Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2022/00008

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02-ны өдөр            226/МА2022/00008                                   Хэрлэн сум

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.З-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00008

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Б.О-,

Хариуцагч Г.З-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 156/ШШ2022/00013 дугаар шийдвэртэй Б.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.З-т холбогдох “16.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний 1 хавтас 45 хуудас бүхий хэргийг хариуцагч Г.З-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Г.З-тэй 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл зээлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн хүү 2.520.000 төгрөгийг төлж дуусгасан. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцсон бөгөөд 250 хоногийн алданги 6.000.000 дээр үндсэн зээл 12.000.000 төгрөгийг нэмж нийт 18.000.000 төгрөг болсон. Үүнээс 2021 оны 07 дугаар сард 1.800.000 төгрөгийг хасч 16.200.000 төгрөгийг Г.З-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Би 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.О-тэй зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл зээлсэн. Үндсэн зээлсэн мөнгөнөөс бэлнээр болон хүнс барааны хэлбэрээр нийт 5.580.080 төгрөг, мөн хүүд 1.800.000 төгрөгийг өгсөн. Ковидын нөхцөл байдлын улмаас орлогогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 6.420.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Г.З-ээс үндсэн зээлийн төлбөр 12.000.000 төгрөг, алданги 2.100.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-өд олгож, илүү нэхэмжилсэн 2.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.З-ээс 14.100.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 228.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-өд олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол шүүхэд гаргасан тайлбарын  агуулга:Б.О-өөс авсан зээлийн төлбөрт 2.670.700 төгрөгийн хүнсний бараа, 2.294.000 төгрөгийг дэлгүүрийнхээ орлогоос бэлэн мөнгөөр, 615.000 төгрөгийг дансаар, нийт 5.580.080 төгрөг төлсөн. Улмаар хүлээн авсан эсэхийг нягталж, тооцоо нийлэн дэлгүүрийнхээ тооцооны дэвтэр дээр нэхэмжлэгч Б.О-өөр гарын үсэг зуруулж байсан. Ийнхүү зуруулсан дэвтрийг нотариатаар батлуулж хэрэгт хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3, 6 дахь хэсэгт “зээлийг мөнгөөр эргүүлэн төлнө” гэж заасны дагуу хүнсний бараагаар төлсөн 2.670.700 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасахгүй байх нь үндэслэлтэй ч бэлэн мөнгөөр болон дансаар шилжүүлсэн төлбөрийг зээлээс хасч тооцох ёстой байсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй буюу бэлэн мөнгөөр өгсөн 2.294.000 төгрөг болон дансаар шилжүүлсэн  615.000 төгрөг, нийт 2.909.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй алдаа гаргасан. Иймд үндсэн зээлийн төлбөр 12.000.000 төгрөгөөс 2.909.000 төгрөгийг хасуулж, үндсэн зээлийн үлдэгдлийг 9.091.000 болгох хүсэлттэй байна. Жич: Алдангийг багасгах дүнг анхан шатны шүүхийн бодсон аргачлалаар тооцсон болно. Үүнд: төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 9.091.000 төгрөгөөс алдангийг 50 хувиар тооцоход 4.545.500 төгрөг болно, 4.545.500 төгрөгөөс алдангид төлсөн 1.800.000 төгрөгийг хасахад 2.745.500 төгрөг болно, Ковидын нөхцөл байдлыг харгалзан 2.745.500 төгрөгийг 50 хувиар багасгахад 1.372.750 төгрөг болно.

Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн хугацаанд алдангийг илт их хэмжээгээр тооцсон тухайд: “Короно вирус”-ын халдварт өвчний улмаас давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тул алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:Г.З-тэй 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээ байгуулсан асуудлыг анхан шатны шүүх “...хуулийн шаардлага хангасан гэрээ байна...” гэж дүгнэсэн. Г.З-ийн надтай байгуулсан гэрээ 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эхэлж 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан. Ингээд 365 хоногийн дараа би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.З- нь зээлийн хүүд 1 сард 420.000 төгрөг төлөх ёстой. Нийт 6 сарын хугацаанд 2.520.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Ингээд Г.З- 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөг дансаар төлсөн. Г.З- нь 6 сарын хугацаанд хүүгээ сар сардаа тооцож бэлэн мөнгөөр хувааж төлдөг байсан. Ингэж төлсөн нийт мөнгө нь 1.882.000 төгрөг болсон. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 38.000 төгрөг дансаар шилжүүлж 2.520.000 төгрөгийн хүүг төлж дуусгасан. Г.З-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан тооцоо бол түүний зээлийн хүүд төлөх 2.520.000 төгрөг байна. Мөн Г.З- нь надад 12.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй, алдангийг төлөөгүй байна. Анхан шатны шүүх алдангийг тооцож бодсоныг хүлээн зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О- “Г.З-ээс үндсэн зээл 12.000.000, алдангийн үлдэгдэл 4.200.000, нийт 16.200.000 төгрөгийг Г.З-ээс гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.З- “үндсэн зээлд бэлнээр болон хүнсний бараа хэлбэрээр 5.580.080 төгрөг, зээлийн хүүд 1.800.000 төгрөг төлсөн. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлээс 6.420.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө” гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-, хариуцагч Г.З- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Г.З-ийн өмчлөлд 12.000.000 төгрөг шилжүүлсэн эсэх нь хэргийн үйл баримтаас тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 156/ШШ2022/00013 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж

үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хянатын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Я.АЛТАННАВЧ

                                  ШҮҮГЧИД                                        Г.БОЛОРМАА

                                                                                                         

                                                                                                      Б.ДЭНСМАА