Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

2024/ДШМ/30

 

 

        

          А.А, Ч.У нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Т.Г нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                   Прокурор: Б.Т

         Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, В.У, Э.М

                   Шүүгдэгч: А.А, Ч.У

                   Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Угийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.А, Ч.У нарт холбогдох 2312000000264 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр У хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 0, 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг 0-0 тоотод оршин суух, хөдөлмөрийн хүндэт медальтай, ял шийтгэлгүй, Б овогт Аийн А /РД:АЮ0000000/

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, нөхөр 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг 0/0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Чын У /РД:АЮ00000000000/

 

  Шүүгдэгч А.А нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нын хэлтсийн байранд А аймгийн Нын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр А аймгийн Нт өөрийн албан өрөөндөө иргэн Ч.Уг сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Угаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авах,

 Ч.У нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нын хэлтсийн байранд Нын хэлтсийн дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгөх гэмт  хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас А.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ч.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Аийн Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Чын Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Ч.У нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч Ч.Уд оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Ч.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, Энэ хэрэгт шүүгдэгч А.А, Ч.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.А, Ч.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.У давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Ч.У миний бие А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Ч.У миний бие өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр буюу шүүгдэгч А.Ад 2022 оны 04 сарын 29-ний өдөр А аймгийн Нын газрын байранд 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж 2023 оны 09 сарын 12-ны өдөр Авилгалтай тэмцэх газрын 110 тусгай дугаарын утсанд мэдээлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ илчилсэн, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд бусдын үйлдсэн гэмт хэргийг бүрэн илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслалцаа үзүүлсэн, хохирол, хор уршиг учруулаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шүүгдэгч намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэд, хэдэн үндэслэл бүрдээд байхад эрх зүйн байдлыг илтэд дордуулан, прокуророос шүүхэд шилжүүлж ирүүлсэн эрүүгийн хэрэгт хамааралгүй шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолд “Ч.У нь ямар нэг нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа өөрийн биеэр мэдээлж үйлдсэн гэмт хэргээ илчилсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж намайг гадны ямар нөлөөнд автаж, сайн дураар илчлээгүй болох нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн болохыг үндэслэлд дурдах ёстой байтал дурдаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дээрх нотлох баримт, тайлбаруудыг үнэлж, шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэм буруугийн зарчмыг хэрэгжүүлсэн ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэд, хэдэн хуулийн зохицуулалтыг шүүхэд үүрэг болгоогүй эрх олгосон хэм хэмжээ гэж дүгнэж байгааг Ч.У надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүнлэг бус харьцсан гэж, бусдад учирсан хэрэгцээ, шаардлагыг далимдуулж, хахууль өгөхийг тулган шаардаж, өөрөө ханш тогтсон хахууль авсан шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хүнлэг ёсны зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул миний бие маш их гомдолтой байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа МУДШ-н 2009.06.24-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор “хясан боогдуулах”-н хэд, хэдэн шинжийг тайлбарласан бөгөөд анхан шатны шийтгэх тогтоолоор няцаагдсан ганц шинжээр тодорхойлохгүй. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтад үндэслэн А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ч.У намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Ч.Угаас гаргасан давж заалдах гомдол хэлэлцэх хуралд гомдол гаргагч өөрөө гомдлын үндэслэлээ тайлбарлалаа. Өмгөөлөгч нар бас байр сууриа илэрхийллээ. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн гол агуулга санаатай гомдол гаргасан байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй ийм нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон хөнгөрүүлж болдог. Энийг ярьсан. Түрүүн энэ үндэслэлийг тайлбарласан. Гэвч шүүгдэгч Ч.Угийн өөрийнх нь гаргаж байгаа тэр хясан боогдуулсны улмаас энэ үйлдлийг илчилсэн гэж байгаа нь гэм буруугаа зөвшөөрөөд байгаа агуулгатайгаа нийцэхгүй байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн гомдлын үндсэн агуулгыг  хангаж шийдвэрлэх боломжгүй. Тиймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын тэр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанарт тохирсон байна. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн, буруу  тайлбарлаж хэрэглэсэн агуулга байхгүй гэсэн байр суурьтай байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У гаргасан саналдаа... Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй, тохирсон байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх хангалттай харгалзан үзсэн байна. Ч.Угийн гаргаж байгаа гомдол анх цагдаагийн байгууллагад гаргасан зорилго, сая 2 дахь тайлбартаа хэлж байгаа асуудлаас ч гэсэн харахад ерөөсөө л А.Агийн ял шийтгэлийг хүндрүүлье, ял шийтгэлийг оногдуулъя гэсэн ийм зорилго байгаа нь маш тодорхой байгаа. Тийм үндэслэлээр давж заалдах шатны шүүхээр А.Агийн ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал хуульд заасан ийм боломж  байхгүй байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан саналдаа...Нэгдүгээрт өөрөө мөнгө оруулж өгч байгаа нөхцөл байдал тогтоогдсон байна. Дараагийн асуудал нь 8 сарын дунд үеэс эхэлж нөхрийгөө, даргатайгаа хардаад А.Аг янз бүрээр хүчирхийлж байгаа үйлдэл нь гэмт хэргийг сайн дураараа илчилж байгаа нөхцөл биш байх. Хэрвээ нөхрөө хардаагүй бол мэдээлэх ч байсан юм уу, мэдээлэхгүй ч байсан юм уу ийм нөхцөл байдал гарч байгаа. Энэ асуудал шалгагдаж байгаа. Дараачийн асуудал нь А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй. Хахуул авсан гэмт хэргийн шинжээс гадна бусдын буюу Ч.Угийн хууль эрх зүйн хувьд бол гүйцэлдүүлсэн ийм шинжтэй хэрэг юм. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн ийм зүйл ангиар орж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн он, сар, цаг хугацааны хувьд 2022 оны 4 сарын 29-ний өдөр үйлдэгдсэн учир тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2020 оны 1 сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын өөрчлөлт орсон зүйл хэсгээр гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Энэ зүйл хэсэгт 2022 оны 12 сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байсан, дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь зөв зүйтэй байгаа. Тэгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг нотлогдсон, гэмшсэн байдлыг харж үзэж Эрүүгийн хуулийг зөв зүйтэй хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М гаргасан саналдаа... Өөрийгөө илчилсэн гэдэг асуудал нь өөрийгөө илчилсэн үйлдэл нь хэзээ, Ха, ямар нөхцөл байдлаас шалтгаалаад илчилсэн нь хэрэгт хамааралгүй гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм болбол тухайн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор илчилж байгаа энэ үйлдэл маань өөрөө тухайн гэмт хэргийг илчилж байгаагийн гол нөхцөл байдал байна гэж хуулийг харах ёстой. Тэрнээс бол нэг жилийн хугацаа өнгөрсний дараа илчилж байгаа нь өөрийгөө илчилж байгаагийн гол шинж болохгүй ээ гэдэг байдлаар ингэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж харж байна. Мөн дараагийн асуудал мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа мөнгө авах болсон энэ арга хэрэгслийн талаар маргаад байгаа. Тэгээд мөнгө өгөх болсон арга хэрэгслийн талаар маргаад байгаа үйлдэл нь мөнгийг өгөөгүй ээ гэдэг гэм буруугийн тал дээр маргаад байгаагийн илрэл гэж харах боломжгүй. Энэ дээр үндэслэлтэй тайлбар хэлмээр байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хальсан тайлбар мэдүүлэг явуулсан. Өнөөдөр ч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэрэгт хамааралгүй, прокурорт шилжүүлж ирсэн Ч.У болон А нарт холбогдох ийм хэргийн хүрээнд биш энэ хэргийн хүрээнээс хальсан тайлбар мэдүүлгийг гаргаад явсан. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар мэдүүлэг давтагдсан байна гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа. Энэ нь ч шийтгэх тогтоолд дурдсан үндэслэлүүдээр харагдаж байна гэж үзэж байгаа. Тийм учраас хэрэг хянан ажиллагаагаа хуулийн хүрээнд шилжүүлж байгаа хэргийнхээ хүрээнд ажиллагаагаа явуулах ийм нөхцөл байдал байна. Хясан боогдуулах шинжийн талаар бас нэг зүйлийг нэмж хэлэхгүй бол болохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсгийн 1 дүгээр хэсэгт нь хясан боогдуулах гэдгийг заасан. Ийм үйл явдал гарсан тохиолдолд хясан боогдуулсан гэж үзэхгүй гэдэг талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж мөнгө өгсөн бол чөлөөлнө. Харин чөлөөлөхгүй байх үндэслэл нь хахууль авагчийн хууль бус үйлдлийг хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй ээ, хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчилсэн нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл болно гэж байгаа. А.Агийн зүгээс хахууль авагчийг хууль бус үйлдлийг урьдчилан төлөвлөсөн нөхцөл байдал байгаа юм уу, үгүй юу, мөн зориуд санаатайгаар хахууль өгсөн нөхцөл байдал байгаа юм уу гэдгийг анх хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоох ёстой. Энэ нь тогтоогдож байгаа тохиолдолд энэ хүн хясан боогдуулалтад өртөөгүй, санаатайгаар зориуд хахууль өгсөн байна. Тийм учраас хясан боогдуулах шинж байхгүй байна гэж үзэх боломжтой гэсэн байна. Урт нэртэй хууль дээр урьдчилан төлөвлөж зориуд санаатайгаар хахууль өгөх гэдэг үйлдлийг тайлбарласан байгаа. Энэ дээр юу гэсэн байгаа юм бэ гэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн гэж хахууль авагчийн хүсэл сонирхлын эсрэг түүнийг хэлээгүй, шаардаагүй байхад нь түүнд мэдэгдэхгүйгээр юм уу, эсхүл хүч хэрэглэх юм уу эсвэл хүч хэрэглэхээр заналхийлэх байдлыг ойлгоно гэж заасан. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн баримтаар ямар үйл баримт тогтоогдож байгаа юм бэ гэхээр энэ хүнд мэдэгдээгүйгээр өгсөн, төлөвлөсөн нөхцөл байдал байгаа юм уу, өгөх байдлаар хүч хэрэглэсэн юм уу, заналхийлсэн юм уу, заналхийлсэн шинжтэй ийм нөхцөл байдал, үйлдэл, эс үйлдэл байгаа юм уу үгүй юу гэдэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэж чадаагүй. Уг тайлбарыг анхан шатны шүүхэд хэлсэн. Ийм нөхцөл байдал байхгүй байна шүү дээ гэдэг талаар тайлбарлаж хэлсэн. Гэтэл энэ дээр холбоотой асуудал дээр няцаалт ч байхгүй, хэрхэн яаж шийдвэрлэсэнтэй холбоотой дүгнэлт ч шийдэхдээ дурдагдаагүй. Шүүгдэгч Ад холбогдох хэргийг хясан боогдуулах шинжтэй байна гэж зүйлчлэлийг өөрчилж өгөөч ээ гэж хүсээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд А.Ад холбогдох хэргийг хясан боогдуулах шинжийг хангахгүй байна гэж үзээд байгаа нэг үндэслэл нь юу вэ гэж хараад байгаа юм бэ гэхээр 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хясан боогдуулах аргаар үйлдсэн байх юм бол Ад холбогдох хэргийг хүндрүүлж байж заавал манай хүнд холбогдох хэргийг хясан боогдуулах шинжээс чөлөөлөх гэж дүгнээд байх шиг харагдаад байна. Хясан боогдуулах шинж байхгүй ээ гэж  Дээд шүүхийн тайлбарт дурдагдсан тэр хэд хэдэн шинжийн аль нэгийг агуулаагүй байна гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 зүйлийг хэрэглээд өгөөч ээ гэсэн ийм байр суурьтай байгаа. Тийм учраас давж заалдах шатны шүүх анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол, хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг бүхэлд нь хянахаар хуулийн зохицуулалтаар эрх олгогдсон байгаа. Зөвхөн шүүгдэгч Ч.Угийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаад өгөөч. Шүүгдэгч Ч.Уд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээд өгөөч, чөлөөлөөд өгөөч ээ л гэсэн байр суурьтай байгаа. Тэрнээс бол А.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа ийм ийм алдаа дутагдал гаргасан байна, ингэж хууль буруу хэрэглэсэн байна гэдэг байдлаар огт гомдол гаргаагүй. Гомдлын утга агуулгад ч ийм зүйл байхгүй байгаа. Тийм учраас А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, Ч.Уд холбогдох эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна... гэв.

            Шүүгдэгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Би бол 2 хүүхэдтэйгээ нөхөртэйгөө хамт амьдарч байна. Одоо 30 жил болж байна. Тэгээд өөртөө тохиолдсон өөрийнхөө буруутай үйлдлээс гарахын тулд энэ албан тушаал дээр 5 сая төгрөг аваад тэрүүгээрээ өрөө дараад гадаад явна гэсэн төлөвлөгөөтэй. Миний ажиллаж байсан гэрээт ажилтны албан тушаал дээр хүмүүс ерөөсөө тогтдоггүй. Та минь одоо тогтоорой наад албан тушаал дээр чинь ерөөсөө хүн тогтдоггүй гэдэг. Хүнээс 5 сая төгрөг аваад  дараагийнх нь мөнгө хэрэг болонгуут нөгөө хүнээ халаад л дараагийн хүнээс мөнгө аваад л ингээд цалингаас гадуурх орлого олох ийм л албан тушаал нь энэ гэрээт ажилтны албан тушаал юм байна лээ. Анхан шатны шүүхээс А.Ад оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн гэж бодож байгаа. Үнэхээрийн энэ мөнгийг авчихлаа гэж айж байгаа бол намайг Авлигатай тэмцэх газар хэлээд өгчихөд яасан юм. Өөрөө дуртай аваад явсан. Эсвэл та надад мөнгө өгчихсөн байна гээд над руу ядахдаа хэлчихэд яасан. Өөрөө дурлаж аваад 5 сая төгрөгийн өртэй байснаа дарсан. Би энэ үйлдлийг илчлээд прокурорын байгууллагад Авлигатай тэмцэх газар хэлсэн. Үнэхээрийн шуналтай, надаас 2 хүүхдэдээ пүүз, өөртөө 2 пүүз аваад мөнгөө өгдөггүй. Тэгээд мөнгөө авъя гэхээр дараагийн цалин дээрээс өгье гэдэг. Тэгээд та энэ хүнээс мөнгө авсан уу гэхэд анхныхаа мэдүүлгээр тийм Ч.У надад өгчихсөн гэж хэлэхгүй яасан юм. О гэдэг хүнээс мөнгө авсан, тэр хүн надад мөнгө өгсөн гээд булзааруулаад надаас авсан гэдгээ ерөөсөө хэлээгүй. Өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогчийн хүүхэд нь өвчтэй эмнэлэгт хэвтэж байхад нь намайг авчихсан  юм билээ. Дараа нь таарахад У эгч ээ, манай дарга сайхан гар намайг халаагүй байж таныг ажилд авчихсан байна лээ, ямар нэгэн ашиг сонирхлын л юм байсан байх гэхэд нь мэдэхгүй энэ албан тушаал дээр хүн тогтдоггүй гээд намайг авсан гэж хэлсэн. Тэгээд миний өмнө нь хүн авчхаад халчхаад надаас 5 сая төгрөг авсан. Анх мэдүүлэхдээ гэдэг хүнээс 5 сая төгрөг зээлж өрөө дарсан Ч.Угаас аваагүй гэдэг. Тэгээд Ц.Б өмгөөлөгчтэй таараад чи үнэхээрийн нотлох баримтаар бүрдчихсэн байхад хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж өөрт нь зөвлөсний дагуу надаас авснаа илэрхийлж байгаа юм. Түүнээс би 5 сая төгрөг май өгье гээд өгчихсөн юм бол байхгүй. Өчнөөн олон жил төрийн алба  хаасан байгууллагын удирдлага хийсэн хүн шударга байж чадна шүү дээ. Тэгэхээр шударгаар илэрхийлээд цагдаад өгөөд намайг ч ажилгүй болгоод өөрөө илэрхийлснээрээ байж болно. Тэгэхээр албан тушаалын давуу байдлаа дээрээс нь хэл амтай, 2 өмгөөлөгч авчхаад ийм байж болохгүй. Үнэхээр тийм байсан бол 10 дугаар сарын 02-ны өдрөөс миний мууг үзэж худлаа баримт бүрдүүлээд цагдаад өгөөд аль хэзээ шалгуулчихсан байх ёстой, тийм юм ерөөсөө болоогүй. Байгууллагын хүмүүсийг муутгахын тулд л гарын үсэг зур гэж тэр талаараа гаршчихсан болохоор би үнэхээр өөрийнх нь яриад байгаа шиг зүйл хийсэн бол гарын үсэг цуглуулаад явж байгаа. Тэрийг хуулийн байгууллага нь шалгаад мэдэх хүмүүс нь мэдэх байх. Би үнэхээр нөхөртэйгөө хардаад Цийн халуун усанд байхад нь тагнуулж, чагнуулаад байсан бол энэ талаар бодитой баримттай зүйлээ гаргаад ир. Хурал дээр ярьсан зүйлийг гадагшаа ярьсан байвал тагнуулын байгууллагад өгнө, шүүхэд өгнө, та нарын утсыг чинь бүгдийг нь тагнуулын байгууллага шалгаж байгаа, сонсож байгаа, шалгуулж байгаа шүү гэж байнга дарамталдаг. Тийм учраас худлаа ярьж болохгүй, хүн гүтгэж болохгүй. А.Ад өгсөн эрүүгийн хариуцлагыг би хөнгөн гэж харж байна ... гэв.

            Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Би мөнгө авсан нь үнэн. Гэхдээ мөнгө авсан нь үнэн боловч дандаа гүтгэгдэж болохгүй гэж бодож байна. Яагаад гэхээр энэ хүн худлаа ярьж байна. Тэр яриад байгаа асуудал нь прокурорын байгууллагаар шалгагдаж байгаа. Энэ хүний яриад байгаа шиг албан тушаалын эрх мэдлээ ашигласан асуудал байхгүй. Тэгээд байнга худлаа яриад хүн гүтгээд байх нь хэцүү байна. Би мөнгө авсан нь үнэн гээд хэргээ хүлээж байхад нэмж худлаа яриад байна. Тэгээд өөрөө санаанаасаа зохиогоод яриад байна. Би тэртээ тэргүй ажил албан тушаалаа өгчихсөн. Би ажил албан тушаалаа өгчихсөн юм чинь хувийн юм хийж болно шүү дээ. Миний одоо ажиллаж байгаа газар очоод энэ хүн ингэсэн, тэгсэн гэдэг. Нын ерөнхий газар руу байнга л ярьдаг юм байна л даа өөрийнх нь ярьж байгаагаар, би тэртээ тэргүй хэргээ хүлээгээд авсан ял шийтгэлээ аваад хүн л юм чинь ажиллаж хөдөлмөрлөнө. Би чинь хүүхдээ тэжээх ёстой шүү дээ. Би өөрөө амьдрах ёстой. Гэтэл миний явсан газар болгонд байнгын гүтгэж доромжилж байгаа нь хэрээс хэтэрч байна. Би үнэхээр мөнгө авсан буруутай, гэмт этгээд мөн үү мөн. Гэхдээ тэглээ гээд намайг гүтгэж болно гэсэн үг биш. Намайг амьдрах аргагүй болгож, доромжилж, зохиогоод яриад байна. Энэ нь амьдрахад надад бас аягүй төвөгтэй л байна л даа. Миний амь насанд маш их заналхийлж байгаа юм. Миний утас руу дугаараа нууцалж байн байн залгана. Аргаа бараад өнөөдөр утасныхаа дугаарыг хүртэл зарсан. Одоо ажилгүй болчхож байгаа юм чинь энэ 7 сая төгрөгөө төлнө. Энэ мөнгийг төлөх учраас мөнгө олохгүй бол болохгүй гээд аминдаа мөнгөө цуглуулаад л явж байна. Би үнэхээр дарга хийдэг байхдаа идэж, уудаг байсан бол  энэ 7 сая төгрөг байх л ёстой байсан байх. Тэгэхэд одоо надад дансанд ямар ч хөрөнгө байхгүй шүү дээ 18 мянган төгрөг л байна. Би өөрөө бас амьдах гэж ядаж байна. Одоо ажиллаж байгаа газар, найз нөхдөд худлаа ярьж гүтгээд байгаад маш их гомдож байна. Энэ хүний ярьж байгаа бүгд худлаа гэдгийг албан ёсоор хэлье... гэв.                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ч.Угийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

             Шүүгдэгч А.А нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нын хэлтсийн байранд А аймгийн Нын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр А аймгийн Нт өөрийн албан өрөөндөө иргэн Ч.Уг сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Угаас бэлнээр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

             шүүгдэгч Ч.У нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нын хэлтсийн байранд Нын хэлтсийн дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь гэрч Т.Бгийн ... Ч.У нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр надаас 5.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед би Ч.Угийн банкны 00000000 дугаарын данс руу нь шилжүүлсэн байна. Надад дээрх мөнгийг ийм юманд зарцуулна, тийм юманд зарцуулна гэж хэлээгүй, түр зээлээч гэсэн учраас би шилжүүлсэн юм. Би дээрх 5.000.000 төгрөгөө буцааж авсан байна. Энэ мөнгийг Х банкны 00000000000 тоот данснаас 2022 оны 05 сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, маргааш нь 5 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус миний Х банкны 5301424309 тоот дансанд шилжүүлж төлсөн байсан. Өөрөөр хэлбэл Ч.У нь дээрх зээлсэн 5.000.000 төгрөгөө тухайн оны 05 сард буцаагаад төлсөн байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Цын ... Тухайн үед ямар ч байсан Ч.У Бээс мөнгө зээлсэн байсан, ерөнхийдөө тэр хүнээс мөнгө зээлдэг юм байна лээ. Түүнээс биш би Бээс мөнгө зээлж аваад буцааж өгөөд байгаа асуудал биш. Б бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Ч.У нь Бээс юунд зарцуулахаар яагаад мөнгө зээлсэн талаар нь мэдэхгүй байна.  2022 оны 05 сараас хойш байх А аймгийн Нт зарлагын нягтлан бодогчоор ажиллаж байгаа ... гэсэн мэдүүлэг, яллагдагч А.Агийн ... Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Би тогтоолд тусгагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг, яллагдагч Ч.Угийн ... Миний хувьд болсон үйл явдлын талаар өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг хясан боогдуулж ажилд авсан. Уг нь бол төрийн албанд ажилтан ажилд авахдаа төрийн албан журмын дагуу хүний нөөцөд бүртгэж юм уу сонгон шалгаруулалтад хамруулж, тэнцэх бол ажилд авах байх. Гэтэл А.А надаас “та юу хийж байна даа” гэхээр нь би “эгч нь наймаа хийгээд пүүз зараад явж байна” гэхэд “таны мэргэжилд тохирох 2 орон тоо байгаа, та дүүдээ 5 сая төгрөг өгчихвөл 2, 3 хоноод тушаал чинь гарчихна шүү дээ” гэж өөрөө хэлсэн. Тухайн үед сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчийн албан тушаал байгаа гэхээр нь “энэ чинь үндсэн ажилтан биш гэрээт ажилтан юм байна шүү дээ ийм их хэмжээний мөнгө өгөх ёстой юм уу” гэхэд “ерөөсөө ханш нь ийм болчихсон шүү дээ” гэж хэлж байсан. Тухайн үед А нь “манай гэрээт ажилтнууд 22 сая төгрөгийн тэтгэмж аваад тэтгэвэртээ гардаг шүү дээ, тэгэхээр та надад тавыг өгөөд хоёр жилийн дараа 22 сая төгрөг авах нь байна шүү дээ” гэдэг байдлаар хэлж байсан ... гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хөдөлмөрийн гэрээ, Т.Ц, Ч.У, А.А нарын дансны хуулга, А аймгийн Нын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн б/33 дугаартай “Ч.Уг гэрээт ажилд томилох тухай” тушаал, А аймгийн Нт гаргасан Ч.Угийн өргөдөл,  Хөдөлмөрийн гэрээ, Эрүүл мэнд, Нын ерөнхий газрын даргын тушаалууд, А.Агийн ажлын байрны тодорхойлолт, Т банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  шүүгдэгч Ч.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

           Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Ч.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон байна

 

             Шүүгдэгч Ч.У давж заалдах шатны шүүхэд ... Ч.У миний бие өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр буюу шүүгдэгч А.Ад 2022 оны 04 сарын 29-ний өдөр А аймгийн Нын газрын байранд 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж 2023 оны 09 сарын 12-ны өдөр Авилгалтай тэмцэх газрын 110 тусгай дугаарын утсанд мэдээлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ илчилсэн, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд бусдын үйлдсэн гэмт хэргийг бүрэн илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслалцаа үзүүлсэн, хохирол, хор уршиг учруулаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шүүгдэгч намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэд, хэдэн үндэслэл бүрдээд байхад эрх зүйн байдлыг илтэд дордуулан, прокуророос шүүхэд шилжүүлж ирүүлсэн эрүүгийн хэрэгт хамааралгүй шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолд “Ч.У нь ямар нэг нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа өөрийн биеэр мэдээлж үйлдсэн гэмт хэргээ илчилсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж намайг гадны ямар нөлөөнд автаж, сайн дураар илчлээгүй болох нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн болохыг үндэслэлд дурдах ёстой байтал дурдаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дээрх нотлох баримт, тайлбаруудыг үнэлж, шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэм буруугийн зарчмыг хэрэгжүүлсэн ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэд, хэдэн хуулийн зохицуулалтыг шүүхэд үүрэг болгоогүй эрх олгосон хэм хэмжээ гэж дүгнэж байгааг Ч.У надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүнлэг бус харьцсан гэж, бусдад учирсан хэрэгцээ, шаардлагыг далимдуулж, хахууль өгөхийг тулган шаардаж, өөрөө ханш тогтсон хахууль авсан шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хүнлэг ёсны зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул миний бие маш их гомдолтой байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа МУДШ-н 2009.06.24-ний өдрийн 23 дугаартай тогтоолоор “хясан боогдуулах”-н хэд, хэдэн шинжийг тайлбарласан бөгөөд анхан шатны шийтгэх тогтоолоор няцаагдсан ганц шинжээр тодорхойлохгүй. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтад үндэслэн А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ч.У намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ... гэх агууллага бүхий гомдлыг гаргажээ.

 

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Уд Нын хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогч гэх ажилд орох шаардлага, тулгамдсан хэрэгцээ үүсээгүй, шүүгдэгч А.А хахууль өгөх зайлшгүй нөхцөл байдлыг зориудаар бий болгосон, хахууль өгөхийг тулган шаардсан үйлдлүүд тус тус тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.Аг хясан боогдуулсан үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Мөн шүүгдэгч А.А гэрээт нягтлан бодогч гэх албан тушаалд томилохын тулд  хахууль өгөхийг шаардсан үед шүүгдэгч Ч.У нь тухайн үед эрх бүхий байгууллагад мэдэгдэх боломжтой байсан бөгөөд энэ талаар  мэдээлээгүй, гэмт хэргийг таслан зогсоогоогүй, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзаагүй, харин ч шүүгдэгч А.Ад хахууль өгч албан тушаалд томилогдсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Уд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.  

 

           Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр оролцогч, прокурор, дээд шатны прокурор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                        Т.Г