Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 226/МА2022/00006

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 01-ний өдөр            226/МА2022/00006                                   Хэрлэн сум

 

 

 

 

“Х” банк ХХК-ийн

Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

Б.Г-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2022/00006/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, Н.Анхбаяр /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00009 дугаар шийдвэртэй “Х” банк ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-т холбогдох “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201844184030 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14.853.74840 төгрөг гаргуулах тухай” иргэний 1 хавтас 119 хуудас бүхий хэргийг хариуцагч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Х” банк ХХК-ийн Хэнтий салбарын захирал Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Б-, Б.Г- нар нь “Х” банк ХХК-ийн Хэнтий салбарын Биндэр тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201844184030 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19.973.226 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд 4 ханатай гэр 1 ширхэг, 32 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхгийг тус тус тавьсан. Т.Б-, Б.Г- нар нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 6.149.09119, зээлийн хүүд 7.099.92845 төгрөг тус тус төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул уг гэрээний 6.1.21-д заасан зээлийг буцаан дуудах хэсгийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201844184030 тоот зээлийн гэрээг цуцалж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 14.853.74840 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б-, Б.Г- нар нь “Х” банк ХХК-ийн Хэнтий салбарын Биндэр тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201844184030 тоот зээлийн гэрээ байгуулан 19.973.226 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалттайгаар авч, зээлийн барьцаанд 4 ханатай гэр 1 ширхэг, 32 инчийн өнгөт зурагт 1 ширхэг зэргийг тавьсан. Зээл авснаас хойш 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6.149.091, зээлийн хүү 799.928 төгрөг төлсөн. Зээлийн хуваарийн дагуу зээл төлөх ёстой байснаас 139 хоног хугацаа хэтрүүлсэн учраас зээлийн гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14.853.74840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Гэр бүлийн хүн нь нас барсан учир зээл төлөх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г-ийг гэрээний үүрэг хариуцлагаас чөлөөлөх боломжгүй. Энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй. Зээлийн гэрээнд заагдсанаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учраас зээлийн төлбөрийг төлөх ёстой гэсэн байр суурьтай байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хариуцагчийн хариу тайлбар гэж харж байна. Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад хууль, тогтоомжид нийцсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар хуулийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” заасан байх бөгөөд Зээлийн гэрээний 5.1.7-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч хэнээс ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй” гэж дурдсан байна. Иймд зээлийн гэрээ болон Иргэний хуульд зааснаар тухайн зээлийн гэрээнд Б.Г- хамтран үүрэг гүйцэтгэгч болж байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” тохиолдолд үүрэг дуусгавар болохоор заажээ. Энэ үндэслэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчгүй тохиолдолд хэрэглэх боломжтой. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Г- нь хамтран үүрэг хүлээж гэрээний нэг тал болж оролцсон байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэл хамаарахгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар үндсэн зээлдэгчийн эрх, үүрэг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г-т шилжсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Миний нөхөр Т.Б- 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж нас барж бидэнд нөхөж баршгүй гэнэтийн зүйл тохиолдож, 2-10 насны хүүхдүүдийн хамтаар өнчирч хоцорсон. Талийгаач нөхөр маань амьд ахуйдаа Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жолоочоор ажилладаг байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х банкны Хэнтий салбарын Биндэр тооцооны төвөөс цалингийн зээл авч эчнээгээр сурч байсан дээд сургуулийн төлбөртөө өгсөн. Миний нөхрийн банктай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201844184030 тоот зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар ...цалингийн зээл зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл MNT бүтээгдэхүүн болно. Цалингийн зээлийн хувьд банкны гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасан хуваарийг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүрт төлбөрийг суутган авахаар тус тус тохиролцож гэрээ байгуулсан байна. Тухайн зээл нь манай нөхрийн цагдаагийн байгууллагад ажиллаад авах цалингаа барьцаалж, цалингаасаа суутгал хийлгүүлэн төлөх тухай зээл бөгөөд миний нөхөр одоо нас барчихсан тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Түүний нэр дээрх банктай гэрээгээр тохиролцсон цалингаас зээл төлөх үүрэг нэгэнт биелэгдэхээ больсон. Миний бие 2, 7, 10 настай гурван хүүхдийн хамтаар үлдсэн бөгөөд хүүхдүүдээ хараад ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул цалин орлого байхгүй. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт “үүргийг гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан ...тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно” гэж заасны дагуу миний талийгаач нөхрийн банктай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201844184030 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн үлдэгдэл төлбөрийг банкны эрсдэлийн сангаас хариуцан гаргуулж өгнө үү.

Мөн миний талийгаач нөхрийн банктай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201844184030 дугаартай цалингийн зээлийн гэрээнд намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00009 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн  225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 201844184030 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 14.853.74840 төгрөгийг гаргуулан Х банк ХХК-ийн Хэнтий салбарт олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Б.Г-ийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201844184030 дугаартай цалингийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232.218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Б.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Х” банк ХХК-ийн Хэнтий салбар болон Т.Б- нарын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний зээлдэгч Т.Б- нь нас барсан тул намайг уг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж зээлийн үлдэгдэл 14.853.74840 төгрөгийн нэхэмжилсэн. Талийгаач нөхөр Т.Б-ыг гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Надад уг мөнгөнөөс авсан зүйл байхгүй. Тэр мөнгө талийгаач нөхөр Т.Б-ын өөрийнх нь сургалтын төлбөрт зарцуулагдсан. Би ямар нэгэн зүйлээ банканд барьцаалаагүй.

Тухайн зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Т.Б- нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барснаар 2021 оны 06 дугаар сард түүний цалин олгогдохоо больсон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний төрөл нь “цалин барьцаалсан зээлийн гэрээ” бөгөөд гэрээний зүйл нь Т.Б-ын цалин юм. Уг гэрээний нөхцөл нь сар бүр Т.Б-ын цалин бодогдож дансанд орох бүрт Х банк уг цалингаас төлөлтөө суутгаж авах байсан. Цалин нь Т.Б-ын хувийн байдалтай салшгүй холбоотой зүйл бөгөөд түүний оролцоогүйгээр цалин барьцаалсан зээлийн гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй, түүнийг нас барснаар энэ гэрээний хугацаа дагаад дуусгавар болно. Мөн цалингийн зээлийн гэрээний төрөл зохицуулалт нь зөвхөн Т.Б-од л зориулсан, Б.Г- надад зориулаагүй, би энэ төрлийн зээлийн гэрээний нөхцөлийг хангахгүй, зээлийн мөнгийг ашиглаагүй, ашиглах үндэслэл байхгүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу Х банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж заасан байдаг боловч энэ нь зөвхөн ижил үүргүүдийн хувьд хамтран хүлээх нэг үүргийг бүрдүүлдэг ойлголтод хамаатай гэж үзэж байна.

Харин Х банк Т.Б- нарын хооронд байгуулагдсан цалин барьцаалсан зээлийн гэрээнд хэрвээ Т.Б- нас барж, тэтгэвэр авах боломжгүй бол үүрэг хэрхэх вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан заалт байхгүй байгаа тул Иргэний хуулийн хэм хэмжээг баримтална гэж үзэж байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан бол ...үүрэг дуусгавар болно” гэж заасан.

Иргэний хуулийн 240.1.2-т зааснаар Т.Б- нь нас барснаар түүний Х банктай байгуулсан цалингийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болж цаашид цалин орохгүй, цалин бол Т.Б-ыг нас барах хүртэл үргэлжлэх харилцаа тул дагаад цалин барьцаалсан зээлийн гэрээний “цалин орох бүрд түүнээс зээл суутгах авах” гол нөхцөл бүрдэхгүй болж, уг гэрээ үргэлжлэх боломжгүй, биелэгдэхгүй болсон тул Х банк гэрээг дуусгавар болгох байсан.

Харин хамтран үүрэг гүйцэтгэгчид тавьсан шаардлагын тухайд: 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/201844184030 дугаартай гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2 зааснаар уг зээлийг Т.Б-ын цалингаас төлөхөөр тохиролцсон. Гэрээний тохиролцоо нь Т.Б-ын ирээдүйд авах цалинг барьцаалж зээл авсан болохоос гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан Б.Г- миний бие өөрийн орлогоо барьцаалж зээл аваагүй.

Цалингийн зээлийн гэрээний эргэн төлөх нөхцөл нь зөвхөн Т.Б-ын хувь хүний салшгүй үүрэгтэй хамааралтай байтал уг зээлийг авах шаардлагагүй цалингаа барьцаалаагүй хүнийг зөвхөн гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр шаардах эрх үүсэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй 111.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

          Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Хэнтий салбараас хариуцагч Г.Ганпүрэвт холбогдуулан 2018 оны 12 сарын 21 ний өдрийн ЗГ/ 201844184030 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14853748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.Г- нь Х банк ХХК-ний  Хэнтий салбарт холбогдуулан цалин барьцаалсан зээлийн гэрээнд намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулсныг хүчин төгөлдөр бусад тооцуулах  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                  Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Б.Г-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Т.Б-, Б.Г- нар нь Х банкны Биндэр тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 21 ний өдөр зээлийн гэрээ байгуулж 19 973226 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлээс үндсэн зээлд 6149091 төгрөг, зээлийн хүүд 7099928 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгдээгүй. Зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6.1.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 14853748 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

Хариуцагч Б.Г- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа: Манай нөхөр 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэст жолоочоор ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Биндэр сумын тооцооны төвөөс цалингийн зээл авсан. Тэр зээлээ эчнээгээр сурч байсан сургалтын төлбөрт төлсөн. Тухайн зээл нь манай нөхрийн цагдаагийн байгууллагад ажиллаж авах цалингаа барьцаалж цалингаасаа суутгал хийлгэн төлөх тухай зээл бөгөөд нөхөр нас барсан тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, миний бие цалин орлогогүй, хүүхдүүдээ харж ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул зээлийн төлбөрийг банкны эрсдэлийн сангаас хариуцан гаргуулж өгнө үү гэж мэтгэлцжээ.

Хариуцагч Б.Г- сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Энэхүү гэрээ нь цалин барьцаалсан гэрээ байхад намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хууль бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж хуульчилсан тул зээлийн гэрээнд намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-с талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Г- хамтран үүрэг хүлээж гэрээний нэг тал болсон тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д заасан үндэслэл хамаарахгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар үндсэн зээлдэгчийн эрх үүрэг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г-т шилжсэн гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн үлдэгдэл 17.373.225 төгрөг дээр 2.600.000 төгрөгийг нэмж нийт 19.973.226 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ,зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна /хх 7-11/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

          Хариуцагч Б.Г- нь зээлийн гэрээний үүргийг би хариуцахгүй, намайг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэхүү бичгийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Зээлийн гэрээнд  Т.Б- болон түүний гэр бүлийн хүн гарын үсэг зурж, зээлийг  гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор авсан болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь нэхэмжлэгчийн  өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч Б.Г- нь нөхөр Т.Б-ыг цалингийн зээлээ өөрийнхөө сургалтын төлбөрт зарцуулсан гэдгийг нотлоогүй, үүнийг нотлох үүрэг нь хуулиар хариуцагчид өөрт  нь олгогдсон энэ үүргээ биелүүлээгүй, зээл гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан үйл баримт тогтоогдсон тул түүний “үндсэн зээлдэгч нас барсан, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг хариуцахгүй гэсэн” давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

           Иймд хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   232.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 156/ШШ2022/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  232.322 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

          

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧИД                                        Б.ДЭНСМАА

                                                                                                         

                                                                                                      Я.АЛТАННАВЧ