Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 22

 

  Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл

Улсын яллагч Э.Тулгаа

Шүүгдэгч А.Г  нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Х  овогт А-гийн Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 201721010025 дугаартай Эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1985 оны 01 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Б суманд төрсөн, 32 настай, ам бүл 4 эцэг, эх, ах нарын хамт амьдрах, Ховд аймгийн Б сумын Б багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:, Х  овогт А-ийн Г

     Холбогдсон хэргийн талаар: А.Г  нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банканд 1400 юань солиулахдаа 2700 юань илүү солиулан авч санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч А.Г  нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банканд 1400 юань солиулахдаа 2700 юань илүү солиулан авч санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч А.Г ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай эгч А.Батбилэг надад 510000 төгрөг өгөөд юаниар солиулаад ир гэхээр нь би Голомт банк ороод 510000 төгрөгний юань З.Наранбүүвэй теллэр дээр солиулаад тухайн теллэрийн өгсөн юаныг нь аваад гараад тоолж үзэхэд 2700 юань илүү байхаар нь би авсан. Тухайн үед З.Наранбүүвэйг таньдаг найз болохоор дараа учраа олно гэж бодоод байж байтал удалгүй З.Наранбүүвэй надруу залгаад чи хаана байна илүү мөнгө солиулаад явсан байна гэхээр нь би чи гараад ир гээд бид хоёр авто зогсоол дээр уулзаад манай эгчийн цайны газар очоод эгчээс З.Наранбүүвэй илүү мөнгө солигдож ирсэн байна уу гээд асуухад эгч илүү мөнгө өгөөгүй байна гэж хэлээд явуулсан. Тэгээд би хэд хонож байгаад З.Наранбүүвэйгээс илүү солиулж авсан мөнгөө өгсөн” гэх мэдүүлэг,

- Хохирогч З.Наранбүүвэйгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкинд ажлаа хийж байгаад өдөр 12 цагийн үед кассаа тааруулж үзэхэд миний хийсэн гүйлгээнээс 2700 юань дутаж байсан. Тэгэхээр нь хэнд илүү өгснөө бодож байгаад А.Г  гэх хүнийг илүү юань солиулсан байх магадлалтай гэж бодоод А.Г руу залгаж яриад би таньд илүү 2700 юань сольж өгсөн байна гэж хэлэхэд чи өөрөө хаана байгаа юм бэ хоёулаа уулзьяа гараад ир гэхээр нь би ажилтай байсан болоод гарч чадалгүй 20-30 минутын дараа дахиад утасдаад залгаад авто зогсоол дээр очоод А.Г той уулзахад эгчтэй очиж уулзьяа гээд дагуулаад явсан тэгээд А.Г  эгчтэйгээ уулзах гээд “Гайхмаараа” нэртэй цайны газарт очоод эгчтэйгээ уулзаж гарч ирээд тийм илүү мөнгө байхгүй гэнээ гэж хэлээд гарч ирсэн тэгэхээр нь би салаад ажилруугаа ороод ахлах болон захиралдаа мэдэгдээд орой ажил тарсны дараа камер шүүгээд үзэхэд А.Г  гэх хүн 1400 юань солиулж байхад нь 4100 юань өгсөн нь тодорхой сайн харагдаж байсан. Тэгээд хэд хонож байгаад цагдаад хандсан. Одоо А.Г  нь надаас илүү авсан 2700 юаныг буцааж өгсөн тул гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

     - Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

- Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ зэрэг дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч А.Г ийг Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 -д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1440000 төгрөгөөр торгох ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч З.Наранбүүвэй нь шүүгдэгч А.Г той сайн дураараа эвлэрсэн болох нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Одоо бид хоёр хоорондоо эвлэрч илүү авсан 2700 юаныг З.Наранбүүвэйд буцаан өгч ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй болсон” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

  Шүүгдэгч А.Г ийн холбогдсон Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч А.Г т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

                  ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Х  овогт А-ийн Г  нь санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн А.Г т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

             3. Шүүгдэгч А.Г  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж,  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч А.Г т буцаан олгосугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч А.Г т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.