Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2022/00003

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2022/00003

 

 

******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 535 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын,

 

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,920,608.52 төгрөг, нотариатын төлбөр 32,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,753 төгрөг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гансэлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, Б.Гансэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* *******-ийн Сэлэнгэ салбар нэхэмжлэлдээ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар нь зээлдэгч ******* хамтран зээлдэгч *******, ******* нартай 2018 оны 07 дүгээр сард 06-ний өдөр №ЗГ/201843664685 тоот зээлийн гэрээ байгуулан 42,400,000 төгрөгийн зээлийг сарын 1,85 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* тоот дугаарт бүртгэлтэй, ................................................................... тоот, 28,95 м.кв талбайтай орон сууц барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,462,451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,513,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 681 төгрөг, нийт 17,976,343 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /346 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн, зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр хүргүүлж, удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй тул 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар гэрээг цуцлаж үндсэн зээлийн үлдэгдэл 39,937,548,54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,983,059,98 төгрөг, нийт 47,920,608,52 төгрөгийг нотариатын үйлчилгээний төлбөр 32,000 төгрөгийн хамт гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* тоот дугаарт бүртгэлтэй, ........................................................................... тоот, 28.95 м.кв талбайтай орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах...гэжээ.

 

Хариуцагч нар хариу тайлбартаа:

 

Зээл авсан болон зээлийн гэрээний талаар маргаагүй. Зээлийг хугацаанд нь төлж байсан боловч дэлхий нийтийн хамарсан цар тахалтай холбоотой манай бизнесийн үйл ажиллагаа доголдож үйл ажиллагаа зогсож орлогогүй болсон. Улс орон даяар олон удаагийн давтамжтай хөл хорио, сум орон нутагт тогтоосон. Засгийн газраас удаа дараа зээлийн хүүг хойшлуулах, хүүг зогсоох шийдвэрүүд гарсан. Үүнтэй уялдуулан дээр дурдсан арга хэмжээнүүдийг авахыг хүссэн боловч тухайн хүсэлтийг үл ойшоон, төр засгийн гаргасан шийдвэрийг үл биелүүлэн биднийг хохироосон. Бидний зүгээс санаатайгаар зээлийн төлбөрийг төлөхгүй гэсэн удаа байгаагүй. Харин байгалийн давтагдашгүй хүчин гамшгийн нөхцөл байдлын улмаас зээлийг төлөх боломжгүй болсон. Тухайн үед ******* *******инд 0,8% ипотекийн зээлд хамруулна гэсэн атлаа өнөөдрийг хүртэл гэрээнд өөрчлөлт оруулахгүй хүүг ийм байдалд хүргэсэн. 0,8% ипотекийн зээлд шилжүүлж өгнө үү гэж удаа дараа өргөдөл өгч байсан боловч шийдэж өгөөгүй. ******* *******ны өөрийн эрх ашгийг бодсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 535 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******, *******, ******* нараас 39,957,548.54 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж ******* Банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,015,059.98 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1317000910 дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон, Дэлгэрхаан 3 гудамж, 316-02 тоот 28,95 м.кв талбай бүхий орон сууцаар ******* Банкны Сэлэнгэ салбарын 39,957,548.54 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467,753 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 357,738 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх цар тахлын улмаас зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлснээр дээрх хэмжээний хүү хуримтлагдсаныг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй... зээлийн гэрээний хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байхад тус ******* дээрх зээлдэгч нарын хүсэлтийг харгалзан сунгаагүй байдал тус тус тогтоогдож байх тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох, нотариатын үйлчилгээний төлбөрийг нотолсон баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ" гэж мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ' гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна ... мөн зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байна.

Мөн талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5675/110 дугаартай зээлийн гэрээний 2.4.1-т Зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө гэж тохиролцсон байхад шүүх гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нийтийн хамарсан цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдож үйл ажиллагаа зогсож орлогогүй болсон. Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний талаар олон зохицуулалт хийж *******ны зээлийн хүүг хойшлуулах, хүүг зогсоох шийдвэрүүд гарсан байхад нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Харицагч нарын зүгээс үндсэн зээл 39.957.54854 төгрөгийг төлөх талаар маргахгүй харин зээлийн хүүд нэхэмжилсэн 7,983,05998 төлөхгүй гэж маргаж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39.957.54854 төгрөг зээлийн хүү 7,983,05998 төгрөг нийт 47,920,608.52 төгрөг, нотариатын төлбөр 32,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...үндсэн зээлийн 39.957.548 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссон, Засгийн газрын тогтоол, Монгол *******ны тушаал гарч зээлийн хүүг хойшлуулах, зогсоох арга хэмжээ авахаар заасан байхад нэхэмжлэгч зээлийн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлдүүлэгч ******* *******ны Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний дагуу 42.400.000 төгрөгийг зээлдэгч ******* нарт шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Зээлдэгч нар зээлийн гэрээг 120 сарын хугацаатай байгуулсан байх ба 2020 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу,төлөөгүй, төлбөрөө 346 хоногоор хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан байна. (хх-ийн 21)

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардсан байх ба нэхэмжлэгчид шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч *******, *******, ******* нар зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,462,451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,513,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 681 төгрөг, нийт 17,976,343 төгрөгийг төлж, үндсэн 39.957.54854 төгрөг зээлийн хүү 7,983,05998 төгрөг нийт 47,920,608.52 төгрөгийг төлбөртэй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдсон тул үндсэн зээл үндсэн 39.957.54854 төгрөг зээлийн хүү 7,983,05998 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 Давж заалдах гомдлын талаар:

Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү төлөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэснийг баримтлан хариуцагч нарын зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны /346 хоногийн/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийг хүү 7.983.05998 төгрөг төлөхөөс чөлөөлсөн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч талаас цар тахалтай холбоотойгоор тухайн зээлдэгчийн төлбөр төлөөгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж зээлийн гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгах саналыг хариуцагч нарт тавьсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хугацааны хүүг төлөхгүйгээр гэрээг сунгах хүсэлт гаргасан тул талууд гэрээний хугацааг сунгах болон гэрээг цаашид үргэлжлүүлэх талаар тохиролцож чадаагүй байна.

Мөн зээлдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацааг сунгах, гэрээг үргэлжлүүлэх саналыг хүлээн аваагүй тул нэхэмжлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө гэрээг цуцалж үүргийг биелүүлэхээр шаардлага гаргасан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ 346 хоногийн хугацаагаар хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

Хэдийгээр зээлдэгч нар нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээл төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, цар тахалтай холбогдуулан Засгийн газар болон Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад ******* үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол *******ны ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг *******уудад зөвшөөрсөн байна. /хх-ийн 108-110/

Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүүг багасгах чөлөөлөх талаар зохицуулаагүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах тухай зохицуулалт байх ба тухайн заалтыг үндэслэн анхан шатны шүүхээс хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэг болох зээл төлөхөөс үүргээс чөлөөлж хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. гэж тус тус заасан.

  Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан, гэрээг хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр бичгээр үйлдэж, баталгаажуулсан байх тул хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас төлөгдөөгүй үндсэн зээл болон зээлийг ашигласан хугацааны хүү гаргуулахаар нэхэмжилсэн байх ба зээлдэгч нарын эдийн засгийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэрээгээр тохирч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйн хариуцлага нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байна.

Зээлийн "үндсэн хүү" гэдэг нь зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөрийг ойлгох бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нараас төлөгдөөгүй үндсэн зээл 39.957.548.54 төгрөг, зээлийн хүү 7,983,05998 төгрөг нийт 47,920,608 52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нарын татгалзлын хувьд цаг үеийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хямралд өртсөн гэсэн үндэслэлээр гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа боловч шүүхээс дээрхи үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээс хариуцагч нарыг чөлөөлөх хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 535 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******, *******, ******* нараас үндсэн зээл үндсэн 39.957.548.54 төгрөг, зээлийн хүү 7,983,05998 төгрөг нийт 47,920,60852 төгрөгийг гаргуулан ******* Банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 32.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1317000910 дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон, Дэлгэрхаан 3 гудамж, 316-02 тоот 28,95 м.кв талбай бүхий орон сууцаар ******* Банкны Сэлэнгэ салбарын 47,920,60852 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. гэж,

 

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.753 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 397.053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 143.191 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН