| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/00026/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-04-17 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 27
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Э.Тулгаа
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас А овогт Г ы Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 981-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201721010011 дугаартай Эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1969 оны 01 сарын 26-ны өдөр Ховд аймгийн А суманд төрсөн, 48 настай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн А сумын Т багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, сарын өрхийн орлогогүй, аминдаа УАЗ-469 маркийн машин, 5 ханатай гэр, хашаа зэргийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:, А овогт Г ы Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/: Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн А сумын Т багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Д-ан Д-ын гэрт Р.Эрдэнэчимэгийн гар луу цохиж баруун гарын чигчий хуруу /5 дугаар хуруу/-ны богтос яс болон проксималь шивнүүр ясны хугарал гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Би 2017 оны 01 сарын 15-ны өдөр Б.Бат-очиртой 1 шил архи хувааж уугаад Б.Бат-очирыг хүргэж өгөх замдаа төрсөн ах Г.ДанД-ынд орсон. Гэтэл ах Г.Дандар байнга архи ууж байдаг гэж уурлаад Б.Бат-очирыг чирээд гаргахад нь би Г.Дандар ахыг очоод татаад гурвуулаа давхаралдаад унасан. Р.Эрдэнэчимэг эгч миний араас татсаныг би мэдээгүй. Р.Эрдэнэчимэгийн гар хугарсныг нөгөөдөр нь мэдсэн. Би Р.Эрдэнэчимэг эгчтэй уулзахад би чиний араас татаж байтал чи миний гарлуу цохьчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Р.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”Би А сумын соёлын төвд бүжгийн багш хийдэг байсан юмаа. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тэтгэвэрт гарах нас болоод би ажлаа Одхүү гэх хүнд өгсөн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед гэртээ нөхөртэйгээ хамт байж байтал манай нөхрийн дүү Г.Д Б.Бат-очир гэх залуутай хамт согтуу орж ирээд Г.Д нь надруу та Одхүүд ажлаа яах гэж өгсөн юм бэ гэхээр нь би ажлаа хэнд өгөх нь чамд ямар хамаатай юм бэ гэхэд манай нөхөр хажуунаас Г.Д ыг чи юу яриад байгаа юм бэ гар гэхэд Б.Бат-очир нь манай нөхөр Г.Дандарыг араас татаад байхаар манай нөхөр эргэж хараад түлхэж унагаагаад гар гээд Б.Бат-очирыг татаад чирж байтал Г.Д нь босож ирээд Б.Бат-очирыг тавиулах гээд ахынхаа гарнаас татаад байхаар нь би Г.Д ыг болиулах гээд гараас нь чангаагаад бид дөрвүүлээ зууралдаад байж байтал Г.Д нь миний гарыг цохиход миний гар нэг л эвгүй болчихсон тэгээд би Г.Д ыг чи миний гар хугалчихлаа гэхэд Г.Д , Б.Бат-очир нар гараад явсан. Надад гаргаж өгөх хохирлын баримт болон гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бат-очирын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Г.Д тай 2 шил архи хувааж уугаад явж байгаад Г.Д ахынхаа гэрт орно гээд тэдний гэрт ороход Г.Дандар эхнэртэйгээ хамт байсан. Бид хоёр тэдний гэрт ороход Г.Дандар та нар архи уулаа гээд намайг гар гээд түлхэж унагаагаад гаргасан. Би тухайн үед согтуу байсан болохоор юунаас болж хэрүүл маргаан гарсаныг сайн санахгүй байна, лав л бүгдээрээ хашгираад хэрүүл маргаан болж байсан. Г.Дандар нь намайг түлхэж унгаахад араас нь Г.Д салгах гээд Г.Дандарыг араас нь татахад мөн Г.Д ын араас Р.Эрдэнэчимэг нь татаад бид 4 зууралдаад тэгж байгаад гараад явсан миний араас Г.Д гарч ирээд бид хоёр яваад өгсөн” гэх мэдүүлэг,
- Хохирогч Р.Эрдэнэчимэгийн биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 42 тоот:”
1. Р.Эрдэнэчимэгийн биед гэмтэл учиржээ.
2. Р.Эрдэнэчимэгийн биед баруун гарын 5-р хурууны проксималь шивнүүр яс хугарал, баруун богтос яс хөндлөн хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Р.Эрдэнэчимэгийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1...д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй” гэх дүгнэлт,
-Шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн Г.Наранмандах, Ж.Цацрал нарын мэдүүлэг,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Г.Д нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн А сумын Т багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Эрдэнэчимэгийн гар луу цохиж баруун гарын чигчий хуруу /5 дугаар хуруу/-ны богтос яс болон проксималь шивнүүр ясны хугарал гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Эрдэнэчимэг, гэрч Б.Бат-очир нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээч эмчийн 42 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Д нь согтуугаар төрсөн ах Г.ДанД-ын гэрт түүний эхнэр Р.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо түлхэлцэн гарах явцдаа Р.Эрдэнэчимэгийн гарлуу нь цохиж баруун гарын 5-р хурууны проксималь шивнүүр яс хугарал, баруун богтос яс хөндлөн хэсгийн хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтлийг бие махбодид нь санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Д нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нягтлан боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар шүүгдэгч Г.Д нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Г ы Д ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Г.Д ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Д д оногдуулсан нэг жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Д д оногдуулсан нэг жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Г.Д д өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.