Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

2024/ДШМ/35

 

 

        

Б.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Т.Г нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

              Прокурор                                             Б.Т

  Хохирогч нарын өмгөөлөгч:               Ц.Б, М.Б

  Хохирогч:                                             Р.Э, С.Б

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д

              Шүүгдэгчийн өмгөөлөгч:                     В.У          

              Шүүгдэгч                                              Б.Д

              Нарийн бичгийн дарга                        Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Дт холбогдох 2312000710175 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр, 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Бийн Д /РД:00000000/

 

Шүүгдэгч Б.Д нь А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн талбай гэх газрын орчим засмал замд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Тоёота Приус 20 загварын 0-0 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж эсрэг урсгалд явж байсан автомашиныг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б нас барсан, хохирогч Р.Эгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч С.Б, С.А, насанд хүрээгүй хохирогч Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Б.Дт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогтой Бгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялын эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Доос 3.543.000 /гурван сая таван зуун дөчин гурав мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У хотын Б дүүрэг, 0 дугаар хороо, О-ы 0-0 тоотод оршин суух Б овогт Бийн Д /РД:0000000000/, 9.336.544 /есөн сая гурван зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Ц сумын Ж баг, Дийн 0-0 тоотод оршин суух Б овогт Бийн Т /РД:000000/ нарт олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч Б.Доос 17.125.900 /арван долоон сая нэг зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД:00000000/-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Т банк дахь 00000000 тоот дансанд олгож, Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Д нь 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр нөхөр Д нь согтуу айлд байхад нь түүнийг очиж аваад А аймгийн төвд байх гэр рүү ирж яваад А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэр М-ийн талбай гэх газрын орчим засмал зам дээр Тоёото Приус маркийн 0-0 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний холбогдох хууль тогтоомжийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан тээврийг хэрэгслийг мөргөж, улмаар нэг хүний амь нас хохирч, бусдын биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон, тухайн гэмт хэрэг нь түүний буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Б.Д нь өөрт холбогдох хэргийг мөрдөн шалгах үеэс эхлэн үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсаар ирсэн. Шүүхээс тогтоосон хохирлыг завсарлага авсан хугацаанд тодорхой хэмжээнд төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Б.Д нь нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э суманд амьдардаг байсан боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөхийн тул ипотикийн зээлтэй байсан өөрийн орон сууцаа зарж борлуулж, У хот руу гэр бүлээрээ явж, өөрөө хуушуурын гуанзад ажиллаж, хүүхдүүд болон нөхрийнхөө хамт айлд амьдарч байсан, тэрээр бага насны 0 хүүхэдтэй, өөрийн боломж бололцоогоороо хохирлоо нөхөн төлж байгаа, холбогдсон гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, маш их харамсаж байгаа, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд оролцох хүсэлттэй байна ... гэжээ.

 

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Юуны өмнө хэрэг гарах шалтгаан, нөхцөл байдлаа бичье гэж бодлоо. 2023.03.01-ний өдөр буюу хэрэг болохын өмнөх өдөр 10 цагийн үед хөдөө үхрээ тэжээж маллаж байсан нөхөр маань залгаад та хэд юу хийж байна. Би орондоо орсон унтах гэж байна гээд ярьсан юм. За за сайхан амраарай гэж ярьчхаад хүүхдүүдээ унтуулчхаад унтаж байтал утас дугарлаа. Нөхрийн байсан айлын эхнэр залгаад хүүе Д нөгөө Дыг А ирээд аваад явчихлаа. Миний найз бос энэ тэр, хүргээд өг энэ тэр гэсээр байгаад шал согтуу чангаасаар байгаад аваад явчихлаа гэв. Үүнийг сонсоод шөнөжингөө нойр хүрсэнгүй ээ. Учир нь манай нөхөр сүүлийн үед архи их ууж, их зовоодог байлаа. 5, 7, 10 хоногоор тасралтгүй ууж, ажил төрлөө хийхгүй, архины хамааралтай болоод байсан учраас архины донтолтоос гаргадаг сайн эм гээд эмийг авч өгөөд 5 хонож байсан юм. За хөдөө үхрээ тэжээх хугацаандаа өдөрт нэгийг уугаад байгаарай гэж захиж, захиж явуулсан билээ. Уг нь өөрөө ч дургүйцэхгүй за тэгий тэгий гээд ууж байсан юм. Цагаан сарын өмнөх 7 хоног архи уугаад, бүр битүүний өдөр согтуу, шинийн нэгэнд ч согтуу байсан нөхрөө хараад би үнэхээр ёстой архинд бүүр орж байгаа юм байна гэж зовж шаналж байлаа. Тэр эмд л их найдлага тавьж байсан болоод ч тэрүү ууцан байвал яана гэж бодсоор үүр цайлгаад шөнийг авсан билээ. Шөнөжин өдөржин бодож бодож угаасаа л очиж авчиръя гэж шийдээд дүүгээ нөхөртэй нь дуудсан юм. Тэгээд л замдаа ахад чинь архинаас гаргадаг гээд сайн эм өгч байгаа юм. Утсаа авахгүй байхыг бодвол ууцан л юм шиг байхын согтуу байвал чи тэр приусын нь бариад Ө / нөхөр нь / энэ машинаа бариад буцаад ирье  гэж ярьсан билээ уг нь даанч очоод Дыг аваад машинд суулгахын хооронд машиныхаа цонхоор 2-лаа харж байснаа гэнэт хөдлөөд явцан юм. Хүүе яаж байгаа юм болдоо гэж гайхаад нөхрөө ардаа суулгаад хөдөллөө. Засмалтай нийлээд байдаггүй утас руу нь залгаад байдаггүй /холбогддоггүй/ За цагдаагийн постны наана л хүлээж байхын байхдаа гэж бодоод л гэлдрээд л байлаа. Пост дээр байдаггүй. За яг давааны наана л хүлээж байгаа байх гэж бодоод Тын постны урдуур гараад явлаа. Цагдаа энэ тэр юу ч харагдсангүй. Ингээд явж байтал Д унтаж явснаа гэнэт сэрээд чи хаана явна, чи бүсээ зүүсэн үү гээд байлаа. Дотроо бүсээ зүүх юм байна шүү гэх ухааны юм бодоод явж байтал, гэнэт араас бүсийг толгой дээгүүр гаргаад нүүрэн дундуур доошлуулаад зүүгээд өглөө. Хүүе гэж сандраад нэг гараараа рүлээ бариад нөгөө гараараа бүснийхээ доогуур гаргаад 2 гараараа рулээ барьлаа. /Бүс нурууны ард түгжээтэй байсан юм/ Зам руу харахад замын хажуугийн хөвөө рүү нэлээд орсон явж байсан. Сандраад нөгөө зүүн гар тийшээ рулээ зөөлөн эргүүлээд л аминдаа замаа тэгшилж авах санаатай харахад урдаас машин ороод ирлээ. Хүүе гэж дуу алдаад баруун тийш нэг рүлээ дарах гэсэн ээ чадаагүй хаазнаасаа хөлөө аваад тоормосоо дараад л зогсоосон боловч нэг сэрэхэд амьсгалж чадахгүй маш хэцүү байдалтай байсан юм. Дыг дуудаж дуудаж уртаар амьсгаа аваад байж байтал Д сэргээд хойноос бууж ирээд намайг суудал рүль 2-ын хооронд хавчуулагдсан хэсгээс гаргаад хойд суудалд суулгаад нөгөө машин руу туслахаар явсан  юм. Энэ үйлдэл, энэ хэрэг бол миний амьдралдаа үзэж туулсан хамгийн их харамсмаар, хамгийн хүнд хэцүү зүйл байлаа. Одоогоор ч тийм л байна. Уйлаад ч нулимс гарахгүй, шаналаад ч зовлон минь нимгэрэхгүй хэцүү юм аа. Хий дэмий ямар үйл лайнд төрсөн хүн юм болдоо гэж дэмий л өөрийгөө дотроо зүхэх юм. Ослын улмаас дүүдээ чи яагаад намайг орхиод явж байгаа юм бэ машин бариад ирээрэй гэж байхад гээд уйлсан боловч, харин тиймээ яаж ийм юм болно гэж бодхов дээ, С  хүүгээ уйлаад байхаар нь за гайгүй байлгүй дээ урд нь цагдаа хараад явчихъя гэж бодоод яваад өгсөн гэж хэлсэн билээ. Үнэхээр гай зовлон хэлж ирдэггүй гэж хүмүүс ярьдаг үнэн санагдсан. Ингээд л би өмнө төсөөлж байгаагүй осол аваарыг мэдэрч 4 хүний бэртэл гэмтэл, өвчин зовлонгийн шалтгаан нь болж, тэдний төлөө мөнгө өгөхөөс өөр юу ч хийж чадахгүй дотроо шаналж явна. А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэр болох м-ийн газрын орчимд засмал замд 2023.03.02-ны өдөр приус-20 машин буюу 0-0 00 улсын дугаартай хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж, эсрэг урсгалд явж байсан машин мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Б.Б нас барж, хохирогч Э, Б, А, М нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан билээ. Улмаар яллагдагчаар татагдаж байцаалтад батлан даалтад байх хугацаандаа У хот руу очиж ажил хийж өөрт байсан үнээ мал, орон гэрээ зарж хохирогч С.Бт 9.890.000 төгрөг, хохирогч Р.Эд 2.740.000 төгрөг, хохирогч С.Ад 1.300.000 төгрөг, хохирогч Д.Мд 10.240.000 төгрөг, талийгаачийн буянд 2.000.000. төгрөгийг тус тус хохирогч нарын хохиролд төлсөн. Улмаар А аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар орж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг 5 хонгийн завсарлага авч Б.Тт 16.500.000 төгрөг, Б.Дд 8.000.000 төгрөг, С.Ад 1.600.000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ завсарлагааны тав хоногт бүх мөнгийг олж амжаагүй юм. 12.879.000 төгрөг олдоогүй билээ. Ингээд шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийн тусгай ангийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн юм. Ийнхүү 2024.06.10-аас эхлэн цагдан хоригдох хугацаанд ээж маань төлөгдөөгүй үлдсэн Дд 3.543.000 төгрөг, Тт 9.336.000 төгрөгийг дээрх хууль ёсны төлөөлөгч нарт нь хүмүүсээс зээлж, мөн хүүтэй мөнгө зээлж олж өгөхөөр болсон юм. Ийнхүү шүүхээс тогтоосон нийт хохирогч нарын хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу төлж дуусгасан билээ. Би энэ хүү санамсар болгоомжгүйгээс болж үйлдэгдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж энэ ямар ч гэм зэмгүй хүмүүст ямар их гай зовлон шаналал авчирсандаа харамсаад харамсаад барахгүй юм аа. Тэдний төлөө хийж чадах ганц зүйл маань мөнгө төгрөг олж, эмчилгээ, хэрэглээнд нь өгөх байсан юм. Эдгээр хүмүүсийн төлөө би өөрт байгаа бүхий л хүч бололцоогоо ашиглан ажиллаж цалин мөнгө олж, өөрт байсан мөнгө болгож зарж болох бүх зүйлээ зарж хүнээс хүүтэй мөнгө зээлж, төрлийнхөө эгчийн хүүхдийн хадгаламжийг нь хүртэл гуйж барьцаалж зээл авхуулж, өөрийн ээж, аав, хадам ээжийн тэтгэврийг нь хүртэл нэмж зээл авхуулж бусдад төвөг удаад явж байна. Хөөрхий муу ээжийгээ баярлуулах нь битгий хэл өр зээлээнд унагаж, санааг нь зовоож буйдаа  бас л гэмших юм. Би 14 настай өсвөрийн нэг охинтой, 7, 4 настай хоёр хүүтэй билээ. Тэд маань хотод айлын хашаанд айлын гэрт амьдарч байгаа. 3 хүүхдэдээ маш их санаа зовж шаналж байна. Ялангуяа охиндоо их санаа зовох юм аа. Шөнө ч нойр хүрэхгүй хөөрхий охиныг минь хүн амьтан дээрэлхэх вий дээ гэж бодож айх юм аа. Энэ хэрэг болсноос хойш унтаж чадахгүй болоод сэтгэцийн эмнэлэгт үзүүлээд Амитриплин гээд нойрны эмийг ууж унтдаг байсан бол одоо энэ эмээ уугаад ч унтаж чадах аа болилоо. Шөнө болохоор хүүхдүүдээ бодоод яаж байгаа бол гэж санаа зовоод, өлсөж байгаа бол уу ээжийгээ санаад уйлж байгаа бол уу удахгүй өвөл болно даарч байгаа бол уу гэж дээрээс нь гурван хүнээс зээл гуйсаар байгаад авхуулсан хүү нь яах бол буцааж яаж мөнгө олж өгөх үү энэ тэр гээд зовж шаналах юм их байх юм аа. Энд өдөржин уйлж суух юм даа. Бас нөгөө эрүүл мэндийн даатгалын санд 17 саяыг төлөх өр яана нөхөр Дыг 3 хүүхдээ хараад асраад байх болов уу гэж найдаж байсан боловч тэгсэн гүй ээ. Намайг эргэж ирэх нэрээр, бас журмын хашаанд байгаа машиныг авч зарж приусын эзэнд нь мөнгийг нь өгөх нэрээр аймагт ирж 5 өдөр архи ууж ээж, аавыг минь зовоож, бид хэцүү байна би сүйрсэн гэж баахан уйлж унжиж байгаад надтай ганц уулзалгүй явжээ. Согтуу хоёр удаа ирээд явсан боловч нөхөр чинь согтуу ирсэн учраас уулзуулахгүй гээд явуулсан гэж жижүүр хэлсэн. Энэ хэрэг болсноос хойш хоол унданд дургүй болж ходоод өвдөөд болохгүй болохоор нь ходоодоо дурандуулсан чинь ходоодны хатингаршил, ходоодны сөөргөөтэй байна гэж оношлогдсон. Энэ нь ходоодны хорт хавдрын эх үүсвэр гэж хэлсэн. Эмчилгээнээс гадна маш сайн дэглэм барьж байж газар авхуулахгүй байх хэрэгтэй гэсэн. Энд хоригдсоноос хойш мантуу, талх, боов гээд гурилан, исгэгчтэй идэх юм дан идсээр байгаад дэглэм алдагдаад ходоод өвдөж, цээж гашуу оргиод, хар шүлс асгараад хоол шингэхгүй гүйлгэж, хоолой дээр юм тороод дотор муухайрч ходоодны өвчин маань сэдрээд байна. Хүнд буруу санадаггүй, хүнд муу юм хийж үзээгүй сэтгэл сайтай л хүн юм сан би уг нь яагаад ингээд бусдын ч, 0 нялх хүүхдүүдээ ч аав, ээжийгээ ч өөрийгөө ч ингээд зовоогоод байгаа юм бол гэж өдөр бүр л бодох юм. Уйлж суухаас өөр хийж чадах юм алга даа энд. Гэм буруугаа анхнаасаа одоог хүртэл хүлээж, маш их харамсаж, хохирогч нараас уучлалт гуйж гэм буруу дээрээ маргаагүй байгаа минь. Шүүхээс баталж тогтоосон хохирогч нарын хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан минь. Бага насны, өсвөр насны эмэгтэй, 0 хүүхдийг минь харж хандах хүнгүй байгаа амьдралын хүнд нөхцөл байдал минь. Хоол унд эмчилгээний дэглэм алдагдсанаас болж хүндрээд өвдөөд байгаа эрүүл мэндийн байдлыг минь тус тус харгалзан үзэж, зүгээр уйлж, зүгээр зовж суухийн оронд хохирсон хүмүүсийн төлөө ядаж ажиллаж 5 төгрөг ч гэсэн олж өгч цаашлаад 0 хүүхдээ харж хандах боломжийг олгож, гуйж гуйж авсан хүмүүсийнхээ мөнгийг олох боломжийг минь үүсгэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөөч гэж гуйж байна. Энэ хүү гомдол хүсэлтийг минь хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө гэж маш ихээр найдаж байна ... гэжээ.

 

Хохирогч С.Б давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь 2023 оны 03-02-ны өдөр А аймгийн ганданд очиж заслаа хийлгээд 3 цаг хагасын үед буцаж Цны м-ийн газар өнгөрч явж байтал саарал өнгийн приус 20 маркын машин замын хажуугийн ширэгт ороод буцаж замруугаа их хурдтай явсныг хараад энэ яаж яваад байна гэж яриад хурдаа хасаад зам тавиад зөөлөн явтал яах ийхийн зуургүй урсгал сөрөөд ороод ирсэн. Би тоормосоо гишгээд яг зогстол нүд ирмэхийн зуур ирж мөргөсөн. Би урд цонхруугаа харахад аваарын цагаан даавуу битүү бүрхсэн учир юм харагдаагүй. Хажуу талын цонхруугаа харахад Д хоёр хүний хамт машины хажууд зогсож байсан. Би хаалга түлхэхэд цээжин бие тэр чигтээ өвдөөд онгойлгож чадахгүй байсан тул ирээд энэ хаалгыг онгойлгоод өгөөч гэхэд Д өөрөө ирж хаалга онгойлгож өгөөд машинруугаа явсан. Би буугаад сууж явсан улсуудаа гаргах гээд хаалгануудаа онгойлгож чадахгүй болохоор арын багажаас урт автерик аваад байж байтал машин ирж хаалга онгойлгож Э, М, А нарыг гаргаж авч байхад сумын хэсгийн төлөөлөгч Г хоёр цагдаагийн хамт ирсэн. 2 цагдаа Д луу очиход машиныхаа хойд суудал дээр сууж байсан. Тэгээд 2 цагдаа замыг шалгахад би цуг явсан. Сумын цэцэрлэгийн дарга түргэн дуудаж сум аймгаас түргэн ирээд тарианууд хийгээд аймагруу авч явахад би үлдсэн. Удалгүй аймгаас онцгойхон ирж осол болсон газар шалгалт хийхэд нь 2 цагдаа би цуг явж шалгуулсан. Тэгээд би аймгийн тагнуулын газраас ирсэн машинтай явж эмнэлэг дээр очоод эмчилгээнд орж хоносон. Маргааш нь бид нарыг Уын гэмтлийн эмнэлэг рүү авч явсан очоод бүгд эмчилгээнд орсон. Дын гаргасан гомдолтой танилцлаа. Д сэрээд араас нь бүс хийж өгөх гээд толгой дээгүүр нь бүсийг давуулж өгсөн юм байна. Тэр хооронд Д сандарч замаас гарч буцаж ороод тэр чигээрээ урсгал сөрж орсон юм байх. Урдаас нь машин ирж байгааг харсан юм чинь тоормосоо гишгээд машинаа зогсоох боломжтой байсан байна.  Гэвч тэгээгүй мөргөлдөөд ухаан ороод Д нөхрөө дуудаад байхад нөхөр нь сэрээгүй гэнэ. Сэрээд бүсийг нь хийж өгч байсан хүн хэдийдээ нүд ирмэхийн зуур дахиад унтсан хэрэг үү. Д сэрээд руул суудал хоёрын дундаас гаргаж аваад бидний машины улсуудад туслахаар гүйсэн гэнэ. Тийм бол надад яагаад хаалга онгойлгож өгөөгүй юм надад яагаад харагдаагүй юм бэ? Битгий ингэж худлаа ярьж бай. Дын ярсан бүхэн худал байх юм. Д бидний эмчилгээнд мөнгө өгсөн нь үнэн. Жишээлбэл Э-ийн эмчилгээний мөнгө 4.690.000-ыг миний дансанд миний эмчилгээнд 5.000.000-ыг машины үнэнд 4.750.000-ыг өгсөн. Зөвхөн машины үнэ гэхэд энэ мөнгөөр ямар машин авах юм. Запас аваад засварын газраар засуулахад хэдэн саяар засав. Миний хүүгийн алтан амь яагаад үнэгүй юм. Би хүүгийн амины үнийг нэхэж байна. Миний хувьд 6 хавирга хугарч, нурууны 2 сэртэн яс хугарсан, өвчүүний зүүн хэсэгт хүнд гэмтэл авсан байсан. Эхнэр бид хоёр тэтгэврийн зээлээ аваад үр хүүхэд, ах, дүү, ард түмний тусламжаар эмчилгээгээ хийлгэж байсан. Хүүгийнхээ амь нас хохирсонд маш их гомдолтой байна. Хүүгийн амь насны үнэлгээг олгож Дын хорих ялыг улам нэмж гомдлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хүүгийн маань оршуулга буяны үйлд нь 25.836.000-ыг өгсөн. Д зодоод 3 хүүхдээ тоохгүй аав, ээж хоёрыг дарамтлаад байгаа гэсэн байна. Гэтэл нөхөр нь эмээлтэд машин бариад зүгээр ажиллаа хийгээд явж байгаа. Сумын улсуудтай уулзсан байсан. Гэтэл Д дандаа үгээ зохион худлаа ярьж жүжиглээд байх юм. Иймд эрхэм шүүгчид минь хүүгийн минь амь насны үнэлгээ миний сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү ... гэжээ .

 

Хохирогч Р.Э давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: Миний бие Р.Э нь өндөр настай И суманд амьдардаг. 2023 оны 03 сарын 02-нд жилийнхээ заслыг хийлгэхээр өөрийн хүү Б, ач хүү М, гэрийн хүн миний хань Б, мөн дүү Аийн хамт аймаг явсан. Заслаа хийлгээд өдрийн 15 цаг өнгөрөөгөөд сумруугаа буцаж явах замд мод үржүүлгийн гэх газар урдаас жижиг машин замаас гарч зам руу орж явааг хараад энэ машин яаж яваад байна гээд ярьж байтал урдаас тас гээд л дуу гараад машинд ухаан алдсан байсан. Машинаас яаж гарснаа мэдэхгүй хүмүүс аргаж тусалсан байсан. Гаргасан хүмүүсийг санахгүй байсан. Миний нэг нүд тагларсан юм харж болохгүй байсан. Машинаа тойрч баахан орилж гүйсэн байсан. Ач хүү М маш хүнд байсан. Цустай холилдсон хөл дээрээ тогтож, зогсож чадахгүй байсан. Хүүгийнхээ цусыг арчиж өгсөн. Эмээгийн хүү тэсээрэй гэж хэлсэн. Талийгаач хүү маань машинд ухаан алдсан , машины кабин онгойхгүй, хөл нь гацсан байсан. Сүүлдээ гэмтлээ анзаарахгүй гүйсээр сүүлдээ босож чадахгүй болсон байсан. Эмч нар сүүлд нь надад аарцаг гэмтсэн байсныг аймгийн эмнэлэгт очоод мэдсэн. А эмнэлэгт нэг хоноод У хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт эмчлүүлж байгаад 5 сарын 16-нд, 10 сарын 10-нд нүдний хагалгаанд орсон. Э миний биед учирсан гэмтэл нь нэлээд хэдэн хавирга хугарсан нүүрний зүүн талын хүд хацар, шанааны яс цөмөрсөн. Зүүн нүд аяганаасаа мултарч доод зовхины дотогш орсон байсан. Мөн аарцгийн яс гэмтсэн. Зүүн нүдний болор цайсан хагалгаанд орох заалттай байгаа. Нүдний хараа эрс муудаж байна. Миний бие эрүүл мэндээрээ маш их хохирсон. Сэтгэл санаагаар маш их хохирсон байгаа. Ослоос хойш бие чичирч, салганах мөн үе мөч өвдөх зовуурьтай болсон Хохирогч Д маш их худал хэлдэг. Надад энэ хохирол учруулсан хүмүүс хүн чанар нь их муу шиг санагдаж байна. Машиныг эрэгтэй хүн жолоо барьж явах шиг л харагдсан. Гэвч эхнэр Д нь би барьж явсан гэдгээр хүлээж шүүхийн шийдвэр гарч 1 жилийн хорих ял, 5-н жил 5 сар машин барих эрхийг хасаж оногдуулсан. Иймд миний бие сэтгэл санаа эрүүл мэнд, хайран хүүгийнхээ алтан амийг алдаж маш их зовлон амслаа. Иймд сэтгэл санааны амь насны хохирлыг хуулийн дагуу олгож өгнө үү. Цаашдын эмчилгээндээ хэрэглэж эрүүл мэндээ эмчлүүлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогттоолыг дахин хянаж шударгаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: Миний бие Б.Д ам бүл 0. Миний том хүү М өвөө, эмээ, 2 ахынхаа хамт 2023.03.02-ны  өдөр А аймгийн И сумын мод үржүүлгийн газрын орчимд согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд орж сэтгэл санаа болон эрүүл мэндийн, тэр дундаа эрүү шүд, гоо сайхны нөхөгдөшгүй гэмтэл бэртэл авсан. Хүү маань ГССҮТ-д ухаангүй ирээд эрүү нүүрний хүнд мэс засалд бүрэн норкозтой 3-н ч удаа/2023.03.07, 2023.05.02, 2024.06.27-нд/ тус тус хагалгаанд ороод байна. Мөн насанд хүрэхэд хийгдэх мэс ажилбар Хиймэл яс суулгаж имплант шүд хийлгэхээс эхлээд миний хүүд тус ослоос шалтгаалсан маш олон хүндрэлүүд гарч байна. Мөн хичээл завсардах, биеийн байдал удаа дараагийн хагалгаа гэх мэт зүйлээс хамаарч цаашдын сурлага, ирээдүй, гоо зүйд хүнд хохирол учирсанд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж шударгаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.    

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: Миний бие Б.Т нь өөрийн төрсөн дүү талийгаач Б.Бын хууль ёсны төлөөлөгчөөр гомдол гаргаж байна. Миний дүү нь 2023.03.02-ны өдөр А аймгийн И сумын м-ийн газар урсгал сөрж ирсэн жолоочийн буруугаас болж зам тээврийн ослоор нас барсан. Миний дүү ид хийж бүтээх, амьдрал зохиож үр удмаа үлдээх, дөнгөж 35 насандаа бусдын буруугаас болж нас барсанд бид бүхний хувьд маш их гомдолтой байна. Жолоочийн буруугаас болж хүний ам эрсэдсэн байхад анхан шатнаас гаргасан ялын тогтоолыг маш хөнгөн өгч байгаад мөн гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг дахин шударгаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.   

 

Хохирогч С.А давж заалдах гомдолдоо ... А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: С.А миний бие ослын улмаас дунд чөмөг хугарал, 2 хавирга хугарч элэг бяцарсан ослын улмаас 8, 9 сар тэргэнцэр таягтай байсан. Хот хооронд тээвэрт явдаг байсан тэрийгээ хийж чадахаа байсан машин тэргээ зарсан. Одоо биеийн байдал 2 3 цаг жаахан ажил хийгээд доголж алхаж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан хар бор ажил хийж чадахгүй байна. Надад өгсөн нөхөн олговор мөнгө маш бага санагдаж байна. /2.900.000/ Гомдолтой байна... гэжээ. 

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу дээрээ гэмшдэг юм байна. Гэмт хэргээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг юм байна. Цаашид гарсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Баримтаар тогтоогдсон төлбөр  хохирлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлж баримтын хүрээнд төлсөн байна. Хохирол, хор уршгийн хэр хэмжээ, цар хүрээ энэ хэргийн хувьд их байна. Нэг хүний амь нас хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтлүүд учирсан байна. Тэгэхээр нийгмийн хор аюулын шинж чанарын хэр хэмжээ их байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хувьд хохиролтой холбоотой баримтыг бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээсэн байна. Үүнд хохирогч нарын өмгөөлөгч нарын ярьж байгаа асуудлаар иргэний хуулийн зохицуулалтын дагуу тэр баримтуудыг эрүүгийн хавтаст хэргийг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад  хэргийг татаж хянаад тогтоогдсон нөхцөл байдал дээрээ үндэслээд иргэний шүүхээр нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах эрхтэй байдаг. Энэ эрх нь хохирогч нарын хувьд нээлттэй байгаа юм байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Д жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Б гуайн хувьд  эрэгтэй хүн байсан гэдэг, мөн 2, 3 гэрчийн мэдүүлэг байгаа. Гэтэл Дыг жолоодож явсан гэдэг нь 4 гэрчийн мэдүүлэг байна. Ингээд гэрчүүдийн тоог харьцуулж 4 гэрч ингэж хэлсэн учраас үнэн, 3 гэрч хэлсэн учраас худал гэж хэлэх боломжгүй. Гэхдээ шүүх нэмэлт ажиллагаа хийгээд ийм ийм ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай гэж тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр буцаасан гэж өмгөөлөгч Б хэлж байна. Тэгэхээр хэргийн хувьд Д жолоодож явсан уу, түүний нөхөр жолоодож явсан уу гэдэг дээр маргах зүйл бол алга байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн зүйлчлэл үнэн зөв байна. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У гаргасан саналдаа .... Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр дээр хохирогч нарын хохирол төлбөрийг хангалттай нотлох баримтыг үнэлж гаргасан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч төлсөн байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар хуулийг зөв хэрэглэсэн байгаа. Тэгэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ийм зохицуулалттай. Тэгэхээр Шүүхийн шинжилгээний хууль 2023 оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжсэн. Тэгэхээр энэ Шүүхийн шинжилгээний хуульд нөхөж олгоно гэдэг ч юм уу энэ асуудлыг тусгайлан зохицуулаагүй. Тэгэхээр бусад тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх ийм зохицуулалттай. Тэгэхээр энэ нь  Дээд шүүх ч гэсэн энэ сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг ингэж шийдвэрлэсэн. Шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй. Мэдээж хохирч хохирсон  асуудал байгаа. Энэ дээр гэм буруутай нь тогтоогдсон, хохирол, төлбөр нь хуульд заасны дагуу л гаргагдах ёстой, тэгээд ерөөсөө илүү дутуу хохирол нэхэмжлээгүй гэж яриад байдаг. Гэтэл Дын тухайд өөрийн боломжийнхоо хэрээр бүх хохирлоо төлсөн. Угаасаа хохирол төлөхгүй гэдэг асуудал яриагүй, мөн урьдчилаад ч хүртэл төлж байсан. Тэгэхээр Дын тухайд хохирлоо боломжоороо төлнө гэж илэрхийлсэн. Гэхдээ энэ хуульд байгаа асуудал, Д ингэж байгаа учраас сэтгэл санааны хохирлыг төлөх ёстой гэж хууль зөрчиж шүүх шийдвэрлэх ёсгүй. Харин ч хэрэгт ямар ч нотлох баримтгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хохирлуудыг хангалттай гаргаж шийдвэрлэсэн. Үүнд бид нар гомдол гаргаагүй. Энэ асуудлыг анхаарах нь зүйтэй. Мэдээж тэтгэврийн зээлийн асуудал яригдаж байгаа. Гэрээнд бол банкны өмнө хүлээж байгаа дуусгавар болж байгаа энэ асуудал байх ёстой. Тэгэхээр энэ гэм эрүүгийн хуульд заасан гэм хор, хор уршигт энэ ямар ч хамааралгүй. Бид бас хууль хэрэглэж байгаа учраас хуулиа бас хуулийнхаа дагуу л шийдвэрлэх учиртай. Тэгэхээр анхан шатны шүүх энэ асуудал дээр зөв шийдвэрлэсэн. Тэгэхээр хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан саналдаа... Давж заалдсан гомдлуудтай холбогдуулаад тайлбар хэлсэн. Хэрвээ энэ хэрэг тогтоогдсон гэж үзвэл хэргээс үүдэн гарсан хор уршиг, хохирогч нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа хохирлын хэмжээгээр шийдвэрлэж гаргаж өгнө үү. Тэгвэл сэтгэл санаа нь гайгүй болж Б.Дыг уучлахыг үгүйсгэхгүй юм байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Б гаргасан саналдаа... Сэтгэцэд учирсан хор хохирол болон хэрэгсэхгүй болгосон хор хохирлыг бүрэн гаргуулж шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна. Яагаад сэтгэцэд учирсан хор хохирлыг гаргуулж өгөөч гэж хохирогч талаас хүсээд байгаа юм бэ гэхээр  хохирогч талын шаналал, зовуурь маш их. Өнөөдөр эрүүл юм шиг л энд сууж байна. Гэмт хэрэг болсны дараа хохирогч нарын биеийн байдал хэцүү байсан. Одоо Мгийн хувьд ч гэсэн ангийнхантайгаа чөлөөтэй ярьж харилцаж чаддаггүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хоол унд идэж чаддаггүй, одоо ч гэсэн бүхэл хоол идэж чаддаггүй гээд л  учирч байгаа хор уршиг маш их байгаа. Тийм учраас зөвхөн бодит гарсан хохирлоор эмчилгээний зардлаар ч юм уу хохирлоо аваад хохирогч тал гомдолтой байх нь аргагүй. Тийм учраас сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна. Түрүүн бас шүүгдэгч хэлж байна л даа. Хохирогч тал мөнгө мөнгө гээд байна гэж ийм байдлаар тайлбарлаж болохгүй байх л даа. Угаасаа Эрүүгийн хуульдаа ч гэсэн заачихсан байгаа. Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, арилгах хэмжээг бол мөнгөн дүнгээр тогтооно гээд хуульдаа заачихсан байгаа. Энэ тохиолдолд бол эмчилгээний зардал, холбогдох бүх зардлаа ч гэсэн Доос нэхэмжлэх шаардах эрх нь байгаа. Энэ хүрээндээ холбогдох бүх хохирол төлбөрөө нэхэмжилж байсан. Өөрсдөө авчхаад бүх төлбөр мөнгөө өөрсдөө гаргаад эмчилгээгээ хийлгээд яваад байна гэж байхгүй. Энэ учраас  тухай  тухайн үед нь нэхэмжлээд явдаг байсан ийм нөхцөл байдал байгаа. Одоо тэгээд 1 хүнээ алдчихаад өөрсдөө ийм байдалд байж мөнгө нэхэхгүй гээд яах юм. Өөрсдөө учирсан хохирол, төлбөр өөрөөс нь шаардахгүй гээд яах юм. Ийм байдлаар тайлбарлаж бас болохгүй байх. Анхан шатны шүүх дээр өмгөөлөгч нь хэлдэг. Бийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг бол буруу тогтоосон гээд анхан шатны шүүх дээр өмнө нь хэлж байсан. Гэтэл буруу тогтоосон гээд дахиж дүгнэлт гаргуулъя аа, энийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар шүүгдэгч талаас ямар ч тийм санал хүсэлт гаргаж байгаагүй. Тийм учраас бол тухайн тэр шүүхийн шинжилгээнээс ирсэн дүгнэлтийн хүрээнд сэтгэцэд учирсан хохирлыг шүүх эрх хэмжээний хүрээнд одоо хамгийн багаар ч хамаагүй шийдвэрлээд өгөөч ээ гэж хүсэж байна. Үүнээс гадна амь хохирогч Бын хувьд Т нь Иргэний хуулийн 508.5-д зааснаар мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар бол гэр бүлийн гишүүн энэ нэхэмжлэх эрх хэмжээтэй хүн байгаа гэж хохирогч талаас үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсэж байна... гэв.

 

Хохирогч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа.... Миний хүү найз охинтой байсан. Бид хоёрт түлээ мод бэлдэж өгчхөөд Ц суманд найз охинтойгоо байдаг байсан юм. Тийм учраас хууль ёсны төлөөлөгч нь болоод явах ёстой. Мөнгө гэж яриад байгаа бол мөнгийг авахгүй байсан ч болно. Миний хүүг яг байсан байдлаар нь эрүүл сайхан болгоод босгоод ир, миний ач М хичээлээ бичиж байгаад үзгээ хаана тавилаа, утсаар ярьж байгаад утсаа хаана тавилаа өвөө гэдэг. Үнэхээр мартаж санадаг болсон. Тэрийг яг өмнө нь байснаар болгоод аль, тэгвэл би нэг ч төгрөг авахгүй. Чамаас авсан мөнгөө буцаагаад өгье. Харин миний хүүхдийг, ачийг минь, эхнэрийг, намайг хуучин байснаар нь  эрүүл саруул болгоод буцаагаад өгөөдөх. Тийм бол надад ярих зүйл байхгүй. Хоёрдугаарт ээж нь намайг эмнэлгээс гараад хотод босож чадахгүй хөдөлж чадахгүй байхад Бийг номхруулаад өгөөч гэж байсан. Хүнийг номхруулаад өгөөч гэдэг чинь алаад өгөөч гэсэн үг биз дээ. Тэгээд намайг алуулах гэж тэгж явж байсан. Миний 13 настай ач хүүг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөргөсөн. Анх хүүхдүүд шигээ бодоод зөөлөн хандсан, тэгсэн дандаа худлаа ярьсан.... гэв

 

 Хохирогч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа.... Сэтгэл санааны хохирол, амь насны хохирлыг гаргуулж өгнө үү, биеэ эмчлүүлж эрүүл болмоор байна... гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа... Байхгүй... гэв.

            Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Байхгүй... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч Б.Д А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн талбай гэх газрын орчим засмал замд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Тоёота Приус 20 загварын 0-0 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолооч...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...хориглоно..., мөн дүрмийн 11.3 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно… гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд явж байсан автомашиныг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б нас барсан, хохирогч Р.Эгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч С.Б, С.А, насанд хүрээгүй хохирогч Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Хохирогч Р.Эгийн ... Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн И сумаас А аймгийн төв орж ирээд гандан орж засал номоо хийлгээд эргээд 15 өнгөрч байхад И сум руугаа буцаад явж байхад Цны ард урдаас саарал өнгийн жижиг машин замаас орж гараад яваад байх шиг болохоор бид нар хоорондоо наад машин чинь яаж яваад байгаа юм бэ гэж ярилцаад байж байтал урдаас ирээд мөргөчихсөн. Тэгсэн би машинаас буух гэсэн боловч бууж чадахгүй байхад машинаас хэн гаргаж өгсөн мэдэхгүй байна 2 хүн гаргаж өгсөн. Тэгээд туслаарай миний хүүг гаргаад өгөөч гэж хэлж яваад уначихсан тэгээд босож чадаагүй түргэний машинаар А аймагт ирсэн. Манай нөхөр С.Б нэг их хурдлаад байдаггүй. Ер нь бол 40-50 км цагийн хурдтай явдаг тухайн үед ч мөн тэгж л явсан. Манай нөхөр С.Б Б.Б, С.А, Д.М бид нар явж байсан … гэсэн мэдүүлэг, хохирогч С.Бийн … Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн И сумаас А аймгийн төв орж ирээд эхнэр, хүү, ач, хамаатны залуугийн хамтаар гандан орж засал номоо хийгээд эргээд 15 өнгөрч байхад И сум руугаа буцаад Цны ард м-ийн газрыг өнгөрөөд явж байтал урдаас нэг жижиг тэрэг замаа онохгүй яваад байхаар нь энэ машин яаж яваад байна гэж машин дотроо ярилцаад явж байтал урсгал сөрөөд гэнэт ороод ирэхээр нь хурдаа хасаж торомз гишгэсэн. Тэгсэн нүд эрэмхийн зуур л ирээд мөргөчихсөн. Тэгээд осол болсны дараа машины урд шилээр юм харагдахгүй сууж явсан хүмүүс орилолдоод байхаар нь хаалга онгойлгох гэхэд цээж өвдөөд байхаар нь цонхоор харагдсан 4 хүнийг ирээд хаалга онгойлгоод өгөөч гэхэд нэг эмэгтэй нь ирж хаалга онгойлгож өгсөн. Үүний дараа би машинаас буугаад энэ хүмүүсийг гаргаад өгөөч гэж тусламж гуйгаад машинаас эхнэр болон ач хүү, хамаатны залууг буулгаад урд сууж байсан хүү Быг гаргах гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь цонхоор гаргасан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд эхнэр Э, ач хүү М, хүү Б хамаатны дүү А нарыг аваад явсан. Би тэндээ үлдээд аймгаас цагдаа нар ирсний дараа аймаг руу хувийн машинтай явж эмнэлэгт үзүүлсэн. Би нэг их давхиад байдаггүй тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан … гэсэн мэдүүлэг, хохирогч С.Аийн … Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байхад А аймгийн И сумаас А аймгийн төвд орж ирээд ах эгч нарын хамтаар засал номоо хийлгээд үдээс хойш 16 цаг болж байхад А аймгийн төвөөс гараад Цг даваад мод үржүүлгийн газрыг хэтрээд цааш явж байтал урдаас саарал өнгийн Приус маркийн машин замаас гараад яваад байж харагдсан. Тэгэхээр нь наад машин чинь яаж яваад байна гэж хэлээд байж байтал урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэрнээс хойш ухаан балартсан байсан намайг хэн гаргасан болохыг мэдэхгүй байна. Тэгсэн урд сууж явсан Быг гаргах гэхэд хаалга нь онгойхгүй байна гэж яриад байсан. Би засмал зам тал руугаа буугаад замын шороон дээр хэвтсэн. Тухайн үед хөл хугарсан байсан болохоор газар хэвтэж байгаад хувийн машинаар А аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Уын ... Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 01 цагийн үед гэртээ нөхрийн хамтаар байхад Б.Д эгч гар утсаар залгаад И сумын Б баг хүргээд өгөөч гэхээр нь би даваа давж чадахгүй байх гэж бодоод нөхөртэй хамт явахаар болоод Д эгч, би нөхрийн хамтаар явсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Б багийн төвд очиход Д ах архи уучихсан айлд байхаар нь аваад цаашаа мал руу явсан. Тэгээд тэр газраасаа Д эгч саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг намайг барь гэхээр нь би хүүхэд уйлаад байсан болохоор машиныг барихгүй гэж хэлсэн. Тэгээд Д эгч машиныг бариад Д ах машины ард суугаад явсан. Нөхөр бид 2 түрүүлээд явж байсан бөгөөд араас Д эгч Д ах нар явж байсан И сумын цагаан хаалга өнгөрөөд явж байхад ард явж харагдсан. Тэгээд А аймагт түрүүлээд ирчхээд байж байтал зам тээврийн осолд орсон талаар мэдсэн. Нөхөр нь согтуу байсан болохоор машин бариагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Игийн ... Манайх 2023 оны хавар А аймгийн Б багт өвөлжиж байхад С.Дынх манай дээр үхрээ тавьсан байсан юм. Тэгээд хавар жаахан хүнд болоод мал дээрээ С.Д ирээд тэжээж байсан юм. Тэгсэн нэг өдөр найз нь ирээд архи уугаад айл руу явсан. Тэгсэн маргааш өдөр нь эхнэр нь нэг машинтай ирээд нөхөр болох С.Дыг аваад явсан. Манай гаднаас 2 жижиг тэрэг явсан нэг нь Дын ирсэн машин нөгөө нь Дын унаж явсан машин байсан. Эхнэр болох Д нь жолоо бариад явсан. Харин С.Д машины ард суугаад явсан. Нөхөр нь намайг харахад нэлээн согтуу байсан, эхнэр нь надад хэлэхдээ элэг нь муу архи дарс ууж болохгүй гэж хэлээд авч явсан. Манайд ирэхдээ дүү охины хамт ирсэн байсан. Гэхдээ машинд өөр хүмүүс сууж байх шиг байсан. Дүү охин нь гарч ирж байсан. Хөдөө байхдаа малгайтай ягаан өнгийн цамцтай байнга байдаг байсан тэр цамцтайгаа явсан. Согтуугийн хувьд согтуу байсан. Машины ард суугаад ёолоод байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Бын ... Би цаг хугацааг нь санахгүй байна. С.Д хөдөө манай гэрт малаа тэжээж байхад найз нь гэх хүн ирээд дагуулаад аваад явсан. Тэгсэн эхнэр нь нэг жижиг тэрэгтэй ирээд нөхрийгөө аваад явсан. Эхнэр нь төрсөн дүүтэй хүргэнтэйгээ ирсэн байсан. Гэхдээ Дыг замаасаа айлаас олоод авч ирсэн байсан. Д /Д/ машиныг бариад явсан. Хамт ирсэн хүмүүс нь түрүүлээд яваад өгсөн. Д машины ард суугаад явсан. Би болгоомжтой яваарай гэж хэлээд явуулсан. Гандмал ягаан өнгийн малгайтай цамцтай байсан доогуураа хөх жинсэн өмдтэй түрүүтэй гуталтай байсан. Толгойдоо бор өнгийн ноосон малгайтай байсан. С.Д нэлээн согтуу байсан. Машин барих чадваргүй байсан нэлээн согтуу байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мгийн ... Би 2023 оны 03 дугаар сард санаж байна. Тэгсэн хадам эгч Б.Д И сум руу яваад өгөөч гэж гуйхаар нь эхнэр хүүхдийн хамт А аймгийн И сум руу өөрийн машин болох Ист маркийн 0-0 00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгсэн С.Д ах айлд архи уусан согтуу байхаар нь аваад гэрт нь очоод машиныг нь эхнэр Б.Д нь унаад С.Д машины арын суудалд суугаад миний араас хөдөлсөн. Тэгээд би И сумын цагдаагийн постны хажууд хүлээсэн. Тэгсэн араас ирж явахаар нь би хөдлөөд явсан. Тэгээд би Дэлийн үзүүрийн тэнд толиндоо харахад ард явж байсан. Тэгэхээр нь би гайгүй юм байна гэж бодоод цааш явсан. Тэгсэн аймаг орж ирээд байж байтал хадам ээж зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Үүний дараа Д Д нар эмнэлэг дээр ирсэн байсан. Хадам эгч Д унаж явсан. Харин нөхөр болох Д нь согтуу ард нь сууж явсан. Өөрөө нэлээн согтуу машин барих чадваргүй байсан ... гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн ... Би А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь С.Б 3.225.000 төгрөг, Р.Э 5.957.900 төгрөг С.А 2.706.000 төгрөг Д.М 5.237.000 төгрөгийг тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 0000000000000 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна ... гэсэн мэдүүлэг,  гэрч Э.Нын өгсөн … тухайн өдөр А аймаг руу өөрийн жижиг суудлын тэрэг болох Айлпард маркийн тээврийн хэрэгсэлтэй хувийн ажлаар орж ирээд эргээд А аймгийн И суманд байх өөрийн гэр рүүгээ явж байхад И сумын цагаан хаалганаас наана буюу аймаг талдаа хамгийн эхний тариалангийн талбайн ард талын зам дээр явж байхад урдаас хөх өнгийн Приус-20 маркийн машин замын эсрэг урсгалд орчихсон яваад байхаар нь гайхаад тухайн тээврийн хэрэгслийн замын зорчих хэсгийг чөлөөлж шороо руу гарч зогсоод хажуугаараа өнгөрүүлсэн. Тэгээд би цааш явж гэртээ харьсан. Би С.Б ахыг Цны пост өнгөрөөд явж байхад нь гүйцэт түрүүлээд явсан тэгэхээр тухайн осол миний ард талд л болсон. Мөргөлдсөн машиныг нь би ямар машин байсныг мэдэхгүй. Тухайн өдөр нь нартай цэлмэг өдөр байсан бөгөөд явж байсан тээврийн хэрэгслийн өнгийг нь харсан бүүр зогсож гаргасан болохоор сайн санаж байна. Би дугаарыг нь бол хараагүй өөрөө мөргүүлэхгүй тулд тухайн машинаас зайлж зогссон. Тухайн үед нар баруун тийшээ хэвийсэн байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хүн нь харагдахгүй мөн битүү хар тенттэй машин байсан. Би Атэй А аймгийн И сумын төвд урд цайны газрын тэнд таарсан. Тухайн үед А 2 суга таягтай явж байхаар нь уулзсан. Тухайн үед хөлийг нь асуугаад мөн зам тээврийн осол болох үед надтай зөрсөн хөх өнгийн Приустэй мөргөлдсөн үү тэр аймаар явж байсан шүү гэж хэлж байсан. Тэгэхэд А тийн тийн гээд байсан. Тэрнээс өөр зүйл ярилцаагүй. Надаас А жолооч нь ямар хүн байсан бэ гэж асуухаар нь би мэдэхгүй байна хар тентэй хөх өнгийн машин байсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл хэлээгүй ... гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5  жил 1  сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.           

   Анхан шатны шүүх хохирогч нарт учирсан гэм хорын хохирол болох бодит зардалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, улмаар  шүүгдэгчээс гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

    Мөн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүнгээр сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг нь мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тусгайлан зохицуулсан ба сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой хуулийг өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй.  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаан хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Иргэний  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан нь Иргэний хууль хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэж ойлгоно. Иймд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн сэтгэцэд учирсан хор хохиролд 100.100.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Мгийн сэтгэцэд учирсан хор хохиролд 12.644.000 төгрөг,  хохирогч Р.Эгийн сэтгэцэд учирсан хор уршигт 81.950.000 төгрөг, хохирогч С.Бийн сэтгэцэд учирсан хор уршигт 24.750.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

  Харин дээрх сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайгаа шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулан зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар … ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө …гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гомдолд дурдсан шалтгаан нь  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, өөрчлөх үндэслэл болохгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

              Хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар ... шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөн байна, Б.Дын нөхөр тухайн үед жолоо барьж явсан, сэтгэцэд учирсан хохирол гаргаж өгнө үү ... гэсэн агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

          

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тухайн үед өөр этгээд тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдсан байна.

 

Иргэний  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ... хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй ... гэж хуульчилжээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д … Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг нь мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө … гэж тусгайлан зохицуулсан.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дээрх гэмт хэрэг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжихээр заасан байх тул хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.    

 

   Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.    

 

              Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Б.Д нь 46 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох, шүүгдэгч Б.Д нь 3.543.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд, 9.336.544 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нарт тус тус давж заалдах шатны шүүхийн шатанд төлсөн болох нь өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргаж, улмаар шинжлэн судласан хувийн байдалтай холбоотой баримтаар тогтоогдож байх тул магадлалд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

              1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Доос 3.543.000 /гурван сая таван зуун дөчин гурав мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У хотын Б дүүрэг, 0 дугаар хороо, Оы 0-0 тоотод оршин суух Б овогт Бийн Д /РД:00000000000/, 9.336.544 /есөн сая гурван зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Ц сумын Ж баг, Дийн 0-0 тоотод оршин суух Б овогт Бийн Т /РД:0000000/ нарт олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэснийг, .... “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Доос 3.543.000 /гурван сая таван зуун дөчин гурав мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У хотын Б дүүрэг, 0 дугаар хороо, Оы 0-0 тоотод оршин суух Б овогт Бийн Д /РД:00000000/, 9.336.544 /есөн сая гурван зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Ц сумын Ж баг, Дийн 0-0 тоотод оршин суух Б овогт Бийн Т /РД:000000000/ нарт олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн сэтгэцэд учирсан хор хохиролд 100.100.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Мгийн сэтгэцэд учирсан хор хохиролд 12.644.000 төгрөг,  хохирогч Р.Эийн сэтгэцэд учирсан хор уршигт 81.950.000 төгрөг, хохирогч С.Бийн сэтгэцэд учирсан хор уршигт 24.750.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ... гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

           3.Шүүгдэгч Б.Д нь 3.543.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд, 9.336.544 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нарт тус тус давж  заалдах шатны шүүхийн шатанд төлсөн болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                       Т.Д

 

                                                                                    Т.Г