2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/06386

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 29

191/ШШ2025/06386

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: С тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Манай Омни Капитал ББСБ ХХК нь ******* овогтой ******* 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 21140184 тоот зээл, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 75,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 21052842 тоот зээл, 2021 оны 11 сарын 10-ны өдөр 75,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 21052831 тоот зээлүүдийг хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн 1175100749 тоот дансанд шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа холбогдоход зээлээ огт төлөхгүй Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/12339 тоот шүүгчийн захирамжаар Б тоот хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.1-т зааснаар хариуцагч нь ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, гүйцэтгэх захирлын тушаал, СЗХ-ны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн цахим зээлийн гэрээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/12339 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1. ******* ББСБ ХХК нь А.******* 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн цахим зээлийн гэрээг байгуулжээ.

2.2. Зээлдэгч *******гоос зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/12339 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь Б тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. *******гийн оршин суух хаяг тодорхойгүй байна гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

  4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/28173 дугаар захирамжаар Хур төрийн мэдээлэл солилцооны системээс *******гийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Х тоот гэжээ. Тус хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин сууддаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлжээ.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул ******* ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч /утас:/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА