Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

2024/ДШМ/34

 

 

        

Б.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Т.Г нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор: Ж.Ц    

             Шүүгдэгч: Б.Ш

             Нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/444 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Шт холбогдох 2412001160105 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, А аймгийн Ө сумын Т багийн Х гэх газар оршин суух, Ц овогт Бы Ш /РД:000000000000/

 

Шүүгдэгч Б.Ш нь 2024 оны 03 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдийн хооронд А аймгийн Ө сумын Т багийн нутагт байрлах өөрийн бог мал болох хонь ямаанд ирж нийлсэн хохирогч Л.Бгийн 35 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Б.Шт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/444 дугаартай шүүгчийн захирамжид: А аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бны Шт холбогдох эрүүгийн 2412001160105 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ... А аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Ц би, “Б.Ш нь шунахайн сэдэлттэй 2024 оны 03 дугаар сарын 06-наас 09-ний өдрийн хооронд А аймгийн Ө сумын Т багийн нутагт байрлах өөрийн бог мал болох хонь, ямаанд ирж нийлсэн хохирогч Л.Бгийн 35 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 4,060,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх эрүүгийн 2412001160105 дугаартай хэрэгт яллагдагч Б.Шыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 107 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулах агуулгыг тусгаагүй гэж үзнэ...Шүүгдэгч Б.Шын тухайн 35 тооны ямааг хэний эзэмшил болохыг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд бусдын алдуул мал болохыг мэдсээр байж захиран зарцуулахдаа зохих байгууллагад мэдэгдсэн эсэхийг шалгаж тодруулаагүй байна. Иймд хэргийг прокурорт буцааж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 444 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх “яллагдагч Б.Шын тухайн 35 тооны ямааг хэний эзэмшил болохыг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй”, өөрөөр. хэлбэл хэргийн зүйлчлэл буруу гэсэн агуулгыг тусгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт шүүх хуралдаанаар ямар нөхцөл байдлыг харгалзан прокурорт буцаах эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх талаар нарийвчилсан зохицуулалт хуульчлаагүй, шүүхийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд 3 төрлийн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр заасан бөгөөд дээрх үндэслэлийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдэг үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэргийг прокурорт буцаасан. Прокурорын зүгээс анхан шатны шүүх “...захиран зарцуулахдаа зохих байгууллагад мэдэгдсэн эсэхийг шалгаж тодруулаагүй...” гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол 60 хүртэл хоногоор хойшлуулж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх эрх нь шүүхэд нээлттэй байгаа. Шүүх хуралдаанд улсын яллагчаас "... хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, шүүх хуралдаанаас 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх” санал гаргасан боловч шүүх "... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулах агуулгыг тусгаагүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзсэн бол хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "...зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ... 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулж шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэж байна.

Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан “... бусдын алдуул мал болохыг мэдсээр байж захиран зарцуулахдаа зохих байгууллагад мэдэгдсэн эсэхийг шалгаж тодруулаагүй” гэсэн нь үндэслэлгүй, яллагдагч Б.Ш нь хохирогч Л.Бгийн ямаа өөрийн малд нийлсэн талаар зохих байгууллагад мэдэгдээгүй гэдэг нь хэргийн материалаас тодорхой, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүнээс мэдүүлэг аваад тодруулах боломжтой байсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэргийг мөрдөн шалгах явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх туг А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2С2- оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/444 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно...гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Б.Шт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 107 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Тухайн хэрэгт гэм буруугийн тал дээр маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол, хор уршигтай холбоотой хохирогчоос нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн. Дээрх хэрэгт шүүгдэгч Б.Ш нь эрх бүхий байгууллагад мэдэгдсэн эсэх талаар тодруулаагүй гэдэг үндэслэлээр шүүхээс хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн. Дээрх асуудлыг тодруулаагүйтэй холбоотой ярих зүйл байхгүй. Гэхдээ хэргийг ердийн журмаар шийдвэрлэж дээрх асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж тодруулах боломжтой гэж дүгнэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заасан. Энэ эрх хэмжээ шүүхэд олгогдсон байгаа. Хэрвээ ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд захирамждаа тодорхой дурдаагүй байна гэж үзсэн. Энэ хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй, энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлтээ хэрэгт бичиж өгсөн. Хэргийн зүйлчлэлтэй холбоотой зохих байгууллагад мэдэгдсэн эсэхийг тодруулах ажиллагаа хийгдэх учраас ердийн журмаар энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж эсэргүүцэл бичсэн байгаа... гэв.

 

            Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Байхгүй... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

         А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Шыг 2024 оны 03 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдийн хооронд А аймгийн Ө сумын Т багийн нутагт байрлах өөрийн бог мал болох хонь ямаанд ирж нийлсэн хохирогч Л.Бгийн 35 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

          А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Шт холбогдох эрүүгийн 2412001160105 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т … шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон … нөхцөл байдлыг хянана … гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт … эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах … гэж тус тус  хуульчилжээ.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Шын тухайн 35 тооны ямааг хохирогч Л.Бгийн эзэмшил болохыг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд бусдын алдуул мал болохыг мэдсээр байж захиран зарцуулахдаа зохих байгууллагад мэдэгдсэн эсэхийг шалгаж тодруулаагүй, энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

          Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/444 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

          1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/444 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                       Т.Д

 

                                                                                    Т.Г