Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч, шүүгдэгч Б.Оюунтуул, Г.Солонго,

шүүгдэгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Боржигин овогт Борын Оюунтуул, Боржигин овогт Борын Оюунгэрэл нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Тайчууд овогт Ганболдын Солонгод мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807000680096 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч менежер мэргэжилтэй, “Нано интерншл” компанид худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 22 гудамжны 29 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн НБ78071408 дугаартай, Тайчууд овогт Ганболдын Солонго.

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал зоогийн газрын менежер мэргэжилтэй, “Наян капитал” компанийн “Амар” зочид буудалд үйлчилгээний ахлагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүналтан-Өлгийн 12 дугаар гудамжны 283 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, 82-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ДЮ79101305 дугаартай, Боржигин овогт Борын Оюунтуул.

Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нийтийн хоолны тогооч, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, “Сансар” хотхоны АОС-25 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ДЮ65081768 дугаартай, Боржигин овогт Борын Оюунгэрэл.     

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Г.Солонго нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 4 дүгээр байрны 28 тоотод Б.Оюунтуултай маргалдаж түүний үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Оюунтуул нь Б.Оюунгэрэлтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 4 дүгээр байрны 28 тоотод Г.Солонгын үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Оюунгэрэл нь Б.Оюунтуултай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 4 дүгээр байрны 28 тоотод Г.Солонгын үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл, Г.Солонго нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Солонго нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 4 дүгээр байрны 28 тоотод Б.Оюунтуултай маргалдаж түүний үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд нь үс уналт, эрүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Б.Оюунтуул нь Б.Оюунгэрэлтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 4 дүгээр байрны 28 тоотод Г.Солонгыг нөхөр М.Гантөртэй хардсаны улмаас түүний үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, цээж, зүүн тохой, зүүн бугуйн, үе, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Б.Оюунгэрэл нь Б.Оюунтуултай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хорооллын 4 дүгээр байрны 28 тоотод Г.Солонгыг дүү Б.Оюунтуулыг үснээс зулгаалаа гэх шалтгаанаар түүний үснээс зулгааж, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, цээж, зүүн тохой, зүүн бугуйн, үе, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюунтуулын өгсөн: “Би гэм буруутайгаа мэдэж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюунгэрэлийн өгсөн: “Би шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Солонгийн өгсөн: “Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Оюунтуулын өгсөн “Би Солонгоогийн араас очиж чи энд юу хийж байгаа юм бэ гээд үснээс нь зулгаахад намайг зөрүүлээд үсдээд доош нь дарж би өвдөглөөд суусан тэгээд би гуйж байж тавиулсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 132 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Оюунгэрэлийн өгсөн “Манай дүү Оюунтуулын үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан байсан намайг ойртох гэхэд Гантөр ойртуулахгүй болохоор нь Гантөрийг түлхэж холдуулаад Солонгоогийн үснээс зулгааж тавь гэхэд тавихгүй зууралдаад байхаар нь Солонгоогийн гарнаас нь хазсан, одоо аль гарыг нь хазсанаа санахгүй байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 124 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Солонгийн өгсөн “Оюунтуулын үснээс зулгаасан нь үнэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 128 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Оюунтуулын хохирогчоор өгсөн “Солонгоо зөрүүлж миний үснээс зулгааж бид хоёр хагас суусан байдалтай би үснээс тавихад Солонгоо босож миний үснээс тавилгүй толгойг доош нь дарж би доор нь орсон “одоо больё энийг салгаад өгөөч” гэж гуйж байж салсан. ...Миний эрүү орчим үүссэн гэмтлийг Солонгоо гараа цохисон юм уу хөлөөрөө өшиглөж учруулсан байх боломжтой зодооны үед яаж учруулсныг санахгүй байна өмнө нь зүгээр байсан ба зодоон болсны дараа хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 132 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Солонгийн хохирогчоор өгсөн “Тэр өдөр бид 2 Гантөрийн аавын гэрт /Шинэ налайх 4-28 тоотод/ ирээд байхад 16:00 цагийн үед Оюунтуул, Оюунгэрэл Үүрцайх нар орж ирээд над руу дайрч үснээс зулгааж газар мөргүүлж дагз руу цохиж зодсон. Гантөр тэр үед хөлөө гэмтээгээд гипсдүүлчихсэн болохоор намайг хамгаалах боломж байгаагүй. Та нар хүн аллаа ш дээ гээд намайг өмөөрөөд миний дээр хамгаалж хэвтсэн. ...Оюунтуул шууд орж ирээд үснээс зулгааж, Оюунгэрэл нь бас үснээс зулгааж баруун гар барьж, толгойгоор 3-4 удаа газар мөргүүлж дагз руу 4-5 удаа цохьсон. Доошоо харсан байсан болохоор дагз руу хэн цохьсон болохыг мэдэхгүй, Оюунтуул, Оюунгэрэл 2 цохьсон байх, Оюунгэрэл баруун гарыг барьж байхдаа тохойны дээд талд хазсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Үүрцайхын өгсөн "...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед над руу Оюунгэрэл залгаад хүргэнийхээ хадмынд очих хэрэгтэй байна гэхээр нь очоод хамтдаа Налайх дүүрэгт ирсэн. Ингээд Оюунтуулын хадмынх гэх айл руу Оюунтуул, Оюунгэрэл бид 3 ороход Гантөр хөлөө сойчихсон хажууд нь нэг эмэгтэй тэврэлдээд сууж байсан ба Оюунгэрэл та нар иймдээ тулсан хүмүүс үү эцэг эхтэй чинь уулзах гэж ирсэн юм гэхэд Оюунтуул нөгөө эмэгтэйтээ хоорондоо юм ярьснаа яг юу гэж ярьсаныг нь мэдэхгүй байна шууд л үстэлцэж авахад Оюунтуул газар унаад нөгөө эмэгтэй нь үстэж чирээд орны урд авчирсан ...гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунгэрэлийн өгсөн "...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 2-р хороо 4-р байрны 28 тоот хаягтай Гантөрийн аав Мөнхбаярын гэрт дүү Оюунтуулын хамт 16 цагийн үед ирээд гэрт нь ортол Гантөр диван дээр нэг эмэгтэйтээ тэврэлдсэн сууж байхаар нь би шууд аав чинь байна уу гээд цаад өрөө рүүн алхаад явтал ардаас байхгүй гэхээр нь эргээд хартал Гантөртөй хамт тэврэлдээд сууж байсан Солонго гэх эмэгтэй Оюунтуулын үснээс зулгаагаад доош нь дарсан. ...Оюунтуулын царай цонхийгоод газар унаад эгчээ тавиулаачээ би үхлээ гэхээр нь айгаад би тавиул тавих юм болов уу гэж Солонгоог үстэж байснаа болиход Солонгоо Оюунтуулыг үстээд тавихгүй Гантөр чи тавичих гэж хэд хэд гуйж байж тавиулсан. Тэгтэл Солонгоо хутга аваад ир энэ 3-ыг алчихая гээд шкаф руу явах гэхэд гаднаас Гантөмөрийн эмэгтэй дүү нь орж ирсэн ба Солонгоог хориод явуулаагүй ба Оюунтуул амьсгаа авья дотор эвгүйрхээд байна гаръя гээд татаад үүдээр гараад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 32 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч М.Гантөрийн өгсөн "...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо 4-р байрны 28 тоот хаягтай аавынхаа гэрт байж байтал гаднаас Оюунгэрэл эгч, эхнэр Оюунтуул нар танихгүй эмэгтэйгийн хамт орж ирээд Солонго руу үгийн зөрөөгүй зэрэг дайраад шууд л үстээд авсан ба голоор нь ороод нэг нэгээр нь үстсэн гарыг нь салгах гэхэд дийлэхгүй байсан ба миний зүүн хөлийн шагай гипстэй байсан учир нэг хөл дээрээ тогтож чадалгүй газар унасан. Тэр үед Үүрцайх буйдан дээр сууж та  нар болиочээ *гээд байсан. Би босч ирээд Оюунгэрэл  эгчийн гарыг Солонгоогийн үснээс салгаж татаж чангааж байж салгаад бүгдийг нь холдуулахад Солонгоогийн нүүр маажигдсан байдалтай дух болон чихнээс нь цус гарсан байхаар нь дүүгээ цагдаа дууд гэж хэлээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүээр сарын 26-ны өдрийн №08шэ/85 дугаар:

  1. Б.Оюунтуулын биед үс уналт, эрүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх тархи доргилт, дух, зүү чих, зүүн тохой, зүүн бугуйн үеэнд зулгаралт, дээд уруул, баруун бугалга, цээж, зүүн тохой, зүүн бугуйн, үе, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, дух, зүү чих, зүүн тохой, зүүн бугуйн үеэнд зулгаралт, гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй
  6. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 40 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүээр сарын 24-ний өдрийн №08шэ/80 дугаар:

1. Г.Солонгын биед тархи доргилт, баруун бугалга, цээж, зүүн тохой, зүүн бугуйн, үе, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тархи доргилт, дух, зүү чих, зүүн тохой, зүүн бугуйн үеэнд зулгаралт, дээд уруул, баруун бугалга, цээж, зүүн тохой, зүүн бугуйн, үе, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, дух, зүү чих, зүүн тохой, зүүн бугуйн үеэнд зулгаралт, гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт,

/хх-ийн 42 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 47-49 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54, 76, 87 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Солонгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Солонго, Б.Оюунтуул нарт хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Солонго “...Би гомдолгүй...”, хохирогч Б.Оюунтуул “гомдолгүй” гэснийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл, Г.Солонго нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Солонгийг Б.Оюунтуулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл нарыг бүлэглэж Г.Солонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан тэдэнд тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл, Г.Солонго нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайчууд овогт Ганболдын Солонгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Боржигин овогт Борын Оюунтуул, Боржигин овогт Борын Оюунгэрэл нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Солонгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл, Г.Солонго нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл, Г.Солонго нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл, Г.Солонго нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оюунтуул, Б.Оюунгэрэл, Г.Солонго нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ