Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 226/МА2022/00003

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23-ны өдөр            226/МА2022/00003                                     Хэрлэн сум

 

 

 

 

Ш.Х-гийн нэхэмжлэлтэй,

С.О-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00003/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Т.Э, О.З /цахимаар/,

Хариуцагч С.О-ийн өмгөөлөгч Б.Жавхлан, С.Нарангэрэл /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2021/00179 дугаар шийдвэртэй Ш.Х-гийн нэхэмжлэлтэй хариуцагч С.О-д холбогдох “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 151.288.202 төгрөг гаргуулах” тухай иргэний 3 хавтас 568 хуудас бүхий хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Золбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар миний бие 151.288.202 төгрөгийн хохирлыг С.О-аар гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан.

1. Оршуулгын зардлын зөрүү 4.504.558 төгрөг /Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардалтай холбогдох баримтуудыг гаргаж өгч хавтаст хэрэгт хавсаргасан боловч нэгтгэн тооцоолохдоо 4.504.558 төгрөгөөр дутуу бодсон байсан/

2. Бензиний зардал 783.644 төгрөг /уг бензиний зардал нь оршуулгын үед хэрэглэсэн бензин биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн дуудсанаар маш олон удаа ирж очиж байсан бөгөөд түүний зөвхөн бензиний зардал 783.644 төгрөг болсон/,

3. Өмгөөлөгчийн хөлс 11.000.000 төгрөг /С.О- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учир надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй болж 11.000.000 төгрөгөөр хоёр өмгөөлөгч хөлсөлсөн/

4. Туслах малчны цалин хөлс 125.000.000 төгрөг /манай гэр бүл таван хошуу малтай, мал маллаж түүнийхээ үр шимээр амьдардаг бөгөөд бог малаа малчин хөлсөлж, харин бод малаа талийгаач нөхөр маань өөрөө маллаж байсан. Одоо бод мал маллах хүнгүй болсон бөгөөд би бага насны дөрвөн хүүхдийн хамт үлдээд байна. Иймд том хүү М.Г-ыг 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургууль төгсөж ирэх хүртэл хугацааны буюу 2030 оныг дуустал малчин хөлсөлж бод малаа маллуулахаас өөр аргагүй болоод байна. 2020 оны 08 дугаар сараас 2030 оныг дуустал хоёр малчны цалин одоогийн ханшаар нийт 125.000.000 төгрөг болно/

5. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг /С.О- нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Түүнчлэн намайг гүжирдэж байгаа мэтээр, одоо ч гэсэн гүжирдээд шоронд явуулсан мэт шүүгдэгч тал ханддаг. С.О-ын ах дүүс намайг дүүг нь хилс хэргээр шоронд явуулсан юм шиг ярьсан/,  

Иймд оршуулгын зардлын үлдэгдэл 4.504.558, бензин түлшний зардал 783.644, өмгөөлөгчийн хөлс 11.000.000, 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2030 оныг дуустал хугацааны 2 малчны цалин хөлс 125.000.000, сэтгэл санааны хохирол 10.000.000, нийт 151.288.202 төгрөгийг С.О-аас гаргуулж өгнө үү. Мөн хүүхдүүдийн маань тэжээгчээ алдсаны тэтгэмж 350.000 төгрөгөөр тогтоосон. Энэ мөнгө дөрвөн хүүхдэд маань хаанаа ч хүрэхгүй. Тиймээс зөрүүг гаргаж өгнө үү” гэв.  

 Хариуцагч С.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие хохирогч Ш.Х-д оршуулгын зардал болон бусад хохиролд 33.294.410 төгрөг төлсөн. Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудыг шалгаж үзэхэд 30.706.037 төгрөгийн баримтууд нь нотлох баримтаар нотлогдож байна. Оршуулгын зардлын зөрүү болох 4.504.558 төгрөгийн баримт нь нотлох баримтгүй, бусад зардал нь оршуулгатай холбоотой зайлшгүй гарах зардал биш байна” гэж дүгнэсэн. Хохирогч нарт иргэний хэрэгт өгсөн нотлох баримт байсан бол анхан шатны шүүх хуралдаанд өгөх ёстой байсан гэж үзэж байна. Тэр үедээ өгөөгүй, сүүлд бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэн эсэхэд эргэлзээ төрж байна. Оршуулгын зардлын зөрүүг төлөх эсэх асуудал нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал. Мөн нэхэмжилсэн бензиний зардал 783.644 төгрөгийн нотлох баримтуудыг урьд нь анхан шатны шүүх дээр гаргаж өгч байгаагүй, сүүлд бүрдүүлсэн баримт тул би төлөх үндэслэлгүй. Өмгөөлөгчийн хөлс 11.000.000 төгрөг бол хохирогч тал хуулийн байгууллагад эрх ашгаа хамгаалуулах гэж сайн дураараа гаргасан зардал учраас би төлөх үндэслэлгүй. Малчны цалин хөлс 125.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд энэхүү зардал нь ирээдүйд гарах эсэх нь тодорхойгүй, хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй зардал байна гэж үзэж байгаа тул төлөхөөс татгалзаж байна. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Ш.Х-гийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 24-ний өдрийн 157/ШШ2021/00179 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.О-с 8.783.644 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 142.504.558 төгрөг болон гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.Х- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 155.488 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Золбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн боловч шүүх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй гэдэг шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Тус нотлох баримтуудыг нэхэмжлэгч өөрөө хүсэлт гарган төрийн холбогдох байгууллагаас гаргуулж авсан бөгөөд энэ талаар тайлбар хийсэн боловч шүүх хүлээн аваагүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “амьд явах эрхтэй”, 14-т “Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй”, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх”, 4.1.4-т “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэнтэй нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хүний үндсэн эрх бол амьд явах эрх, энэ эрх нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн бөгөөд энэ гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн хохирлоо нэхэмжлэгч нэхэмжилж авах эрхтэй. Хуульд зааснаар нэхэмжлэгч нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу нэхэмжлэгч холбогдох төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулж, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж өгсөн. Нэхэмжлэгч бага насны 4 хүүхэдтэй, хөдөө амьдардаг, байн байн ирж очиход хүндрэлтэй. Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд ийм шалтгааныг шударга шүүх л хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж дүгнэж оролцогчийн эрхийг хангана. Нотлох баримтыг үнэлэх эсэх нь шүүхийн эрхийн асуудал хэдий ч шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Мөн шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг хүртэл эдэлдэг. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангаж буй явдал юм. Нэхэмжлэгчийн гэрийн хаяг, бусад холбогдох мэдээлэл бүгд хэргийн материалд байгаа бөгөөд ийм илэрхий зүйлийг нотлох шаардлага байхгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч талын хүсэлтээр С.О-д холбогдох эрүүгийн хэргээс хохирлын баримтуудыг хуулбарлан иргэний хэрэгт хавсаргасан бөгөөд нотлох баримтуудыг шалгаж үзэхэд 30.996.858 төгрөгийн хохирлын баримт авагдсан байх ба нэхэмжлэгч талаас оршуулгын зардлын зөрүүтэй холбоотой нэмж нотлох баримт ирүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно” гэж зөвхөн тооцооны баримттай нотлох баримтуудыг шалгаж үзсэн бөгөөд бусад холбогдох материалд анхаарал хандуулаагүй байна. Оршуулгын зардалд лам залах, ном уншуулах, алтан хайрцаг нээлгэх, хурал даах гэх мэт ямар нэгэн баримт өгдөггүй, бэлэн мөнгөөр төлбөрөө хийдэг зүйлүүдэд нэлээдгүй мөнгө зардаг гэдгийг бүх нийтээр мэднэ.

Өөрөөр хэлбэл үүнийг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг нийтэд илэрхий үйл баримт юм. Тиймээс энэ зүйлд бэлэн мөнгөөр зарцуулсан оршуулгын зардлын зөрүүг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг. Гэтэл эдгээр нийтэд илэрхий үйл баримтыг огт үнэлээгүй. Эдгээр зүйлүүд нь урт удаан хугацааны турш бий болсон, бүх нийтээр дагаж мөрддөг, уламжлагдан ирсэн, нэг ёсондоо зан заншлын хэмжээ юм. Зан заншлын хэм хэмжээ бол эрх зүйн чухал хэсэг бөгөөд энэ утгаараа эрх зүйн эх сурвалж болж байдаг. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

3. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “өмгөөлөгчийн хөлс 11.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Ш.Х- нь С.О-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо С.О- хэргээ хүлээхгүй байсан гэх үндэслэлээр өмгөөлөгч Т.Э, О.З нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах эрхтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Хохирогч нь өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж тус тус хуульчилсан ба Ш.Х- нь өмгөөлөгч Т.Э, О.З нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь өмгөөлүүлэх эрхээ эдэлж буй түүний үндсэн эрх, хүсэл зоригийн илэрхийлэл байна”, мөн “...төгрөг төлсөн гэх боловч баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн. Эдгээр хууль зүйн үндэслэлүүд нь хохирогч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэдгийг зохицуулсан зохицуулалт юм. Харин энэ эрхээ хэрхэн эдлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ” 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч ...өмгөөлөгчид төлөх зардал”, тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч С.О-ыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлөх зардлыг гаргуулах ёстой. Энэ нь хуулиар нарийвчлан зохицуулсан зохицуулалт юм. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нотлох баримтаар авагдсан байхад гэрээнд заагдсан төлбөрийг заавал төлөх ёстой гэсэн шаардлагыг тавьж төлбөрийн баримтыг ирүүлээгүй гэдэг үндэслэлээр хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй юм.

4. Талийгаач нь өөрөө бод малаа малладаг байсан бөгөөд харин бог малаа туслах малчин хөлслөн ажиллуулж маллуулдаг байсан. Өнөө цагт сайн туслах малчин олно гэдэг туйлын хүнд бөгөөд 1 сарын 500.000 төгрөгөөр ажиллах хүн ховор. Мөн талийгаачийн эхнэр Ш.Х- нь бага насны дөрвөн хүүхэдтэй үлдсэн бөгөөд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, дээр нь мал маллах нь эмэгтэй  хүний хувьд дааж давшгүй маш хэцүү ажил юм. Тиймээс том хүүхдээ мал маллах насанд хүртэл нь бог мал маллаж байсан Г.Т-д давхар цалин өгч үхрээ, харин шинээр П.У-г адуу маллуулахаар тус тус гэрээ байгуулан ажиллуулж байгаа. Хэрэв гэмт хэрэг үйлдэгдээгүй байсан бол бод малаа маллуулах туслах малчин ажиллуулах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл энэ нь гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн бодит хохирол юм. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...туслах малчин Г.Т нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2010 оноос эхлэн энэ айлд туслах малчнаар ажиллаж байгаа гэх тул нэхэмжлэгч Ш.Х-гаас туслах малчин Г.Т-д олгосон цалинг хариуцагч С.О-аас гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь туслах малчин Г.Т нь амь хохирогч Э.М-г амь хохирохоос өмнө буюу 2010 оноос эхлэн туслах малчнаар ажиллаж байсан, өөрөөр хэлбэл Э.М амь хохирсонтой холбоотойгоор үхэр маллуулахаар ажиллуулсан малчин биш байна” гэж өнөөгийн нийгэмд байж боломгүй шалтгаанаар татгалзсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байдаг. Энэ нь нэг талаас хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон хөлс олгох ёстой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бог мал маллаж байсан туслах малчны цалингаар бод мал буюу үхэр нэмж маллуулж болохгүй гэсэн үг юм. Хэрэв үхэр нэмж маллуулах бол заавал нэмж хөлс өгөх ёстой. Үхэр малладаг байсан хүн нь гэмт хэргийн улмаас амь нас нь хохирсон, өөр үхэр маллах хүн гэр бүлд нь байхгүй учраас өөр хүнээр маллуулахаас өөр аргагүй байдалд орсон. Гэтэл шүүх ямар ч ойлгомжгүй шалтгаанаар нэг туслах малчинд өгөх хөлсийг нь татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь том хүү М.Г-ыг 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл буюу 2030 оныг дуустал хоёр малчин хөлсөлж малаа маллуулахаас өөр аргагүй байдалд орсон тул 2020 оны 08 дугаар сараас эхлэн бод мал маллах хоёр туслах малчин тус бүрийг нь 1 сарын 500.000 төгрөгийн хөлсөөр 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2030 оныг дуустал ажиллуулахын тулд нийт 125.000.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь олох байсан орлогоо нэхэмжилж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл малчин хүний ганц орлого болох малын үр шим байдаг. Малын үр шимийг хүртэхийн тулд мал маллах ёстой. Хэрэв малаа маллахгүй бол малын үр шим байхгүйгээс олох ёстой байсан орлого байхгүй болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...туслах малчдад ирээдүйд олгох цалин гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ” гэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчин нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах байнгын ажлын байр болсон гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Нэхэмжлэгч нь туслах малчидтай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулан ажиллана.

5. Мөн шүүх мэтгэлцэх зарчмыг хангаагүй бөгөөд шүүх хуралдааны сүүлийн нэмэлт тайлбар хийлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.4-т ”Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэснийг зөрчиж байна. Нэхэмжлэгч талаас тэгш эрхийг хангуулахыг шүүхээс шаардсан ч шүүх хүлээж аваагүй. Энэ нь талуудын тэгш эрхийг зөрчиж, нэхэмжлэгч талын мэтгэлцэх эрхийг хязгаарлаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага”-ыг хангаагүй байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхэд татгалзсан, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбаруудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, бүхий л талаас нь дүгнэж үзээгүй.

Мөн хариуцагч С.О- нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/199 дугаар захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасуулжээ. С.О-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан нь 199 тоот захирамжид тодорхойлсон байдаг. Гэвч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 6 дугаар зүйлийн 6.5-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж заасан. Энэхүү хуульд заасан шаардлага хангасан эсэх нь заавал нотлох баримтаар авагдсан байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө энэхүү нотлох баримтыг гаргуулах шүүгчийн захирамж гарсан хэдий ч хэргийн материалд байгаа холбогдох байгууллагуудын хариунаас энэхүү нотлох баримт байхгүй гэдэг нь тодорхой болсон. Уг нь анхан шатны шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор хохирлын асуудлыг шийдвэрлээгүй, нээлттэй орхисон. Гэтэл шүүх, прокурор нь Өршөөлийн үзүүлэх тухай хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байхад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан гэдгийг анхааралдаа авахыг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.  

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...иргэний хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгтэй танилцаж дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Ш.Х-гийн гаргасан нэхэмжлэлийг гаргуулах үндэслэлтэй гэсэн саналтай байна. нэхэмжлэлийн дүнг сайн тооцоолж өгөх хэрэгтэй гэж бодож байна” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Х- нь хариуцагч С.О-д холбогдуулан “оршуулгын зардлын үлдэгдэл 4.504.558, бензин түлшний зардал 783.644, өмгөөлөгчийн хөлс 11.000.000, 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2030 оныг дуустал хугацааны 2 малчны цалин 125.000.000, сэтгэл санааны хохирол 10.000.000, нийт 151.288.202 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч С.О- нь “хохирогч Ш.Х-д оршуулгын зардал болон бусад хохиролд 33.294.410 төгрөг төлсөн. Оршуулгын зардлын зөрүү 4.504.558 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, бусад зардал нь оршуулгатай холбоотой зайлшгүй гарах зардал биш, сүүлд бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэн эсэхэд эргэлзээтэй, өмгөөлөгчийн хөлс 11.000.000 төгрөг нь хохирогч тал хуулийн байгууллагад эрх ашгаа хамгаалуулах гэж сайн дураараа гаргасан зардал, малчны цалин 125.000.000 төгрөг нь ирээдүйд гарах эсэх нь тодорхойгүй, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.О-аас 8.783.644 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 142.504.558 төгрөг болон гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.З-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 157/ШШ2021/000580 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч Ш.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.О-д холбогдох “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 151.288.202 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад явуулахаар товлож /2хх 181-183/, хэргийг оролцогчдод 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж холбогдох баримтыг үйлдсэн байна /2хх 186/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ...” гэж, 51.5-т “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны үйл ажиллагааны явцыг тухайлбал шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлснийг буулгасан шүүх хуралдааны нарийн бичгийн бичгийн даргын үйлдсэн баримт бичиг бөгөөд нотолгооны нэг хэрэгсэл болно.

Анхан шатны шүүх Ш.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.О-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэж 157/ШШ2021/00179 дугаартай шийдвэрийг гаргасан байх боловч шүүх хуралдааны тэмдэглэл 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр гарсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд шүүхээс талуудын тэгш эрхийг зөрчих, мэтгэлцэх эрхийг хязгаарлах зэргээр шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул зөрчлийг “ноцтой” гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2021/00179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Я.АЛТАННАВЧ

                                  ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                                         

                                                                                                      Б.ДЭНСМАА