Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 226/МА2022/00004

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24-ний өдөр            226/МА2022/00004                                   Хэрлэн сум

 

 

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй,

П.О-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2022/00004/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Хариуцагч П.О- /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2021/00168 дугаар шийдвэртэй Б.Т-гийн нэхэмжлэлтэй хариуцагч П.О-т холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 680.000 төгрөг гаргуулах” тухай иргэний 1 хавтас 112 хуудас бүхий хэргийг хариуцагч П.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Нийтийн байранд амьдардаг. П.О- нь манай дээд давхрын айл. Тухайн айлаас 2019 оны 04 сараас ус гоожиж эхэлсэн. Тухайн үед энэ талаар хэлсэн боловч манайхаас ус гоожоогүй гэж дуудлагаар ирсэн слесарьд шалгуулахгүй байсаар хугацаа алдсан. Засварчин дээд айлаас ус алдаад байгааг тогтоосон боловч 3 жил болоход уг гэмтлээ засуулаагүй. Манай душ, нойлын өрөө болон коридор хүн амьдрахын аргагүй мөөгөнцөртөж муухай болгосон. 0-8 насны хүүхдүүдтэй учир гэртээ амьдрахад хэцүү байна. Тухайн айлд сантехникийн засвараа засуулж манайхыг хохиролгүй болгохыг хэлсэн боловч одоог хүртэл ус гоожсон хэвээрээ байна. Манайх 2 шуудай замаск-60.000, 2 сав эмульс-80.000, 5 килограмм канаф-12.500, 5 литр будаг-47.500, 1 ширхэг лампир-120.000, өнхрүүш, шпател, багс-10.000, ажлын хөлс 350.000, нийт 680.000 төгрөгийн засвар хийлгэх шаардлагатай байна. Ийм учраас манайд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Хариуцагч П.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.Т-гийнх манай доод айл биш. Манайхаас ус алдаагүй. Сантехникийн ажилтанд шалгуулахад ус гоожсон газар алга гээд буцдаг. Манай сантехникийн зүйл бүрэн бүтэн байгаа. Б.Т-гийн дээд талын айл. Тэр айлаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манайх 00-ын шугам татсан. Тэр хэсгийг ус гарахааргүй цементэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 25-ны үед би тэр айлд орж ус гарч байгаа эсэхийг шалгахад тэдний 00-ын өрөөний гол шугамын хажуу тал зэвэнд идэгдээд цоорч ус гарч байсныг аброгоор нааж бөглөсөн. Түүнээс хойш би 2-15 тоотод ороогүй. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б.Т-гийн нэхэмжлэлтэй танилцаад ус гарч байгаа эсэхийг шалгахаар ортол ус шүүрсэн хэвээрээ байсан. Би төмрийн цавуу авч орж дахин наасан. Мөн тэр айлд нь хэлсэн. Нийтийн байрны 2 айл дундаа 00-ын өрөөтэй байдаг. Түүнийг хана босгож л тусгаарласан. Тэр хоолойгоор гоожоогүй. Гол шугам зэвэнд идэгдсэнээс болж ус гоождог. Б.Т- ус хаанаас гоожиж байгааг тогтоож чадаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Н анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Иргэн Б.Т-гийн гомдол нь маргаантай, нэхэмжлэгч, хариуцагч талууд баримт нотолгоогоо үндэслэн зөв эвлэрлийн арга замаар шийдэгдэх юм шиг санагдлаа. Нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй” гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн  2021 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 157/ШШ2021/00168 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1,  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч П.О-ээс Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 680.000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Зангууд овогт Баярмагнайн Б.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 20.870 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч П.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 20.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хариуцагч П.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Гэрч Г-н мэдүүлээд байгаа салаалж авсан хоолой, мөн бохирын гол шугам 2-15 тоот буюу Г-н 00-ын өрөөнд байгаа учир тэндээс ус шүүрч байгаа талаар хэлсэн болохоос биш Г-с Б.Т-гийнд ус алдаж байгаа гэж огт хэлээгүй. Г-н ч буруу биш юм. Мяраалын элэгдэлд орж гол шугам цоороод ус шүүрээд байгааг Гантулга сайн мэдэж байгаа. Шугамаа солих талаар Гантулга бид хоёр ярилцаж тохиролцсон ч таг болсон. Би ус гоожсон хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 5 удаа зогсоох арга хэмжээг өөрийнхөө чадах хэмжээгээр авч байна. Учир нь би тэр айлтай 19 жил 00-ын өрөө хамт ашиглаж ирсэн болохоор хана босгоод тусгаарласан гээд орхиогүй.

Шүүх бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манайд ирж үзлэг хийсэн. Манай шүршүүрийн усыг нээж орхиод Б.Т-гийнд орж тэдний таазнаас ус нэвтрэх эсэхийг харж 30-аад минут ус гоожуулсан. Б.Т-гийн  тааз хуурай ус нэвтрэхгүй байгааг хөндлөнгийн хоёр гэрч Х, Г хоёр харсан. Гэтэл шүүх “энэ үзлэгээр Г-с ус алдсан байх гэсэн П.О-ийн тайлбар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн. Манайд хийсэн үзлэгээр Б.Т-гийнд манайхаас ус алдаж байгаа эсэхийг тогтоох гэж байна гэж ойлгосон ч Г-с ус алдаагүйг нотлох гэж хийсэн үзлэг болоод өнгөрсөн.

Б.Т-гийн нотлох баримтаар гаргаж өгсөн бичлэг бүгд нууцаар хийгдсэн. Шөнө гэнэт хаалганы хонх дуугараад хаалга маш хүчтэй нүдсэн. Би согтуу хүн байна гэж бодоод тайлаагүй. Гэтэл 21 цаг 49 минутад утсанд 99635050 дугаараас дуудлага ирсэн. Утсаа автал “Б.Т- байна аа, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, одоо орж ус гоожуулж үзье” гээд шууд ороод ирсэн. Би “халуураад бие муу байна, маргааш өглөө үз” гэж хэлсэн ч “одоо л үзье” гээд 00-ын өрөөнд шууд орсон. Энэ нь Б.Т-гийн заль байсан. Манайхаас хаяа ус гоождог гээд байсан. Ус гоожих үе нь таараад манайхаас ус гарсан болгох гэж зориуд шөнө дайрч орж ирж хийсэн бичлэгээ нотлох баримт болгож өгснийг нь шүүх үндэслэлтэй, уг бичлэгийг няцаах тайлбарыг П.О- гаргаж өгөөгүй, П.О-ийг байлцуулж бичлэг хийсэн байна гэж үзсэн. Уг бичлэгийг үндэслэлтэй гэж үзэхээр бол эхлээд Б.Т-гийнд орж тааз хуурай эсэхийг шалгаж бичлэгээ эхлүүлэх байсан. Шүүх хүний эрхийг зөрчиж шөнө оройн цагаар дайрч орж ирж хийсэн бичлэгийг нотлох баримтаар хүлээн авч намайг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна.  Манай байр 1980-аад оны барилга бөгөөд Улсын мэргэжлийн хяналтын газраас 2017 онд актад гарсан барилга гэсэн дүгнэлт гарсан. Сантехникийн шинэчлэл огт хийгдээгүй байрны хоолой мяраалын элэгдэлд орж цоорсноос болж ус алдсаныг дан ганц намайг буруутан мэтээр үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч П.О-т холбогдуулан “эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 680.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.О- нь “манайхаас ус алдаагүй, эвдэрсэн зүйл байхгүй, нэхэмжлэгч Б.Т- ус хаанаас алдаад байгааг тогтоож чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

            Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “манайх нийтийн байрны 2-16 тоотод амьдардаг. Манай дээд давхрын айл П.О-ийнх, тухайн айлаас 2019 оны 04 дүгээр сараас ус гоожсон, 3 жил болоход уг гэмтлээ засуулаагүйгээс ус алдаж манайд хохирол учирсан” гэж тодорхойлжээ.

            Хариуцагч П.О- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа: Б.Т-гийнх манай доод айл биш, Б.Т-гийн дээд айл, манайхаас ус алдаагүй, Б.Т- ус хаанаас гоожиж байгааг тогтоож чадаагүй, душны хувьд 1980-аад оны зориулалтын душ байгаа гэжээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хохирол буюу гэм хор учирсан бол гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгахаар зохицуулсан байх тул энэхүү гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой байхыг шаардана.

            Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар хангалттай дүгнэлт хийгээгүй, учир нь маргааны зүйл болсон сантехникийн эвдрэл гэмтэл, ус алдсан гэх үйл явдалд нийтийн байранд амьдардаг оршин суугчдын хэнийхээс гоожсон болох талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Т- 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “цэвэр ус, бохир ус хоёрын хоолойг дулааны цехийн мастераар шалгуулах” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 525 дугаартай шүүгчийн захирамжаар “Б.Т-гийн хүсэлт нь тодорхойгүй, хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутайгаас гадна ямар үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаагаа заагаагүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбараа нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлэх боломжийг хязгаарласан, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн байна.

            Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт нь ...зохигч тэдгээрийн өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт , шинжилгээ хийлгэх... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг зөрчсөнөөс мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан “ энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2021/00168 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ДЭНСМАА

                                    ШҮҮГЧИД                                      Г.БОЛОРМАА

                                                                                                         

                                                                                                      Я.АЛТАННАВЧ