг бэлнээр олгосон гэдгээ зээлийн гэрээний 3 зүйлээр нотолж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй юм. Бид гомдлын агуулгадаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн байгаа. Тухайлбал ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг шүүх үнэлээгүй... гэж байгаа. Бичгээр гаргасан гомдлоо дэмжиж оролцож байх тул шүүх бүрэлдэхүүнд үүнд үнэлэлт дүгнэлт хийж өгнө үү. Зээлийн гэрээг баталж 10 хуудсанд гарын үсэг зураагүй юм. Ерөнхий нөхцөл болон зээлийн гэрээг бэлэн авлаа гэдгээ зөвшөөрч зурсан гарын үсэг байгаа. Нөгөө 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд бол бэлнээр өгнө гэсэн тохиролцоо байгаа. Харин 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хүлээн авсан гэдэг томъёлол оруулж үүнийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Энэ бол хууль ёсны гэрээ учир гэрээнд тохирсон алдангиа шаардах эрхтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний гэрээнд бол хамтран ажиллах гэрээ хийж байна гэж бодож очсон. Гэтэл зээлийн гэрээ үзүүлсэн юм. Тухайн үед н.*******, н. нар бүгд байсан. Би юу болж байгаа талаар асуухад хүү, алданги авахгүй гэж хэлээд би гарын үсэг зурсан. 2 дахь гэрээний хувьд гарын үсэг зурсан ч ямар нэг мөнгө аваагүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч баримтлавал зохих хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийн зарим хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт зохих өөрчлөлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулж өгөхийг хүссэн.

Хариуцагч түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлоо анхан шатны шүүх үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй, буруу дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх хуралдааны шатанд гомдол гаргах захирамжинд гомдол гаргуулалгүй хариуцагчийн эрхийг хязгаарласан тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 110.000.000 төгрөг алданги 55.000.000 төгрөг нийт 165.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн болон 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 850 тоот гэрээнүүдээр нотлогдоно гэж тайлбарладаг бол бөгөөд хариуцагч нь татгалзлаа хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт авсан түүнийгээ баталж гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 90.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тохиролцож, нийт 110.000.000 төгрөгийг зээлдүүлжээ.

Зээлийн гэрээнүүдийг талууд бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулж, 45.000.000 төгрөгийг мөн өдөр бэлнээр, 45.000.000 төгрөг хариуцагчийн эзэмшдэг Хаан банкны харилцах дансаар шилжүүлсэн, 20.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө хүлээн авснаа баталгаажуулж хариуцагч гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 03-ны болон 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, мөнгө эд хөрөнгийн хариуцагчид бүрэн хүлээлгэн өгсөн болон зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа юу эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн үү гэдэг талаар зохигчид маргаж маргаантай холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Гэрээ гэдэг нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд хоёр ба түүнээс дээш этгээд хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүрэг үүсгэж, дуусгавар болгож буй үйлдэл бөгөөд талуудын тохиролцоо юм. Харин талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн этгээдийн хэрэгцээ шаардлага түүнтэй холбоотой үйлдэл байх ба талуудын хүсэл зориг сайн дурын үндсэн дээр нэгдсэн байх ойлголт юм.

Мөн талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа гэдгээ ухамсарласан байх ёстой.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд зээлдэгч гэж гарын үсэг зурж, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаараа гэрээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан, зарим хэсгийг өөрийн эзэмшдэг дансаар хүлээн авсан, түүнд нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэх боловч зээлийн гэрээг хэн нэгэн хүний дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулан гэрээний үр дагаврыг нотариатчаар тайлбарлуулан ойлгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, гэрч Д.*******ын ...Бид хоёрын гараар мөнгө дамжсан зүйл байхгүй. ******* өөрөө 45 сая төгрөгийг бэлнээр, 45 сая төгрөгийг дансаар мөн 10 сая төгрөгийг бэлнээр, 10 сая төгрөгийг дансаараа авч байсан... ...Бид гурав уурхайн бичиг баримт хөөцөлдөж байхдаа тус тусдаа хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө зээлдээд зээлсэн өр маань нийтдээ 24-25 сая төгрөг болсон байсан.

Тэгээд *******аас авсан мөнгөнөөс 11 сая, би 11 сая төгрөгийг авч өрөө дарж байсан ... гэсэн мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, тус гэрээний дагуу зээлдүүлэгч ******* нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгч *******ад шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч ******* мөнгөн хөрөнгийг хүлээн авснаар мөнгийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээжээ.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж байгуулагдсан хуулийн хүчин төгөлдөр, тус гэрээгээр талууд хүү тохиролцоогүй харин үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Тус гэрээний дагуу хариуцагч ******* нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу алданги тооцон гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

 

Харин хариуцагч ******* нь *******, Д.*******, нартай хамтран ажиллах гэрээ байгуулан ашигт малтмал олборлох зорилготой байсан бөгөөд уг гэрээний дагуу өөрийн бичиг баримт бүрдүүлэх үүргийн хүрээнд уг мөнгийг гэрээ байгуулан хүлээн авч захиран зарцуулж, зарим хэсгийг хүлээн аваагүй гэж тайлбарладаг боловч энэхүү үндэслэлээ гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн бичгийн баримт болох компаний үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримтуудаар нотлогдоно гэж байгаа боловч энэхүү баримтууд нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг нотолж чадаагүй харин үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хөрөнгө шаардаж түүнийгээ *******аас авсан гэдгийг нь нотолсон гэж үзэхээр байна.

Хэдийгээр талууд хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болох боловч талууд хэрхэн хамтран ажилласан, гэрээгээр хэн хэн ямар үүрэгтэй оролцсон талаар хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тухайн шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******аас 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 110.000.000 төгрөг алданги 55.000.000 төгрөг нийт 165.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс давж заалдах шатны шүүхээс анзын хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232,8-д зааснаар багасгаж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчин нь 2020 оноос одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоож аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа тасалдсан, өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хариуцагч уг зээлдсэн мөнгөн хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүссэнээс мөнгөн хөрөнгө зах зээлийн эргэлтэнд ороогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд заасны дагуу хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг шүүхээс багасгаж тооцсон болно.

Иймд хариуцагч *******аас үндсэн зээл 110.000.000 төгрөг, алданги 22.000.000 төгрөг нийт 132.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангах нь зүйтэй.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлын үндэслэлээ ...зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, дүр үзүүлж хийсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотлох баримтаас хэрэг бүртгэх ажиллагааны үед цуглуулсан тодорхойлолт, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд гомдол гаргах хугацаа олголгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь бидний эрхийг хязгаарласан гэж тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгчийн өөрийнх нь хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан зарим баримтыг нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нотлох баримт авагдаагүй харин хариуцагчаас ирүүлсэн бичгийн баримтууд нь *******, Д.******* нар нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор бэлтгэсэн баримтууд байх ба энэ хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг нотолсон гэж үзэхгүй бөгөөд энэ талаар шүүхээс тодорхой дүгнэлтийг хийсэн, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 448 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1 зааснаар хариуцагч *******аас 132.000.000 төгрөг гаргуулан *******ад олгож, 33.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 57 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 982.950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 817.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 982.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ Top of Form