| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 149/2021/00361/И |
| Дугаар | 208/МА2022/00005 |
| Огноо | 2022-02-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 208/МА2022/00005
| 2022 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 208/МА2022/00005 |
Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын
албаны нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 490 дугаартай шийдвэртэ
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба,
Хариуцагч А.Ялалтад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Бага оврын тракторын үнэ 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагч А.Ялалтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Од /цахимаар/, хариуцагч А.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нэхэмжлэлдээ: 3,750,000 төгрөг гаргуулах
Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас иргэн А.Ялалт нь 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр № 152 тоот гэрээ байгуулан 5,000,000 Яаван сая/төгрөгийн үнэ бүхий РТ-250 маркийн бага оврын трактор 1 ширхгийг анжисны хамт худалдан авсан. Тракторыг авахдаа урьдчилгаа 50% болох 2 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 50% болох 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад 5 тэнцүү хувааж буюу жилд 500 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2 500 000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1,250,000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг байна.
Иймд үндсэн төлбөр 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг, анз 1 250 000 /Нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг нийт 3,750,000 /Гурван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг иргэн А.Ялалтаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч А.Ялалт хариу тайлбартаа:
А.Ялалт би 2012 оны 04-р сард хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5 сая төгрөгөөр үнэлэгдэх бага оврын трактор, анжисын хамт худалдан авсан.
Уг техникийг авахдаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012,02,19-ний өдрийн 1/69 албан тоотын дагуу бага оврын трактор авах саналтай малчид үхрийн махаа 5000 төгрөгөөр тушааж тракторын үнээ 50 хувь бууруулан авах нөхцөлтэйгөөр 2012,04-р сард 500кг үхрийн мах сумын ХАА-н тасагт тушаасан болно.
2012.07-р сард уг техникээ авахаар Хүнс Хөдөө аж ахуйн яаман дээр очиход мах өгөөгүй хүмүүс 1 сая төгрөг тушааж үлдсэн 4 сая төгрөгийг нь 4 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр, харин мах нийлүүлсэн малчид 2.500.000 төгрөгийг төлсөн гэж үзэж үлдсэн мөнгийг нь 5 тэнцүү хувааж жил бүр төлөхөөр тохиролцон гэрээ хийж трактороо авч байсан.
Мах нийлүүлсэн иргэд яагаад үлдсэн мөнгийг нь төлөх юм бэ? Уг нь бол 50% хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авна гэж махаа тушаасан болохыг хэлтэл одоо ийм гэрээгээр трактороо авчих дараа нь учир нь олдоно гэж хэлсэн болохоор уг гэрээг хийж трактороо авсан. Хаврын тарчиг цагт аль тарганаас нь үхэр махаа төхөөрч, зах зээлийн ханшаас илт доогуур /2500 төгрөгний зөрүүтэй/ махаа үнэлж өгсөн бидэнд хохиролтой байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо муугийн улмаас ийм асуудал үүсч байна. Аймгийн хэмжээнд 70 гаруй, сумын хэмжээнд 11 малчин өрх хохирч байна. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 490 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Ялалтаас 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1250000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч А.Ялалтаас 54950 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч А.Ялалт давж заалдах гомдолдоо:
1. Нэхэмжлэлээс чөлөөлж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. ...Хавар нь мах тушаасан иргэдийг бэлэн мөнгө тушааж трактор авсан иргэдтэй адилтган санхүүгийн түрээсийн гэрээ хийлгэж трактороо олгосон юм. 7 сард бэлэн мөнгө тушааж /2.500.000 төг/ трактор авах, 3-р сард зах зээлийн үнээс эрс доогуур махаа нийлүүлж 2.500.000 төгрөгний үнэ бүхий махаа тушааж трактор авах явдал нь эрс ялгаатай 2 үйлдэл. Бэлэн мөнгө өгч трактор авсан иргэдтэй адилтган үзэж шүүхийн шийдвэр гарсанд гомдолтой байна. ...Төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрийн дагуу мах тушааж трактор авсан иргэн миний 50% үнийн дүнгийн хөнгөлөлтийг тооцон үзэж нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү.
3. Санхүүгийн түрээсний гэрээгээр үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 5 жил буюу 2013-2017 оны хооронд тус бүр 500.000 төгрөгийг тушааж төлж барагдуулж дуусгах ёстой байсан. Энэ дагуу 2021 онд ХАА-г дэмжих сангаас мэргэжилтэн ирж үлдэгдэл төлбөрөө барагдуулаагүй иргэдтэй уулзахад би мах тушааснаа тайлбарлан хэлж тайлбар бичиж өгсөн. Тэр мэргэжилтэн мах тушаасан иргэдэд нэхэмжлэл гаргахгүй гэж хэлж байсан. Санхүүгийн гэрээ хийгдсэнээс хойш 8 жил гаруй, нэхэмжлэлээ шаардах эрх дууссанаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн татгалзалтай холбоотой шийдвэр гарсан эсэх талаар мэдэхгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гарах үед яригдсан. Миний бие гэрээг байгуулах үед байгаагүй тул энэ талаар мэдэхгүй байна гэв.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагчид холбогдуулан зээлээр худалдсан бага оврын тракторын төлөгдөөгүй үнэ 2,500,000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хариуцагч нь ...Засгийн газрын 2012 оны 53 дугаартай тогтоолын дагуу гарсан Аймгийн засаг даргын 2012 оны 03 сарын 19-ний өдрийн 1/69 дугаартай Мах нийлүүлэх тухай захирамжийн дагуу мах хөнгөлөлттэй нийлүүлсэн иргэдэд бага оврын тракторын үнийг 50 хувь бууруулан олгох нөхцөлтэйгөөр мах нийлүүлж трактор авсан. Надад төлөх төлбөргүй... гэж маргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч А.Ялалт болон тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан гэрч Д.Бүжинлхам нар нь ...Засгийн газрын 2012 оны 53 дугаартай тогтоол гарч Аймгийн засаг даргын 2012 оны 03 сарын 19-ний өдрийн 1/69 дугаартай Мах нийлүүлэх тухай захирамжийн дагуу иргэдээс хөнгөлөлттэй үнээр мах нийлүүлсэн, тракторыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох талаар эрх бүхий этгээдээс холбогдох тушаал гарч байсан... талаар мэдүүлжээ.
Шүүх хуралдааны явцад тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд Засгийн газрын 2012 оны 53 дугаартай тогтоол түүнтэй холбоотойгоор Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хөнгөлөлттэй үнээр мах нийлүүлсэн иргэдэд тус яамнаас техник худалдан авахад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх тухай гарсан шийдвэр, тогтоол зайлшгүй шаардлагатай болсон байх ба энэ нотлох баримтыг шүүхэд гаргах талаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан байна.
Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хариуцагч татгалзлаа нотлоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно, мөн хуулийн 38.6-д хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэснийг зөрчсөн байх ба өөрөөр хэлбэл талуудын мэтгэлцэх болон тэгш эрхийн зарчмыг шүүх хангаагүй байна гэж үзлээ.
Түүнчлэн шүүх хэргийн оролцогчид /хариуцагчид/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тодорхой тайлбарлан өгөөгүйгээс шүүхэд нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн гэж үзэхээр байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 490 дугаартай Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй хариуцагч А.Ялалтад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.Ялалтаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН