| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/00031/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-05-26 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 31
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч: О.Ц нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Б зайсан овогт О-ын Ц д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 201721010035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч
Холбогдсон хэргийн талаар:
О.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Н ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Н ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч О.Ц гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 05 сарын 08-ны өдөр Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт Машбат гэх айлын ямааг хөлсөөр самнаад орой 17:00 цагийн үед гэртээ харьхад манай залуу болох Өлзий-Орших гурилтай шөл хийсэн байхаар нь хоолоосоо идчихээд гараад багийн төв гудманд явж байтал манай найз болох Суманжав гэх залуу машин бариад хот явах гэж байна гээд таарсан. Тэгээд би найзыгаа гаргаж өгий гээд дэлгүүр ороод 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад түүний машинд бид 2 ууж байтал манай найз би одоо явлаа гэхээр нь би ууж байсан тал шилтэй архиа барьж буугаад гэрлүүгээ явах гэж байснаа болиод Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Сонгуулын байрны хажууд суугаад ганцаараа тал шил архиа ууж дуусгаад гэрлүүгээ харих гээд босоод явтал үл таних 2 залуу явж байхаар нь би дуудтал өө ах танай үе тэнгийн хөгшин хүмүүс энэ доор Батсүхийн гэрт тоглож байна гэхээр нь би Батсүхийн гэрт яваад ороход хүмүүс тоглож байсан. Тэгээд нэг мэдэхэд би Нямдоржтой зууралдаад намайг Батбаяр гэх залуу бариад та хүн өшиглөчихлөө одоо харьж унт яв гээд хөөгөөд явуулахаар нь би Нямдоржийн гэрт орход Нямдорж хэвтэж байсан тэгээд намайг эхнэр нь гэрээсээ хөөгөөд гаргасан, тэр айлаас гараад гэртээ очоод унтсан” гэх мэдүүлэг
Хохирогч Ч.Н ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Батсүх гэх айлын гэрт орой 17 цагийн үед Батбаяр, Батсүх нарын хамт гэрт нь хүмүүсийг хөзөр тоглож байхыг хараад сууж байтал манай найз О.Ц согтуу орж ирээд надруу ирээд чи яагаад ямаа самнахад хүн хаяаад явчихдаг юм бэ гээд намайг заамдаад татаж гараад гэрийн үүдэн дээр толгойгоороо миний нүүрэн тус газар мөргөөд баруун талын хөлөөрөө хавирга хэсэгрүү өшиглөсөн тэгэхээр нь Батбаяр гэх залуу бид хоёрыг салгахаар нь би гэрлүү гүйгээд ортол миний араас дахин орж ирээд чи яагаад баашлаад байгаа юм бэ гэх мэтээр намайг хэлхээр нь манай эхнэр түүнийг гэрээсээ хөөгөөд гаргасан өөр үйл явдал болоогүй” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Батбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 08-нд би ажлаа тараад харих замдаа Батсүхийнд ороод гарья гэж бодоод гэрийнхэн үүдэнд дөхөж иртэл Батсүхийн гэрээс Ц Нямдорж 2 заамдалцаад гарч ирж байгаа нь харагдсан би юу болсон талаар асуугаагүй та 2 больцгоо гэж хэлээд дундуур нь орж салгах гээд 2 гараараа тэр 2-ыг хойш нь болгох гэтэл зүүн хөлөөрөө баруун хавирга хавьцаа 1 удаа өшиглөсөн тэр үед Нямдорж газар унаад ёолоод байсан тэгж байгаад гэрлүүгээ гүйгээд явсан гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Н ийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 263 тоот :
“1. Ч.Н ийн биед гэмтэл учирсан байна.
2. Ч.Н ийн биед баруун талд VIII хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Ч.Н ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
4. Ч.Н ийн биед үүссэн дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Ч.Н ийн биед үүссэн гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
- Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ зэрэг дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч О.Ц г Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.Ц д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Ч.Н нь шүүгдэгч О.Ц тай сайн дураараа эвлэрсэн болох нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Миний бие Чүлтэмхүү овогтой Нямдорж нь Б.Ц тай эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ц гийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч О.Ц д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт О-ын Ц г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн О.Ц д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч О.Ц нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж, ПМ61012019 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч О.Ц д буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч О.Ц г оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.