Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 666

 

Т.А, О.Р нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Т.А, О.Р нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, хохирогч О.Р-ийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ... овогт Т.А,

2. Монгол Улсын иргэн, .... овогт О.Р нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Р-, Т.А-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч А.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Р-ээс 309 000 төгрөг гаргуулан хохирогч Т.А-т, шүүгдэгч Т.А-с 946 900 төгрөг гаргуулан хохирогч О.Р-т тус тус олгож, хохирогч нар нь гэмтэлтэй холбоотой цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Р-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч О.Р-ийн өмгөөлөгч С.Нургайып гаргасан гомдолдоо “...О.Р-, Т.А-нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлээгүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломж байсан боловч, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон. Тухайлбал Т.А-тэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох түүнтэй хамтран ажилладаг Ж.А, З.А, Б.Б, Х.Н, О.Х нарын мэдүүлэгт үндэслэн О.Р-ийг гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна.

Т.А-ийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй бөгөөд шинжээчийн ...555 дугаартай дүгнэлтэд “...хүүхэн харааны хэлбэр зөв биш, гэрлийн урвалд жигд бус оролцоно, нүдний алимын чичирхийлэлд зүүн талд илэрнэ...” гэж тархины доргилттой... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн боловч тухайн үеийн Т.А-ийн биед үзлэг хийсэн нүдний эмч М-ын тодорхойлсноор дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл байгаагүй болох нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл нарийн мэргэжлийн эмчийн тогтоогоогүй оношийг шинжээчийн дүгнэлтэд хийсвэрээр бичиж, гэмтлийн зэрэг тогтоосон байж болзошгүй. Хэрэв Т.А-гэмтэл авсан бол түүний өвчний түүх, эмчлүүлсэн байдал зэргээр тогтоогдох ёстой боловч ямар ч эмчилгээ хийлгээгүй, эмчлүүлж байгаагүй, эмч үзлэг хийгээд бүх зүйл хэвийн гэж тодорхойлсон хүнд чухам яагаад гэмтлийн зэрэг тогтоож өгсөн нь өөрөө эргэлзээтэй байна.

Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шинжилгээ хийлгүүлж өгнө үү. Эсхүл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул О.Р-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч О.Р-ийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан гомдлыг үндэслэн Т.А, О.Р нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ....гэх газарт Т.А-нь засаг даргын захирамжийн дагуу золбин нохой буудаж, устгах ажил хийж байх явцад О.Р- нь өөрийн нохойг буудсан гэсэн шалтгаанаар Т.А-тэй маргалдаж, улмаар харилцан зодолдож Т.А-ийн биед хөнгөн гэмтэл, О.Р-ийн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд уг үйл баримтыг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэж дүгнэн, Т.А, О.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, уг зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ялгамжтай ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Т.А, О.Р нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн бус, үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал, шинжээч эмч К.Хайратын дүгнэлтийнхээ үндэслэлийн талаар тодорхой хариулт өгсөн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүгдэгч, хохирогч О.Р-ийн өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Т.А, О.Р нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Т.А, О.Р нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Т.А, О.Р нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч, хохирогч О.Р-ийн өмгөөлөгч С.Нургайыпын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын “О.Р-т холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах” хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН