2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01500

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17

191/ШШ2025/01500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******од оршин суух, С овогт С*******гийн А******* /РД:/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , , , , хаягт бүртгэлтэй, одоо , , , од оршин суух, Х овогт Сийн Ч /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.А-ы өмгөөлөгч Д.О,

Хариуцагч С.Ч-ын өмгөөлөгч Т.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.Огоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А******* хариуцагч С.Ч нар олон жилийн танил, хоорондоо байнга С.А*******аас С.Чад мөнгө зээлүүлж, буцааж авдаг байсан харилцаатай хүмүүс байсан.

Ингээд 2021.09.13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 36 000 000 төгрөгийг 2022.10.01-нийг хүртэл буюу 12 сар 17 хоногийн хугацаатай хариуцагч С.Ч зээлж авсан. Мөнгөө бэлнээр өгч, авалцан зээлийн гэрээ хийсэн.

Талууд өөрсдийн хэлцлээ 2021.09.13-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатчаар батлуулж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Зээлийн гэрээний гол нөхцөлдөө мөнгийг бэлнээр өгч байгаа учраас гэрээний мөнгө бэлнээр авсан гэх хэсэгт С.Ч 2021.09.13-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Тухайн зээл нь барьцаагүй бөгөөд сар 3 000 000 төгрөгийг зээлдүүлэгчийн дансанд төлөх, гэрээний 3.7-д хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан.

Иргэний хуулийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үндсэн төлбөр болох 36 000 000 төгрөгийг 2022.10.01-нд төлөх ёстой байсан боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгч С.А******* нь хөдөө орон нутагт байдаг учраас энэ хугацаанд Улаанбаатар хотод ирсэн үедээ мөнгөө нэхэмжилдэг байсан, байнга мессеж бичдэг байсан. Хариуцагч ч зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлдэг байсан. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөх зохицуулалттай, 2021.10.13-наас эхлэн 1 жил 7 сарын хугацаанд 36 000 000 төгрөгийн алданги 61 992 000 төгрөг боловч, Иргэний хуулийн 232.4.-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүн буюу 36 000 000 төгрөгийн 50 хувь болох 18 000 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардаж байна.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 3.4-д хариуцагч С.Ч зээлийн мөнгийг бэлнээр хүлээж авлаа гээд тусгайлан гарын үсэг зурсан. Зээлийн мөнгийг байнга нэхэж хоорондоо харилцан мессеж бичиж байсан, хариуцагч төлнө гэдгээ бичиж байсан үйл баримт тогтоогдож байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Хариуцагч тайлбартаа мөнгө аваагүй талаараа дурдсан байдаг ч мөнгө аваагүй, өр төлбөр нь дуусчихсан юм бол яагаад мөнгө өгнө, хугацаа олгож өгөөч гэх мэтээр 2023 он хүртэл харилцсан юм бэ. Энэ үйл баримтаар талуудын хооронд зээлийн харилцаа үүсээд мөнгө төгрөг авсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. Хариуцагч нь өмнөх 62 000 000 төгрөгийн үлдэгдэл нь 36 000 000 төгрөг төлөх ёстой гэдэг. Гэвч талууд хоорондоо тохиролцон Зээлийн гэрээ байгуулаад өөр төрлийн харилцаа үүссэн, үүний төлбөр нэхэмжилсэн. Харин өмнөх зээлийн төлбөр тооцоогоо дуусгачихсан нь шийдвэр гүйцэтгэлийн баримтуудаар нотлогдсон. Иймд нэхэмжлэгч С.А*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зээлд 36 000 000 төгрөг, алданги 18 000 000 төгрөг, нийт 54 000 000 төгрөгийн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С.Чаас шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Т.У-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А нь 2021.09.13-ны өдөр 36 000 000 төгрөгийг Зээлийн гэрээ байгуулж бэлнээр зээлсэн, мөн нэхэмжлэлдээ алданги 18 000 000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

С.А*******аас тухайн өдөр бэлнээр ямарваа нэгэн мөнгө хүлээн аваагүй ба тухайн өдөр С.А*******д өөрийн Худалдаа хөгжлийн банкны тоот данснаас 2 500 000 төгрөг, мөн өөрийн ээжийн ХААН банкны тоот данснаас 12 500 000 төгрөгийг тус тус С.А*******ы данс руу хийсэн.

Өмнө нь С.А******* бид хоёр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгууллага хоорондын маргаантай байсан ба 2021.09.13-ны өдөр бид эвлэрэн би дээрх мөнгийг С.А*******ы дансанд шилжүүлсэн болно.

С.А******* нь тухайн өдөр чи ахаасаа мөнгө зээлсэн гэрээ хийж өгөөч эвлэрсэн гээд би цаад хөрөнгө оруулагчдаа нэг үзүүлэх гэрээтэй байхгүй бол болохгүй байна гэснээр дээрх Зээлийн гэрээ-г хийсэн ба тухайн нотариатч бид хоёрт энэхүү гэрээнд миний хажууд мөнгө өгөлцөж аваагүй мөн дансаар шилжүүлээгүй учир шаардлага хангахгүй гэж анхааруулсан боловч С.А******* нь хамаагүй хэмээн энэхүү гэрээг хийсэн. С.А******* нь мөн дээрх хугацаанд намайг гүжирдэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр мөнгө авсан гэж гомдол гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулсан ба миний бие мөнгө авч залилаагүй болох нь нотлогдон хэрэг бүртгэлийн хэрэг нь хаагдсан. Энэ тайлбарыг дэмжиж оролцож байгаа.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээнд заасан төлбөрийг зээлдэгчид олгосон гэдгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 282.4.-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байдаг.

Хариуцагчийн зүгээс уг зээлийн гэрээнд заасан мөнгийг хүлээж аваагүй гэдгээ тайлбарласан. Харин өмнөх шүүхийн шийдвэр буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар явагдаж байсан өр төлбөртэй асуудал бүрэн гүйцэт дуусаагүй байсан учраас энэ өр төлбөрийг барагдуулна гэдгээ илэрхийлж байсан. Мөн шүүхийн үзлэг хийсэн мессеж дээр шийдвэр гүйцэтгэлээс мөнгө орж ирэхээр өгье гэх утга агуулга байдаг.

Тэгэхээр зээлийн гэрээ нь нэгдүгээрт, зээлийн мөнгө хариуцагчид ирээгүй буюу өөрөөр хэлбэл зээлдүүлэгч зээлийн төлбөрийг зээлдэгчид олгоогүй, хоёрдугаарт өмнөх гэрээний харилцаа буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой харилцаа дуусаагүй байсны улмаас энэхүү зээлийн гэрээг байгуулсан.

Энэ нь Иргэний хуулийн 56.1.2.-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. Зээлийн гэрээ байгуулсан, 2021.09.13-ны өдөр талууд дансаар харилцсан байдлаас харахад 20 минутын зайтай хариуцагчаас нэхэмжлэгч рүү нийт 15 000 000 төгрөг шилжсэн байгаа юм. Үүнээс харахад хэрэв С.А******* хариуцагчид мөнгө зээлүүлсэн юм бол дансаар шилжүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн гэдгээ нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг. Манайх нэгэнт аваагүй учраас үүнийг нотолно гэдэг нь утгагүй зүйл байна. Зээлийн гэрээний 3.4 дэх заалт бол зээлдэгчид хүлээлгэн өгнө гэсэн утга байгаа болохоос хүлээн авлаа гэсэн утга байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын хооронд байгуулсан 2021.09.13-ны өдрийн Зээлийн гэрээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-ийн 4-8/ зэргийг гаргасан.

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, ХААН банк ХК дахь Баатарын Намсрайжавын эзэмшлийн тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХК дахь С.Чын эзэмшлийн тоот дансны хуулга, ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 22-24/ зэргийг тус тус шүүхэд гаргасан.

 

5. Зохигчдын хүсэлтээр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.13-ны өдрийн 15195 дугаартай захирамжийн дагуу дугаартай, дугаартай үүрэн телефоны утаснуудын хооронд харилцсан цахим захидалд шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 36-45/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.22-ны өдрийн 4231 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.01.31-ний өдрийн 4-15/3222 тоот албан бичгээр ирүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.21-ний өдрийн 1755 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2018.08.13-ны өдрийн 18261387 дугаар бүхий Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-той шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх баримт бичиг /хх-ийн 81-165/ зэргийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч С.Чад холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан 2021.09.13-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт болон алдангид нийт 54 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2021.09.13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-р 36 000 000 төгрөгийг 2022.10.01-нийг хүртэл 12 сар 17 хоногийн хугацаатай хариуцагч С.Ч зээлсэн, мөнгийг бэлнээр өгч байгаа учраас гэрээний мөнгө бэлнээр авсан гэх хэсэгт С.Ч 2021.09.13-ны өдөр гарын үсэг зурсан, сар бүр 3 000 000 төгрөгийг зээлдүүлэгчийн дансанд төлөх, гэрээний 3.7-д хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үндсэн төлбөр болох 36 000 000 төгрөгийг алданги 18 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар төлөх үүрэгтэй, С.Ч нь Зээлийн гэрээ-ний 3.4-д зээлийн мөнгийг бэлнээр хүлээж авч тусгайлан гарын үсэг зурсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, С.А*******аас тухайн өдөр бэлнээр ямар нэгэн мөнгө хүлээн аваагүй, зээлээгүй, өмнө нь зээлийн маргааны талаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ажиллагаа явагдаж байсан, уг төлбөрт 2021.09.13-ны өдөр 15 000 000 төгрөг шилжүүлсэн баримттай, надад чи ахаасаа мөнгө зээлсэн гэрээ хийж өгөөч эвлэрсэн гээд би цаад хөрөнгө оруулагчдаа үзүүлэх гэрээтэй байхгүй бол болохгүй байна гэснээр дээрх Зээлийн гэрээ-г хийсэн ба нотариатч бид хоёрт энэхүү гэрээнд миний хажууд мөнгө өгөлцөж аваагүй мөн дансаар шилжүүлээгүй учир шаардлага хангахгүй гэж анхааруулсан боловч С.А******* нь хамаагүй хэмээн энэ гэрээг хийсэн, энэ гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэрээ болно, 2021.09.13-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 20 минутын зайтай хариуцагчаас нэхэмжлэгч рүү нийт 15 000 000 төгрөг шилжсэнээс үзэхэд, хэрэв С.А******* хариуцагчид мөнгө зээлүүлсэн юм бол дансаар шилжүүлэх бүрэн боломжтой байсан, нэгэнт мөнгө аваагүй учраас үүнийг хариуцагч нотлох үүрэггүй, Зээлийн гэрээ-ний 3.4 дэх заалт бол зээлдэгчид хүлээлгэн өгнө гэсэн утга байгаа болохоос хүлээн авлаа гэсэн утга байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

 

3.1.Хариуцагч С.Ч нь нэхэмжлэгч С.А*******аас 2021.09.13-ны өдөр 36 000 000 төгрөгийг мөн өдрөөс 2021.10.01-нийг хүртэл хугацаатай зээлж, зохигчид мөн өдөр Зээлийн гэрээ байгуулсан байна.

Уг Зээлийн гэрээ-ний 3.3-д Зээлийн хүү: хүүгүй гэж, 3.4.-т Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр 2021.09.13-ны өдөр хүлээн авсан...С.Ч... гэж бичсэн байх ба 3.6-д зааснаар зээлдэгч буюу С.Ч нь сар бүр зээлдүүлэгчийн ХААН банк ХК дахь тоот дансанд 3 000 000 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн байна.

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байх бөгөөд өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2021.09.13-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

3.2.Зээлийн гэрээ-ний 3.4-т зааснаас үзэхэд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 36 000 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч талд бэлнээр хүлээлгэн өгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үүргээ биелүүлсэн байх бөгөөд харин Зээлийн гэрээ-ний 3.1, 3.6-д заасны дагуу хариуцагч С.Чаас зээлийн гэрээний үүрэгт ямар нэгэн төлөлт хийгээгүй, үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

3.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.08.13-ны өдрийн 18261387 дугаар бүхий Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-той шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх баримт бичгээс үзэхэд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.21-ний өдрийн 1755 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч С.Ч нь 52 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.А*******д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.02-ны өдрийн 13058 дугаартай захирамж, 2018.07.18-ны өдрийн 1158 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.-д заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр дуусгавар болсон нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.20-ны өдрийн 21/9-810 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, зохигчдын тайлбараар нотлогджээ.

 

3.4.Хэрэгт авагдсан ХААН банк ХК дахь Баатарын Намсрайжавын эзэмшлийн тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХК дахь С.Чын эзэмшлийн тоот дансны хуулга, ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэргээр нийт 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч С.А*******д 2021.09.13-нд шилжүүлсэн байх бөгөөд эдгээр шилжүүлгийн гүйлгээний утгад шүүхийн шийдвэр, шийдвэр төлбөр гэж тодорхойлсон байдлаар уг төлбөр нь дээрх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.21-ний өдрийн 1755 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлөгдсөн төлбөр болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн уг төлбөр төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тохиролцон 2021.09.13-нд төлбөрийг бүрэн барагдуулж дууссан талаар хариуцагч С.Ч шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2021.10.26-ны өдөр гаргасан хүсэлтдээ бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Хариуцагч тал нь 2021.09.13-ны өдөр 36 000 000 төгрөг хүлээлгэж өгсөн баримтгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсний дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, С.А*******ы хүсэлтийн дагуу Зээлийн гэрээ-нд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байх боловч 2021.09.13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүйгээр, тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн Зээлийн гэрээ-ний 3.4-т ...бэлнээр 2021.09.13-ны өдөр хүлээн авсан...С.Ч... гэсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх, хариуцагч С.Чын гарын үсэг биш буюу түүнийг хуурамчаар үйлдсэн гэх талаар баримтгүй, хариуцагч нь уг гарын үсгийн талаар маргаагүй байна.

Иймд хариуцагч талын зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн мөнгийг бэлнээр хүлээлгэж өгөөгүй, дансаар шилжүүлэх боломжтой байсан, хэлцэл хүчин төгөлдөр бус гэх тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй болно.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан 2021.09.13-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 3.7-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж зааж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзын алданги гэнэ гэж заасантай нийцжээ.

Зээлийн гэрээ-ний 3.1-д зааснаар уг гэрээний хугацаа 2022.10.01-нд дууссан байх бөгөөд хариуцагч тал нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д тус тус заасны дагуу үүргийг гэрээнд заасан буюу тохирсон хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчсөн байх тул гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 3.6-д заасан үүргээ хариуцагч тал зөрчсөн тул нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан нь 2021.09.22-ноос 2023.06.27-ныг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаартай, хариуцагчийн эзэмшлийн дугаартай үүрэн телефоны утаснуудын хооронд харилцаж байсан латин галигаар бичигдсэн цахим захидлууд, түүнд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон.

 

7. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч С.Ч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээл болох 36 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээл болон гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., 232.8.-д заасны дагуу 18 000 000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч С.А*******д төлөх үүрэгтэй гэж үзэн нийт 54 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 430 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А*******д олгох нь дээрх хуулийн заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.,115.2.1., 116, 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч С.Чаас 54 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А*******д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 430 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА