| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/00025/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2017-04-24 |
| Зүйл хэсэг | 203.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 29
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Д.Ц,Т.Бү, Б.Т нарын өмгөөлөгч Б.Хосбаяр /Үнэмлэхний дугаар-2277/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д ын Ц , Э овогт Т-ийн Б , Хангайчууд овогт Б-ын Т нарт холбогдох эрүүгийн 201721010003 тоот хэргийг 2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1972 оны 05 сарын 10-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух, сарын өрхийн орлого 200.000 төгрөг, аминдаа машин, 5 ханатай гэр зэрэг хөрөнгөтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д ын Ц /РД: /
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн А сумын харъяат, 1970 оны 01 сарын 20-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн А сумын Барлаг багт оршин суух, сарын өрхийн орлого 250.000 төгрөг, аминдаа гэр, хашаа, байшин зэрэг хөрөнгөтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Энгээнхэн овогт Тавкийн Б /РД: /
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1991 оны 02 сарын 02-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг-нуур багт оршин суух, сарын өрхийн орлого 500.000 төгрөг, хувьдаа хөрөнгөгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хангайчууд овогт Боломжавын Т /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Ц , Т.Б , Б.Т нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн А сумын Барлаг багийн нутаг Хавтаг гэх газраас хориглосон арга хэрэгслээр ховор амьтан болох нэг тооны Хулан /адуу/ агнаж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 сарын 31-ний өдөр Б.Т бид хоёр Цэцэг сумаас гарч А сумын Барлаг багийн нутагт нөхөн сэргээлтийн координатын солбилцлын цэг авахаар явж байгаад Т.Б г зам заалгахаар гэрээс нь авч явсан. Ингээд А сумын Барлаг гэх газар өдөр дунд 12 цагийн үед явж байтал 6 тооны Хулан таарсан. Тухайн үед би машин барьж явсан. Гэтэл Т.Б эзгүй газар юм чинь буудчих гэсэн. Тэгээд дөхөөд явж байтал нэг Хулан ганцаараа салаад явахаар нь Б.Т түүнийг 2 удаа буудаж унагасан. Буудсан Хулан дээр очоод өвчих үү яах вэ гээд байж байтал бид нар луу машин ирж байхаар нь бид машинтайгаа алсан Хулангаас 100 м орчим холдож зогссон. Гэтэл машинтай хилийн цэргийн 2 офицер ирээд биднийг шалгаж, хилийн бүс нутагт бичиг баримтгүй галт зэвсэг авч явж болохгүй гээд бууг хурааж аваад явсан.
Тэгээд бид 3 алсан Хулан дээрээ очиж өвчиж янзлаад аваад явсан. Хулангийн махнаас Т.Б нэг хаа, үлдэгдэл махыг би авсан. Миний унаж явсан машин Д.Цогбадрах гэдэг хүний машин байсан.
...Хуланг миний эзэмшлийн Вепрь маркийн буугаар 2 удаа буудсан. Тэр бууг би хүнээс худалдаж авсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Бид 3 хохиролд нийт 22 сая төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,
Түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 12 сарын 31-өдөр Б.Т ийн хамт А сумын Барлаг багийн нутагт солилцлын цэг авахаар гэрээсээ гараад Т.Б гээр газар заалгахаар авч явсан. Ингээд А сумын Барлаг багийн нутаг Хавтас гэх газар 12 цагийн үед явж байтал 6 тооны хулантай таарсан. Тухайн үед би машин барьж явсан. Т.Б нь эзгүй газар юм чинь буудчих гэсэн. Тэгээд дөхөөд явж байтал нэг хулан нь ганцаараа салахаар нь түүнийг Т буу аваад 2 удаа буудаж алсан. Хуланг алаад удаагүй байтал бид нар луу машин ирж байхаар нь бид хөдлөөд өөр газар очоод зогсож байтал машинтай хилийн цэргийн хоёр офицер ирээд бид нарыг шалгаж хилийн бус нутагт бичиг баримтгүй буу авч явлаа гээд бид нарын бууг хураагаад аваад явчихсан. Тэгээд тэр хоёрыг явсаны дараа алсан хулан дээрээ очиж өвчиж янзлаад аваад явсан. Хулангын махнаас Б ах нэг хаа авсан. Үлдэгдэл махыг би авсан...” гэх мэдүүлэг /хх-78-80х/
Шүүгдэгч Т.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 сарын 31-ний өглөө гэртээ байж байтал Д.Ц , Б.Т хоёр ирээд алтны солбилцол авах гэсэн юм. Газар заагаад өгөөч гэхээр нь би хамт явсан. Тэгээд А сумын Барлаг багийн нутаг Хавтаг гэх газар явж байгаад 6 тооны Хулантай таарсан. Тухайн үед би эзгүй газар юм чинь буудчих гэхэд Б.Т 2 удаа буудаж нэг Хулан алсан.
Тэгээд буудсан Хулан дээрээ очоод өвчих үү яах вэ гээд байж байтал бид нар луу машин ирж байхаар нь бид машинтайгаа 100 м орчим холдож зогссон. Гэтэл машинтай хилийн цэргийн 2 офицер ирээд биднийг шалгаж, хилийн бүс нутагт бичиг баримтгүй галт зэвсэг авч явж болохгүй гээд бууг хурааж аваад явсан. Тэр хоёрыг явсны дараа бид 3 алсан Хулан дээрээ очиж өвчиж янзлаад аваад явсан. Хулангийн махнаас би нэг хөл авсан. Үлдэгдэл махыг Д.Ц аваад явсан...” гэх мэдүүлэг,
Түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн“...2016 оны 12 дугаар сарын 31-ний өглөө гэртээ байж байтал Д.Ц , Б.Т нар манай гэрт өглөө 08 цагийн үед ирээд солиболцлын цэг авах гэсэн юмаа А сумын Барлаг багийн нутагт газар заагаад өгөөч гэхээр нь би хамт явсан. Тэгээд А сумын Барлаг багийн нутаг Хавтаг гэх газар явж байгаад 6 тооны хулантай таарсан. Тухайн үед би эзгүй газар юм чинь буудчих гэхэд Т нь хэрэггүй гэж байсан. Тэгээд машин барьж явсан Д.Ц буугаа нааш өгөөдөх би буудъя гэхэд Б.Т нь буу аваад 2 удаа буудаж нэг хулан алсан. Тэгээд удалгүй байж байтал бид нар луу машин ирж байхаар нь алсан хулангаасаа өөр газар очоод зогсоход машинтай хилийн цэргийн хоёр офицер ирээд бид нарыг шалгаж хилийн бүс нутагт бичиг баримтгүй буу авч явлаа гээд бууг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-72-74х/
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 сарын 31-ний өглөө Д.Ц ах бид хоёр А сумаас координатын цэг авахаар явсан. Замдаа Т.Б ахыг зам заалгахаар аваад явсан. Замд 6 тооны Хулан таарсан. Т.Б ах эзгүй газар юм чинь буудчих гэхээр нь би 2 удаа буудаж нэг Хулан алсан. Гэтэл хилийн цэргийн хоёр офицер ирж бууг хурааж авсан. Тэр хоёр офицерийг явсны дараа бид агнасан Хулангаа янзалж аваад явсан. Хулангийн махыгТ.Б ах, Д.Ц ах хоёр хувааж авсан. Би мах аваагүй. Тухайн үед ховор амьтан агнасандаа маш их харамсаж байна. Би 3 нөхөн төлбөрт 22.000.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,
Түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн“...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Ц , Т.Б нарын хамт солиболцолын цэг авахаар явж байгаад замдаа А сумын Барлаг багийн нутаг Хавтаг гэх газар 6 тооны хулантай таарсан. Тухайн үед Б ах эзгүй газар юм чинь буудчих гэсэн. Би хэдий дургүйцсэн боловч Ц ах машин барьж явж байгаад би буудчихъя гээд байхаар нь би бууг нь аваад нэг хуланг 2 удаа буудаж унагаасан. Тэгээд бид гурав тэр хулангаа алчихаад байж байтал бид нар луу машин ирж байхаар нь алсан хулангаасаа хол очоод зогсоход машинтай хилийн цэргийн хоёр офицер ирээд бид нарыг шалгаж хилийн бүс нутагт бичиг баримтгүй буу авч явлаа гээд бид нарыг бууг хураан аваад бууныхаа бичиг баримтыг авч ирээд буугаа аваарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд тэр хоёрыг явсаны дараа алсан хулан дээрээ очиж өвчиж янзлаад яваад өгсөн. Хулангын махнаас Б ах нэг хөл , үлдэгдэл махыг нь Ц ах авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-66-68х/
Хохирогч С.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэцэг сумын 3 залуу А сумын Барлаг багийн нутаг Хавтаг гэх газар 1 тооны хулан агнасан гэсэн. Хулан адуу нь Ховд аймгийн А сумын нутаг Хавтаг, Тахь усны эх гэх мэт газруудаар нутагладаг, ховор амьтаны жагсаалтад орсон амьтан. Үнэлгээний хувьд Засгийн газрын тогтоолоор эр Хулан 9.700.000 төгрөг, эм хулан 11.000.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Хуланг хууль бусаар агнасан бол экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлүүлдэг. Иймд би нэг тооны эм Хулан агнасаны төлбөр болох 22.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-36х/
Гэрч У.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед манай заставын доогуур үл мэдэх машин явж байна хамт очиж шалгъя гээд Г.Сэргэлэнболд бид хоёр машинтай очиж уг машиныг шалгахад 75-07 ХОҮ гэсэн дугаартай цагаан өнгийн Ланд-100 маркийн машин байсан. Машин дотор Ховд аймгийн Цэцэг сумын 3 хүн солбилцол шалгаж явна гэсэн тайлбар хэлсэн. Машинд үзлэг хийхэд бичиг баримтгүй хар өнгийн урт буу байсныг хураан авсан. Хураан авсан шалтгаан нь хилийн бүс зурваст бичиг баримтгүй галт зэвсэг авч явахыг хориглосон байдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Сэргэлэнболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Манай жижүүр заставын зүүн хойд зүгт цагаан өнгийн Ланд маркийн машин явж байна гэхээр нь би орлогч, дэслэгч У.Хосбаярын хамт штабын машинтай уг машины мөрөөр хөөж хойноос нь дохиж зогсоогоод шалгасан. Тухайн үед машин дотор 3 хүн явж байсан ба солиболцолын цэг шалгаад явж байна гэсэн тайлбар өгч байсан. Тэгээд машинд нь үзлэг хийхэд шувууны буу бололтой нэг галт зэвсэг гарч ирсэн. Энэ хэний буу бэ? Бичиг баримт нь хаана байна гэхэд бичиг баримт байхгүй гэхээр хилийн бүс нутагт галт зэвсгийг бичиг баримтгүй авч явж болохгүй гээд уг галт зэвсгийг хураан авсан. ...” гэх мэдүүлэг
Гэрч Д.Машбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ” ...Би 2010 оны орчим байхаа Вепер-12 маркийн дробинк бууг худалдаж авч байсан юм. 2014 оны үед ажлаар Ховд аймаг руу явж байхдаа буугаа авч явсан ба хуучны танил Д.Ц гэж залуутай Ховд аймгийн Цэцэг суманд уулзах үед миний бууг сонирхоод худалдаж авъя гэсээр байгаад 500000 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн юм. Буугаа зарахдаа төлбөр тооцоогоо бүрэн хийсэн ба Д.Ц Улаанбаатар хотод ирж бууныхаа бичиг баримтыг албан ёсоор солиулах итгэмжлэл энэ тэр хийгээд бууны гэрчилгээгээ Ховд аймгаасаа авна гээд буцсан юм. Тэрнээс хойш тэр бууг хэзээ яасныг нь мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..” Б.Т нь зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй, төлөв даруу, хүнд тусархуу, үнэнч шудрага зантай сайн хүүхэд байгаа юм. Б.Т нь аав ээжийн хамт амьдардаг, аав нь Цэцэг сумын эмнэлэгт галч хийдэг, ээж нь өндөр насны тэтгэвэрт байдаг. Тэдний амьдрал боломжийн сайхан амьдрА хүмүүс байдаг. Б.Т нь айлын бага хүүхэд юм...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..” Би Б.Т ийг хүүхэд ахуй цагаас нь сайн танина. Тэднийх манайтай олон жил айл саахалт байсан учраас сайн мэднэ. Б.Т зан байдлын хувьд төлөв даруу, нийтэч, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, хүнд тусархуу сайн хүүхэд байгаа юм. Б.Т нь аав ээжийн хамт амьдардаг, дээд сургууль төгссөн боломжийн амьдрал ахуйтай айл байдаг ...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..” Т.Б нь хүнд худал хэлдэггүй, хулгай хийдэггүй, төлөв даруу зантай хүн юм... “ гэх мэдүүлэг
Гэрч Х.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..” Т.Б нь өрөвч сэтгэлтэй, цайлган хүнд их тусархуу, төлөв даруу шудрага хүн, хүний өмнөөс нэг их юм ярьдаггүй, байж байгаад уур нь хурдан гардаг, эрүүл чийрэг, бие бялД-ын хувьд хөгжил сайтай, хөл нуруу нь өвдөөд байдаг... “ гэх мэдүүлэг
Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Ц нь эхнэр Өлзиймаа хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй , том хүүхэд нь 15 настай 6 дугаар анги, дунд хүүхэд нь 6 настай, одоо 1 дүгээр анги, бага хүүхэд нь хоёр настай, хувьдаа өөрийн гэсэн мал байдаггүй, амьдралын түвшин нь доогуур амьдрА , төрсөн дүү Дөлбадрахын хашаанд амьдардаг....” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Д.Ц , Т.Б , Б.Т нарын ховор амьтаны жагсаалтанд орсон хуланг зохих зөвшөөрөлгүй агнахад хэрэглэсэн буу нь ямар төрлийн галт зэвсэг болохыг тогтоосон Ховд аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгт үзлэг хийхэд уг галт зэвсэг нь 2007 онд ОХУ-д иргэний зориулалттай үйлдвэрлэсэн, 12-ийн калибрь бүхий гөлгөр гол төмөртэй, ВЕПРЬ-12 загварын галт зэвсэг байна.
- Уг ВЕПРЬ-12 загварын галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл болон буудлага үйлдэх боломжтой эсэхийг шалгах зорилгоор 12х76 мм хэмжээтэй сум ашиглан туршилтын буудлага хийхэд буудлага үйлдэж байв.
- Үзлэг шинжилгээний явц, үр дүнд доорх дүгнэлтэнд хүрлээ.
- Шинжилгээнд 2007 онд ОХУ-д иргэний зориулалттай үйлдвэрлэсэн 12-ийн калибр бүхийгөлгөр гол төмөртэй, ВЕПРЬ-12 загварын галт зэвсэг ирүүлсэн байна.
- Шинжилж буй ВЕПРЬ-12 загварын галт зэвсэг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, буудлага үйлдэж болно...” /хх-ийн 51-р хуудас/ гэжээ.
- Ховд Их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч доктор Д.Дарьхандын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “... Шинжилгээнд ирүүлсэн хулан гэх амьтаны толгой, түүний зүйл нас хүйсийг тогтооход хамгийн чухал бодит баримт болдог тул шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн их биеийн арьснаас нь салгаагүй 1 ширхэг толгой, 2 ширхэг хөл нь Говийн хулан /Шинжлэх ухааны нэршил нь Equus Hemionus / -ийнх мөн болно
- Лабораторийн задлан шинжилгээний дүнгээр 10 орчим настай гүү болохыг тогтоов.
- Эм Хулан адууны экологи, эдийн засгийн үнэлгээ 11.000.000 төгрөг болно” гэжээ.
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4-р хуудас/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-6-р хуудас/
- Хураан авах тогтоол /хх-н 11-р хуудас/
- Буунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-р хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 16- хуудас /
- Хураан авах тогтоол / хх- 17-р хуудас /
- Хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-18-р хуудас/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20, 21-р хуудас/
- Шинжээч томилох тогтоол /хх-ийн 23-р хуудас/
- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 24-р хуудас/
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-25, 26-р хуудас /
- Шинжээч томилох тогтоол /хх-ийн 27-р хуудас/
- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 28-р хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32-р хуудас/
- Хохирогчийг байцаасан тэмдэглэл / хх-ийн 36-р хуудас /
- Гэрчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 37-38, 39-40, 41- 49-р хуудас/
- Шинжээч томилох тогтоол /хх-ийн 50-р хуудас/
- Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-53-р хуудас/
- Шинжээч томилох тогтоол /хх-ийн 55-р хуудас/
- Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/
- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 58-р хуудас/
- Сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 66, 71, 77, 78-р хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-87-р хуудас/
- Цэцэг сумын Цэцэгнуур багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93, 95-р хуудас/
- А сумын Барлаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 94-р хуудас/
- Эд мөрийн баримт болох Хулан адууны 30 кг мах устгасан комиссын акт, гэрэл зургийн үзүүлэлт,
- Ан амьтаны экологи, эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 107-108-р хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Ц,Т.Бү, Б.Т нар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн А сумын Барлаг багийн нутаг Хавтаг гэх газраас хориглосон арга хэрэгслээр, зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох Хулан агнаж, тээврийн хэрэгслээр тээвэрлэн, мөн тэдгээрийн түүхий эдийг хадгалж байгаль экологид 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц ын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...6 тооны Хулан таарсан. Тухайн үед би машин барьж явсан. Гэтэл Т.Б эзгүй газар юм чинь буудчих гэсэн. Тэгээд дөхөөд явж байтал нэг Хулан ганцаараа салаад явахаар нь Б.Т түүнийг 2 удаа буудаж унагасан. Хулангийн махнаас Т.Б нэг хаа, үлдэгдэл махыг би авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т. Б гийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Тухайн үед би эзгүй газар юм чинь буудчих гэхэд Б.Т 2 удаа буудаж нэг Хулан алсан. Хулангийн махнаас би нэг хөл авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Т ийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Т.Б ах эзгүй газар юм чинь буудчих гэхээр нь би 2 удаа буудаж нэг Хулан алсан...” гэх мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 10 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд Их Сургуулийн Байглийн шинжлэл, биологийн сургуулийн биологийн тэнхимийн эрхлэгч доктор Д.Дарьхандын 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтаны жагсаалт, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар тогтоосон ан амьтаны экологи, эдийн засгийн үнэлгээ, шүүгдэгч нар нь нөхөн төлбөрт 22.000.000 төгрөг төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдэлд Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна.
Д.Ц,Т.Бү, Б.Т нарыг ховор ан амьтан болох 1 тооны Хулан адууг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, мөн тээвэрлэж байгаль экологид 11.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Амьтаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтаны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтаны жагсаалт”- ийн нэг дэх хэсэгт “хөхтөн” амьтаны 7 дугаарт Хулан адуу латин нэр нь “Eguus hemionus hemionus” гэж тэмдэглэгдсэн, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар тогтоосон ан амьтаны экологи, эдийн засгийн үнэлгээний 13 дугаарт амьтаны нэр-Хулан адуу, латин нэр Eguus hemionus, экологи эдийн засгийн үнэлгээ эр нь 9.700.000, эм нь 11.000.000 гэж тэмдэглэгдсэн байна.
Ховд Их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч доктор Д.Дарьхандын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 01 тоот шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн Хулан гэх амьтаны толгой, түүний зүйл нас хүйсийг тогтооход хамгийн чухал бодит баримт болдог тул шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн их биеийн арьснаас нь салгаагүй 1 ширхэг толгой, 2 ширхэг хөл нь Говийн хулан /Шинжлэх ухааны нэршил нь Equus Hemionus / -ийнх мөн болно
- Лабораторийн задлан шинжилгээний дүнгээр 10 орчим настай гүү болохыг тогтоов.
- Эм Хулан адууны экологи, эдийн засгийн үнэлгээ 11.000.000 төгрөг болно...” гэх дүгнэлтээр хууль бусаар агнагдсан Хулан эм /гүү/ болох нь тогтоогдож байна.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтан болох Говийн хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээг 11.000.000 төгрөгөөр тогтоосон, амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т амьтаны аймагт учирсан хохирлыг тухайн амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан байх ба Говийн эм Хулангийн нөхөн төлбөр 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг болж байна.
Шүүгдэгч нар нь 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн болох нь ХААН банкны 2017 оны 04 сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн “ ангийн нөхөн төлбөр Б.Т ” гэсэн бичвэр бүхий баримт, ХААН банкны 2017 оны 04 сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн “ангийн нөхөн төлбөр Т.Б , Д.Ц ” гэсэн бичвэр бүхий баримт, болон Ховд аймгийн А сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Долгормаагийн 2017 оны 04 сарын 12-ны өдрийн “...хууль бусаар агнасан 1 тооны Хулангийн нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хохирогчийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ Д.Ц ын эзэмшлийн ВЕПРЬ-12 загварын дробинк буу, Д.Цогбадрахын өмчлөлийн “TOYOTA” Land Gruiser маркийн 75-07 ХОА улсын дугаартай 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг тус тус хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар TOYOTA маркийн 75-07 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Цогбадрахын өмчлөлийнх болох нь №01176928 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх ба шүүгдэгч Д.Ц,Т.Бү, Б.Т нар нь уг тээврийн хэрэгслийг ховор ан амьтаны түүхий эдийн зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор хэрэглэсэн байна. Харин Д.Цогбадрах нь ховор ан амьтаны түүхий эдийн зүйл тээвэрлэж байгааг нь мэдээгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Ц,Т.Бү, Б.Т нараас тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, мөн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2007 онд ОХУ-д үйлдвэрлэсэн,12х76мм калибрьтай, 12-ийн калибрь бүхий гөлгөр гол төмөртэй, 301 дугаарын замагтай, ангийн зориулалттай, “ВЕПРЬ-12 ” загварын буу 1 ширхэгийг улсын орлого болгохоор Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бууг шүүгдэгч Д.Ц өөрийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ аваагүй тул бууны үнийг гаргуулан бууг эзэмшигчид олгох санал гаргасан боловч Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 сарын 20-ны өдрийн тогтоолоор ...зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдсон бол тэдгээрийг хурааж жинхэнэ эзэмшигч, өмчлөгчид олгохоор тайлбарласан байна.
Гэтэл шүүгдэгч Д.Ц нь уг бууг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн аваагүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр бууг би хүнээс худалдаж авсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Д.Машбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ” ...Би 2010 оны орчим байхаа ВЕПРЬ-12 загварын дробинк бууг худалдаж авч байсан юм. 2014 оны үед ажлаар Ховд аймаг руу явж байхдаа буугаа авч явсан ба хуучны танил Д.Ц гэж залуутай Ховд аймгийн Цэцэг суманд уулзах үед миний бууг сонирхоод худалдаж авъя гэсээр байгаад 500000 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн юм. Буугаа зарахдаа төлбөр тооцоогоо бүрэн хийсэн ба Д.Ц Улаанбаатар хотод ирж бууныхаа бичиг баримтыг албан ёсоор солиулах итгэмжлэл энэ тэр хийгээд бууны гэрчилгээгээ Ховд аймгаасаа авна гээд буцсан юм” гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглсэн зэвсэг болох ВЕПРЬ-12 маркийн дробинк бууг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүйг дурьдаж, Хулан адууны 2 шийр, толгой, арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ВЕПРЬ-12 маркийн бууг цагдаагийн байгууллагд хүргүүлэх, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул иргэн Д.Ц ын эзэмшлийн “ MAZDA BONGO” маркийн 92-15 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн, иргэн Д.Цогбадрахын “TOYOTA” маркийн Land Gruiser загварын 75-07 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн төрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4, 199 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д ын Ц , Энгээнхэн овогт Тавкийн Б , Хангайчууд овогт Боломжавын Т нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны Говийн хулан агнаж, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Д.Ц ыг 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Т.Б г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Б.Т ийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ц,Т.Бү, Б.Т нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ВЕПРЬ-12 загварын 12х76 мм калибртай, 301 дугаар замагтай, ангийн зориулалттай галт зэвсгийг хурааж төрийн өмчлөлд буюу улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 75-07 ХОА улсын дугаартай ТОҮОТА маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Д.Ц , Т.Б , Б.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Цогбаярын эзэмшлийн 92-15 УБП улсын дугаартай, MAZDA BONGO маркийн, иргэн Д.Цогбадрахын эзэмшлийн 75-07 ХОҮ улсын дугаартай, ТОҮОТА Land Gruiser маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хулан адууны толгой, 2 шийртэй арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Ц т оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар, шүүгдэгч Т.Б д оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар, шүүгдэгч Б.Т д оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, хяналт тавихыг Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
9. Шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, ВЕПРЬ-12 маркийн дробинк бууг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.