| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0079/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранбаатар (ҮД:1672),
өсвөр насны шүүгдэгч Ц.Жанболот, түүний хууль ёсны төлөөлөгч
Т. Нургажий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ботогара овогт Цэрэгболын Жанболотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1807001600052 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 16 нас 0 сар 21 хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 9-1тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД02222239 дугаартай, Ботогара овогт Цэрэгболын Жанболот нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр – Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны гадаа 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим өсвөр насны хохирогч Э.Баяржавхланг нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жанболот нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Жанболот нь Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны гадаа 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим өсвөр насны хохирогч Э.Баяржавхланг хоёулаа пүүзээ сольё гэхээр нь үгүй гэхэд нь нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Жанболотийн өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нургажийн өгсөн: “...Хүүхдээ хүмүүжүүлнэ, хийсэн гэмт хэрэгт нь дүгнэлт хийж байгаа, хохирогчийн хохирол 80.000 төгрөгийг төлнө ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Баяржавхлангийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд О.Сүххуяг,Б.Тэмүүжин бид гурав дотуур байрнаас гарч сургууль руу ороход Б.Тэмүүжин сая Гантулгыг Ц.Жанболот дагуулаад 00 явсан гэхээр нь бид нар сургуулиас гарч 00 ортол Ц.Жанболот Өсөхбаяр гэдэг хүүхэдтэй зогсож байсан. Ц.Жанболот над руу ирж хоёулаа пүүзээ сольё гэхээр нь үгүй гэхэд 1 минут орчим юм ярьж зогсож байгаад намайг цамцнаас татаад мөргөчихсөн тэгтэл цаанаас нь О.Сүххуяг Ц.Жанболотыг татаад зууралдаад байтал Өсөхбаяр салгасан. Эмчилгээний зардал 80.000 төгрөг нэхэмжилнэ, гомдолгүй хөнгөн шийдэж өгөхийг хүсч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч О.Сүххуягийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... МСҮТ-ийн хичээлийн байрны гадаа Б.Тэмүүжин, Э.Баяржавхлантай хамт явж байхад Ц.Жанболот бид нарыг дуудсан тэгээд яваад очтол Б.Тэмүүжинг ирэхгүй байнаа гээд баруун гараараа алагдсан тэгээд Э.Баяржавхланг уулзъя гэсэн араас нь очтол зүгээрээ найзыг чинь зодохгүй гэсэн тэгээд хүлээгээд зогсож байтал муудсан бололтой Ц.Жанболот Э.Баяржавхлангийн нүүрлүү нэг удаа мөргөсөн тэгтэл хамарнаас нь цус гараад явчихаар нь найзыгаа өмөрөөд Ц.Жанболотыг барьж аваад заамдалцсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч Б.Тэмүүжингийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо МСҮТ-ийн хичээлийн байрнаас завсарлагаанаас найз Э.Баяржавхлан, О.Сүххуяг нартай тараад явж байсан чинь Ц.Жанболот бид нарыг дуудсан намайг үгийн зөрүүгүй за юу гээд алагдсан тэгээд Э.Баяржавхланг хашааны булан руу дагуулаад ардаас нь О.Сүххуяг очих гэсэн чинь байж бай гээд пүүзээ өг гээд хамар луу нь мөргөчихсөн О.Сүххуяг Э.Баяржавхланг өмөөрөөд заамдаж аваад бид нар салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад өсвөр насны яллагдагч Ц.Жанболотын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр О.Сүххуяг гэх хүүхдээс пүүз авахаар хичээлийн байрлуу очсон тэгээд хайгаад олоогүй. О.Сүххуяг найзуудтайгаа явж байсан би дуудаад өмнө нь дуудахад ирэхгүй байсан нэг хүүхдийг хацар луу нь алагдсан тэгээд хамар нь муруйдаг хүүхэдтэй эргэдэг хаалгаар гараад өмсөж байсан пүүзээрээ тулах уу гэхэд үгүй гэсэн тэгээд чи хүний газарт ирээд хүүхэд дээрэлхээд чамайг хүүхдүүдээр зодуулна гэхээр нь духаараа хамар луу нь мөргөчихсөн юм тэгтэл хамарнаас нь цус гойжоод цаашаа яваад өгсөн. Бусдын биед гэмтэл учруулсан хэрэг хийсэндээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн16-17, 70 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/155 тоот:
1. Э.Баяржавхланы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,
Ц.Жанболотын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47 дугаар тал/,
Ц.Жанболотын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/,
Хохирлын баримтууд / хх-ийн 36-37 дугаар тал/
Ц.Жанболотын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-42, 49-56 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Жанболотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Жанболот нь гэмт хэрэг үйлдэх үедээ16 нас 0 сар 21 хоногтой байсан болох нь түүний насыг тоолсон тэмдэглэл, №0000627052-150, РД:УД02222239 хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх-29,47 дугаар тал/.
Насанд хүрээгүй хохирогч Э.Баяржавхлан 80.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт /хх- 37 дугаар тал/,
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар... насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого захиран зарцуулах эрхэд байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй байгаа бол тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөн хариуцлага хүлээнэ гэж хуулчилжээ.
Иймд хохирогч Э.Баяржавхланд учирсан хохирол 80.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Жанболот, түүний хууль ёсны төлөөлөгч Т. Нургажий нараас гаргуулж шийдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д: ”...гэмт хэрг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Мөн хулийн 8.1 дүгээр зүйлийн 3-д:”...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
Мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-д: “...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно гэж тус тус хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч Ц.Жанболот гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эргийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Эрдэнэсувд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ботогара овогт Цэрэгболын Жанболотыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Цэрэгболын Жанболотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Жанболотыг хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Т.Цэрэгбол, эх Т.Нургажий нарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч Ц.Жанболотод сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Цэрэгбалын Жанболот/РД:УД02222239/, түүний хууль ёсны төлөөлөгч Төлөвханы Нургажий /РД:НУ82020149/ нараас 80.000 /наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Энхцэцэгийн Баяржавхланд /РД:УГ02221419/ олгосугай.
6. Шүүгдэгч Ц.Жанболот нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Э.Баяржавхлан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Жанболотод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ