Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

2024/ДШМ/33

 

 

        

Ч.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Т.Г нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор:  Б.Т

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

             Шүүгдэгч: Ч.Н

             Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Нийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Нт холбогдох 2412000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 07 дугаар багийн 47-302 тоотод оршин суух, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Чын Н /РД:000000000/

 

Шүүгдэгч Ч.Н нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд А аймгийн Э сумын 0 дугаар баг Хийн ар талын замд “Бонго” загварын 0-0  00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Ч.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 202427.10/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Т овогт Чын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 1 /нэг/ жил 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, хяналт тавихыг А  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ч.Н давж заалдах гомдолдоо... А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Ч.Н би өөрийн үйлдсэн хэргийн талаар маргахгүй. Миний бие эхнэр 2-11 насны 3 хүүхэдтэйгээ ам бүл 5-уулаа амьдардаг. Том охин Н.Н төрөлхийн саажилттайгаас шалтгаалж хөлд ороогүй байнгын эмчийн хяналтад эмчилгээтэй байдаг. 2024 оны 06 дугаар сард шинжилгээнд орж энэ оны намар С улсад мэс засалд орох өвчний заалттай эмчилгээний зардал 200 гаруй сая төгрөг болж байгаа ба хүүхдээ эмчлүүлэх зардлын асуудлыг шийдвэрлэхэд миний оролцоо үүрэг их байгаа  Иймд надад хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү...гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг үү санаатай гэмт хэрэг үү гэдэгт тайлбар хийе. Нэгэнтээ урьд эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхгүйгээр жолоо барьж явсан үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх боломжгүй. Шийтгэх тогтоолдоо ч анхан шатны шүүх ингэж дүгнэсэн байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол хүчингүй болгож, ял шийтгэлийг эхнээс нь оногдуулах асуудал яригдана. Хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.П гаргасан саналдаа ...Ч.Нийн тухайд хорих ял оногдуулахгүйгээр өөр ял оногдуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Ч.Нийн ар гэрт саяны тайлбарлаад байгаа шиг нөхцөл байдал байгаа. Хүүхэд нь гарцаагүй эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Тэгэхээр өмгөөлөгч миний тухайд анхан шатны шүүх хуралдаанд үйлдээд байгаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэг нь болгоомжгүй төрлийн гэмт хэрэг гэж харж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2 ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн саналтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Улсын яллагчийн зүгээс ч гэсэн болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзээд 2 ялыг тус тусад нь оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд орж байсан. Анхан шатны шүүх санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийх ялыг хорих ял руу шилжүүлж нийт 1 жил 35 хоногийн хорих ял оногдуулсан байгаа. Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах учраас энэ хэргийг болгоомжгүй хэргийн ангилалд багтах эсэх асуудлыг шийдэж энэ хүнд аль ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү... гэв.

            Шүүгдэгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний том охин Номин байнгын эмчийн хяналтад байдаг, одоо 13 настай. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хот явж шинжилгээнд ороход гадаад руу эмчилгээнд явахаар болсон. Монголоос 3 хүүхэд  эмчилгээнд явна. Энэ 3 хүүхдийн явах тоонд манай охин орсон байгаа. Эмчилгээний зардлын 50 хувийг эмнэлгээс даана гэсэн. Үлдсэн 200 гаруй сая төгрөгийг өөрсдөө гаргахаар байгаа. Иймд 1 жил 35 хоногийн хугацаагаар хорих ялыг өөрчилж өгнө үү. Ө аймгийн Ч сумаас хандивын аян зарлаад явж байгаа. Би хоригдоод 48 хонож байгаа учраас юу болж байгааг мэдэхгүй байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

 Шүүгдэгч Ч.Н нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд А аймгийн Э сумын 03 дугаар баг Хүүхдийн номын сангийн ар талын замд “Бонго” загварын 0-0  00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч С.Гансүхийн ... Би Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн оройн 22 цагаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эргүүлд үүрэг гүйцэтгээд явж байтал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 цагийн орчимд А аймгийн Э сумын 03 дугаар багийн нутаг Хүүхдийн номын сангийн баруун талаар явсан асфальтан замаар явж байхад урдаас гэрэлгүй 0-0  00 улсын дугаартай автомашин ирж байсан бөгөөд би харанхуй шөнө яагаад гэрэлгүй явж байдаг билээ гээд зогсоож шалгахад Ч.Н гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ингээд би тухайн жолоочийг согтуурал хэмжигч багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 3.08 хувийн согтолттой гарсан. Ингээд би тээврийн хэрэгслийг нь саатуулаад өөрийг нь явуулсан юм ... гэсэн мэдүүлэг,  гэрч Т.Азбаярын ... А аймгийн Э сумын 03 дугаар багийн нутаг Хүүхдийн номын сангийн баруун талаар явсан асфальтан замаар явж байхад урдаас гэрэлгүй 0-0  00 улсын дугаартай автомашин ирж байсан. Тухайн үед дэд ахлагч С.Г энэ машин харанхуй шөнө яагаад гэрэлгүй явж байдаг билээ гээд зогсоож шалгасан. Тэр үед Ч.Н гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ингээд цагдаа зохицуулагч С.Г тухайн жолоочийг согтуурал хэмжигч багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 3.08 хувийн согтолттой гарсан. Ингээд би тээврийн хэрэгслийг нь саатуулсан ... гэсэн мэдүүлэг,  Ч.Н яллагдагчаар ... Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Би гэм буруу дээрээ маргахгүй ... гэсэн мэдүүлэг, А аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч С.Гийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэлд “Т овогт Чын Н нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “согтууруулах “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” гэсэн лавлагаа зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Нт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ч.Нийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт … тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна … гэж зааснаар өмнөх шийтгэх тогтоолын хүчингүй болгож ял оногдуулж, нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, уг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг шүүгдэгч мэдэж байсан, улмаар хүсэж үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн санаатай үйлдэл юм.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 35 хоногийн хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 35 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргүүдийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

             Шүүгдэгч  Ч.Н ...би өөрийн үйлдсэн хэргийн талаар маргахгүй. Миний бие эхнэр 2-11 насны 3 хүүхэдтэйгээ ам бүл 5-уулаа амьдардаг. Том охин Н.Н төрөлхийн саажилттайгаас шалтгаалж хөлд ороогүй байнгын эмчийн хяналтад эмчилгээтэй байдаг. 2024 оны 06 дугаар сард шинжилгээнд орж энэ оны намар С улсад мэс засалд орох өвчний заалттай эмчилгээний зардал 200 гаруй сая төгрөг болж байгаа ба хүүхдээ эмчлүүлэх зардлын асуудлыг шийдвэрлэхэд миний оролцоо үүрэг их байгаа  Иймд надад хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Нийн үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, дээрх гомдлоор шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах, чөлөөлөх, солих үндэслэлгүй.

                 

           Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Нийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

           Хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хүртэл шүүгдэгч Ч.Нийн цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

              А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийн цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                      ШҮҮГЧИД                                             Т.Д

 

                                                                                    Т.Г