Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 226/МА2022/00002

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23-ны өдөр            226/МА2022/00002                                     Хэрлэн сум

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

С.Г-, Г.Э-,

Г.Э-, Г.Э- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00002/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Н.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар /цахимаар/,

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч О.О- /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2021/00183 дугаар шийдвэртэй Н.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарт холбогдох “орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У- нар болохыг тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлтэй, С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нараас Н.Б-т холбогдох “С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарыг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний 2 хавтас 343 хуудас бүхий хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ы гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 33 жил, үүнээс 1994-2010 оны хооронд УБ-т орон сууцны байцаагчаар 16 жил тасралтгүй ажиллаж Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд болон УБҮ-ийн орон сууц хувьчлах журмын дагуу Хэнтий Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Холбоо маргаан бүхий орон сууцбайрыг гэр бүлийн гишүүд нөхөр П.Х-, хүү Х.Б-, охин Х.У- нарын хамтаар өмчилж 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн Y-1804000441 дугаарт бүртгүүлж 000087876 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед байрыг бүртгэсэн улсын бүртгэгч уг байран дээр өмнө нь бүртгэл хийгдэж байсан талаар надад хэлээгүй учир бид анх удаа бүртгэл хийгдсэн гэж ойлгож байсан. Г.Э-аас С.Г-ийн итгэмжлэлээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар маргаан бүхий орон сууцбайран дээр 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдөр С.Г- нарын 4 хүн бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Y-1804000912/ авч байсныг олж мэдсэн. Миний бие тухайн үед орон сууцны байцаагч байсны хувьд С.Г- нь 2001 онд УБҮ-ээс байрыг гэр бүлийн гишүүдийн хамтаар хувьчлан авсан боловч 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Бор-Өндөр” УБҮ-ийн Орон сууц хувьчлах төв комиссын хурлаар “С.Г-т хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцааж авах” шийдвэр гарсан байсныг мэдэж байна. Дээрх шийдвэрийн дагуу С.Г- нь маргаан бүхий орон сууцбайрыг суллан өгч Улаанбаатар хот руу шилжсэн бөгөөд “М” нэгдлээс Улаанбаатар хотын байрыг олгосныг С.Г- Орон сууц хувьчлах хуулийн дагуу 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хувьчлан авсан байна. /Гэрчилгээний дугаар 0101835/

Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид орон сууц гэх/ нэг сууц, /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналт доор ил тод явуулах зарчмыг баримтлах” гэж заасан. С.Г- нар сайн дураараа маргаан бүхий өмчлөлөөсөө татгалзаж улмаар Улаанбаатар хотод дээрх хуулийн дагуу үнэгүй байр хувьчилж авчихаад одоо дахин байртай болох санаатайгаар 20 жилийн дараа 2001 оны Y-1804000912 гэрчилгээг гарган ирж бидний хууль ёсны дагуу шударгаар олж авсан байрыг авах гэж байгаад гомдолтой байна. С.Г- нар нь маргаан бүхий орон сууцбайрнаасаа татгалзаж УБҮ-т хүлээлгэн өгсөн нь 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн УБҮ-ийн Орон сууцны комиссын тэмдэглэлийн хуулбараар нотлогдох ба хотод байр авахдаа өөрийн санаачилгаар /Y-80400192/ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах байсан ч тухайн үед хүчингүй болгоогүйн улмаас эрх ашиг маань зөрчигдөж шүүхэд хандах нөхцөл байдал үүсээд байна. Г.Э- нэхэмжлэл гаргахад миний бие зөрүүлээд “өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Г.Э- нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлээ буцаан авч асуудлыг сунжруулж байсан тул би  Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгосон нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай ажиллагаа мөн эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг хэргийг шийдвэрлэж улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгосон нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн буруу гэж үзэж, манай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. С.Г- нь 2001 онд Улаанбаатар хотод байр авч маргаан бүхий орон сууцбайрыг УБ-т хүлээлгэн өгсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, өөрөө сайн дураараа уг гэрчилгээг хүчингүй болгох хүсэлтийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаагүйгээс улсын бүртгэлийн гэрчилгээ давхардуулж олгох нөхцөл бүрдэж, өнөөдөр хуулийн дагуу өмчилж авсан маргаан бүхий байрыг өмчлөх миний болон манай гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Хэдийгээр С.Г- болон түүний хүүхдүүдийн нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа боловч тэд тус байрны хууль ёсны өмчлөгч биш. Миний бие маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтаар хуулийн дагуу өмчлөн аваад 13 жил амьдарч байгаа тул хууль ёсны өмчлөгч нь бид мөн болохоо иргэний шүүхээр тогтоолгож, эрх ашгаа хамгаалуулахыг хүсч байна. С.Г- нар нь Улаанбаатар хотод байртай болоод явснаас хойш 19 жил бид нартай огт уулзаагүй, удаа дараа байр чөлөөл гэж шаардаж байгаагүй. Хэрэв маргаан бүхий орон сууцбайр нь С.Г- нарын хувийн өмч байсан бол тэд зараад юм уу, түрээслээд явах нь ойлгомжтой. маргаан бүхий орон сууцнь Н.Б- нарын хууль ёсны өмч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 49-р байрны 06 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У- нар болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Н.Б- Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс ямар учраас Н.Б- гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гаргасныг шалгаж өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүсэлтийг хянаад эрхийн улсын Ү-1804130, Ү-1804441” дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Н.Б- нарт ийнхүү давхардуулан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байсныг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож өгсөн. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч С.Г-, Г.Э-, Г.Э- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уурхайгаас миний ажлын үр бүтээлийг үнэлж маргаан бүхий орон сууцыг өгч, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарыг бүртгүүлэн үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээг 2001 онд авсан. Хүүхдүүдийнхээ ирээдүй болон өөрийн эрүүл мэндийг бодож 2000 онд Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд би гадаад руу явахдаа Бор-Өндөрийн уурхайн засварын механикийн цехэд ажиллаж байсан өөрийн найз Ц.Б байраа тавилгын хамт үлдээгээд явсан. Б хэсэг хугацаанд амьдарч байгаад хаашаа явсныг мэдэхгүй, тухайн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орон сууцны байцаагчаар ажиллаж байсан Н.Б- байранд маань нүүж орсон байсан. Бидний зүгээс Н.Б-ийг орон сууцыг суллаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч бидний үгийг үл тоож байсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү Г.Э- өөрийн биеэр очиж дээрх байрыг суллаж өгөх талаар шаардсан боловч Н.Б- загнаад хөөгөөд явуулсан байсан. Иймд бид арга буюу Н.Б-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх маргаан бүхий орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Б- давхар гаргаж авсан байсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаар шийдвэрлэж нэхэмжлэлээ буцаан авсан. Энэ хугацаанд Н.Б- Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт орон сууцны гэрчилгээ давхардсан асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу шалгалт хийж Ү-1804000130, Ү-1804000441 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Н.Б- нарт ийнхүү давхардуулан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байсныг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож өгсөн” гэв.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Г-ийн ууган хүү нь байгаа юм. Миний аав 1986 онд Хөдөлмөрийн баатар болсон. маргаан бүхий орон сууц нь 1986 онд ашиглалтад орж байсан ба бид хүүхэд байхын л энэ байранд байсан. 49 дүгээр байрны 57 тоот нь Н.Б-ийн нэр дээр байна гэх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн байна. Манайх 2001 оны сүүлээр Улаанбаатар хот шилжиж тэндээ амьдрах болсон. Хувьчлалаас өмнө аавд урамшууллаар Улаанбаатар хотод байр өгнө гэж Э гэж дарга нь ярьж байсан. Улаанбаатар хотын байр нь 17 мкв талбайтай ба бэлэглэлийн байр юм. Маргаан бүхий байхыг улла гэсэн тушаал, шийдвэр байхгүй. Орон сууц өмчлөгч, хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээнд өмчлөгч, хөлслөгч гээд хоёуланд нь Н.Б- гарын үсэг зурсан байдаг” гэв.

Хариуцагч нар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний аав Сурахын С.Г- Хэнтий аймгийн Бор-Өндөрийн уурхайд уурхайчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уурхайгаас аавын минь ажлын үр бүтээлийг үнэлж маргаан бүхий орон сууцыг өгч, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарыг бүртгүүлэн Үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээг 2001 онд авсан. Хүүхдүүдийнхээ ирээдүй болон өөрийн эрүүл мэндийг бодож 2000 онд Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд гадаад руу явахдаа Бор-Өндөрийн уурхайн засварын механикийн цехэд ажиллаж байсан өөрийн найз Ц.Б байраа тавилгын хамт үлдээгээд явсан. Б хэсэг хугацаанд амьдарч байгаад хаашаа явсныг мэдэхгүй, тухайн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орон сууцны байцаагчаар ажиллаж байсан Н.Б- байранд маань нүүж орсон байсан. Бидний зүгээс Н.Б-ийг орон сууцыг суллаж өгөх талаар удаа дараа шаардаж байсан боловч бидний үгийг үл тоож байсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард миний төрсөн дүү Г.Э- өөрийн биеэр очиж дээрх байрыг суллаж өгөх талаар шаардсан боловч Н.Б- загнаад хөөгөөд явуулсан байсан. Иймд бид арга буюу Н.Б-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх маргаан бүхий орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Б- давхар гаргаж авсан байсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаар шийдвэрлэж нэхэмжлэлээ буцаан авсан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус шүүхийн харьяаллын нэхэмжлэл биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Н.Б- Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж бид гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд  бидний гаргасан бие даасан шаардлагыг бүрэн хангаж Н.Б-ийн Ү-1804000441, 000087876 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн. Бидний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт орон сууцны гэрчилгээ давхардсан асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу шалгалт хийж Ү-1804000130, Ү-1804000441 дугаартай улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар Н.Б- нарт ийнхүү давхардуулан гэрчилгээ олгосон нь дээрх орон сууцыг өмчлөгч С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарын өмчлөх эрх хохирч байна. Иймд С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарыг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан Н.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргааны гол үндэс нь С.Г- Улаанбаатар хотод байр хувьчилж авчхаад маргаан бүхий орон сууцны гэрчилгээг Орон сууц хувьчлах хуулийн дагуу өөрийн санаачлагаар хүчингүй болгуулах байсан ч тухайн үед хүчингүй болгуулаагүйн улмаас, мөн Хэнтий аймгийн Улсын бүртгэгч О.Н Улсын бүртгэлийн хууль зөрчиж манайхыг давхардуулж бүртгэснээс манай гэр бүлийн гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхээ алдаж, гудамжинд гарахад хүрээд байна. Тухайн үед улсын бүртгэгч байсан О.Н нь уг байран дээр өмнө нь бүртгэл хийгдэж байсан талаар хэлээгүй тул бид анх удаа бүртгэл хийгдэж байна гэж ойлгож байсан. С.Г- нар нь маргаан бүхий байрнаасаа татгалзаж УБҮ-т өгч, УБҮ- нь өмчөө захиран зарцуулж, 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Засвар механикийн цехийн механикч Ц.Б-т уг байрыг олгосон байдаг. Хэдийгээр маргаан бүхий орон сууц С.Г- нарын нэр дээр байгаа боловч жинхэнэ өмчлөгч нь тэд биш. Учир нь маргаан бүхий орон сууц үнэхээр тэдний өмч мөн байсан бол түрээслээд юм уу, эсхүл зараад явах байсан, уг сууцанд 2002-2008 оны хооронд Ц.Б, 2008 оноос одоог хүртэл манайх амьдарч байна. Мөн маргаан бүхий орон сууцнь С.Г- нарын өмч байсан бол намайг биш УБҮ-ийг шүүхэд өгөх ёстой. УБҮ-ээс надад өгсөн байр нь л энэ, би буруугүй, би энэ байранд хууль бусаар дайрч ороогүй. С.Г- нь Улаанбаатар хотод байр хувьчилж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хуулийн дагуу бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2021/000183 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У- нар мөн болохыг тогтоож, С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарын сөрөг нэхэмжлэлтэй Н.Б-т холбогдох “маргаан бүхийорон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нар болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 494,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар Г.Э-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,450  төгрөгөөс 12,897 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, илүү төлсөн 481,553 төгрөгийг төрийн сангийн 100182700941 тоот данснаас буцаан гаргуулан  Г.Э-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Бидний зүгээс С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарыг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн утга бүхий сөрөг нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд гаргасан.

Шүүх Н.Б-ийн гаргасан “Хэнтий аймгийн маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс гаргасан “Бор-Өндөр сумын УБҮ-ийн Орон сууц хувьчлалын товчооны даргаар М.Б, Б.Б нарын хүмүүс ажиллаж байсан мэт харагдаж байна. М.Б, Б.Б нар хэд хэдэн онуудад УБ-ийн орон сууц хувьчлалын товчооны даргаар ажиллаж байсныг Улаанбаатар хот дахь М ТӨҮГ-аас тодруулж өгнө үү... гэсэн хүсэлтийг шүүх хангаж 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 157/ШЗ2021/00573 дугаар бүхий захирамж гаргасан атлаа захирамжийн биелэлт хангуулаагүй, өөрөөр хэлбэл уг хүсэлтийн дагуу ирүүлсэн гэх 19.05.2004 б1 пр албан бичиг нь орос хэл дээр бичигдсэн, орчуулга хийгдээгүй, нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн Н.Б-ийн хуучин орон сууц болох Н.Б-н өмчлөлийн орон сууцны түүхчилсэн лавлагааг гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй учир Н.Б- УБҮ-ээс уг байраа хэзээ, хэнд шилжүүлсэн, эсвэл өөрийнх нь нэр  дээр бүртгэлтэй байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Шүүхэд Н.Б-ийн гаргаж өгсөн  маргаан бүхий орон сууцыг хувьчилж авсан гэх нотлох баримтууд нь эргэлзээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Н.Б-ийн маргаан бүхий орон сууцанд шилжин ороод гаргуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэлийн дугаар болох Y-1804000441 нь Н.Б-ийн хуучин байр болох С.Н /нар/ гэх хүний нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай давхцаж байна. С.На гэх хүний нэр дээр гаргасан 000131333 дугаар гэрчилгээний бүртгэлийн дугаар дээрх Y-1804000441 тоот бүртгэлийн дугаартай тус тус давхцаж байгаад эргэлзээ төрж байна. Н.Б-ийн хуучин байр болох 49 дүгээр байрны 57 тоот одоо ч Н.Б-ийн нэр дээр хэвээрээ байгаа талаар лавлагаа гарсан.

С.Г-т олгосон маргаан бүхий байрыг хувьчилсан 2001 оны 01 тоот тогтоол хүчингүй болоогүй, тухайн үед өмч хувьчлалын даргаар ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй Б.Б тушаалаар Н.Б-т маргаан бүхий С.Г- нарын дээрх орон сууцыг хувьчилсан харагддаг. маргаан бүхий орон сууцорон сууцыг хувьчлах тухай 2001 оны 01 тоот тогтоол хүчинтэй хэвээр байхад анхан шатны шүүх “... УБ-ийн 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Соёлын төвд болсон Орон сууцны өргөтгөсөн хурлаар С.Г-т Улаанбаатарт хотод байр өгсөн учир маргаан бүхий орон сууцбайрны хувьчлах эрхийн бичгийг хураан авч, ТЭМЦ-ийн механик Ц.Б-т маргаан бүхий орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн зэрэг хурлын шийдвэрүүдээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Соёлын төвд болсон хурлаас шийдвэр гарсан эсэх нь тодорхой биш, хуралдааны тэмдэглэлд хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Н.Б-т маргаан бүхий орон сууцсууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр үнэгүй хувьчлан олгосон тухай 2010 оны 02 сарын 12-ны өдрийн 151 тоот тушаал дээр Б.Б гэх хүн гарын үсэг зурсан байдаг бөгөөд бидний хүсэлтээр гаргуулсан /орос хэл дээрх/ баримтаар ч Б.Б нь орон сууц хувьчлалын товчооны даргаар ажиллаж байгаагүй нь харагдаж байна. маргаан бүхий орон сууцорон сууц нь С.Г- нарын өмчлөл мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Н.Б- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 1994-2010 оны хооронд УБ-ийн орон сууцны байцаагчаар ажиллаж байсан учир үйл баримтыг сайн мэдэж байна. С.Г- нь 2001 онд маргаан бүхий орон сууцанд амьдарч, анхны хувьчлалд нэр нь орсон боловч, түүний Бор-Өндөрт байр хувьчилж авахгүй Улаанбаатар хотод байр хувьчилж авна гэсэн хүсэлтийг нь “М” нэгдэл хангаж, 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн УБҮ-ийн Орон сууцны комиссын өргөтгөсөн хуралд тухайн үед “М” нэгдлийн орлогч дарга байсан Н.Э өөрийн биеэр оролцож С.Г-т Улаанбаатар хотод байр өгсөн тул маргаан бүхий орон сууцыг хувьчлах эрхийн бичгийг хурааж авахаар шийдвэрлэж гарын үсэг зурсан /хурлын тэмдэглэлийн хуулбар/. Энэ шийдвэрийн дагуу С.Г- Улаанбаатар хотод байр авч шилжсэн.

С.Г- нь маргаан бүхий орон сууцорон сууцыг УБҮ-т буцааж өгч УБҮ- өөрийн өмчөө захиран зарцуулах эрхээ эдэлж 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв засвар механикийн цехийн механик Ц.Б-т хуваарилж өгсөн. 2002 онд би байрны нөхцөлөө сайжруулахаар өргөдөл өгсөн байсныг үндэслэн УБҮ- 6 жилийн дараа 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр надад маргаан бүхий орон сууцорон сууцыг олгосон. Би С.Г-ийн байранд орно гэж хүсэлт гаргаагүй, УБҮ-ийн өгсөн байр нь л энэ. Орон сууцыг сольсонтой холбогдуулан УБҮ- нь 2004 оны 146 тоот тогтоолоор өмнөх байрны гэрчилгээг хүчингүй болгосон. С.Г- өөрөө Улаанбаатар хотод байр хувьчилж авах хүсэлт гаргаж маргаан бүхий орон сууцбайрнаасаа татгалзаж Улаанбаатар хотод байр хувьчилж авчхаад, хүлээлгэн өгсөн байрныхаа улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулаагүй 20 жил хадгалж байгаад хууль зөрчиж 2 дахь байраа үнэгүй хувьчилж авах  гэж байгаад гомдолтой байна.

УБҮ- газар нь:

1.         Миний өмнө нь амьдарч байсан миний өмнөх орон сууцны хувьчлах эрхийг хүчингүй болгож Төв засвар механикийн цехэд хуваарилсан. Одоо уг орон сууц нь Г.Г гэх хүний нэр дээр улсын бүртгэлийн Y-18040001048 дугаарт бүртгэж 000638496 тоот гэрчилгээ олгосон байдаг юм.

2. УБҮ нь манай өмнөх байрны Уулын бүртгэлийн гэрчилгээний Y-1804002087 тоот дугаарыг хүчингүй болгож маргаан бүхий байрны улсын бүртгэлийн дугаар Ү-1804000441 болгож шинээр бүртгэсэн баримт Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн улсын бүртгэлийн дугааруудын жагсаалтад авагдсан.

3. 2009-2010 онуудад УБ-ийн захирал Б.Б орлогч захирал нь орон сууц хувьчлалын товчооны дарга М.Бр гэдэг хүмүүс байсан. Эрх бүхий хүн маргаан бүхий орон сууцбайрны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр гарын үсгээ зурж УБҮ-ийн тамга, тэмдгийг дарсан.

Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч О.Н нь маргаан бүхий орон сууц өмнө нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байсныг хэлэлгүй манайхыг давхар бүртгэсэн.  С.Г- нь Улаанбаатар хотод байр хувьчилж авчхаад маргаан бүхий обайрны гэрчилгээгээ хүчингүй болгоогүй. Энэ 2 хүний буруугаас манай гэр бүлийн гишүүдийн эрх ноцтой хохирч, хуулийн дагуу хувьчилж авсан цорын ганц байраа алдахад хүрээд байна.

Хэнтий аймгийн маргаан бүхий орон сууц С.Г-ийн өмч биш болохыг дараах баримтуудаар нотолж байна.

Үүнд:

1.         Тэд маргаан бүхий орон сууцыг 20 жил ашиглаагүй.

2.         маргаан бүхий орон сууц үнэхээр тэдний өмч мөн байсан бол 2021 онд явахдаа зараад эсвэл түрээслээд явах боломжтой байсан.

3.         Маргаан бүхий орон сууцанд 2002-2008 онд засвар механикийн цехийн механикч Ц.Б, 2008 оноос одоог хүртэл амьдарч байна. 20 жилийн хугацаанд бид нар С.Г-т түрээсийн мөнгө төлж байгаагүй, тэд байр чөлөөлөхийг биднээс огт шаардаж байгаагүй.

4. УБҮ- өөрийнхөө өмчийг захиран зарцуулсан. маргаан бүхий орон сууц С.Г-ийн өмчлөлд байсан бол өөрийн хувийн өмчийг хүнд өгөхгүй байсан.

5. маргаан бүхий орон сууц нь үнэхээр С.Г- нарын өмч байсан бол намайг биш УБҮ-ийг шүүхэд өгөх ёстой байсан.

6. С.Г- нар нь Улаанбаатар хотод байр хувьчилж авсан нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, УБ-ийн орон сууцны комиссын өргөтгөсөн хурлын тэмдэглэл, 2000-2004 оны үед “М” нэгдлийн орон сууцны конторын дарга байсан З.ЛСонгино хайрхан дүүргийн анхан шатны шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу С.Г- нь маргаан бүхий байрыг авах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Г.Э-ы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч С.Г-, Г.Э-, Г.Э-, Г.Э- нарт холбогдуулан “маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Н.Б-, П.Х-, Х.Б-, Х.У- нар мөн болохыг тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.Г- нар нь Н.Б-т холбогдуулан “маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.             

“....Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын УБҮ-ийн орон сууц хувьчлалын товчооны даргаар М.Б, Б.Б нар хэд хэдэн онуудад ажиллаж байсныг Улаанбаатар хот дахь “М” төрийн өмчит үйлдвэрийн газраас тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 573 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атал захирамжийн биелэлт хангагдаагүй, нөгөө талаар энэхүү хүсэлтийн дагуу ирүүлсэн “19.05. 2004 б1 пр” гэсэн тоот бүхий нотлох баримт нь орос хэл дээр бичигдсэн байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул орчуулга хийлгэх шаардлагатай гэсэн хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй, мөн Н.Б-ийн орон сууц хувьчилж авсан гэх нотлох баримтууд эргэлзээтэй Н.Б-н өмчлөлийнорон сууцны түүхчилсэн лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа хангалтгүй, Н.Б-ийн энэхүү байр хэнд шилжсэн эсэх нь тодорхойгүй”  гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

             Хариуцагч Г.Э-ы  “Улсын бүртгэлийн ерөнхий газраас Н.Б-ын өмчилж байсан гэх орон сууцны түүхчилсэн лавлагааг, мөн “М.Б, Б.Б нар нь хэд хэдэн онуудад Бор-Өндөр УБҮ-ийн орон сууц хувьчлалын товчооны даргаар ажиллаж байсан талаарх тодруулгыг “Мт“ төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргуулах тухай хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

            “” төрийн өмчит үйлдвэрийн газраас “2004 оны  05 дугаар сарын 19-ний өдрийн 61 тоот тушаал, УБҮ-ийн захирлын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 150, 151 тоот тушаал, орон сууц хувьчлалын товчооны хурлын 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 146 тоот тогтоол, 2001 оны  03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тогтоолыг “хуулбар үнэн” гэсэн тэмдэгтэй шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхэд ирүүлсэн  2004 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 61 дугаартай тушаал нь орос хэлээр бичигдсэн ирсэн бөгөөд хариуцагч талаас уг тушаалыг албан ёсны орчуулга хийлгэж хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна”, мөн хуулийн 7.4-т “ Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэснийг шүүх зөрчсөн байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6/8160 дугаартай албан бичгээр орон сууцны өмчлөх эрх П.Х-, Н.Б-, Х.Б-, Х.У- нарын өмчлөлд бүртгэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн, нэхэмжлэгч Н.Б- уг байрыг өөр этгээдийн өмчлөлд шилжсэн гэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлж мэтгэлцэж маргасан, мөн хариуцагч талаас Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй, дахин  лавлагааг дэлгэрэнгүй гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.6 “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллагад байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд  нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг зөрчиж шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2021/00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.БОЛОРМАА

                                     ШҮҮГЧИД                                 Б.ДЭНСМАА

                                                                                                         

                                                                                                  Я.АЛТАННАВЧ