Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2026/0022

 

2026          02        10                                       123/ШШ2026/0022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Н,

Хариуцагч: **** аймгийн *** сумын Засаг дарга нарын хооронд үүссэн

 аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 25,078,435 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч  аймгийн *** сумын Засаг дарга Я.Э, түүний өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 25,078,435 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.  аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр “Засаг даргын Тамгын газрын дарга А.Нг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтууд, тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд өгсөн  аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 аудитын тайлан, хязгаарлалттай дүгнэлтийг тус тус үндэслэн ... Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал шийдвэр гаргасан, Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн хоёр жил дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт авч, тайланд, итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Засаг даргын Тамгын газрын дарга А.Нг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2.2. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 04/1991 тоот албан бичгээр ... Зөвлөлд ирүүлсэн баримтаар  аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг мөн өдрийн Б/14 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байх тул таны гомдолд дурдсан дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна... гэх, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/2143 тоот албан бичгээр ... аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар танд халах сахилгын шийтгэл ногдуулсан гэх тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/246 дугаартай албан бичгээр ирүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандана уу гэх хариуг тус тус авсан байна. (1-р хавтаст хэргийн 12-13 дахь тал)

2.3. Дээрх хариуг авч нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 503 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааг явуулсан болно. (1-р хавтаст хэргийн 47-48 дахь тал)

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч А.Н 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие А.Н *** аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Төрийн албаны зөвлөлийн  аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 144 албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10559 тоот албан бичгийг үндэслэж  аймгийн *** сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/21 тоот захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга албан тушаалд томилогдсон. Томилгооны хувьд хууль ёсны буюу томилгооны зөрчилгүй томилогдсон ба энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д тус тус зааснаар “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд” хамаарах төрийн жинхэнэ албан хаагч болно. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэх заалтыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч А.Н миний хувьд албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль бус шийдвэр гаргасан зүйл байхгүй. Хариуцагчаас гаргасан ажлаас чөлөөлөх захирамжийн гол үндэслэл болгож буй зүйл нь Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулсан гэдэг. Үүн дээр өмнөх Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ш2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/03 тоот тушаалаар “Ёс зүйн зөвлөл шинэчлэн байгуулах тухай” тушаалыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн баталсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/03 тоот “Ёс зүйн дэд хороо байгуулах тухай” тушаал гаргасан байдаг. Уг тушаал нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу шинэчлэн баталсан. Хариуцагчийн  аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын гол үндэслэл болгож буй Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/03 тоот тушаалд өөрчлөлт оруулсан, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал гаргасан гэдэг. Уг А/03 тоот эхний тушаал нь “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” гэсэн техникийн алдаатай гарсныг засаж “Ёс зүйн дэд хороо байгуулах тухай” гэж зассан. Төрийн бланктай эхний алдаатай гаргасан тушаал нь устгагдсан байдаг. Эх хувь нь Тамгын газрын архивд ч байхгүй, харин А/03 тоот зөв тушаал архив бичиг хэрэгт хадгалагдаж байгаа болно. Дээрх тушаалыг гаргахад албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бүрэлдэхүүний нэр сольж, өөрт давуу байдал олгосон зүйл огтоос байхгүй. А.Н би 2018 оны 12 дугаар сарын 12-нд  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож ажиллаад, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр жирэмсний амралтаа авч 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 тоот Засаг даргын захирамжаар эгүүлэн томилогдож байсан. Түүнээс хойш ажлаа тасралтгүй хийж байгаа болно. Мөн Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн хоёр жил дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт авч, тайланд, итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан гэдэгт  аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/68 дугаар дүгнэлт, мөн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/138 дугаар дүгнэлтэд Тамгын газрын дарга А.Нгийн буруутай үйлдэл огтоос дурдагдаагүй байдаг. Засаг даргын Тамгын газрын дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан албан тушаалын чиг үүрэгт заасан “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гаргасан бодлогын баримт бичиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохицуулалтаа хангах, гүйцэтгэлийн үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тайлагнах үүрэгтэй бөгөөд эдгээр ажил үүргийн гүйцэтгэлийг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засаг дарга батлан, дүгнэдэг. Надад дээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэдэг дүгнэлт гарч байгаагүй болно. Гэтэл дээрх хууль бус үндэслэлүүдийг дурдаж намайг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот Засаг даргын захирамжаар “Засаг даргын Тамгын газрын дарга А.Нг ажлаас чөлөөлөх тухай” халагдаж, тухайн өдрөө ажлаа хүлээлцсэн байдаг. Засаг даргын захирамжийг ажил хүлээлцэх ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Ч.Уранчимэг ажлын хэсгийн 4 хүний хамт манай өрөөнд орж ирээд уншиж танилцуулсан. Уг захирамжид удирдлага болгохдоо Төрийн албаны тухай хулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, гэж заасан байсан. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй гэдгээ ажил хүлээлцэх актад дурдсан, үүний дагуу Засаг дарга техникийн алдаа гаргасантай холбоотой захирамжид өөрчлөлт оруулж Б/14 тоот захирамж гарсан байдаг.

Нэхэмжлэгч миний хувьд Засаг даргын Б/13 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандаж 2025 оны 06 дугаар сарын 13-нд гомдол гаргасан. Тус сумын Засаг даргаас Төрийн албаны зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн. Зөвлөлд ирүүлсэн баримтаар *** сумын засаг дарга Я.Эын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 захирамжийг мөн даргын Б/14 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байх тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу надад 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/1991 тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд  аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан байдаг.

А.Н би *** сумын архив бичиг хэргийн эрхлэгчид бичгээр хүсэлт гаргаж 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б/14 захирамжийг эх хувиар нь гардаж авсан. Тэгээд 2025 оны 09 дүгээр сарын 19-нд Төрийн албаны зөвлөлд цахим шуудангаар гомдлоо хүргүүлсэн. Энэ хугацаанд хариу ирэх хооронд шүүхэд нэхэмжлэл гаргаж бай гэж Төрийн албаны зөвлөлийн гомдол хүлээн авсан ажилтан зөвлөсний дагуу  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд тус шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай” 123/Ш32025/0430 дугаар шүүгчийн захирамж гарч, 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаа тогтоосон. Уг 14 хоногийн хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс миний гомдлын хариу ирээгүй байснаас болж хугацаа дууссан учраас 2025 оны 10 дугаар сарын 17-нд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжид нэхэмжлэгч дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан болно. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/2143 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааны харьяалалд хамаарахгүй тул гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандана уу гэсэн хариу гарсныг өөрийн биеэр  аймгийн *** сумын шуудан түгээгчээс 2025 оны 10 дугаар сарын 24-нд гардаж авсан. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны  байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж зааснаар 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

3.2. Хариуцагч  аймгийн *** сумын Засаг дарга Я.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...А.Нгийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шаардлагыг *** сумын Засаг дарга Я.Э миний бие хүлээн зөвшөөрөхгүй болно.

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч А.Нг ажлаас чөлөөлсөн нотлох баримт, хариу тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/1501 дугаарт албан тоот, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04/1696 дугаарт албан тоот,  аймгийн Засаг дарга Л.Т 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 04/1802 дугаарт албан тоотод хариу тайлбар, баримт хүргүүлэх тухай.

 аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар Сумын Засаг дарга Я.Э нь 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 08/26 хүртэл ээлжийн амралттай байсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 04/1501, 04/1696 дугаарт албан бичгүүд ээлжийн амралттай үед ирсэн тул хариу тайлбар, баримтыг хүргүүлээгүй болно.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/1501 дугаарт албан тоотыг 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 04/1696 дугаарт албан тоотыг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Архив бичиг хэргийн эрхлэгч Р.А тус тус хүлээн авч бүртгэгдсэн байна. /Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 2 хуудас, ээлжийн амралтын Захирамж 2 хуудас хавсаргав/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 04/1802 дугаарт албан тоотыг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр  аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл утсаар болон цахимаар албан тоотыг ирүүлсэн. /Албан тоот 1 хуудас хавсаргав/,  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын гарын дарга А.Нг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн.

Сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар хүчингүй тооцсон. Харин 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар хүчингүйд тооцсон. Сумын Засаг даргын Б/12, Б/13 дугаар захирамжууд дээр техникийн алдаа гарсан тул хүчингүйд тооцсон болно.

А.Н сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Э.Н, Засаг дарга Я.Э, Засar даргын орлогч Ч.У нар хуралдаж удаа дараа үүрэг чиглэл өгсөн. Ажлаас чөлөөлөх тухайг 2025 оны 5 дугаар сарын 29-нд дуудаж уулзан албан ёсоор сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн. А.Н өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01/123 дугаар албан тоот зөвлөмжийг биелүүлээгүй, хугацаа хоцроосон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг мэдээ, мэдээллээр хангаагүй, хурлаар хэлэлцэх асуудлуудыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын дүгнэлт гаргах боломжгүй, шууд хуралдаанд авч орох хүндрэл үүсгэдэг.  аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  01/68 дугаар, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/138 дугаар дүгнэлтүүдээр 2 жил дараалан “ХЯЗГААРЛАЛТАЙ” дүгнэлт авсан. 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/89 дугаар захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх ажлын хэсэгт компьютер дээрх файлуудыг хүлээлгэж өгөөгүй, өгөхөөс татгалзсан. Хэрэглэж байсан 2 notebook-нд төрийн албаны мэдээ, мэдээлэл, цахим сан, он оны архив үүсгэсэн файл зэрэг мэдээллүүдийг бүгдийг устгасан байсан.

*** сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны гишүүдийг сонгосон хурлын тэмдэглэл, холбогдох баримт байхгүй. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/03 тушаал дээр Засаг даргын Тамгын газрын дотоод шуурхай хурал зохион байгуулалгүй эрх мэдлээ ашиглан Ёс зүйн дэд хорооны гишүүн санхүү албаны даргыг хасаж Архив бичиг хэргийн эрхлэгчийг нэмж Төрийн тамга тэмдэг, албан бланк хуурамчаар ашигласан.

...Ажил хүлээлцэх үед компьютерт албаны нууц болон өдөр тутмын ажил хэргийн материал, материал, файлуудыг устгасан, нэг ч файл байгаагүй. Албан хэрэгцээнд ашиглаж байсан 2 ширхэг нөүтбүүкийг ашиглаагүй болно. ...2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх шатахууны тооцоо нийлсэн актаар 3,379,650 төгрөгийн өртэй гарсныг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар мэдэгдсэн.

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Мөнхгэрэлтэй 2 ширхэг сүүдрэвч 5.000.000 төгрөгөөр бариулахаар гэрээ хийн, 100% санхүүжилт хийсэн ч 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хийгдээгүй байна. Сумын аюулгүй фондын бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2024 оны 3 дугаар сарын 06-нд иргэн Г.Мөнхсайхантай ногоон тэжээл худалдан авах гэрээ байгуулж 6.600.000 төгрөгийн 300 ширхэг Ногоон тэжээл худалдан авсан. Гэвч 300ш ногоон тэжээлийг сумын нэг ч иргэнд олгоогүй, ялзарч, муудгасан.  аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын алба хяналт шалгалтын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33/63 дугаар хяналт шалгалт хийх тухай албан шаардлага биелүүлээгүй. А.Н нь 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл  аймаг *** сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байгаагүй. Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч боловч Төрийн албан хаагчийн анкетыг санаатайгаар худлаа бөглөж, төөрөгдүүлсэн. Засаг даргын Тамгын газрын нярав Б.Х нь дикрит авч 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Л.О-ыг Засаг даргын Тамгын газрын нярваар томилогдсон. Гэвч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар нярвын ажлын байрнаас чөлөөлж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар хүнс, жижиг, дунд, үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тухайн өдрийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Л.О-д нярвын ажилтны үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалтнаар томилогдсон атлаа ТҮ-зэрэглэлийн албан тушаалыг доошоо хавсарч байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар хүнс, жижиг, дунд, үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Отгоныг ажлаас чөлөөлсөн. Гэвч түр хавсарч байсан нярвын ажлын байрыг олон нийт, цахим орчинд зарлаж, ажлын байрны өрсөлдөх боломжийг иргэдэд олголгүй 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар өөрийн албан тушаал, эрх мэдэл, ашиг сонирхлоор шууд томилсон. 2024 оны санхүүгийн тайлан Төрийн аудит хяналт шалгалтаар орж Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийг зөрчиж жижиг дунд үйлдвэр хариуцаж байгаа Л.О нь нярав хавсарч байгаа зөрчил илэрснийг аудитаас таслан зогсоох чиглэл өгсөн. Аудитын зөвлөмжийн дагуу төлөвлөгөөг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны дотор гаргах, төлөвлөгөөний хэрэгжилтийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны дотор  аймаг дахь Төрийн аудитын газар хүргүүлэх байсан боловч 2025 оны 6 дугаар сарын 05-ны байдлаар хэрэгжилт гаргаагүй, ажлаа хүлээлгэн өгсөн. 2024 оны хөтлөх хэргийн нэрсийн жагсаалтаар баримт хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэн өгсөн хадгаламжийн нэгж дээр өөрийн гарын үсэг зурж баталгаажуулаагүй. А.Н-гийн 2025 оны 9 дүгээр сарын 17-нд Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгчид бичгээр хүсэлт гаргасныг мэдээгүй, танилцуулаагүй болно” гэжээ.

 

3.3. Нэхэмжлэгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн  аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/144 дүгээр албан бичиг, мөн Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгийг үндэслэж тухайн  аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр томилогдсон юм. Түүнээс хойш томилогдоод 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр жирэмсний болон хүүхэд асрах чөлөөгөө аваад 2023 оны 7 сарын 27-нд ороод орсон юм. Үндсэндээ бол 3 жил хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын Б/14 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд албан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус шийдвэр гаргасан зүйл байхгүй болно. Засаг даргаас ажлаас чөлөөлөх захирамжийн гол үндэслэл болгосон Засаг даргын тамгын газрын ёс зүйн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулсан гэж оруулсан байгаа. Үүн дээр бол тухайн үед өөр тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч буюу намайг хүүхэд асрах чөлөөтэй байх үед 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/03 тоот тушаалаар үүрэг гүйцэтгэж байсан Ширнэн даргын тушаалаар Ёс зүйн зөвлөл тушаалыг гаргасан байдаг. Хуульд нийцүүлж шинэчилсэн эрх зүйн акт мөн. 2024 оны нэг сард тэр судалгааг хуульд нийцүүлээд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлж өөрчилж гаргаарай, судалгаагаа ирүүлээрэй гээд хугацаа заасан албан бичиг ирсэн. Үүний дагуу би 2024 оны 2 дугаар сарын 19-нд  аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал гэх албан бланк дээр А/3 дугаараар Ёс зүйн зөвлөл байгуулах тухай гэж өөрчлөн гаргасан. Уг тушаалыг гаргахдаа бүрэлдэхүүнийг бол хуралдуулахгүй дур мэдээд сольсон зүйл надад байхгүй. Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн 2 жил дараалан хязгаарлалттай дүгнэлт авсан тайлан тэтгэлгийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан гэдэг дээр би 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд асрах чөлөөнөөсөө орсон. 2023 онд үндсэндээ хагас жил нь өнгөрчихсөн ийм ажлыг хүлээж авсан. 2023 оны аудитын дүгнэлтээр ерөөсөө төлбөрийн акт 3 албан шаардлага, 3 зөвлөмж авсан. 2024 оны хязгаарлалттай дүгнэлтээр мөн адил бүртгэлийн алдаатай байсан зөрчлийг аудитын явцад залруулсан. Гуравт иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлд Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/123 тоот иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд явуулсан албан бичигт 2024-2025 оны эхний хагас жилийн байдлаар Засаг даргын ажлын албан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоол шийдвэр хугацаатай гарсан албан шаардлагын ажлын үр дүнгийн талаар ил тод нээлттэй хариу хүргүүлж өгнө үү гэсэн байсан. Үүний хариуд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 29 тоот хариу хүргүүлэх албан бичиг ирсэн байсан. Мөн 6 жилийн хугацаа болсон гэдэг дээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс шинэчилсэн найруулга ороод нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулаад 2022 оны 01 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тамгын газрын даргыг 6 жилийн хугацаатайгаар томилж чөлөөлөх зохицуулалт орсон байдаг.. Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын дагуу чиг үүргээ энэ хугацаанд гүйцэтгэж явахдаа 2018 оноос 2025 оны хооронд Тамгын газрын даргаа ажиллаж байхдаа бол үр бүтээлтэй энэ ажлыг бол гүйцэтгэж ирсэн хүнд бас залуу хүний хувьд бол алдаа оноо байх л байх. Энд бас гэрэлтэй гэгээтэй энэ Засаг даргатай бас хамтраад ажиллаж байсан гэгээтэй сайхан зүйлүүд байдаг. Би өмнө нь шүүх хурал хойшилсонтой холбогдуулаад 2 дугаар сарын 10-ыг хүртэл энэ цалингийн нэмэгдүүлсэн шаардлагаа өгсөн. Миний бие тамгын газрын даргын тэр төрийн захиргааны 5 буюу ТЗ 5-аар 1.862.000 төгрөгийн үндсэн цалинтай. Үүн дээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, хөдөө орон нутагт ажилласан нэмэгдэл мөн эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл ийм 20, 20 хувь буюу нийтдээ 127 хувийн нэмэгдлийг авч ажиллаж байсан. Үндсэн цалин бол 4 сая 262 мянган төгрөг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ыг суутгаад 25.078.000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

 

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэгч А.Н нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өдрийн *** сумын Засаг даргын Б/21 тоот захирамжаар Засаг даргын тамгын газрын албан тушаалдаа томилогдсон байдаг. Уг албан тушаал маань өөрөө Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д тус тус зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хамрагдах буюу төрийн жинхэнэ албан хаагч болдог. А.Нг ажлаас халсан гээд байгаа 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/14 тушаалыг гаргахаас өмнө тус Засаг дарга Я.Э өөрөө 3 янзын захирамж гаргасан байдаг. 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Б/12 тоот захирамж гаргасан байдаг. Уг захирамжаа гаргасныхаа дараа 6 дугаар сарын 5-ны өдөр Б/13 тоот тушаалаар олгосон гаргасан Нэхэмжлэгч А.Н-гийн хувьд бол өөрийн санаачилгаар ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бол огтоос өгч байгаагүй. Хамгийн сүүлд гаргасан Б/14 гэсэн захирамж нь болон Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 39.1.3 46.2.5-т гэсэн заалтыг удирдлага болгосон. Уг 3 захирамж нь хоорондоо хууль зүйн хувьд ямар учраас зөрөөтэй гараад байгааг манайхаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөр эсвэл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэж заасныг үндэслээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана гэснийг зөрчсөн Засаг даргын Б/14 захирамж дээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэсэн заалтыг зөрчсөн гэдэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар Ёс зүйн дэд хорооны гишүүдийг 5 жилийн хугацаатай томилно гэсэн заалт байдаг бөгөөд тухайн хорооны гишүүн байсан Долгормаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд орсон учраас хүүхэд асрах чөлөөнөөс орж ирсэн Мөнхнаранг оронд нь оруулсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан заалтыг бол манайх зөрчсөн зүйл бол байхгүй. Хэрвээ энэ алдаа дутагдал нь үнэхээр баримтаар нотлогдсон тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэлийг ноогдуулна аа гээд өөрөө Төрийн аудитын тухай хууль дээрээ заагаад өгчихсөн. Цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манайх нэмэгдүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нөхөн хуулийн этгээд болон шаардах эрхтэй гэснийх нь дагуу мөн 100 дугаар зүйлийн 101.2-т заасны дагуу дагуу захиргааны байгууллагаас гаргуулна гэсний дагуу манайх цалин хөлсөө шаардаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусдаар асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтны эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд өөрт эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нь нөхөн олгоно гэж тус тус заасны дагуу сарын цалин нь 1.862.000 төгрөг, үүнээс удаан жилийн нэмэгдэл 11%, зэрэг дэвийн нэмэгдэл 26%, орон нутгийн ажилтны нэмэгдэл 70% нийтдээ 127%-ийн нэмэгдэл цалин хөлс өвдөг байсан. 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх байдлаар нийтдээ 25.078.00 төгрөгийг  аймгийн *** сумын Засаг даргаас гаргуулахаар нэхэмжилсэн байгаа Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.

 

3.5. Хариуцагч  аймгийн *** сумын Засаг дарга Я.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Эхний ээлжид Засаг даргын захирамж яагаад 3 удаа гарсан бэ гэдэг дээр тайлбар хийе. Б/12 дугаар захирамжаа 6 дугаар сарын 5-нд яагаад Б/13 болгож өөрчилсөн бэ гэхээр ямар ч байсан хууль эрх зүйн мэргэжилтэн Засаг даргын хувьд хууль эрх зүйн чиглэлээрээ бид нарыг бүрэн хангах боломжгүй юм байна гэж үзэж хууль зүйн туслалцааг өөр хүмүүсээс авсан. Б/13 дугаар захирамж гарсан. Гурав дахь өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч бид 3 дуудаж уулзаад хурлын тэмдэглэл хөтөлсөн. Тэрийг бол та бас харж байсан. Тухайн үед өргөдөл өг гэж хэлээгүй, таны бүрэн эрхийн 6 жилийн хугацаа дууссан гэдгийг сануулсан.  Чи тамгын даргаа халах гэж байгаа юм уу чамтай уулзмаар байна. 8 сар хүртэл ажиллаад өргөдлөө өгчихье гэж ийм юм хэлж байна гэсэн. Би хариуд нь өөрийг нь над руу ярь гэж хэл гэж хэлсэн. Анхнаасаа над руу хүнээр яриулсан. Яах вэ адилхан сумын Засаг дарга учраас хэн, хэн нь өөр өөрийнхөө ажлын сумынхаа ажлыг хийе, чи бид 2-ын найз байх энэ дээр хамаагүй гэдэг тайлбарыг өгсөн. Эргэж надтай тэр хүнээр яриулснаас хойш өөрөө холбогдоогүй. 5-ны өдөр доод архивын өрөөнд бүтэн өдөр байсныг хүмүүс гэрчилдэг. Нэг дэх өдөр дуудсан боловч ирээгүй. 2 дахь өдөр буюу 6 дугаар сарын 5-ны өдөр тухайн үед тушаалаа төлөвлөхдөө тэр захирамж тухайн үедээ архив нарийн бичгийн ажилтнаас яг тэр чигээрээ гараад явсныг бас анзааралгүйгээр би зурчихсан. Тэгэхдээ ажил хүлээлцэхэд нэхэмжлэгч тал буюу тамгын дарга өөрөө тэр 46.2.4 гэх заалтыг олж хараад доор нь би өөрийн хүсэлтээр ажлаас гараагүй болно гэдгээ бичээд гараад ингээд явсан. Тэр даруй нь бид нар 46.2-ын дөрвийгөө 5 болгож захирамж гаргаад залгасан боловч утас нь холбогдохгүй мессеж болон чатаар захирамжийг явуулсан. Дараагийн асуудал түрүүчийн ёс зүйн зөвлөл, ёс зүйн дэд хороо гэдэг тал дээр их ач холбогдол өгөөд яриад байгаа. Гэхдээ өмнөх сольсон тушаал архивд байхгүй. Алтанцэцэг тушаалыг хүчинтэй гээд яриад байсан. Өнөөдөр болохоор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хоёр тайлбарлахдаа Алтанцэцэг угаасаа байхгүй гэдэг юм яриад байгаа юм. Нэхэмжлэл ингээд шүүхийн явцад ийм процессын бас ийм асуудлууд оруулж ирж байгааг би бас гайхаад байна. 2025 оны 4 дүгээр сарын 11-нд энэ төрийн аудиттай холбоотой нэг шаардлага ирчихсэн байгаа юм. Төрийн аудитаас ирсэн 2024 оны жилийн эцсийн нөгөө аудитын дүгнэлт дээрх зөрчлийг арилгаж ажиллах гээд 4 дүгээр сарын 10-ны дотор төлөвлөгөөгөө аймгийн Төрийн аудитын газар дээр хүргүүл, 6 дугаар сарын 10-ны дотор зөрчлөө төлөвлөгөөний дагуу арилгаад тайлангаа өг гэдэг ийм чиглэл ирсэн байсан. 5 дугаар сарын 10-нд Аудитын газар луу төлөвлөгөөгөө өгсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолтод тамгын газрын дарга хууль тогтоомж, хэрэгжилт, хөгжлийн бодлого стратеги шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэн зохион байгуулж хяналт тавина. Сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж удирдлага зохицуулалтаар хангаж явц гүйцэтгэлийн үр дүнг хяналт шинжилгээ үнэлгээ хийж тайлагнах гэсэн ийм үүрэгтэй. Эдгээр үүргүүдээ бас удаа дараа биелүүлээгүй. Материал дээр бол иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2025 оны 1 дүгээр сарын 26-аас хойш 4 албан бичиг ирсэн байдаг. Тамгын газрын дарга гэдэг бол тэр сум орон нутгийн төрийн алба хашиж байгаа төрийн захиргааны албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагч тэнд ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдыг удирдлага зохион байгуулалт бүх юмаар нь хангаж ажиллах, эдгээрээс төлөвлөгөөт хугацаанд нь бодлогын бичиг баримтууд тайлан мэдээ бүгдийг нь авч байх үүрэгтэй учраас тамгын газрын энэ олон даргын олон асуудлуудыг хөндөж байж тухайн захирамжийг гаргасан гэв.

 

3.6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тухайн сум орон нутагтаа энэ өндөрт тооцогдох төрийн албан хаагчийн тухай тэр хүний үйл ажиллагаатай холбоотой яригдаж байгаа. Түүнээс энэ хувь хүний асуудал яригдаагүй хэрэгт хамааралгүй гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь хариуцагч буюу бол *** сумын Засаг дарга Я.Э нь *** сумын Засаг даргын тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцоод байдаггүй. Энэ нь шүүхээс нотлох баримт гаргаж өгөхийг хүссэн албан бичгүүд түүнд гаргаж өгсөн байдаг. Ерөнхий үйл ажиллагаагаар удирдаад явж байгаа Засаг даргын тамгын газрын дотоод журамд зааснаар тухайн Засаг даргын тамгын газрыг өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдаж байгаа Тамгын газрыг мэдэрч чиглүүлж байдаг нь Тамгын дарга байдаг. Өөртэй холбогдуулаад ирсэн ийм зөрчлүүдийг өөрөө ажлын зөрчил дутагдлыг нь арилгаад яваарай гэдэг байдлаар ингээд сануулж хэлж байсан. Бусад зөрчлүүдийг ч гэсэн тухай бүрд нь энэ зөрчил дутагдлаа арилгахыг үргэлж шаардаад явж байсан юм байна. Өөрөө хамгийн эцэст нь бол энэ зөрчил дутагдлууд арилахгүй ингээд үргэлжлээд төрийн үйл ажиллагаа бас сайжрахгүй энэ Тамгын газрын дотоод үйл ажиллагаа өнөөдөр дотоод байгууллагын соёл энэ тэрд бас сөргөөр нөлөөлнө гэж үзэж байсан учраас сануулсан. Мөн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн шинжлэн баталснаа бол хүлээн зөвшөөрдөг, гэхдээ тэр дотор нь би хүний нэр солиогүй тэгж доор нь бичиж хийсэн зүйл байхгүй гэдэг. Захиргааны ерөнхий хууль бол захиргааны актын илэрхий алдааг засах тэр боломжийг нь олж авч өгсөн байгаа. Захиргааны актын бичилт болон тооцоо авлагын алдаа түүнтэй адилтгаж болохоор өөр бусад ийм илэрхий алдаа байвал захиргааны байгууллага нь өөрөө тэр засварыг нь хийх үүрэгтэй. Мөн тэр алдаа гарсан гэдгийг мэдэж байвал алдааг засах шаардах эрх нь бас нэхэмжлэгчид байсан. Тэр эрхээ эдлээд тэр захирамжид ажил хүлээлцэхдээ би өөрийн хүсэлтээр энэ ажлыг хүлээлцээгүй би тайлбар юмаа бичээд тэмдэглээд үлдээсэн байгаа. Тухайн үед би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй, энэ хууль зүйн үндэслэл нь буруу байна гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуульд мөн тэр алдаа гаргасан алдаагаа залруулсан байгууллага нь бол мэдэгдэх үүрэгтэй учраас мэдэгдсэн байдаг. Сумын Засаг даргын тамгын газрын олон нийтэд чиглэсэн маш олон үйл ажиллагаа болсон. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, нутаг дэвсгэрийн нэгж тухай хуулийг 66-г эшлээгүй байна аа гэдэг. Энэ бол сумын Засаг дарга Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах ийм эрх хэмжээ нь байгаа. Энэ үндэслэл зөрчлүүдийг нь болбол нэлээдгүй дэлгэрэнгүй сая танилцуулчихлаа. Энийг тэгэхээр давтаж ярих шаардлага байх гэж бодож байна. Түрүүн хэлсэнчлэн маш олон зөрчлүүд байсан байдлыг ингээд сануулаад хэлүүлж байгаа. Мэдээж зөвхөн энэ захирамжид үндэслэл болгож оруулаад өөртөө сонсох ажлаа хийхдээ ярьж тайлбарлаад ингээд явж байгаа гэв.

 

3.7. Гэрч Р.А-ийн мэдүүлэг: Би Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн ажилтнаар 2023 оны 10 дугаар сарын12-ны ажилд орсон, нийт 3 дахь жилдээ ажиллаж байна. Албан бланкыг зохих журмын дагуу аймгийн өөс захиалж авч тоо ширхгээр тамгын газрын нярав дээр очдог. Нярав шифрээр дугаарлаж надад өгдөг. Бланк болгон шифрийн дугаартай. Миний ажлын байрны тодорхойлолтод удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон удирдлагаас боловсруулсан албан бичгийг хууль эрх зүйн ажилтан хянасны дараа бланк дээр хэвлэж гаргадаг. Байгууллага дотор гарч байгаа албан бичгийн эх хувь бичвэрийг дарга хянасны дараа гаргадаг. Албан бичгийг тухайн албан хаагч боловсруулж, хууль эрх зүйн мэргэжилтэн хянасны дараагаар гаргадаг. Хуучин зөвлөл гэж байсан. Ёс зүйн дэд хороо болгоорой гэснийг хуучин 2019 оны тушаалаас татаж авахдаа шинэчилж гаргахыг андуурч гаргасан. Дараагийн дэд хороо гэснийг мөн би гаргасан. Би тухайн үед гэр бүлийн асуудалтай байсан учраас тушаалыг хуулж бичихдээ анзааралгүй буруу гаргасан. Тушаалын тэргүүн буруу гарсан бланкаа тусдаа тавьж байгаад оны эцэст устгалд өгдөг. Тухайн үед би өмнөх тушаалаас хуулж бичихдээ нэрсийг буруу бичсэн. Ёс зүйн зөвлөл байгуулах эхний тушаалын эх хувь архивд яагаад байхгүй байгаа вэ гэхээр тэргүү буруу гарсан учир устгагдсан. Алдаатай бланкны тайлангаа өгч устгах баримттай хамт өгч устгуулсан. Алдаатай гаргасан бланкны тоогоор би цалин дээрээсээ төлдөг. Конандсан хувь хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Би одоогоор архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлаа хийж байгаа. Би А.Н дарга халагдсанаас хойш буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөдөл тайлбар гаргасан байдаг. Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Оюунтүлхүүр надад ажлын байрны дарамт үзүүлж та нэг бланк, нэг дугаар дээр хоёр бланк гаргаж алдаа гаргасан байна арга хэмжээ авна, цалингийн урамшуулал өгөхгүй гэсэн. Нягтлан, нярав бид гурвыг дуудаж дарамталж, хариуцлага тооцож цахим санд оруулна гэсэн. Би өрх толгойлсон ээж, тухайн үед цалин буухгүй цалингийн зээл хэтэрсэн байсан. Тайлбар бичиж өгөхгүй бол цалин өгөхгүй гэсэн. Тайлбар бичиж өгөхгүй бол урамшуулал өгөхгүй хариуцлага тооцно гэхээр нь надаас болж цалин удаад байна гэж бодож мөн бусад ажилчдыг бодож надаар бичүүлэх гээд байгаа бол бичээд өгье гээд бичиж өгсөн. Тус өргөдөл дээрх гарын үсэг миний гарын үсэг. Ажлын байрны дарамтыг мэр сэр авч байгаа. Нэгдсэн сургалт семинарт оролцоход томилолт өгөхгүй, бензин өгөхгүй байгаа. Намайг хот руу ажилахаар яваад ирэхэд манай өрөөнд камер тавьсан байсан. Хаанаас тавьсан хэн хянаж хардгийг мэдэхгүй. Энэ үйлдлийг ажлын байрны дарамт гэж үзэж байна. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүний нэр дунд Р.А гэдэг нэрийг намайг оруул гэж хэлээгүй, би ч оруулаагүй. Би өмнөх тушаалын загвараар хуулж оруулсан. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох гэж байгаа тушаалд өөр ажлын хэсгийн нэрсийг оруулсан.  Ёс зүйн хорооны зөвлөл гэж байгааг дэд хороо гэж тэргүү соль гэж Тамгын даргаар ажиллаж байсан А.Н хэлсэн.  Ёс зүйн хорооны зөвлөл гэж байх үед ёс зүйн хорооны 5 гишүүнийг хэн сонгосныг би сайн мэдэхгүй байна. Миний гаргасан буруутай үйлдэлд хариуцлага тооцох гэж байгаад больсон. Цалингийн урамшууллаа авсан. Дараа дахин ийм үйлдэл гаргахгүй шүү гэж сануулга тамгын даргын түр орлон гүйцэтгэгчээс авсан. Бланкны зарцуулалтын тайлан гаргаж тухайн оны эцэст устгадаг. Алдаатай гаргасан захирамжийг дараагийн захирамжийг гаргаад хүчингүй болгосон, тус захирамжууд байгаа. Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Оюунтүлхүүр дарамт үзүүлдэг. Яагаад ингэж байгаа вэ гэхээр удирдлагаас ийм чиглэл өгсөн гэдэг. Намайг үг хэлэхээр ажлаас хална гэж дарамталсан. Төрийн албан хаагчид ажлын байрны дарамт гэж үзүүлсэн талаар хэн нэгэнд гомдол гаргаагүй. Би Засаг даргын тамгын газрын ёс зүйн хороонд тушаал гарснаас хойш орсон. Намайг ёс зүйн хороонд орсон гэж хууль эрх зүйн мэргэжилтэн. Би гэр бүлийн хүчирхийлэлд өртөж юу хийж байгаагаа санахгүй байсан, тушаалыг гаргахдаа өөрийн нэрийг оруулж бичиж байгаагаа мэдээгүй. Би ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн сонгодог талаар та сайн мэдэхгүй байна.  Би хамт олны хурлаар ёс зүйн хорооны санал хураалтад оролцож, санал авч байгаагүй. Гэрчийн мэдүүлэг өгөх үед цаашид ямар дарамт шахалт ирэхийг би хэлж мэдэхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь,

Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Нэхэмжлэгч А.Н тус шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны  байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж, 76 дугаар зүйлийн 76.3. дахь хэсэгт заасан “Төрийн албаны  байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандаж, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/2143 тоот албан бичгээр хариу авчээ. (1-р хавтаст хэргийн 12-13 дахь тал)

1.2.  Улмаар А.Н нь  аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан  аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 25,078,435 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.3. А.Н-гийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3., 52 дугаар зүйлийн 52.5.1., 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

Хоёр. Уг хэрэг, маргааны үйл баримтыг дурдахад:

2.1. А.Н нь  аймгийн *** сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга албан тушаалд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч байна. (1-р хавтаст хэргийн 14 дэх тал)

2.2. Улмаар А.Н нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсон байна.  (1-р хавтаст хэргийн 15 дахь тал)

2.3. 2013 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөжээ. (1-р хавтаст хэргийн 31 дэх тал)

2.4. Улмаар  аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтууд, тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд өгсөн  аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 аудитын тайлан, хязгаарлалттай дүгнэлтийг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал шийдвэр гаргасан, Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн хоёр жил дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт авч, тайланд, итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын дарга А.Нг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. (1-р хавтаст хэргийн 76 дахь тал)

Гурав. Маргаан бүхий актын хууль зүйн болон бодит үндэслэлийн тухайд:

3.1.  аймгийн *** сумын Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 05-ны Б/14 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтууд, тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд өгсөн  аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 аудитын тайлан, хязгаарлалттай дүгнэлтийг захирамжилсан.

3.2.  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Н-г Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал шийдвэр гаргасан, Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн хоёр жил дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт авч, тайланд, итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгасан байна.

Дөрөв. Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал шийдвэр гаргасан эсэх тухайд

4.1.  аймгийн *** сумын Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ш 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/03 тоот тушаалаар “Ёс зүйн зөвлөл шинэчлэн байгуулах тухай” тушаал гаргаж, Зөвлөлийн дарга: Ч.Б, гишүүнд: Н.Ш, Э.Д, Ж.Ц, Ж.О нарыг томилж байжээ. (1-р хавтаст хэргийн 209 дэх тал)

4.2. Улмаар  аймгийн *** сумын Тамгын дарга А.Н нь 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” А/03 тоот тушаалаар 1.-т ... “Ёс зүйн дэд хороо”-н дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. 2. Хорооны дарга: Ч.Б, гишүүнд: Н.Ш, Ү.М, Ж.Ц, Ж.О нарыг томилсон. (1-р хавтаст хэргийн 124 дэх тал)

4.3. Ийнхүү дээр гаргасан 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” А/03 тоот тушаал техникийн алдаатай гарсан үндэслэлээр  “Ёс зүйн дэд хороо байгуулах тухай” гэж засаж 2. Хорооны дарга: Ч.Б, гишүүнд: Н.Ш, Р.А, Ж.Ц, нарийн бичгийн дарга: Ж.Оюунтүлхүүр нарыг тус сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны гишүүнээр  ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. (1-р хавтаст хэргийн 123 дахь тал)

4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно.” гэж, 13.2.-т “Нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр таван жилийн хугацаагаар сонгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.-д “Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар дараах бүрэн эрхтэй:” гэж, 12.1.8-д “хуульд заасан бусад бүрэн эрх.” гэж, Ёс зүйн хорооны 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 2.7.-д “Дэд хорооны бүрэлдэхүүнийг тухайн байгууллагын албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр, Засгийн газрын дэргэдэх дэд хорооны бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын захирамжаар тус тус баталгаажуулна.”  гэж тус тус заажээ.

4.5. Гэрч Р.Аийн мэдүүлгээс “.. Хуучин зөвлөл гэж байсан. Ёс зүйн дэд хороо болгоорой гэснийг хуучин 2019 оны тушаалаас татаж авахдаа шинэчилж гаргахыг андуурч гаргасан. Дараагийн дэд хороо гэснийг мөн би гаргасан. Би тухайн үед гэр бүлийн асуудалтай байсан учраас тушаалыг хуулж бичихдээ анзааралгүй буруу гаргасан. Тухайн үед би өмнөх тушаалаас хуулж бичихдээ нэрсийг буруу бичсэн. ..Алдаатай гаргасан захирамжийг дараагийн захирамжийг гаргаад хүчингүй болгосон, тус захирамжууд байгаа. ..” гэжээ. (2-р хавтаст хэргийн 153-157 дахь тал)

                4.6.  аймгийн *** сумын Тамгын дарга А.Н Ёс зүйн зөвлөл гэж техникийн шинжтэй гарсан алдаагаа засаж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн Ёс зүйн дэд хороо гэж өөрчилсөн бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүйн дэд хорооны ажиллах журамд заасан журмын дагуу явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын талбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

               4.7.  аймгийн *** сумын Тамгын дарга нь Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд дур мэдэн өөрчлөлт оруулж, төрийн албан бланк, тамга тэмдгийг ашиглан нэг дугаар дээр хоёр өөр тушаал шийдвэр гаргасан гэх үндэслэл нь ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл хамааралгүй болно.

Тав. Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитаар сүүлийн хоёр жил дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт авч, тайланд, итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан гэх үндэслэлийн тухайд

5.1.  2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/68 албан бичгээр   аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Н-д “Хязгаарлалттай дүгнэлт” ирүүлжээ. (1-р хавтаст хэргийн 101-102 дахь тал)

5.2. Уг дүгнэлтэд  аймаг дахь Төрийн аудитын газраас хяналт шалгалтыг  2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийгдсэн байна. (1-р хавтаст хэргийн 103-122 дахь тал)

5.3.  Улмаар 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/138 дугаар албан бичгээр  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Н-д “Хязгаарлалттай дүгнэлт” ирүүлж, 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын газраас шалган тайлан гаргажээ. (1-р хавтаст хэргийн 83-96 дахь тал)

5.4. Эндээс үзэхэд,  аймаг дахь төрийн аудитын газар нь тус сумын засаг даргын тамгын газрын 2023, 2024 онуудын санхүүгийн тайланг шалгасан байна. Аудитын газар тухайн шалгаж байгаа төсвийн байгууллагад аудитын тайлангийн дүгнэлтийг 4 төрөлд гаргадаг бөгөөд -зөрчилгүй санал дүгнэлт, -хязгаарлалттай саналд дүгнэлт, -дүгнэлт өгөхөөс татгалзах, -сөрөг дүгнэлтийг өгөх эрхтэй юм.

5.5. Нэхэмжлэгч тус сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Н хязгаарлалттай санал дүгнэлтэд дурдсан зөрчлийг арилгаж байсан болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбараар нотлогдож байна. 

Зургаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэх тухайд

6.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гэж, 67.1.2-т “Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;” гэж, 67.1.3-т “Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;” гэж, 67.1.4-т “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;” гэж, 67.1.7-д “тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх;” гэж Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлжээ.

6.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,  аймгийн *** сумын Тамгын дарга Засаг даргын Тамгын газар нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.-д нэрлэн заасан тухайн шатны хурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх чиг үүргийн хүрээнд яг ямар үйл ажиллагаа гүйцэтгээгүй болох нь тодорхойгүй байх тул  аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчлэх үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Долоо. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

7.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална: 7.1.2.-т “мэргэшсэн, тогтвортой байх;”, 7.1.5.-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;”, 7.1.6.-д “ил тод байх” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж төрийн албанд баримтлах зарчим болон захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчилжээ.

7.2. Хариуцагч тус аймгийн *** сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа /чөлөөлөх/ тус сумын Тамгын газрын дарга А.Нд сахилгын зөрчлийн шинж байдалд тохирсон арга хэмжээ аваагүй байна.

7.3.  Нэхэмжлэгч А.Н нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг. 37.1.1.д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.6.-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэж, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, 48 дугаар зүйлийн 48.1.3., 48.3. дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

7.4.  Хариуцагч тус сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” 25.1.1.-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2.-д “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, худалдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архив хадгална.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчид сонсох ажиллагаа бүрэн явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, ажлаас нь /чөлөөлөх/ халахдаа тухайн үйл баримтыг тогтоох, үүрэг даалгавар өгч түүний үр дүнг дүгнэх, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлгээр нотлогдлоо.

7.5. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3. дахь хэсэгт “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.” гэж зааснаас үзвэл  аймгийн *** сумын Засаг даргад тус сумын  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үүрэгтэй.

7.6.  Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан.” гэж, 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж, 80.1.5-д “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” гэж тусгасан нь тухай хэрэг маргаанд нэхэмжлэгч А.Н нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх, халахад уг хуулийн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй.

7.7. Энэ нь, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно.”,  62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсгийн 62.1.1.-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх.” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах гэж заасан хуулийн заалттай нийцэж байна.

7.8.  Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, маргаан бүхий Б/14 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж зааснаар хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

7.9. Хариуцагч захиргааны байгууллага /албан тушаалтан/ нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

7.10. Улмаар  аймгийн *** сумын Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 05-ны Б/14 дүгээр захирамж хууль бус болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдсон бөгөөд уг захирамжийн улмаас  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Н хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн нь үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Найм. “Ажилгүй байсан хугацааны цалин 25,078,435 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

8.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2. дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1. дэх хэсэгт “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийг албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн нь тогтоогдсон тул А.Н нь өөрт учирсан цалин хөлсөө гаргуулах шаардах эрх үүснэ.

8.2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар болон бусад хуулиар зохицуулна”, гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;”, 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Нг албан тушаалдаа томилогдсон өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлстэй нь тэнцэх олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч  аймгийн *** сумын Засаг даргад даалгах нь зүйтэй.

8.3. Энэхүү хариуцагч  аймгийн *** сумын Засаг даргын маргаан бүхий Б/14 захирамжийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч А.Н-г  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилж,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичих үүрэгтэй болохыг тэмдэглэв.

8.4. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.6 дахь хэсэгт зааснаар буруутай албан тушаалтныг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах үр дагавар үүсэх болохыг сануулах нь зүйтэй.

8.5. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр, нэхэмжлэгч А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3 дугаар зүйлийн 106.3.1., 106.3.4., 106.3.12, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгийн 7.1.2., 48 дугаар зүйлийн 48.1., 49 дүгээр зүйлийн 49.1., 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Н-н нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж,  аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 05-ний өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга А.Нг ажлаач чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгож,  урьд эрхэлж байсан ажилд буюу  аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4., Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 101 дүгээр зүйлийн 101.2. дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7., 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийлгэхийг хариуцагч  аймгийн *** сумын Засаг даргад даалгасугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.6. дахь хэсэгт заасны дагуу уг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буруутай албан тушаалтан төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах үр дагавар үүсэх болохыг сануулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА