| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0018/З |
| Дугаар | 123/ШШ2026/0021 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 123/ШШ2026/0021
2026 02 06 123/ШШ2026/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, шүүгч Б.Одонтуяа, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гуравдагч этгээд: ..., ..., ... нарын хоорондын ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор ..., ..., ... нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., гуравдагч этгээд ..., ..., ..., иргэдийн төлөөлөгч ..., ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч ...аас “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргажээ.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар:
2.1. ... аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлосон[1].
2.2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар захирамжаар анхдугаар хуралдаанаар 1.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, 2. Хурлын даргыг сонгох, 3. Засаг даргад нэр дэвшүүлэх, 4. Хурлын хороо байгуулах, 5. Хурлын Зөвлөл байгуулах зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ[2].
2.3. ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан[3] 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлж, нийт 41 төлөөлөгч оролцон, 100 хувийн ирцтэй эхэлж, ... төлөөлөгч хуралдааныг даргалан “төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх” асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгч ..., ... нараас “..хурлын төлөөлөгч өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхыг хуулиар хориглосон, сумын Хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхээ зөвшөөрүүлсэн ..., ..., ... нар аймгийн Хуралд оролцож байгаа нь анхдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бус болгох нөхцөл байдал үүснэ, завсарлага авч, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай...” гэсэн санал гаргаж, улмаар МАН-аас нэр дэвшин сонгогдсон ..., ... нарын 20 төлөөлөгч хуралдааныг орхин гарсан.
2.4. Тухайн хуралдааныг 21 төлөөлөгч үргэлжлүүлэн хуралдаж, 01 дүгээр тогтоолоор “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... нарын нэр бүхий 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн бөгөөд уг тогтоолоор ... сумаас нэр дэвшсэн ..., ..., ... нарын бүрэн эрхийг зөвшөөрч, Хуралдааны 02 дугаар тогтоолоор ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Энхболдыг сонгон баталжээ.
2.5. Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ..., ... нарын тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн[4]. Тухайн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ ... 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, ... 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаснаар, тус сумын Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор ..., ... нарыг тухайн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлсөн[5].
2.6. ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ...ын тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн[6]. ... тухайн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргаснаар тус сумын Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор ...ыг тухайн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлжээ[7].
2.7. Иргэн ...гаас /... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч/ Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандан “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад Хурлын төлөөлөгч өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхыг хориглоно гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн...” тухай гомдол гаргаж, уг гомдлыг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн байна”[8] гэж шийдвэрлэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ... 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг...Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Жаран гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хурлын тогтоол,...нь хууль тогтоомж,... шийдвэрт нийцсэн байх..." гэсэн нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүхий л үйл ажиллагаа, шийдвэрээс гадна төлөөлөгчөөр сонгогдсон миний хурлын шийдвэр гаргахад оролцох оролцоотой шууд хамаатай. Хоёр. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгч өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхыг хориглоно” гэж хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон. Гэтэл бүрэн эрх нь 2024 оны 10 дугаар 22-ны өдрийн Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хүлээн зөвшөөрөгдсөн ..., ..., мөн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн ... нарыг 2024 оны 10 дугаар 29-ний өдөр хуралдсан ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны 01 тоот тогтоолоор давхар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчсөн, миний эрх, хууль ёсны эрх ашгийг мөн зөрчсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь суманд, аймагт зэрэг нэр дэвшиж болох ч нэгэнт сонгогдсоны дараа аль нэг шатны хурлын төлөөлөгчийг сонгож цаашид ажиллах эрх нь нээлттэй...Гурав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд: 3.1 Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Жаран гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хурлын тогтоол,...нь хууль тогтоомж,... шийдвэрт нийцсэн байх..." гэж заасан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, түүний шийдвэрт мөн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон миний үйл ажиллагаа, оролцоотой ч шууд хамаатай...Үндсэн хуулиар хүлээлгэсэн дээрх үүрэг, зарчмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчиж хууль бус шийдвэр гаргасан нь иргэдийнхээ итгэлийг хүлээж тэдний эрх ашгийг хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон төлөөлж ажиллахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаатай салган ойлгох учиргүй. 3.2. Аль ч шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь хуралдаан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д "Аймаг...иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд уг бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно" гэсэн нь ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын салшгүй бүрэлдэхүүн болох төлөөлөгчөөр сонгогдсон миний эрх, хууль ёсны ашиг сонирхол оролцоо нь Хурлын бүхий л үйл ажиллагаа, шийдвэртэй салшгүй холбоотойг нотолж байна. Гэтэл нэр бүхий этгээдүүд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2 дахь хэсгийг зөрчсөн, энэ зөрчлийг хэлж сануулсаар атал Анхдугаар хуралдаанаар тэднийг аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчөөр давхардуулан хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан нь нэхэмжлэгчийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх, үүргийг хэвийн хэрэгжүүлж ажиллах нөхцөлийг алдагдуулж байгаа. 3.3.Нэхэмжлэгч би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан дээр тус тусын сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөж эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа этгээдүүдийг давхардуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөх нь хууль зөрчинө гэсэн хууль ёсны шаардлага тавьснаасаа хойш хурлын үйл ажиллагаанд өнөөдрийг хүртэл оролцож төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна. Иргэд сонгогчдынхоо итгэл хүлээж сонгогдсон миний хамгийн түрүүнд баримтлах зарчим бол хууль дээдлэх зарчим мөн. Хэрэв би хууль зөрчсөн шийдвэртэй эвлэрч хүлээн зөвшөөрвөл иргэд сонгогчдынхоо өмнө амласан амлалт, өөрийн баримталдаг зарчмаа үл огоорсон үйлдэл болохоос гадна улс төрчийн хувьд дараа дараагийн сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрхгүй болох билээ. Энэ бол улс төрчийн хувьд маш их хохиролтой явдал. Мөн төлөөлөгч хүний хамгийн ноцтойгоор эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаагийн илрэл нь Хурал хууль бус шийдвэр гаргаснаараа түүнийг Хурлын үйл ажиллагаанд оролцох эрх зүйн болон ёс зүйн боломжгүй болгох, хуульд заасан төлөөлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь хааж боох явдал. Хэрэв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн 01 тоот тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож хуульд нийцүүлбэл би төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж хангагдахаас гадна Хурлын цаашдын үйл ажиллагаа хэвийн явагдаж иргэд сонгогчдынхоо итгэлийг хадгалах хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэх болно. Нэхэмжлэгч би дээрх шалтгаануудын улмаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заагдсан төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчүүлж байна[9] гэжээ.
3.2. Нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянцагаан сумын 11 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж, олонхын санал авч ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Анхдугаар хуралдаанд аймгийн Сонгуулийн хорооноос 41 мандатад нэр дэвшиж, сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тогтоолыг танилцуулсан. Тус тогтоол дээр ..., Эрдэнэсант сумуудаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч нартай холбоотой асуудал үүссэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т Хурлын төлөөлөгч нь өөр шатны хурлын төлөөлөгч байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тохиолдол гарсан. Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 22-ны өдөр, ... сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурал 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус хийж, гуравдагч этгээд нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, бүрэн эрхээ зөвшөөрүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг анхдугаар хуралдаан дээр миний бие хэлсэн. Миний бие аймгийн намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанд ийм нөхцөл байдал үүслээ, манайхаас ийм асуудлууд гарлаа, бид нар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлууд яригдах болохоор тэргүүлэгч нарын хуралдааныг яаралтай хуралдуулж, миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэхээр зэхсэн байсан. Энэ тухай тэргүүлэгч нарын тогтоол гарсан. Төлөөлөгч нар давхар нэр дэвшиж хууль зөрчлөө, энэ хуралдаан хүчин төгөлдөр бус болно шүү гэдэг анхааруулгыг удаа дараа сануулж байсан боловч анхдугаар хуралдаан даргалагч бидний асуултад тодорхой хариулт өгөхгүй хурлын дэгийг зөрчсөн тул бид хурлыг орхин гарсан. Үүнтэй холбоотой миний бие 11 дүгээр сарын 28-ны өдөр ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 дүгээр тогтоолын 3 төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие Хурлын даргад нэр дэвших боломжийг минь хаалаа, хууль зөрчсөн, тэгш шударгаар нэр дэвшиж өрсөлдөх боломжийг хаалаа гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан...Миний хувьд хурлын дарга болох ёстой гэж яриагүй. Хурлын даргад нэр дэвшин шударгаар дэвших тэгш боломжийг маань хаасан. Үүний учир нь сонгуультай холбоотой зүйл яриагүй. Бүгдээрээ олон нийтийн саналыг авч орж ирсэн, сонгуультай холбоотой яриагүй. Хамгийн гол нь хуралд орж ирэхдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн. Энэ заалт бол хориглох заалт буюу негатив шинж чанартай. Ямар нэгэн нөхцөл болзол шаардсан заалт биш. Энэ зөрчсөн хуулийн заалт нь цаашдаа ямар үр үр дагавартай вэ гэхээр 21 суудал авсан Ардчилсан намын нөхдүүд гурван төлөөлөгчөө суманд нь давхар нэр дэвшүүлээд төлөөлөгчийн бүрэн эрх нь баталгаажсанаар давхар орж ирсэн. Арван найм болон хорийн харьцаатай болох байсан. Тийм болохоор аливаа улс төрийн нам аливаа сонгууль болсны дараагаар улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд засаглалын эрх мэдлийн төлөө өрсөлддөг. Тэрний дагуу бид суманд тодорхой нөхцөл байдал үүслээ, давхар нэр дэвшигч орж ирж хууль зөрчсөн болохоор давуу байдал бий болох юм байна гэж хуралдаж намын тэргүүлэгч нарын хурлыг яаралтай зарлаж ярилцсан. Тэрний дагуу тэргүүлэгч нарын тогтоол гарч намын бүлэгтээ чиглэл өгөхөөр тохирсон. Би мөн өрсөлдөх хүсэлтээ бичиж өгч, тэр асуудлуудаа шийдвэрлэсэн. Бид бүхэн анхдугаар хуралд суусныхаа дараагаар энэ процесс хэрхэн яаж үргэлжлэхээс шалтгаалж, нэр дэвшүүлэх цааш явах бэлтгэл ажлуудаа хангаж явж байсан. Нөгөө талаар энэ гурван төлөөлөгчтэй хувь хүний асуудлаар маргахгүй, сонгогдсон эрхэнд халдаагүй. Хамгийн гол нь хууль зөрчиж орж ирсэн. Мөн 10 дугаар сарын 14-ны өдөр Ардчилсан намынхан бүгдээрээ аймгийн хурлаа сонгоно гэж хүсэлт гаргасан гээд байгаа. Гэтэл тэр хүсэлтээ өөрсдөө өгчхөөд дараа нь 25-ны өдөр сумандаа очоод анхдугаар хуралдаа сууж бүрэн эрхээ баталгаажуулсан байдаг. Мөн бусад нэр дэвшигч нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгоод сумаасаа татгалзсан. ...Аливаа асуудал хуулийн хүрээнд байгаа тохиолдолд хууль бус шийдвэр гарах гээд байсан учраас би түүнийг удаа дараа анхааруулж хурлыг орхин гарахаас өөр аргагүй байсан.... Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.2-т тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно” гэж Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхийг хуулиар баталгаажуулсан. Тэр боломжоо хаалгуулсан учир нэр дэвшиж чадаагүй...Анхдугаар хуралдааны бичиг баримтуудтай танилцсан, дутуу, буруу зөрүү зүйл байхгүй...гуравдагч этгээд нар аймийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ зөвшөөрүүлэхээс өмнө сумын Хурлын төлөөлөгчөөсөө татгалзсан бол хуульд нийцэх ёстой байсан. Үүнийг эдгээр хүмүүс хүлээн зөвшөөрч сумын Хурлын төлөөлөгчөөсөө татгалзсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдсэн. ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 01 дугаартай тогтоолын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 01 дугаартай тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн. Хамгийн гол үндэслэл нь энэ заалтыг зөрчсөнөөс үүдэн энэ захиргааны акт бол хууль бус акт учир хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт 2024 оны сонгуулиар хэрэгжиж эхлэх зохицуулалттай, агуулга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг нь өөр өөр байна, батлагдсан хууль зөрчигдөж ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй учраас хоёр шатны төлөөлөгч байхыг хориглосон зохицуулалт шинээр хэрэгжсэн. Гэтэл хориглосон хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсээр байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон, тэр хурлаасаа чөлөөлөгдөөгүй байгаа гуравдагч этгээд болох 3 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн нь хууль зөрчсөн. Энэ хуулийг зөрчихөөс гадна Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38.2-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно гэсэн зохицуулалтаар тухайн сумын төлөөлөгч бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас чөлөөлөгдсөний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхээ зөвшөөрүүлэх байсан. Ийм байдлаар явсан бол хуульд нийцэх байсан. Хууль зөрчигдсөний улмаас нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.2-т зааснаар тухайн хурлын төлөөлөгч хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгч нарын нэрийг дэвшүүлэх эрхтэй гэсэн хуулиар олгогдсон эрх байгаа. Энэ эрх зөрчигдсөн. Тухайн хурал хуульд үндэслэж хууль дээдлэх зарчмаа биелүүлж, энэ гурван хүний асуудлыг шийдсэний дараа энэ хурал үргэлжлээд явсан бол ямар ч маргаан гарахгүй, тухайн хурал хуулийн дагуу явагдсан бол тухайн хурлын дэгийн 7.7-т зааснаар нэхэмжлэгч хурлын даргад нэрээ дэвшүүлэх байсан, энэ боломжоо алдсан. Энэ эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ дээр давж заалдах шатны шүүхийн магадлалын 4.4, 4.5-т зааснаар эрх нь зөрчигдсөн талаар дурдсан магадлал гарсан. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь бол хурлын даргад нэрээ дэвшүүлэх тэгш өрсөлдөх боломжоор хангагдах эрх зөрчигдсөн байна. Энэ эрх нь зөрчигдсөн учир эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байна. Энэ эрх нь юуны улмаас зөрчигдсөн бэ гэхээр 01 дугаар тогтоол гарснаар зөрчигдсөн. Хурлын ирцийн 51 хувиас дээш хувьд хүрсэн гэж үзэж, хурал цааш үргэлжилж, хурлын даргаа сонгоод явсан. Гэтэл тухай хурал хуульдаа үндэслэж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 46.7, 48.1-т зааснаар хууль ёсны дагуу явагдсан бол энэ 3 хүн аль хэдийн сумын хурлаа сонгоод тэндээ төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг зөвшөөрүүлээд тэнд нь өөрсдийнх нь эрх үүрэг нь хэрэгжээд эхэлсний дараа энэ хуралд орж ирж сууж ирц бүрдүүлсэн. Хэрвээ гуравдагч этгээд нарыг оролцуулахгүйгээр хурлаа хийгээд явсан бол нийт 41 төлөөлөгчөөс Ардчилсан намын төлөөлөгч 18 байхаар байсан. Тухайн үед Монгол Ардын намынхан хурлаа орхиод гараад явсан. Гэтэл 18 төлөөлөгч нь нийт ирцийн 43.9 хувь буюу ирц бүрдэх боломжгүй байсан. Гэтэл хууль бус бүрэлдэхүүнээр энэ тогтоол гарсан нь тогтоол хууль бус болох хоёр дахь үндэслэл болж байна. Иймд хууль бус бүрэлдэхүүнээр шийдсэн нь хууль ёсны байж чадаагүй учир хүчингүй болгож өгнө үү гэсэн шүүхэд өгсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дэгд зааснаар хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж гарахыг хориглосон. Гэтэл энэ заалтыг зөрчиж хурлаа орхиод гарсан гэдэг зүйл яриад байна. Хурлын дэгийн 4.5-т зааснаар шалтгаангүйгээр хурлыг орхин гарахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл хуралдааныг орхин гарсан үйл баримт нь шалтгаантай байгаа. Энэ бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх нь та нарын эрх ашиг сонирхлыг илэрхийлэхгүй, тухайн орон нутаг дэвсгэрийн иргэдийн эрх ашиг сонирхлыг эрхэмлэнэ шүү гэж заасан. Эдгээр асуудлаас хамгийн түрүүнд иргэдийн эрх ашиг, сонирхол, иргэдийн төлөөллийн үүргийг хэрэгжүүлж байгаа тэнд хууль дээдлэх ёстой нөхдүүд дөнгөж хуралд ороод хууль зөрчсөн асуудлууд гарч ирэхээр тэрний дагуу шаардлага тавьж эхэлсэн. Энэ чинь буруу байна, энэ гурван хүн тэндээс чөлөөлөгдөөгүй байна, давхар сонгогдсон байна гэдэг асуудал тавьсан. Тэр хууль зөрчөөд байгаа хуралд үргэлжлүүлээд суугаад байх ямар ч боломжгүй, үүнийг хүлцэн тэвчээд суугаад байх боломжгүй учраас тэр хуралдааныг орхиод гарсан. Ийм шалтгаантай байсан учраас хурлыг орхисон гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ хүмүүс аймагт эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ өгсөн байсан гэтэл хурлыг товлохгүй байсаар байгаад нөгөө сумын хурал нь эхлээд товлогдсон байсан учир суман дээрээ очоод бүрэн эрхээ баталгаажуулаад сонгогдсон юм, маргааш нь чөлөөлөгдсөн гэж тайлбарлаад байна. Ийм дураараа байж болдог юм уу.Та хоёр шатны төлөөлөгч байж болохгүй шүү гээд хуулиар хориглосон байна. Энэ хүмүүс 10 дугаар сарын 14-ны өдөр аймгийн хуралдаа суух хүсэлтээ өгөөд дараа нь 22-ны өдөр болон 25-ны өдөр сумын хуралдаа очоод бүрэн эрхээ зөвшөөрүүлсэн. Зөвшөөрүүлснээр тэнд тэр хүний бүрэн эрх нь хэрэгжээд эхэлж байгаа, хуульд зааснаар бүрэн эрх нь баталгаажсан бол бүрэн эрх нь хэрэгжээд үүрэг нь хүлээгдээд явж байгаа. Энэ бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн. Энэ хуулийг зөрчсөн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд аймгийн хурлын бүрэн эрхээ баталгаажуулсны дараа ... нь 10 дугаар сарын 30-ны өдөр, ... нь болохоор 11 дүгээр сарын 04-ны өдөр сумын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд явсан байдаг. Энэ нь давхар хоёр шатны хуралд сууж болохгүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна. Нөгөө талаас сонгуулийн тухай хуульд хоёр шатны хуралд нэр дэвших эрхтэй энэ эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн гэж яриад байна. Энэ бол үүнтэй огт холбоогүй асуудал. Тэр эрхтэй бидний хэн ч маргаагүй. Харин сонгогдсоныхоо дараа аль нэгийгээ өөрөө сонгоод тэр нь дээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудал байсан. Хэрвээ сумын хурал нь эхэлж болоод сумандаа бүрэн эрхээ зөвшөөрүүлсэн бол дараа нь 10 дугаар сарын 29-ны өдрийн хурал болохоос өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой байсан. Гэтэл энэ хүмүүс дараа нь өгөөд байгаа юм. Өнөөдөр бид нар 01 дүгээр тогтоол хууль ёсны байна уу гэдэг тогтоолын хууль зүйн үндэслэлийг ярьж байгаа болохоос биш хууль бус зүйлийг зөвтгөсөн асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй. Тухайн тогтоолыг хуульд үндэслэсэн байна уу, хууль ёсных байна уу гэдгийг ярих болохоос биш дараа нь би чөлөөлөгдсөн байна, энэ хоёр хүмүүс аль ч үгүй боллоо гэдгийг ярилцахгүй. Энэ хүмүүсийн эрх зөрчигдлөө, сум ч үгүй, аймаг ч үгүй боллоо гэж байгаа бол эрх нь зөрчигдөж байгаа бол эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй байгаа... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг ханга гэсэн зүйл яриад байна гэж байна. Би тийм зүйл яриагүй. Субьектив эрх нь зөрчигдөөгүй гэж байна. Энэ дээр нэхэмжлэгч өөрөө ч би дарга болох байсан гэж яриагүй. Шударгаар өрсөлдөх тэгш боломжоо алдчихлаа дээрээс нь хамгийн олон суудал авсан нам түрүүлж нэр дэвшүүлнэ, энэ боломжийг хаасан юм. Энэ 3 хүн хууль бусаар орж иж ирц бүрдүүлэх зорилгоор сумаасаа чөлөөлөгдөөгүй байж энд дахин орж ирээд ирц бүрдүүлэх зорилгоор орж ирсэн. Тэрнээс болоод энэ 2 хоорондоо шалтгаант холбоотой. Энэ 3 хүн орж ирээгүй бол Ардын намын төлөөлөгчийн тоо хамгийн олон саналтай байх байсан байна. Олонхын санал авсан хүмүүс маань хамгийн эхлээд намын бүлгээсээ хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэх байсан. Энэ хууль бус ажиллагааны улмаас энэ боломжуудаа алдчихаад байгаа юм. Энэ 3 хүн нэхэмжлэгчийн эрхийг зөрчлөө гэсэн агуулга яригдаагүй. Хууль бус тогтоол гарсны улмаас нэхэмжлэгчийн нэр дэвших эрх нь зөрчигдөөд байна. Хууль бусаар ирц бүрдүүлснээс болоод эрх нь зөрчигдсөн. Энэ хооронд шалтгаант холбоо байна. Эхлээд төлөөлөгч нарынхаа бүрэн эрхийг зөвшөөрүүлнэ. Дараа нь хурлын даргад нэр дэвших ажиллагаа явагдана. Гэтэл эхний шатандаа энэ хүмүүс хууль бус байгаа учраас хурлаа орхиод гараад явахаар нөгөө нэр дэвших боломжоо эдэлж чадаагүй. Дараагийн шатны нэр дэвших боломжоо энэ хүмүүс алдсан. Нэр дэвшүүлэхийн хувьд тухайн намаас нь чиглэл өгсөн байсан. Өөрийн хүсэлтийг нь үндэслээд хурлын даргад нэр дэвшүүлье та нар анхаарч ажиллаарай гэх албан тоотыг хүргүүлсэн байсан. Энэ баримт бол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ баримтаар хэрвээ хуулийн дагуу яваад энэ тогтоол хуулийн дагуу гарсан байсан бол энэ хүний нэр дэвших эрх хангагдах байсан байж. Нэр дэвшүүлээд сонгогдох нь дараагийн асуудал юм. Би заавал дарга болох байсан гэж яриагүй, нэр дэвшүүлэх эрхийг зөрчлөө энэ нь хуулиар олгогдсон эрх, хурлын дэгээр тогтсон асуудал байгаа. Ер нь бол нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна. Маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Энэ хүмүүсийн бүрэн эрхийг зөвшөөрөхдөө хуульд нийцэж байгаа эсэх, хэрвээ хууль зөрчиж байгаа бол энийг яах ёстой вэ гэдгийг тогтоож байж захиргааны акт гарах ёстой байсан. Гэтэл энэ хүмүүс 18 хүнтэй болонгуутаа 3 хүнээ дуудаж авчраад хууль зөрчсөн, тэгэхээр энэ бол хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлагаа ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" 01 тоот тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж тодорхойлжээ. Гэтэл ..., Г.Мөнх-Од, Г.Энхболд, Г.Бямбадорж С...., ..., Ц.Жамбалсүрэн, Д.Мөнхбаатар, Б.Уранжаргал, Б.Ганбат, П.Очирсүрэн, Х.Цэрэнбат, А.Бэлгүүн, О.Цэрэнбаатар, Ц.Энхболд С.Цагаанбаатар, А.Мөнгөнбаяр, Б.Болдбаатар нар нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхдугаар хуралдааны 01, 02, 03, 04, 05 тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байна...Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Анхдугаар хуралдааны 01, 02, 03, 04, 05 тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ижил агуулгаар дахин нэхэмжлэл гаргаж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ..., ... нар нь Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07, ... нь ... сумын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар иргэн ... нь Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан...Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгч ...ын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр дүгээр тогтоолыг батлан гаргасан. Хурал нь төлөөлөгч ...ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцох, санал хэлэх, санал хураалгах, иргэдийг төлөөлөх эрх, үүргийг зөрчөөгүй гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдсан. Анхдугаар хуралдааны ирц нь 100 хувь буюу төлөөлөгчөөр сонгогдсон 41 төлөөлөгч орж ирж хурлыг эхлүүлээд төлөөлөгчийн бүрэн эрхийг хэлэлцэж байх явцад Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгч нар хуралдааныг орхин гарч явсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанаар хуралдаанд оролцохгүй байх түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасан, энэ заалтыг Монгол Ардын намын төлөөлөгч нар зөрчсөн. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 4.5-т хурлын төлөөлөгч, нам, эвслийн бүлэг шалтгаангүйгээр хуралд оролцохгүй байх мөн хуралдааныг орхин гарахыг хориглоно гэж, 4.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан бол эсрэг санал өгсөнд тооцно гэж заасан. Зөвхөн ..., ..., ... нар л хууль зөрчиж орж ирсэн мэт яриад байна. Гэтэл Цээл сумын Цагаанбаатар гэдэг хүн МАН-аас нэр дэвшээд аймаг болон сумын төлөөлөгчөөр одоо хүртэл давхар явж байгаа....Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгт заасны дагуу 21 төлөөлөгч бол нийт төлөөлөгч нарын 52.5 хувийг бүрдүүлж байсан учраас Анхдугаар хуралдаан хуралдаж хууль ёсны дагуу үргэлжилж явсан...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ... төлөөлөгч нэхэмжлэл гаргасан. Үүнээс өмнө Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 дугаар сарын 27-ны өдөр, ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 дугаар сарын 31-ний өдөр болж аль хэдийн энэ хүмүүс тухайн сумынхаа төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн байсан. Хуралдаан бол хууль ёсны дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу болон хурлын дэгийн дагуу явсан хүчин төгөлдөр хурал. Хуралдаан дэгд заасан процессын дагуу явсан учраас ... төлөөлөгчийн нэрийг Хурлын даргад заавал нэр дэвшүүлэх ёстой байсан, миний эрх ашиг зөрчигдөж байна гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй. Хурлын даргыг олонхын саналаар сонгодог...Анхдугаар хуралдааныг аймгийн Сонгуулийн хороо товлож зарлаж байгаа. Хэлэлцэх асуудлаа тухайн хурал дээрээ баталсан...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 4.5-т төлөөлөгч шалтгаангүйгээр хуралд оролцохгүй байх, эсвэл түүнийг орхин гарахыг хориглоно гэж заасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-т хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасан. Хуулийн дагуу манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг батлагдаж явсан...энэ гурван хүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр энэ хүн хурлын дарга болох боломжтой юм уу. Өнөөдөр хурлын дарга болно, болохгүй гэдэг асуудлыг хурын төлөөлөгч нар шийднэ... Хурлын дарга болно гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа одоо хурлын даргад нэр дэвших боломжийг хаасан гэж яриад байна. Нэр дэвших боломж бүрэн байсан. Энэ хүн хурлын зааланд орж ирсэн. Төлөөлөгчийн бүрэн эрх нь баталгаажсан. Тэгээд шууд орхиод гараад явсан. Хурлын даргад нэр дэвших гээд хүсэл зоригоо илэрхийлээд байхад нь дэвшүүлэхгүй байсан эрхийг нь зөрчсөн гэж байна. Тийм үйл баримт байгаа юм уу. Давхар нэр дэвшүүлсэн хууль зөрчсөн гэдэг зүйл яриад байна. Өнөөдөр гуравдагч этгээд нарыг хууль зөрчсөн гэсэн шүүхийн шийдвэр хаана байгаа вэ, хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоогоод байгаа вэ. Хурал орхиж гарсан гэдгээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэж өмгөөлөгч нь тайлбарлаж байна, хүндэтгэн үзэх шалтгаан биш...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.6.Гуравдагч этгээд ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би ... аймгийн 35 дугаар тойргоос Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн. Мөн Эрдэнэсант сумын 3 дугаар тойрогт 8 хүн нэр дэвшиж нэгээр гарсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1079 хүний санал авч хамгийн өндөр хүний санал авсан. Эрдэнэсант сумын иргэнд намайг ... аймагт очиж бидний дуу хоолой бол гэж хамгийн өндөр санал өгсөн. Үүний дагуу би сумандаа өргөдлөө өгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгосон. Сонгуулийн тухай хуулиар болон Үндсэн хуулиар миний сонгох сонгогдох эрхийг олгосон. Хоёр хуралдаа сууж төлөөлөгчөө баталгаажуулж, өргөдлөө өгч, одоогоор би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш...... төлөөлөгч аймгийн хурлын даргад өөрийгөө дэвшүүлээгүй, санал хураалтад оролцоогүй. Тийм болохоор миний хувьд энэ хүний эрхийг боож хаасан зүйл болоогүй. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна...” гэв.
3.7. Гуравдагч этгээд ... шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд Эрдэнэсант сумын 5 дугаар тойрогт нэр дэвшиж 316 хүний саналаар мандатын нэгээр гарсан. ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 дугаар тойрогт мөн нэр дэвшиж, мандатын хоёроор 998 хүний саналаар гарч ирж, хоёр шатны мандатын анхдугаар хуралдаанд оролцож бүрэн эрхээ баталгаажуулж төлөөлөгчийнхөө аль шатанд төлөөлөгч хийх сонголтоо 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд татгалзах хүсэлтээ өгсөн. Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж миний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг дуусгавар болгосон. ... нэхэмжлэгчийн хувьд энэ хүмүүс 11 дүгээр сарын 28-ны өдөр энэ хүмүүс хоёр шатанд төлөөлөгч хийж байна гээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан өдөр би зөвхөн ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхтэй байсан. Хоёрт, 10 дугаар сарын 29-ны өдөр болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан дээр ... төлөөлөгч хурлын даргад өөрөө ч нэр дэвшээгүй. Буруутай үйлдэл хийсэн мэтээр жил гаран шүүхээр явуулаад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.8. Гуравдагч этгээд ... шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгох, сонгогдох эрхээ эдлээд хоёуланд нь сонгогдсон. Бид нар хурлын төлөөлөгч болж гарч ирснээр Монгол Ардын намын төлөөлөгч нарт бид нарыг хууль зөрчигч гэдэг байдлаар олон нийтийн сүлжээ болон бусад хэлбэрээр маш их гутаан доромжилсон. Тэрний хариуд бид ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Дөрвөөс таван удаагийн телевизийн шууд ярилцлага, цахим контент хийж бидний нэр хүндийг унагах маш их зохисгүй үйлдлүүдийг гаргасан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3.9. Иргэдийн төлөөлөгч ..., ... нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сумын анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 22-ны өдөр, Аймгийн анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан байна. Гэвч ... аймгийн иргэдийн төлөөлөгч ..., ..., ... нар нь давхар аймгийн анхдугаар хуралдаанд сууж зөрчил үүсгэжээ. 11 дүгээр сарын 04-ний өдөр, 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус сумынхаа төлөөлөгчөөс татгалзсан байна. Иймд давхар хуралд сууж зөрчил гаргасан байна. Сонгуулийн хороо маш сайн ажиллаж мэдээллээр хангах байж. Сум болон аймгийн аль 1 хуралд суух байсан юм болов уу......, ..., ... нар нэхэмжлэгчийн эрхийг нь зөрчсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч ...ын “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Нэг. Маргаан бүхий захиргааны акт: ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг үндэслэн, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар тухайн Хурлын төлөөлөгчид нэр дэвшин сонгогдсон ... нарын нэр бүхий 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг тогтоолын жагсаалтын 4 дэх хэсгээр ... сумаас нэр дэвшин сонгогдсон ..., 39, 40 дэх хэсгүүдээр Эрдэнэсант сумаас нэр дэвшин сонгогдсон ..., .... нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталжээ.
Харин, Монгол ардын намаас Баянхангай сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшин сонгогдсон ....гийн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөөгүй үлдээсэн байна.
Хоёр. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
-...Анхдугаар хуралдаанаар 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудал хэлэлцэхэд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т төлөөлөгч нь өөр шатны хурлын төлөөлөгч байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, мөн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхээ зөвшөөрүүлсэн ..., ..., ... нар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцож, хууль бусаар ирц бүрдүүлсэн. Төлөөлөгч нар давхар нэр дэвшиж хууль зөрчлөө, энэ хуралдаан хүчин төгөлдөр бус болно гэж удаа дараа сануулсан боловч хуралдаан даргалагч бидний асуултад тодорхой хариулт өгөхгүй хурлын дэгийг зөрчсөн,
-хууль зөрчсөн асуудал байгаа учир хуралд оролцох боломжгүй, энэ асуудлыг шийдвэрлүүлье гэсэн санал гаргасны үндсэн дээр бид хурлыг орхин гарсан,
- Энэ 3 хүн сумын Хурлаасаа чөлөөлөгдөөгүй байж аймгийн Хуралд ирц бүрдүүлэх зорилгоор хууль бусаар орж ирсэн. Энэ 3 хүн орж ирээгүй бол МАН-ын төлөөлөгчийн тоо хамгийн олон байх байсан. Олонхын санал авсан төлөөлөгч нар хамгийн эхлээд намын бүлгээсээ хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ хууль бус ажиллагааны улмаас энэ боломжуудаа алдчихсан,
-аймгийн Хуралд 21 суудал авсан Ардчилсан нам нь ..., ..., ... нарыг оролцуулахгүйгээр анхдугаар хуралдааныг хийсэн бол нийт 41 төлөөлөгчөөс Ардчилсан намын төлөөлөгч 18 байхаар байсан. Тухайн үед Монгол Ардын намынхан хурлаа орхиод гарсан. 18 төлөөлөгч нь нийт ирцийн 43.9 хувь буюу ирц бүрдэх боломжгүй байсан, хууль бус бүрэлдэхүүнээр 01 тогтоолыг гаргасан,
- ... миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэхээр зэхсэн байсан. Хурлын даргад намын бүлгээс нь нэр дэвшүүлэх чиглэл өгсөн баримт хэрэгт авагдсан байгаа,
- хууль зөрчигдсөний улмаас нэхэмжлэгчийн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.2-т заасан тухайн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх, тэгш шударгаар өрсөлдөх эрх зөрчигдсөн, хурлын даргад нэр дэвших, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг хаасан, Хурлын даргад нэрээ дэвшүүлэх боломжоо алдсан гэж тодорхойлон маргаж байна.
Гурав. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхэд эх хувиар ирүүлсэн, маргаанд холбогдох баримтуудыг авч үзвэл:
3.1. ... аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт хуралдуулахаар товлож, Хурлын даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар захирамжаар, анхдугаар хуралдаанаар “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг сонгох тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын хороо болон зөвлөл байгуулах” асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаанд оролцох төлөөлөгч нарт хүргүүлж, хуралдааны бэлтгэл хангахыг ажлын албанд үүрэг болгосон[10],
3.2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлж, тухайн орон нутгийн ээлжит сонгуулиар аймгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 41 нэр дэвшигч оролцон, 100 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхэлж, хуралдааныг төлөөлөгчдийн хамгийн ахмад ... даргалан, хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгч ..., ... нарын төлөөлөгчдөөс “...Эрдэнэсант сумын 2 төлөөлөгч, ... сумын 1 төлөөлөгч нь сумын Хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхээ зөвшөөрүүлсэн байна, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2-т хурлын төлөөлөгч өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч байхыг хориглосон, хууль зөрчиж байна, завсарлага авъя” гэсэн санал гаргаж, улмаар төлөөлөгч ..., ..., Г.М, Г.Э, Г.Б С...., Ц.Ж, Д.М, Б.У, Б.Г, П.О, Х.Ц, А.Б, О.Ц, Ц.Э, С.Ц, А.М, Б.Б хуралдааныг орхин гарсан.
3.3. Тухайн хуралдааныг танхимд үлдсэн 21 төлөөлөгч үргэлжлүүлэн хуралдуулж, тооллогын комисс байгуулан, 01 дүгээр тогтоолоор “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 40 төлөөлөгчийн бүрэн эрх”-ийг зөвшөөрсөн, үүнд МАН-аас нэр дэвшин сонгогдсон ..., ..., Г.М, Г.Э, Г.Б,Ц.Ж, Д.М, Б.У, Б.Г, П.О, Х.Ц, А.Б, Т.М О.Ц, Ц.Э, С.Ц, А.М, Б.Б нарын 18 төлөөлөгч,
Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон ..., ..., ..., ..., Я.Э, Б.Б ,..., Ц.Н, Б.Ө, Ц.Д, Н.Э, Д.М, Л.А, Б.Ж, Д.Б, ..., Б.Х, Н.Д, Б.О, Э.Н, Э.Б, Ц.О, Л.Т нарын 21 төлөөлөгчийн, нийт 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталжээ[11],
3.4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх заалтад “Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж, 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно” гэж тус тус заажээ.
3.5. Анхдугаар хуралдаанд Ардчилсан намаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар албан бичгээр “аймгийн Хурлын даргад Н.Энхболд”-ийн нэрийг дэвшүүлсэн[12] харин ... нарын 19 төлөөлөгч тухайн хуралдаанд оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч ... нь Хурлын даргад өөрийн нэрийг дэвшүүлээгүй, МАН-аас болон өөр бусад төлөөлөгчдөөс ...ын нэрийг дэвшүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эх хувиар ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.6. Нэхэмжлэгчээс тухайн захиргааны хэрэгт 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр[13] ирүүлсэн, ... аймгийн МАН-ын хорооны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаартай “... аймгийн ИТХ-ын МАН-ын бүлэгт чиглэл хүргүүлэх тухай” “......ыг өөрийнх нь хүсэлтийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн албан бичгийг ирүүлсэн байх боловч тухайн албан бичгийг анхдугаар хуралдаанд хүргүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, хуралдааны тэмдэглэлд МАН-аас уг албан бичгийг ирүүлсэн тухай болон ...ыг Хурлын даргад нэр дэвшүүлсэн талаар тэмдэглэгдээгүй байх тул тухайн албан бичгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болно.
3.7. Үүнээс гадна, нэхэмжлэгч ...ыг ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх, мөн хариуцагч, гуравдагч этгээд нараас болон өөр бусад этгээдээс түүнийг Хурлын даргад нэрээ дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.
3.8 Тодруулбал, ... нь анхдугаар хуралдаанд “......, ..., ... нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, бүрэн эрхээ зөвшөөрүүлсний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцож хууль зөрчлөө, хуультай холбоотой асуудлаа тодорхой байр сууринд нэгдсэн ойлголтод хүрч байж, хурлаа цааш үргэлжлүүлье” гэсэн санал гаргаж, завсарлага авахыг хүсэж, улмаар хурлыг орхин гарсан байх бөгөөд энэ нөхцөл байдлыг “..., ..., ... нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, бүрэн эрхээ зөвшөөрүүлсний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхээ зөвшөөрүүлснээр нэхэмжлэгч ...ын аймгийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх боломжийг хаасан, түүний нэрийг Хурлын даргад дэвшүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн” гэж дүгнэх үндэслэлгүй байна.
3.9 Учир нь, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт “...хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.” гэж тайлбарласан.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж, 46.8 дахь заалтад ”Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан.
Мөн, ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Хуралдааны дэг”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар ахмад төлөөлөгч нээж удирдах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 7.1.1. Аймгийн Сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсэн орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл, 7.1.2. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох...” гэж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад “Хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт төлөөлөгчдийн олонх нь оролцсоноор ирцийг хүчин төгөлдөрт тооцно” гэж, 4.4 дэх заалтад “хурлын төлөөлөгч өөрөө өвчтэй, эсхүл өвчтэй хүн асарсан, гадаад дотоодод албан томилолтоор ажиллаж байгаа, байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, ар гэрийн гачигдал гарсан бол хүндэтгэн үзэх шалтгаантай гэх бөгөөд бусад тохиолдолд хуралдааныг тасалсанд тооцно” гэж, 4.5 дахь заалтад “Хурлын төлөөлөгч, нам, эвслийн бүлэг шалтгаангүйгээр хуралдааныг орхиж гарсан бол эсрэг санал өгсөнд тооцно” гэж заажээ.
3.10. Маргаан бүхий тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг нь зөвшөөрсөн бөгөөд уг хуралдаанаар нэхэмжлэгч ... нь Хурлын даргад нэрээ дэвшүүлэх санал болон тухайн хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулаагүй, бусад төлөөлөгчдөөс Хурлын даргад түүний нэрийг нь дэвшүүлсэн үйл баримт тогтоогдсонгүй.
3.11. Дээр дурдсан, хуулийн зохицуулалт, Хурлын дэг болон тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч нь анхдугаар хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан бөгөөд тухайн хуралдаанаар “төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд “эсрэг” санал буюу “төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөхгүй” санал өгсөн. Мөн хуралдаанаар “Хурлын дарга”-д нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нэхэмжлэгч нь өөрийн нэрээ дэвшүүлээгүй, бусад төлөөлөгчдөөс түүний нэрийг дэвшүүлээгүй бөгөөд тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд “эсрэг” санал буюу “Хурлын даргад нэр дэвшүүлэх” асуудлыг хэлэлцэхгүй” санал өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
3.12. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,
Эрдэнэсант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ..., ... нарын тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн[14], мөн ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ...ын тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсний[15] дараа маргаан бүхий 01 дүгээр тогтоолоор ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөхдөө ..., ..., ... нарын “аймгийн Хурлын төлөөлөгч”-ийн бүрэн эрхийг зөвшөөрсөн нь тус тус тогтоогдсон.
Гэвч, нэхэмжлэгч нь “01 дүгээр тогтоолоор ..., ..., ... нарын аймгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хэсэг нь миний аймгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ зөвшөөрүүлэх эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж маргаагүй, харин “01 дүгээр тогтоолоор ..., ..., ... нарын аймгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хэсэг нь миний аймгийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх эрхийг хаасан, Хурлын даргад нэрээ дэвшүүлэх тэгш шударгаар өрсөлдөх эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж маргасан тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, маргаан бүхий 01 дүгээр тогтоолоор “... аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч” баталсан, уг тогтоолоор “Хурлын даргад нэр дэвшүүлэх” асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд анхдугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор “Хурлын даргаар Н.Энхболдыг сонгож” баталсан, уг тогтоолтой нэхэмжлэгч маргаагүй тул маргаан бүхий 01 дүгээр тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн “Хурлын даргад нэрээ дэвшүүлэх” эрх сэргэх боломжгүй.
Үүнээс гадна, Хурлын даргын захирамж, Хурлын дэг-д “анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг сонгох” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон байхад нэхэмжлэгч тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна: 39.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, 39.1.4. Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж, 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалтад “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй” гэж заасан эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй бөгөөд түүний энэ эрхэд хариуцагч, гуравдагч этгээд нар болон бусад этгээдээс саад учруулаагүй байна.
3.13. Иймээс, маргаан бүхий 01 дүгээр тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх, бусад нэр дэвшигчтэй тэгш шударгаар өрсөлдөх” эрхийг хөндөөгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.2-т “Хурлын даргыг сонгох...”, 46 дугаар зүйлийн 46.7 дахь заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн…олонхын саналаар батална.” гэж, 48.2 дахь заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга…гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
3.14. Нэхэмжлэгч нь “01 дүгээр тогтоолоор ..., ..., ... нарын аймгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хэсэг нь миний аймгийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх эрхийг хаасан, Хурлын даргад нэрээ дэвшүүлэх тэгш шударгаар өрсөлдөх боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, харин маргаан бүхий тогтоолоор баталсан жагсаалтын 4 дэх хэсгээр ..., ..., 39 дэх хэсгээр Ө.Мөшбаяр, 40 дэх хэсгээр ... нарын аймгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн байх тул иргэдийн төлөөлөгч ..., ... нарын “...төлөөлөгч ..., ..., ... нар нь давхар аймгийн анхдугаар хуралдаанд сууж зөрчил үүсгэжээ. Сонгуулийн хороо маш сайн ажиллаж мэдээллээр хангах байж. Сум болон аймгийн аль 1 хуралд суух байсан...” гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Дөрөв. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд, тэдгээрийн үндэслэлийн талаар авч үзвэл:
4.1. Анх 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч ... болон ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ..., ..., Г.М, Г.Э, Г.Б, С...., Ц.Ж, Л.М, Б.У, Б.Г, П.О, Х.Ц, А.Б, О.Ц, Ц.Э, С.Ц, А.М, Б.Б нараас “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 02 тоот тогтоол, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх 03 тоот тогтоол, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо байгуулах 04 тоот тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах 05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргаснаар ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс индексийн 123/2024/0073/З дугаартай захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан[16].
4.2. Тухайн захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ...аас “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 дүгээр тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 123/ШЗ2025/0063 дугаар захирамжаар[17] индексийн 123/2025/0018/З/ дугаартай захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
4.3. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ... нь ... нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг /индекс:123/2024/0073/З-т “Миний бие ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 19 төлөөлөгчийн хамт ... аймгийн ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 02 тоот тогтоол, ...03, 04, 05 тоот тогтоолыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дагуу... 123/ШЗ2024/0603 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч би ... аймгийн ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолтой холбоотой асуудлаар бие даасан шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан тул өмнө гаргасан ... аймгийн нэр бүхий 19 төлөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэсэн тайлбарыг гаргасан[18].
4.4. ...ын хүсэлтээр, ... нарын 20 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргээс ...ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлан /индексийн дугаар: 123/2025/0038/З/Т/, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШЗ2025/0031 дүгээр захирамжаар “нэхэмжлэгч ... нь ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 02 тоот тогтоол,...03 тоот тогтоол, 04 тоот тогтоол, 05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тухайн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй”-г дурдаж шийдвэрлэжээ[19].
4.5. Дээр дурдсан, нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас үзвэл, нэхэмжлэгч нь тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр татгалзжээ.
4.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу, шүүхээс нэхэмжлэгчийн “01 дүгээр тогтоолоор ..., ..., ... нарын аймгийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хэсэг нь миний аймгийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх эрхийг хаасан, Хурлын даргад нэрээ дэвшүүлэх тэгш шударгаар өрсөлдөх эрхийг зөрчсөн” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэлээ.
4.7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.2.Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах” гэж зааснаар Хурлын даргыг сонгох асуудлыг зөвхөн Хурлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх зохицуулалтай бөгөөд Хурлын даргаар Н.Энхболдыг сонгосон 02 дугаар тогтоолтой нэхэмжлэгч маргаагүй. Үүнээс үзвэл, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоолоос ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор “хурлын даргыг сонгосон тогтоол” хүчингүй болох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн тодорхойлж байгаа нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй байна.
4.8. Тодруулбал, нэхэмжлэгчээс “Хурлын даргад нэрээ дэвшүүлэх, тэгш шударгаар өрсөлдөх” эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолын ..., ..., ... нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан ч уг тогтоолоор “Хурлын даргад нэр дэвшүүлэх” асуудлыг шийдвэрлээгүй байна.
4.9. Иймээс, нэхэмжлэгчийн “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр бүрэн эрхээ зөвшөөрүүлсэн ..., ..., ... нар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцож, хууль бусаар ирц бүрдүүлсэн, энэ 3 хүн орж ирээгүй бол МАН-ын төлөөлөгчийн тоо хамгийн олон байх байсан. Олонх болсон нам хамгийн эхлээд намын бүлгээсээ хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй, хууль бус ажиллагааны улмаас энэ боломжуудаа алдчихсан,...хууль бус бүрэлдэхүүнээр 01 тогтоолыг гаргасан, хууль зөрчигдсөний улмаас нэхэмжлэгчийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.2-т заасан тухайн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх, тэгш шударгаар өрсөлдөх эрх зөрчигдсөн, хурлын даргад нэр дэвших, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг хаасан...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 46 дугаар зүйлийн 46.7, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ...ын “... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 01 тоот тогтоолын Ө.М, О.М, А.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч ...аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтыг баримтлан шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА
ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА
[1] Хавтаст хэрэг-2, 155 дахь талд,
[2] Хавтаст хэрэг-3, 86-88 дахь талд,
[3] Хавтаст хэрэг-3, 48-81 дэх талд,
[4] Хавтаст хэрэг-2, 19 дах талд,
[5] Хавтаст хэрэг-2, 132 дах талд,
[6] Хавтаст хэрэг-2, 11 дэх талд,
[7] Хавтаст хэрэг-2, 13 дах талд,
[8] Хавтаст хэрэг-2, 217-232 дахь талд,
[9] Хавтаст хэрэг-1, 22-26 дахь талд,
[10] Хавтаст хэрэг-2, 155 дахь талд,
[11] Хавтаст хэрэг-2, 16 дахь талд,
[12] Хавтаст хэрэг-3, 86 дахь талд, /АИТХ-ын Анхдугаар хуралдааны материаль эх хувь-81 дах талд/,
[13] Хавтаст хэрэг 2, 209-210 дахь талд,
[14] Хавтаст хэрэг-2, 19 дахь талд,
[15] Хавтаст хэрэг-2, 11 дэх талд,
[16] Хавтаст хэрэг-1, 72-74 дэх талд,
[17] Хавтаст хэрэг-1, 27-30, 44-47, 53-55 дахь талд,
[18] Хавтаст хэрэг-2, 44 дэх талд,
[19] Хавтаст хэрэг-2, 57-59 дэх талд,