| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 123/2025/0115/З |
| Дугаар | 123/ШШ2026/0023 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 123/ШШ2026/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***ХХК,
Хариуцагч: *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хооронд үүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***ХХК-ийн төлөөлөгч Ж.Б, хариуцагч *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэлд “...манай компаниас 2023 оны 7 дугаар сарын 04-нд *** аймгийн Засаг даргад *** аймгийн *** сумын нутаг Зүүн дэнж нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 50 га газарт олгохыг хүссэн өргөдлийг гаргасан гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас)
2.2. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1.18, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн *** аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/66 тоот албан бичгээр ***ХХК нь 50 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авахаар гаргасан байна. Тус сумын нутаг дэвсгэрт ***12000 га, *** 19390.4 га, Салхин цахилгаан станц 12000 га нийт 43390.4 га газар, ***сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх ***төмөр зам гэх мэт газруудад улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтууд, сумын эдийн засгийн голлох салбар, өвөлжөө хаваржаа олонхи иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дэмжих боломжгүй гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас)
2.3. *** аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/2183 дугаар албан бичгээр ***ХХК-ийн захирал Ж.Бд ...*** сумын нутаг *** нэртэй газарт 50 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасны дагуу тус сумаас санал уламжлахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзжээ. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)
2.4. Мөн нэхэмжлэгч ***ХХК-иас *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан (1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна.
2.5. Шүүхэд ***ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 518 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дахь тал)
2.6. Ийнхүү нэхэмжлэгч бүрдүүлбэрийг хангаж ирүүлсний дагуу шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаартай шүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал)
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ***ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компаниас 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *** аймгийн Засаг даргад *** аймгийн *** сумын нутаг Зүүн дэнж нэртэй газарт ТТАМалтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 50 га газарт олгохыг хүссэн өргөдлийг гаргасан.
*** сумын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолоор Малын бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа тул татгалзсан хариу өгсөн. Үүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/2183 дугаартай албан бичгээр манайд мэдэгдсэн. Үүнийг бид хууль бус бидний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Татгалзсан шийдвэрийг хүлээж аваад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрүүл мэндийн улмаас нэхэмжлэл гаргаагүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж заажээ.
Иймд *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 06-нд гомдол гаргасан. Хариу ирээгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу. Манай компани барилгын материал үйлдвэрлэл, засвар, элс хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. *** аймгийн *** сумын нутагт МY-9464A элс, хайрга олборлох тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. 2021 оны Засгийн газрын 307 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талбайд орсон учраас улсын тусгай хэрэгцээнд авсан. *** нэртэй 50 га талбай нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, нөөцөд авсан газартай давхцаагүй, тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд аваагүй талаар дүгнэлт лавлагааг Ашигт малтмал газрын тосны газраас *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст цахимаар ирүүлсэн болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 9 дүгээр заалтанд Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэн хайх ашиглахыг хориглосон хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэж заажээ. Хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Гшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***ХХК-иас *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “*** сумын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ИТХ-ын 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн шаардлага нь *** сумын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус учир уг тогтоолыг хүчингүй болгуулах гэжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална" гэж заасан. Хурал тогтоол гаргахдаа хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг шийдвэрлэхдээ олонхын саналыг харгалзан шийдвэрлэдэг тул 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэх боломжгүй. Хуулинд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан. 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлүүдээр захиргааны акт хууль бус байхыг тодорхойлдог. Сумын ИТХ- ын тогтоол нь хууль бус байх дээрх зохицуулалтад хамаарахгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх ба Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд 48.1. Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно. 48.2. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; 48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, 48.2.5. нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх үндэслэлүүдээр Захиргааны байгууллага хүчингүй болгохоор зохицуулсан байгаа. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолийг хүчингүй болгох дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул сумын ИТХ-ын зүгээс уг тогтоолын хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч ***ХХК-ийн гаргасан “*** аймгийн *** сумын ИТХ-ын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.3. Хариуцагч *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоол гаргахдаа тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгч нарын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэж заасан. Эндээс харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 18 дугаар тогтоолыг гаргасан байна. Энэ тогтоол хуульд нийцсэн. Энэ тогтоолдоо дурдахдаа нийт 21 төлөөлөгчтэй, бүх төлөөлөгч нар татгалзсан хариу өгсөн учир 50 га газрыг дэмжихгүй боломжгүй буюу тогтоол дээрээ үндэслэл хэсэгт дурдсан. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. *** аймгийн *** сумын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж үзэж байна. Хууль бус гэдэг ойлголтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн заасан үндэслэлээр хууль бус гэж үзэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан зохицуулалт байгаа тохиолдолд энэ захиргааны актыг хууль бус гэж үзнэ. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар тогтоол бол хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан зохицуулалтаар заасан үндэслэл захиргааны актаас харагдахгүй байна хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран Захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж заасан байна. Хэрвээ тухайн акт хууль бус байх юм бол тухайн актыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө хүчингүй болгох эрхтэй. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хууль бус гэдэг нөхцөл тогтоогдохгүй байгаа учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын уг тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа талбай бол 50 га талбай. Хавтаст хэрэгт байгаа зургаас харах юм бол нэхэмжлэгчийн хүссэн талбай нь зургаас харагдаж байгаа. Байгаль хамгаалагч Батболдын гаргаж өгсөн зургаас харахад тариалангийн талбай харагдаж байна. хайгуулын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар суурьшлын бүсээс болон ногоон бүсээс нэг километр дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа талбай нь суурьшлын бүс болон *** сумын ***өөс 900 метрийн зайд оршиж байгаа. Хэдийгээр нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүнд нь үндэслэл бүхий хариу өгөх эрхтэй болохоос биш заавал дэмжих ёстой гэсэн хуулийн зохицуулалт хуульд байхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод та хайгуул хийгээд ашиглалтын талбай болгох юм бол та үүнийг ашиглалтаар ашиглах боломжгүй болж байгаа. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан *** сумын суурьшлын бүсэд байгаа 2000 гаруй иргэний эрх ашгийг зөрчиж асуудал үүсэж байна. Иймд Монгол улсын Үндсэн хуульд зааснаар иргэдийн эрх ашиг хөндөгдөнө. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүрэг юу вэ гэвэл тэд сумынхаа нийт иргэдийн эрх ашгийг төлөөлж тэнд сонгогдож хууль ёсны дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд байдаг. Иймд 18 дугаар тогтоол бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль ёсны дагуу гарсан тогтоол гэж үзэж байна. Иймд ***ХХК-ийн гаргаж байгаа *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч ***ХХК-ийн *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1.18, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн *** аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/66 тоот албан бичгээр ***ХХК нь 50 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авахаар гаргасан байна. Тус сумын нутаг дэвсгэрт ***12000 га, *** 19390.4 га, Салхин цахилгаан станц 12000 га нийт 43390.4 га газар, ***сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх ***төмөр зам гэх мэт газруудад улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтууд, сумын эдийн засгийн голлох салбар, өвөлжөө хаваржаа олонхи иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дэмжих боломжгүй гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас)
1.2. Нэхэмжлэгч ***ХХК-иас *** аймгийн Засаг даргад тус аймгийн *** сумын нутаг Зүүн дэнж нэртэй газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 50 га газарт олгохыг хүссэн өргөдөл гаргасны дагуу *** аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/2183 дугаарт албан бичгээр ...*** сумын нутаг *** нэртэй газарт 50 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу тус сумаас санал уламжлахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзжээ. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)
1.3. Нэхэмжлэгчээс ...*** нэртэй 50 га талбай нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, нөөцөд авсан газартай давхцаагүй, тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд аваагүй талаарх дүгнэлт лавлагааг Ашигт малтмал газрын тосны газраас *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлцэс цахимаар ирүүлсэн байхад манай хүссэн тусгай зөвшөөрлийг олгоогүй, ...эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэж заасан. Хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан гэж,
1.4. Хариуцагчаас ...*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ...тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
Хоёр: Хууль зүйн үндэслэлийн талаар,
2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” , Жаран гуравдугаар зүйлийн 2.-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, ..... нийцсэн байх ... мөрдөнө.” гэж зааснаар хариуцагч *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хуульд нийцсэн байна. Учир нь,
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5-д зааснаар *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь өөрийн үйл ажиллагаандаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх.” гэж заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах зарчим зөрчигдөөгүй байна.
2.3. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8 дахь хэсэгт “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно”, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно.” гэж тус тус заажээ.
2.4. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8., Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2., Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудад тус тус нийцсэн байна.
2.5. Түүнчлэн маргаан бүхий акт 18 дугаар тогтоолоор “*** аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/66 тоот албан бичгээр ***ХХК нь 50 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авахаар гаргасан байна. Тус сумын нутаг дэвсгэрт ***12000 га, *** 19390.4 га, Салхин цахилгаан станц 12000 га нийт 43390.4 га газар, ***сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх ***төмөр зам гэх мэт газруудад улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтууд, сумын эдийн засгийн голлох салбар, өвөлжөө хаваржаа олонхи иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дэмжих боломжгүй гэж үзсүгэй” гэж шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй.
2.6. Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.
2.7. Эндээс дүгнэвэл, түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа эхлэн явуулахад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авахаар хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх гол үндэслэл нь талбай байрших сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал байхаар зохицуулжээ.
2.8. Иймд нэгэнт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн тусгай зөвшөөрөл хүссэн талбайг олгох боломжгүй талаар тогтоолоо гаргаж, саналаа хүргүүлсэн нь нэхэмжлэгч ***ХХК нь тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.
2.9. Иймд *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоол хууль бус болох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ***ХХК-ийн *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3., 106.3.14. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5., Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8., Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2., Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ***ХХК-ийн *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА