Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 12

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Тулгаа

Хохирогч Т.Ц нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Н  овогт М-ийн Ц д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн А суманд 1988 оны 05 сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Алтай сумын “Янзагахан” цэцэрлэгт бэлтгэл бүлгийн багш ажилтай,  ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн А сумын Тахилт багт оршин суух, сарын өрхийн орлого 500.000 төгрөг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н  овогт М-ийн Ц . /РД:ПА88051906/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч М.Ц  нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр иргэн Т.Ц-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс

нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

                Шүүгдэгч М.Ц гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2016 оны 11 сарын 28-ны өдөр би ажил дээрээ урлагийн үзлэгт бэлдэж байсан юм. Урлагийн үзлэгт бэлдэж байсан олон эцэг эх багш ажилчид байсан. Гэтэл Цэцэгдарь миний араас ирээд хөөе янхан минь нааш ир гэж дуудсан. Тухайн үед би олон эцэг эхчүүд дунд тоолгүй дээшээ гараад явсан. Дахиад нөхөртэйгээ явж байтал хоёр муу гуйлгачин, би чиний мөнгийг яаж мэддэг юм бэ гэх мэтээр хэл амаар доромжилж надруу дайрч давшилсан. Тэр үед бид хоёр үсдэлцэж, манай нөхөр бид хоёрыг салгаад би явсан. Өдөр 12 цагийн үед би ажлын байран дээрээ ажлаа хийгээд ангийнхаа хүүхдүүдийг унтуулчихаад сууж байтал Т.Ц манай ангид орж ирээд элдэв янзын үгээр намайг доромжилсон. Тухайн үед манай туслах багш бид хоёр хүүхдүүд унтаж байна. Наад асуудлаа гадуур надтай ярь. Би ажлаа хийж байна гэсэн боловч Т.Ц тоохгүй надруу дайрч ширээн дээр байсан бичиг цаасыг базаж шидээд чамайг хоолноос чинь салгана гээд хашгираад хэрүүл хийгээд байхаар нь би Т.Ц-ийг түлхээд ангиас гаргаад хаалга хаасан. Дахиад хаалга татахад би татагдаад бүдэрсэн. Гэтэл Т.Ц миний нүүрийг самардаж, маажсан, би бас түүний нүүрийг маажсан. Гэтэл аягатай кашаар миний толгойд цохьсон. Би нүүрээ маажуулж, улмаар тархи хөдөлсний улмаас 3 хоног ажилдаа явж чадаагүй. Т.Ц ер нь удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа юм. Түүний дараа эгч нь бас чамайг ална гэх мэтээр дарамталсан. Т.Ц манай нөхөрт архи өгөөд чи энэ архийг уугаад нөхрөөсөө сал, танай эхнэр чинь янхан гэх мэтээр доромжилсон байсан. Намайг чамайг хоолноос чинь салгана, янхан гэх мэтээр байнга доромжилж байсан. Тухайн үед Т.Ц ч миний биед мөн гэмтэл учруулсан. Миний тархи доргисон байсан. Толгойн зураг бас авхуулж байсан. Гэхдээ шинжээчийн дүгнэлт гаргуулах үед уг шарх сорви эдгэрсэн байсан тул би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

                Хохирогч Т.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Би угийн зүрхний цоорхойтой, байнга бие өвддөг. М.Ц гийн үйлдлийн улмаас миний гоо сайхан алдагдсанд гомдолтой байна. Маажуулсний улмаас нүүрэнд хумсны сорви тогтсон. Сэтгэл санааны хувьд дарамттай байгаа. Намайг нөхөртэйгээ хардаж ийм асуудал үүсгэсэнд гомдолтой байна. Тухайн үед би аягатай каш авч М.Ц  руу шидсэн. Миний биед гэмтэл учирсан боловч би хохиролын баримт бүрдүүлж амжаагүй байгаа. Нүүрэнд тогтсон сорви арилгахад ямар зардал гарахыг Улаанбаатар хотод очиж байж тогтоолгож авна. Тухайн үед толгойн зураг мөн авхуулж байсан. Эдгээр баримтыг бүрдүүлж байж хохиролоо нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.

                Гэрч  И.Отгоншарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би Мөст сум руу өвлийн идшээ бэлтгэж ирэхээр манай эхнэр болох М.Ц гийн ажлын байранд очоод дагуулаад Хаан банк руу мөнгө авахаар явж байсан. Тэр үед цэцэрлэгийн үүдэн дээр Т.Ц гэдэг хүн бид хоёрын араас хөөе гэхээр М.Ц  бид хоёр эргээд арагшаагаа харсан. Тэр үед Т.Ц “чиний мөнгийг би яахаараа авдаг юм бэ?” гэж хэлэхээр би ямар мөнгө яриад байна би чамайг мөнгө авлаа гэж хэлээгүй гэж хэлэхэд Т.Ц намайг чиний мөнгө авлаа гэж хэлсэн гэж хэлээд М.Ц , Т.Ц хоёр хоорондоо маргалдаж байгаад хоёулаа нэг нэгнийхээ үснээс үсдэлцэж барилцаж авахаар нь би салгаад эхнэрээ дагуулаад явж байтал Т.Ц араас чамайг хоолноос чинь салгана, чи харж байгаарай гэж орилсон. Тэгээд манай эхнэр бид хоёр холдоод явсан. Би хэн нь түрүүлж үсдсэнийг сайн анзаараагүй. Т.Цэцэгдарь, М.Ц  хоёр хэрэлдэж байх үед нэг нэгнээсээ зайтай зогсож байсан. Тэгээд хэрэлдсээр байтал ойртож ирээд үсдэлцээд авсан. Тэгээд би салгасан. Өөр ямар нэгэн юм болоогүй. Ил шарх сорви, гэмтэл харагдаагүй. Би тэр өдөр Мөст сум руу яваад хоёр хоногийн дараа ирэхэд манай эхнэр М.Ц гийн нүүрэнд гурван хумсны сорви тогтсон байсан. Яасныг нь асуухад чамайг явсаны дараа Т.Ц манай ажил дээр ирээд хэрэлдэж, маажсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

                Гэрч Т.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би жижүүртэй байсан. Цэцэрлэгийн хоёр давхарт гарахад М.Ц  багшийн ангийн үүдний хүлээн авах өрөөнд Т.Цэцэгдарь, М.Ц  хоёр чанга чанга дуугараад хэрэлдээд зогсож байсан. Би албан газар байна, хүүхдүүд унтаж байхад та нар боль гэсэн шаардлага тавьж Т.Ц-ийг татахад гараагүй. Тэгж байгаад Т.Ц тавагтай кашаар М.Ц  руу далайхаар нь би айгаад гарч нөгөө ангийн багшийг дуудаад ирэхэд Т.Ц гараад явж байсан. Тэгээд харахад Т.Цэцэгдарь, М.Ц  хоёрын хоёулангийнхан толгой болон үүдний хүлээн авах өрөөний хана каш цацраад будагдсан байсан. Би доороос гарч ирэхэд хэрэлдсэн зогсож байсан. Нүүр ам маажсан эсэхийг анзаарч хараагүй. Би очиход хоёулаа байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Ц-ийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 07-ны өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.   Д.Цэцэгдарийн биед гэмтэл учирчээ..

2. Т.Ц-ийн биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.  Т.Ц-ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр, мөргөлдөх, унах, цохигдох зэрэгт үүсэх боломжтой

4. Т.Ц-ийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-р хуудас/,

Шүүгдэгч М.Ц гийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.   М.Ц гийн биед гэмтэл учирчээ..

2. М.Ц гийн биед зүүн хацарт 2х1,5 см, баруун нүдний дээд зовхинд 1,5х0,5 см өнгөц зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

3. М.Ц гийн биед үүсэн гэмтлүүд нь хатуу мохоо үйлийн үйлчлэлээр мөргөлдөх, унах, цохилдох зэрэгт үүсэх боломжтой.

4. М.Ц гийн биед үүсэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, /биеийн нийт гадаргуугийн 1%-иас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.     

                - Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-р хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Ц  нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсэрт иргэн Т.Ц-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 08 тоот дүгнэлт болон шүүгдэгч М.Ц гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч хохирогч нарын хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, мөн хохирогч Т.Ц-ийн биед тархи доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2017 оны 01 сарын 07-ны өдрийн 08 тоот дүгнэлтээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч М.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ц гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Ц  нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Ц  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.Ц нь өөрт учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхэйг дурьдах нь зүйтэй байна.

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                              

ТОГТООХ нь:

                1. Н  овогт М Ц г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч М.Ц  нь торгох ялаас санаатайгаар зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурьдсугай.

           4. Шүүгдэгч М.Ц  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Т.Ц нь өөрт учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

            5. Шүүгдэгч Нохойхон овогт М-ийн Ц гийн ПА88051906 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Эрхэмбаярт даалгасугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.