2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/03553

 

 

 

2025 04 28 191/ШШ2025/03553

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Х******* б******* овогт Г*******ийн Б******* /РД:*******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М******* овогт Г*******ын Э******* /РД:*******/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 5,347,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооо Улаанбаатар дунд сургуулийн урд Ногоон төгөл хотхоны арын автомашины зогсоолд байршуулсан Г.Б******* миний эзэмшлийн тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг салхины шил, урд хамар буфер дээр Улаанбаатар дээд сургуулийн сурагч Ц.Б чулуу, боргоцой ангийхаа цонхоор шидэж, салхины шил хагалж буфер энд тэндгүй хонхойсон гэмтээсэн болно. Дамно ХХК-аар үнэлгээ хийлгэж салхины шил 2,500,000 (солих) копод 3,050,000 (засах) урд буфер 1,330,000-ын хохирол гарсан болно. Иймд энэхүү хохиролыг тус хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаас нэхэмжлэж байна. Урд шил цуурч хагарснаар хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, санхүүгийн, эд хөрөнгийн хохирол амссан болно. Иргэн Г.Э*******аас нийт хохирол болох 5,347,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрсэн Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,347,000 төгрөгийн 1,347,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчдын эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э*******д холбогдуулан 5,347,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,347,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,000,000 төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

3. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б*******ийн нэхэмжлэлтэй, Г.Э*******д холбогдох 5,347,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,347,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчимд төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,502 төгрөгийн 61,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 39,475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, 39,475 төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э*******аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Б*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА