Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0132

 

 

С.Х-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0923 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-ын гаргасан давж заалдах гомдлоор, С.Х-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0923 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Х-ийг ажилд нь буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Х-ийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтны албан тушаалд томилохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,182,566 (гурван сая, нэг зуун наян хоёр мянга, таван зуун жаран зургаа) төгрөгийг С.Х-д олгож, С.Х-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л давж заалдах гомдолдоо: “...Шүүх дараах байдлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

1. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 3.1.2, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээдэг. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.Х-ийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг анхаарч үзэх шаардлагатай байсан.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай байдаг. С.Х-ийг 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар томилсон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Б/171 дугаартай хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул С.Х-ийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар томилохыг даалгасан шийдвэр биелэгдэх боломжгүй байна.

Шүүх дараах байдлаар нотлох баримтыг буруу үнэлсэн.

1. Шүүх “Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. С.Х нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа буцаж орох өргөдөл өгсөн болох нь, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь нэхэмжлэлийн тайлбар, гэрч С.М, С.Т, Х.Б, Ш.С нарын мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэсэн боловч аль гэрчийн ямар мэдүүлэг, хэрэгт цугларсан ямар бичмэл нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй.

2. “Мөн нэхэмжлэгчийн ажилдаа орохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй удаасан болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “С.Х-г ажилд томилох тухай” дугаар Б/171 тоот тушаалыг гаргасан байгаагаар нотлогдож байна” гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь дээрх өргөдлийг Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэнд өгөөгүй болох гэрч С.М, М.М нарын мэдүүлэг, Өргөдөл, гомдол гомдол санал хүсэлтийн цахим систем буюу www.smartcity.mn хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байна.

3. “Хэдийгээр 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр С.Х-ийг ажилд томилсон тушаалыг бичгээр гаргасан байгаа боловч бодит байдал дээр албан тушаалд нь томилохгүй, ажил, албан тушаалыг нь хүлээлгэн өгөхгүй байна” гэж дүгнэсэн боловч гэрч Х.Б, С.М нарын мэдүүлэг, Х.Б С.Х нарын ажлыг хүлээлцүүлсэн тухай баримт зэргээс нэхэмжлэгчийн ажлыг хүлээлцүүлэх үйл ажиллагаа явагдсан боловч өөрөө ажлаа авахгүй, ажлаа хийхгүй байгаа болох нь тогтоогдож байна. Мөн С.Х-тэй хийсэн уулзалтын тэмдэглэл, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс “Тамгын газрын даргатай уулзахад юу гэж хариулсан бэ?” гэсэн асуултад “Ажилдаа ор юу яриад байгаа юм Тушаал чинь гарчихсан гэж загнасан” зэргээс нэхэмжлэгч нь өөрөө ажлаа хүлээн авахгүй байгаа нь тогтоогдож байна

Шүүх дээрх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тушаалаар нэхэмжлэгч С.Х-ийг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар анх томилжээ. Үүний дараа 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны хүүхэд асрах чөлөөг олгосон байна.

Улмаар нэхэмжлэгч С.Х-ийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөө дууссан тул 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эргэн ажилдаа орох хүсэлтээ Сонгионхайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй тул урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргажээ. Үүний дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14/259 дүгээр албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байна.

Гэтэл хариуцагч С.Х-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, ...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг анхаарч үзээгүй, нэхэмжлэгчийг 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар томилсон Б/171 дүгээр тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул ...нийгмийн ажилтнаар томилохыг даалгасан шийдвэр биелэгдэх боломжгүй, ...ямар гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн ажилдаа орохыг хүссэн хүсэлтийг өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэнд өгөөгүй, нэхэмжлэгч өөрөө ажлаа хүлээж аваагүй” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн “хүүхэд асрах чөлөө”-тэй байсан хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ажиллуулахаас татгалзсан үр дагавар зэрэг асуудлаарх маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална” 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.3-д “хуульд заасан бусад тохиолдол”, 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцэхгүй байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх “хүүхэд асрах чөлөөтэй” байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, чөлөөний хугацаа дуусгаж, ажилд орохоор хүсэлт гаргасан ажилтныг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах “шийдвэр” гаргахгүй өөр ажил санал болгох, ажлыг нь хүлээлцэхгүй байх, ажилдаа буцаж орох өргөдлийг нь шийдвэрлэхгүй удаах, орхигдуулах зэрэг хариуцагчийн эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар зөв дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 баримталсан буруу байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Тус хуулийн зохицуулалтаас үзэхэд хэрвээ шүүх нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд хэрэглэхээр байна.

 Харин нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр хохирсон гэж үзэх юм бол уг хохирлыг эс үйлдэхүй гаргасан хариуцагчаас гаргуулж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлах нь зүйтэй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад холбогдох хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0923 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР