Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 202/МА2022/00004

 

                                                                                                                                                                                                                                                                                                                 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар; 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн шүүх хурал  дааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2021/00322 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК,

 

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,

 

1. “С” ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-Үүд/”-ний гэрээ, мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээнүүдийн дагуу нийт 11885 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт илүү төлсөн 340 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг “С” ХХК-аас гаргуулах, 

2. “С” ХХК, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ”-ний гэрээ, “С” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 5063 метр шилэн кабель нь “С” ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, 

3. “С” ХХК, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээ, “С” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээнүүдийн 5063 метр шилэн кабельд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 

4. Дээрх хүчин төгөлдөр бус 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ”-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 5063 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 66,807,918.58 /жаран зургаан сая найман зуун долоон мянга есөн зуун арван найман төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг “С” ХХК-с буцаан гаргуулах, хүчин төгөлдөр бус 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 5063 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болон 29,118,499.26 /хорин есөн сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун ерэн есөн төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг “Г” ХХК-иас буцаан гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж /зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.С /зайнаас цахимаар/, хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“С” ХХК анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын үндэслэл: "С " ХХК нь 2017 онд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-үүд суманд С үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор шилэн кабел түрээслэхээр "С " ХХК, "Г" ХХК-тай харилцан тохиролцож дараах гэрээнүүдийг байгуулсан байдаг. 1.Замын-Үүд суманд С гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор "С " ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээг байгуулж, тус гэрээний Хавсралт №10-т заасан нийт 4840 метр шилэн кабелийг сарын 3,000,000 төгрөгөөр 1 /нэг/ жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд шилэн кабелийн түрээсийн төлбөрт "С” ХХК-д 68,990,000 /жаран найман сая есөн зуун ерэн мянга/ төгрөг төлсөн. 2019 онд түрээсийн гэрээний хугацаа дуусахад "С" ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/407 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ" /3амын-үүд/-ний гэрээг дахин байгуулж, тус гэрээний Хавсралт №13-т заасан нийт 4650 метр шилэн кабелийг сарын 2,800,000 төгрөгөөр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 30,800,000 /гучин сая найман зуун мянга/ төгрөг төлсөн. 2.Сайншанд суманд С гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор "С" ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээг байгуулж, тус гэрээний Хавсралт №10-т заасан нийт 7045 метр шилэн кабелийг сарын 4,100,000 төгрөгөөр 1 /нэг/ жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд шилэн кабелийн түрээсийн төлбөрт 90,150,000 /ерэн сая нэг зуун тавин мянга/ төлсөн. 2019 онд "С" ХХК нь гэрээний эрх, үүргээ "Г " ХХК-д шилжүүлсний дагуу "Г" ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээг байгуулж, тус гэрээний Хавсралт №13-т заасан нийт 6895 метр шилэн кабелийг сарын 4,000,000 төгрөгөөр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 /хоёр/ жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон ба тус гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 35,598,000 /гучин таван сая таван зуун ерэн найман мянга/ төгрөг төлсөн. Ийнхүү "С" ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 11855 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 225,538,000 /хоёр зуун хорин таван сая таван зуун гучин найман мянга/ "С" ХХК, "Г" ХХК-дад төлсөн байдаг. Гэтэл 2017.07.01-ний ХА-499/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ" гэрээний дагуу 2017.07.01-2019.06.17-ны өдөр хүртэл хугацаанд түрээслээгүй 190 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт 4,600,000, 2017.8.01-ний АҮ- 672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээний дагуу 2017.08.01-2019.06.17-ны өдөр хүртэл хугацаанд түрээслээгүй 150 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт 2,200,000 нийт түрээслээгүй 340 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 6,800,000 илүү төлсөн байна.

Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын үндэслэл: "С" ХХК нь 2017 онд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-үүд суманд С үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор өөрийн хөрөнгөөр нийт 9020 метр шилэн кабелийг 19,640,000 төгрөгөөр худалдан авч, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд хүргэж, улмаар компанийн ажилтнууд өөрсдөө болон туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, шилэн кабелын ажлыг холбох, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Улмаар 2020 оны 04 дүгээр сард "С" ХХК-ийн толгой компани болох "С" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитаас Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд 2017 онд С үйлчилгээг нэвтрүүлсэн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд "С" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаас томилогдсон дотоод хяналт шалгалтын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2020 оны 04 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд газар дээр нь очиж ажиллан С сүлжээ орсон байруудад орц хоорондын шилэн кабелийг нэг бүрчлэн хэмжилт хийхэд Сайншанд суманд суурилуулсан 6660 метр шилэн кабелиас нийт 4095 метр дутсаныг тогтоосон болно. Энэ талаар "С" ХХК, "Г" ХХК-дад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/3726 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч "С" ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/28 тоот албан бичгээр С ХХК-д түрээсэлж буй нийт 11500 метр шилэн кабелийг өөрсдийн хөрөнгөөр худалдан авсан гэж үздэг болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус үндэслэн "С" ХХК, "С" ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ- 672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, "С" ХХК, "Г" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 4095 метр шилэн кабель нь "С" ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын үндэслэл: "С" ХХК нь 4095 метр шилэн кабелийг өөрийн өмч болохыг мэдэх боломжгүйгээр "С" ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, "Г" ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээг тус тус байгуулсан байдаг. Учир нь 2017 онд Сайншанд суманд С сүлжээ оруулах ажлын хүрээнд "С" ХХК нь "С" ХХК-ийн өөрийн хөрөнгөөр худалдан авсан нийт 6660 метр 12 корын шилэн кабелийг "С" ХХК-ийн ажилтантай үгсэн тохиролцон худалдан авч, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авсны үндсэн дээр дээрх гэрээнүүдийг хууль бусаар байгуулсан байна. Энэ нь тус компаниас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбараар нотлогддог. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу "С" ХХК, "С" ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ- 672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, "С" ХХК, "Г" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээнүүдийн 4095 метр шилэн кабельд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлагын үндэслэл: "С" ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ"-ний гэрээний дагуу нийт 7045 метр шилэн кабелийг 2017.8.01-2019.6.17 хүртэл хугацаанд түрээсэлж, түрээсийн төлбөрт 90,150,000 /ерэн сая нэг зуун тавин мянга/-г "С" ХХК-нд төлсөн ба үүнээс 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 54,034,846.25 үндэслэлгүйгээр төлөгдсөн. "С" ХХК нь гэрээний эрх, үүргээ "Г" ХХК-д шилжүүлсний дагуу "Г" ХХК- тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний дагуу нийт 6895 метр шилэн кабелийг 2019.06.01-2020.03.16-ны өдөр хүртэл хугацаанд түрээсэлж, түрээсийн төлбөрт 35,598,000 төгрөгөөр "Г" ХХК-нд төлсөн ба үүнээс 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 23,551,304.46 төгрөг үндэслэлгүйгээр төлөгдсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус үндэслэн дээрх хүчин төгөлдөр бус гэрээнүүдийн дагуу үндэслэлгүйгээр олж авсан 4095 метр шилэн кабелд ногдох түрээсийн төлбөр болох 54,034,846.25 төгрөгийг "С" ХХК-аас, мөн хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 23,551,304.46 төгрөгийг "Г" ХХК-аас тус тус буцаан гаргуулж, "С" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгч “С” ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “С” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С” ХХК, “Г” ХХК нарын эсрэг нэхэмжлэл гаргасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримт болон бусад баримтыг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгох шилэн кабелийн хэмжээ 4095 метр бус 5063 метр болох нь тогтоогдлоо. Тиймээс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагад дурдсан 4095 метр шилэн кабел нь “С” ХХК-ний хууль ёсны өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 968 метрээр ихэсгэж, 5063 метр шилэн кабел болгож, нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын хүрээнд 5063 метр болгон ихэсгэж, дөрөвдүгээр шаардлагын хүрээнд хариуцагч “С” ХХК-аас буцаан гаргуулах төлбөрийг 12,773,072.58 төгрөгөөр ихэсгэж, 66,807,918.58 төгрөг, хариуцагч “Г” ХХК-аас буцаан гаргуулах төлбөрийг 5,567,195.26 төгрөгөөр ихэсгэж 29,118,499.26 төгрөг болгон хариуцагч нараас нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “”С” ХХК-аас Дорноговь аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20/2667 тоот албан бичгийн дагуу гаргасан нэхэмжлэлтэй танилцсаны дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын дагуу 2017 оны 07 дугаар сарын 01-ны ХА-499/17 тоот гэрээгээр байгуулсан “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Замын-үүд/-ний гэрээний хавсралт 10, 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн АҮ-672/17 тоот Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/-ний гэрээнүүдийн хавсралт 13-ны дагуу заагдсан байршлуудын тулгалтаар дамжин өнгөрсөн байршлуудыг үндсэн гэрээнээс хасах болсон тул Замын-Үүд салбарын 10, 25 дугаар байрны 190 метр, Сайншанд салбарын 56 дугаар байрны 150 метр буюу нийт 340 метр шилэн кабельд ногдох түрээсийн төлбөр болох 6,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот, “С” ХХК ба “С" ХХК-ны хооронд байгуулсан "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/-ний гэрээ, “С” ХХК ба “Г” ХХК-ний хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын ТЛ-19/408 тоот “Дамжуулах  сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээ /Сайншанд/-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелиас 4095 метр шилэн кабель нь “С” ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох гэсэн шаардлагын хувьд манай компанийн зүгээс бүх шаардлагатай шилэн кабелийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулан “С” ХХК-д түрээсэлж ажилладаг бөгөөд нутаг орныхоо иргэдэд “С” ХХК-ийн гурвалсан үйлчилгээг сүлжээний тасалдалгүй чанарын түвшинд хүргэж байгаа ба 4095 метр шилэн кабелийг “С” ХХК-ийн өмчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн 3 ба 4 дүгээр шаардлагын хувьд бид албан ёсоор шаардлагатай нэмэлт мэдээллээр бүрэн хангах боломжтой ба нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад заагдсан өмчийн маргааныг тодорхой болсны дараа хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүндэтгэн үзэх болно гэдгээ үүгээр илэрхийлж байна.” гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК-ний нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага нь “Г” ХХК-тай хамааралгүй ба нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хувьд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс ашиглалт үйлчилгээ /Сайншанд/ гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 4095 метр шилэн кабель нь “С” ХХК-ний өмч болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “С” ХХК нэхэмжлэлдээ Сайншанд суманд суурилуулсан 6660 метр шилэн кабелиас 4095 метр дутсаныг тогтоосон, тиймээс “С” ХХК болон “Г” ХХК-ний түрээслүүлж байгаа кабель нь “С” ХХК-ний өмч гэж үзэж байгаа агуулгатай нэхэмжлэл гаргажээ. “С” ХХК нь уг кабелийг өөрийн хөрөнгө болох талаарх албан бичгээ “С” ХХК-д хүргүүлж байсан байна. Иймд “Г” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хариуцагч "С" ХХК-иас 6,800,000 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 3863 метр шилэн кабелыг "С" ХХК-ийн өмч мөн болохыг тогтоож, тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар "С" ХХК, "С" ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, "С" ХХК, "Г" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний тус бүр 3863 метр шилэн кабельд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас 41,204,925.3 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас 15,027,438.7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, 

үлдэх 1200 метр шилэн кабелийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот "Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт үйлчилгээ /Сайншанд/"-ний гэрээний тус бүр 1200 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “С” ХХК-иас 32,402,993.28 төгрөг гаргуулах, “Г” ХХК-иас 14,091,060.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар 1,379,364.16 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 914,423.6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 7,505,84 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага болох 4095 м шилэн кабелийг С ХХК-ийн өмч болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан тул уг шаардлагын үр дагавар болох 3, 4 дүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын хэмжээг нэмэгдүүлж 5063 м кабелийг өөрийн өмч болохыг тогтоолгохоор шаардсан болно. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын зарим хэсгийг хангаж 3863м кабелийг нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт зааснаар 3863 м шилэн кабелийн нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. 

Шийдвэрийн агуулгаас дүгнэхэд 6025 м кабель нь С ХХК-ийн өмч болох нь тогтоогдоод харин үлдэх 5243 м кабель нь хариуцагчийнх болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмч гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. 

Хэдийгээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шаардлага татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй боловч өөрийн өмч гэдгээ нотолж чадаагүй тул бусдын өмч гэж үзэх нь буруу гэж үзэж байна. 

Шийдвэрийн үндэслэлд “С” ХХК-ийн ажилтан Ч.Б, Н.М, Х.Ш зэрэг сүлжээ оруулах ажил хийсэн ажилтнуудын тайлан, мөн сувагчлал хийсэн туслан гүйцэтгэх компаниудын гэрээ, гэрч М.Н-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 3863 м шилэн кабелийг “С” ХХК-ийн өмч болох нь тогтоогдож байна гэж үздэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Дорноговь аймагт хэрэглэсэн шилэн кабелийн тайлан байдаггүй. Хэдэн метр кабель үлдсэн гэсэн тайлан байхгүй. Харин хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч өөрийн дураар “С” ХХК-ийн шилэн кабелийг хариуцагчид зарсан талаараа мэдүүлж энэ талаараа тухайн үедээ байгууллагадаа тайлагнаагүй байдаг. 

Өөрөөр хэлбэл “С” ХХК-ийн Сайншандад ажилласан ажлын хэсгийн шилэн кабелийн тооцоо тайлан байдаггүй. /гэрч Ш хариуцагчид зарсан гэгдэх кабелийн хэмжээг хаана тайлагнасан зэрэг нотлох баримт байхгүй/.

Хариуцагчийн тайлбар нотлох баримт зөрүүтэй, эргэлзээтэй учраас 3800 м шилэн кабелийг худалдан авч Сайншанд суманд суурилуулсан гэж дүгнэх боломжгүй учраас нэхэмжлэгч талын өмч мөн гэж дүгнэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 3863 м шилэн кабелийг С ХХК-ийн өмч болохыг тогтоож АҮ-672/17, ТЛ-19/408 тоот гэрээнүүдийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-иас 41204925.3, Г ХХК-иас 15027438.7 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“С” ХХК-аас нэхэмжлэл гаргаж, 4095 метр кабелийг өөрийн өмч болохыг тогтоолгох хоёр дугаар шаардлагатай холбоотойгоор гурав, дөрөвдүгээр шаардлага нь уялдан гарч энэ мөнгөн дүнгүүд гардаг. Явцын дунд нэхэмжлэлийн шаардлагаа нэмээд 5063 метр кабель манай компанийн кабель байна. Манай кабелийг бидэнд түрээсэлсэн байна гэж хандсан байдаг. Ер нь ингээд дүгнэхэд “С” ХХК нь Сайншандад тодорхой хэмжээний кабель авчраад Ш, Н гээд хүмүүсээр кабелийн ажил хийлгэсэн юм шиг байгаа юм. Энэ кабель дотоод шалгалтаараа дутдаг. Хавтаст хэрэгт авагдсан и-мэйлыг харахаар “манай кабел дутлаа, Ш танайд кабель өгсөн байна гэдгээр хандсан. Танай түрээсэлж байгаа кабелийн кор манай кабелийн кортой адилхан дугаартай байна, танайх манай кабелийг тавьсан байна” гэдэг байдлаар ханддаг юм байна лээ. Ш болон бусад ажилчдынхаа Сайншандад ажилласан тайлан мэдээг гаргаагүй байхад нь энэ манайхаас 4095 метр кабель дутчихсан. Тэгэхээр танай кабель чинь манай кабель байна гэдэг байдлаар нэхэмжлээд явж байгаа. Үүнийг анхан шатны шүүх ямар байдлаар дүгнэсэн бэ гэхээр хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудын хүрээнд авч үзээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр “С” ХХК-ийн өмч байна гэж шийдсэн. Энийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад үндэслэлгүй гэж үзсэн бэ гэхээр та нар Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өөрийнхөө кабель гэдгийг нотлох ёстой. Энэ нотолж байгаа байдал чинь эргэлзээтэй, тайлбар чинь зөрүүтэй байна. Тиймээс танай кабель гэж дүгнэх үндэслэлгүй байгаа, тул энэ кабель “С” ХХК-ийн өмч байна гэдэг байдлаар хандаж шийдвэрлэсэн байдаг.  Анхан шатны шүүх дээр бидний зүгээс юу гэж гаргадаг вэ гэхээр “С” ХХК-ийн ажилчид нь завшаад энэ кабелийг дутаагаад үүнээс болж “С” ХХК-д асуудал үүсэхээр манай кабелийн кортой адилхан кор байгаа учраас “С” ХХК-ний өмч байна гэдэг байдлаар хандаад байгаа юм биш үү гэдэг байдлыг тавьсан. Хамгийн гол нь “С” ХХК нь 6000 метр кабелиа ашигласан гэдэг байдлыг би хавтаст хэргээс огт олж хараагүй. Ийм учраас энэ ажилчид чинь энэ кабелиа завшсан эрүүгийн гэмт хэрэг үйлдээд байхад “С” ХХК, “Г” ХХК-д хандаж нэхэмжлээд байгаа юм биш үү гэдэг байдлыг тавьсан. Анхан шатны шүүх та нар өөрсдийнхөө кабель гэдгийг сайн нотолж чадахгүй байна гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ 3863 метр кабель гээд тогтоосны үндсэн дээр гурав, дөрөв дэх шаардлага гараад ирж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай “С” ХХК нь 2020 оны 12 дугаар сард анх энэ нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийг, нэмэгдүүлсэн шаардлагаар 5063 метр шилэн кабелийг “С” ХХК-ийн өмч болохыг тогтоож өгөөч гэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт манай гаргаж өгсөн нотлох баримтуудаас хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь шийдвэрлэж тодорхой хэмжээний буюу 3863 метр шилэн кабель нь “С” ХХК-ийн өмч болохыг тогтоосон нь зөв зүйтэй шийдвэр боллоо гэж харж байгаа. Ер нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын дийлэнх нь манай талынх байдаг. Тайлан, тайлбар, мэдүүлэг гэх мэтчилэн олон баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Гэвч хариуцагчийн зүгээс зөвхөн Сайншанд болон Замын-Үүд сумдад хэдэн метр шилэн кабель ашигласан гэдэг хариу тайлбар гаргасан байдаг. Энэ хэрэгт гаргаж өгсөн баримтын хэмжээнд судлаад үзэхээр яг Сайншанд болон Замын-Үүд сумдад хэрхэн яаж ашигласан, зарцуулсан юм гэдэг нь огт байдаггүй. Зөвхөн худалдаж аваад мөнгө шилжүүлсэн баримт нь л харагддаг. Тэр баримтууд доторх эргэлзээтэй юм нь иргэн Ш, Ч, Н нараас худалдаж авсан баримт байдаг. Жишээ нь Н-ээс худалдаж авсан баримт нь зөвхөн тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байдаг. Ш-ээс амаар ярьж худалдаж авч мөнгө шилжүүлсэн байдаг. Ч-ийн хувьд хэрхэн яаж худалдаж авсан баримт нь огт байдаггүй. Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцэх шатанд миний зүгээс хариуцагч Ж.Л-аас асуусан. Яагаад гэхээр бид нар гаргаж өгсөн баримтаараа Сайншанд суманд түрээсийн гэрээ байгуулсан уг гэрээний хавсралтад байр хооронд нийтдээ 33 чиглэл байгаа. Энэ чиглэлийнхээ хүрээнд бид нар чиглэл болгон дээрээ нэр зааж өгсөн. Энэ нь анхан шатны шүүх хуралдаан дээр “С” ХХК-г нотлох хангалттай нотлох баримт болсон. Хариуцагчаас тухайн үед та нар Дорноговь аймгийн Сайншанд суманд худалдаж авсан кабелиараа яг аль чиглэлд, энэ кабелаа суурилуулсан эсэх талаар асуухад хариулж, нотолж чадаагүй. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр дээр дурдсан байна лээ. Тухайлбал Сайншанд суманд ашиглахаар “М” ХХК-с худалдаж авсан 2225, 2600 метр шилэн кабель. Мөн нэр бүхий гурван иргэнээс худалдаж авсан нийт кабелиудыг Сайншанд суманд зарцуулсан гэж ярьдаг. Гэвч нийт байр хоорондын 33 чиглэлд хэрхэн яаж зарцуулсан нь тайланд тусгагдаагүй байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа. Иймээс шүүх хуралдааны явцад хариуцагч үүнийхээ талаар хэлж өөрийнхөө нотлох баримтыг хангаж чадаагүй. Хоёрдугаарт, “М” ХХК-с хариуцагчийн худалдаж авсан гээд байгаа 2225, 2600 метр шилэн кабелиудын төлбөр шилжүүлсэн баримт нь эргэлзээтэй. “С” ХХК-иас төлбөр шилжүүлсэн банк хоорондын баримт байхгүй. Зөвхөн иргэн, хувь хүн Ж.Л гэдэг хүн л шилжүүлсэн байдаг. Үүнийг мөн шүүхийн шийдвэрт дурдаж өгсөн байдаг. Мөн хариуцагч гомдолдоо манай компанийг тайлангаа гаргаж өгөөгүй гэсэн асуудлыг дурдсан байсан. Үүнтэй холбоотой анхны нэхэмжлэл дээр 4095 метр шилэн кабель дутсан гэдэг үндэслэл дээр дотоод хяналт шалгалт очиж ажилласан тайлан байгаа. Энэ тайлан дээр тухайн үед ажилласан ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл тайлангуудыг үндэслээд төдий хэмжээний тайлан хүлээлгэж өгөх ёстой гэдэг тайлан гаргасан. Гэтэл бодит байдал дээр 4095 метр кабель дутсан байна гэдгийг тэр тайлан дээрээ дурдаад өгчихсөн байгаа. Тийм учраас бидний зүгээс хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгсөн гэж үзэж байгаа. Энэ утгаараа шүүхийн шийдвэр дээрх нийт 3863 метр шилэн кабелийг манай өмч мөн гэдгийг шүүх зөв дүгнэсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагчийн гомдлын шаардлагын үндэслэл нь үндэслэлгүй гэж харж байгаа. Эвлэрлийн асуудал дээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний шүүх хуралдааны өмнөх өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны өмнөх өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Энэ дээр би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л гэдэг хүнтэй ярилцъя гэдэг асуудлыг тавьсан. Тэгээд ярихад 3200 метр шилэн кабелийг зөвшөөрч болох юм гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тавьсан. Үүнийг нь бид нар тухайн үед дээд удирдлагууддаа уламжлахад, баримтууд нь хангалттай биш байна гэдэг үндэслэлээр эвлэрэл амжилттай болоогүй. Үүнийг харахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр нэгэнт л худалдаж авсан тайлан, баримтууд байгаа боловч түүнийгээ Сайншанд болон Замын-үүд суманд хэрхэн яаж ашигласан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Тийм учраас хүлээн зөвшөөрөөд байгаа. Зөвшөөрч байгаа учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээнд зөвшөөрсөн гэдэг нь харагддаг. Ингээд шүүх хуралдаан болж анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлж үзээд 3863 метрийн кабелийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн. Манай зүгээс энэ дээр 5063-аас 1200 метр шилэн кабелийг шүүх нотлох баримтын хэмжээнд эргэлзээтэй байна гэж үзэж дүгнэсэн байна лээ. Ийм учраас хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай давхардуулахгүйгээр хууль зүйн үндэслэл талаас нь тайлбар хийе. “С” ХХК зүгээс зөвхөн “өөрсдийн кабел гэдгийг нотолж чадаагүй учраас шүүх ингээд шийдвэрлэчихлээ” гээд буруу тайлбарлаад гомдлын шаардлагын үндэслэлээ гаргаад байна. Шүүх зөвхөн нотолж чадаагүй учраас “С” ХХК өмч гэж шийдээгүй юм аа. Учир нь юу вэ гэвэл энд ашиглагдсан кабель “С” ХХК-ний өмч гэдгийг нотлох баримтуудыг компаний зүгээс гаргаж өгсөн. Энэ баримтуудыг шүүх үнэлсэн байдаг. Мөн найман кор шилэн кабелийг “М” ХХК-с 1020 метрийг авсан. Мөн “М” ХХК-с 12 корын 4000 метрийг авсан. Мөн “З” ХХК компаниас 4000 метр гээд нийтдээ 9020 метр шилэн кабелийг авсан баримтыг өгсөн. Үүнтэй холбоотойгоор энэ 9020 метр шилэн кабелийг хэрхэн, юунд зарцуулсан бэ гэдэг тайланг мөн гаргаж өгсөн. Энэхүү тайланд “С” ХХК-тай хамтарч ажилласан Э, Н компаниудын тайлангууд байгаа. Энэ тайлангуудын зураг, гаргаж өгсөн баримтууд дээр эдгээр шилэн кабель энэ Сайншандад зарцуулагдсан гэдэг нь нотлогдож байгаа. Тухайн шилэн кабель дээр коруудыг нь биччихсэн байдаг. Тийм учраас зөвхөн “С” ХХК нь энэ шилэн кабель манайх юм гэдэг нотолгоо нь худалдан авсан баримт зарцуулсан тайлан, тайлбарыг гаргачихсан. Харин гагцхүү “С” ХХК эргүүлээд, үгүй ээ манай кабель юм гэж нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй. Үүнтэй холбоотой шүүхийн зүгээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нөгөө талаараа “С” ХХК-ийн гаргаж өгсөн гээд байгаа баримтуудаас 3800 метр шилэн кабел нь 24 кор шилэн кабель байгаа. Тухайн Сайншанд суманд ашиглагдсан шилэн кабель нь 12 кор байгаа өөрөөр бол хоорондоо тохирохгүй байгаа. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 24 корыг зөвхөн Замын-Үүдэд ашигласан Сайншандад ашиглаагүй гэдэг. Энэ 24 кор нь 3800 метр юм бол гаргаж өгсөн баримтаас нь энэ шилэн кабель нь шууд хасагдах эрх зүйн үр дагавар үүсдэг. Эргүүлээд “С” ХХК-иас худалдаж авсан баримт байна. Шүүх  энэ 1200 метр кабелийг хасаад 3863 метр шилэн кабель нь “С” ХХК-ийн өмч гээд тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс 5063 метр гэж маргасан боловч шүүхийн зүгээс Ш-ээс худалдаж авсан кабель дээр “С” ХХК өмч гэдгийг мэдэхгүйгээр худалдаад авчихсан байна гэдэг агуулгаар 1200 метр кабелийг хасаад 3863 метр шилэн кабель нь “С” ХХК манай өмч гээд тогтоосон. Саяын гомдолд дурдаад байгаа Ш-ээс авсан гээд байгаа шилэн кабелийг хасчихсан. Хассан дүнгээрээ 3863 метр байгаа. Энэ шилэн кабелийн мөнгөн дүнг бодоод үзэх  юм бол дал орчим сая төгрөгийн түрээс ашиглалтын зардлын дүнг төлсөн байгаа. Шүүхийн зүгээс энэ 72,000,000 төгрөгийг багасгаад 56,000,000 төгрөг шийдсэн байдаг. Энэхүү зөрүү мөнгийг удаан хугацааны хэвийн ашиглалт хийсэн гэдэг үүднээс “С” ХХК-ийн төлбөрөөс хасах нь зөв байна гэж үзсэн. “С” ХХК-ийн зүгээс энэ тал даар маргаан хийгээгүй. Тийм учраас “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй. Хоёрдугаарт, гомдлын шаардлагатай холбоотой тайлбар хэлье. Анх давж заалдах гомдолдоо гомдлын шаардлага хангагдахгүй гомдлыг гаргасан. Үүнтэй холбоотой тэр гомдол дээр нь юу гэж дурдсан байдаг вэ гэхээр энэ кабелийн дүнг хүлээн зөвшөөрч байна, харин хэвийн ашиглалтын хугацааны зардлыг хасаагүй байна гэдгээр маргасан байгаа. Үүгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Харин шүүхийн зүгээс хүлээж аваагүй, гомдлоо засаад ирүүл гэсэн байдаг. Тэгээд энэ 2 дугаар сарын 18-ны гомдлыг гаргасан байдаг. Энэ гомдол дээр хүлээн зөвшөөрөхгүй байна гээд гаргасан байдаг. Ийм эсрэг тэсрэг гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. “С” ХХК нь өөрөө компани гэдэг агуулгаараа хариуцагч юм. Тэгэхээр 2 дугаар сарын 18-ны өдрийн гомдлыг компани гаргах ёстой. Компанийн албан бланк, тамга, тэмдэгтэй гардаг. Гэтэл энэ гаргасан гомдлыг нь харахаар ямар ч компанийн зүгээс гаргасан гомдол гэж үзэхгүй Ж.Л гэдэг хүн өөрөө хариуцагч гэдэг агуулгаар гаргачихсан байгаа. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хэлбэрийн шаардлагыг зөрчсөн процессын алдаа байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч.” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс маргааны үйл баримтанд бүрэн дүүрэн зөв дүгнэлт өгч чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь “С” ХХК, “Г” ХХК-д тус тус холбогдуулан, нийт 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн байна. Үүнд:

 

1. “С” ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-Үүд/ -ний гэрээний дагуу 2017.07.01-2019.06.17-ны өдөр хүртэл хугацаанд түрээслээгүй 190 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт 4600000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ”-ний гэрээний дагуу 2017.08.01-2019.06.17-ны өдөр хүртэл хугацаанд түрээслээгүй 150 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт 2200000 төгрөг, нийт түрээслээгүй 340 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 6800000 төгрөг гаргуулах, 

2. “С” ХХК, “С” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээ, “С” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний дагуу түрээсэлж байгаа нийт 6895 метр шилэн кабелийн 4095 метр шилэн кабель нь “С” ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өмчлөгчөөр тогтоолгох эд хөрөнгө буюу шилэн кабелийн хэмжээг 5063 метр болгож нэмэгдүүлсэн, 

3. “С” ХХК, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээ, “С” ХХК, “Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээнүүдийн 4095 метрт холбогдох хэсгийг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр холбогдох хэсгийг 5063 метр болгож нэмэгдүүлсэн, 

4. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үндэслэлгүйгээр олж авсан 4095 метр шилэн кабельд ногдох түрээсийн төлбөрт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний дагуу төлсөн 54034846,25 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5063 метр шилэн кабельд ногдох түрээсийн төлбөрт төлсөн 66807918,58 төгрөгийг буцаан гаргуулахаар нэмэгдүүлсэн, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний дагуу 5063 метр шилэн кабельд ногдох түрээсийн төлбөрт төлсөн 23551304,46 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 29118499,26 төгрөг болгож нэмэгдүүлж буцаан гаргуулахаар тус тус нэхэмжилсэн байна. 

 

Нэхэмжлэгч тал энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа “С” ХХК-тай байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-Үүд/ -ний гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/407 тоот Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-Үүд/ -ний гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ/Сайншанд/”-ний гэрээ, “Г” ХХК-тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээ болон шилэн кабель худалдаж авсан гэх баримтууд /материалын орлогын падаан, нэхэмжлэх/, түрээсийн төлбөр төлсөн гэх баримтууд /төлбөрийн даалгавар, нэхэмжлэх, тооцоолол/ нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд Дорноговь аймгийн Сайншанд суманд ажилласан тайлан, “Э” ХХК-нийн дотоод сувагчлал, ластмайл хийсэн техникийн акт /2 хх 116-151/, “Н” ХХК-ийн дотоод сувагчлал техникийн акт /2 хх 152-167/, “С” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ /2 хх 205-210/, хавсралт 1-8 /2 хх 211-241/, “С” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ /2 хх 245-251/, хавсралт /3 хх 1-31/,“С” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /3 хх 32-70/, “С” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /3 хх 71-109/, “С” ХХК болон “П” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /3 хх 110-150/, албан бичгүүд зэрэгт үндэслэж, шүүхэд ирүүлсэн байх бөгөөд  Х.Ш /2 хх 192-201/ М.Н /2 хх-102/ нараас гэрчийн мэдүүлэг авахуулж, цахим шуудан хаягт үзлэг /2 хх 64-74/ хийлгэсэн байна.

 

Хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нь нэхэмжлэлийн шаардлагаас “нийт түрээслээгүй 340 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 6800000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч “маргаан бүхий шилэн кабелийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулсан” гэж маргаж, тайлбар татгалзлаа “С” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан “С” ХХК-ийн захиралтай мэйлээр харилцсан захидлын хуулбар /2 хх 10-13/, Харилцаа холбооны үйлчилгээ сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ №12100318 /2 хх 16-20/, Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ №12100362 /2 хх 21-25/, Кабелийн худаг, сувагчлал түрээслэх гэрээ (дугаар: ДоГ/LD/20-01/06) /2 хх 26-31/, Кабелийн худаг, сувагчлал түрээслэх гэрээ (дугаар: ДоГ/LD/17-08/01) /2 хх 32-36/, “С” ХХК-ийн эзэмшлийн шилэн кабелийн талаарх мэдээлэл /2хх 37/, Сувагчлал түрээслэх тухай гэрээ (дугаар: ТТГ 2019-09/02) /2 хх 39-41/, “С” ХХК-ийн “С” ХХК-д явуулсан 2020.09.11-ний өдрийн 02/28 дугаартай албан бичиг /2 хх 42/, “С” ХХК-ийн С IP сүлжээний албанд явуулсан 2019.05.10-ны өдрийн 01/01 дугаартай албан бичиг /2 хх 43/, “С” ХХК-ийн мэдээлэл холбооны чиглэлээр гүйцэтгэсэн ажлын зарим мэдээлэл /2 хх 44-46/, “Г” ХХК-ийн техник үйлчилгээг хариуцах шилэн кабелийн трассын зураг, шилэн кабелийн хэмжээ трассын схем /2 хх 47-48/, мөнгөн шилжүүлгийн баримт нэхэмжлэх /2 хх 49-57/ зэрэг нотлох баримтуудад үндэслэсэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу маргаан бүхий 5063 метр шилэн кабелийн 3863 метрт холбогдох хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэрэгт ач холбогдол бүхий тогтоогдсон нөхцөл байдлын талаар бүрэн бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэв. 

 

Зохигчдоос ирүүлсэн дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд, Замын–Үүд сумдад С үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “С” ХХК-ийн мэдлийн сувгийг буюу түүний өмчлөлийн шилэн кабелийг эзэмших, ашиглах, захиалга өгсөн байршилд шилэн кабелиар нэмж холбох, суурилуулалт хийлгэх, засвар үйлчилгээг хариуцуулахаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХА-499/17 тоот Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-Үүд/ -ний гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/407 тоот Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Замын-Үүд/ -ний гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ/Сайншанд/”-ний гэрээ, “Г” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээг тус тус бичгээр байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээнд зааснаар нийт 34 чиглэл байршилд нийт 7045 метр шилэн кабелийг сарын 4100000 төгрөгөөр,  2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээнд зааснаар 33 чиглэл байршилд 6895 метр шилэн кабелийн сувгийг сарын 4000000 төгрөгөөр ашиглахаар гэрээ байгуулсан, “С” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээг Г ХХК-тай байгуулж гэрээний нөхцлийг өөрчлөөгүй, хугацааг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан, зохигчид Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т заасан “харилцаа, холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагааг явуулж, “Кабелийн худаг, сувагчлал түрээслэх гэрээ”-г “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-тай байгуулсан, нэхэмжлэгч “С” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ/Сайншанд/”-ний гэрээний үнэд 2017.08.01-2019.06.17 хүртэл хугацаанд “С” ХХК-д 90150000 төгрөг төлсөн, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ /Сайншанд/”-ний гэрээний үнэд 2019.06.17-2020.03.16 хүртэл хугацаанд нийт 35598000 төгрөгийг “Г” ХХК-д төлсөн тухай үйл баримтууд тус тус тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. 

 

Харин маргааны гол агуулга нь зохигчид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ гэрээ”-ний дагуу хариуцагч байгууллага буюу ”С” ХХК болон “Г” ХХК нь Сайншанд суманд нийт 34 чиглэл байршилд өөрийн өмчлөлийн шилэн кабелиар С үйлчилгээг дамжуулж нэвтрүүлэх, түүний засвар үйлчилгээг хариуцан ажиллах, үүний тулд нэхэмжлэгч байгууллага түрээсийн төлбөр төлөхөөр гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг төлсөн атал нэхэмжлэгчийн өмчлөлийн шилэн кабелиар шугам татаж, улмаар түүнийгээ түрээсэлж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хууран мэхэлж өөрийн өмч хэмээн худал хэлж  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний 5063 метрт холбогдох хэсгийг өөрийн өмч болохыг тогтоолгож, холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргаж, талууд маргаан бүхий шилэн кабелийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэж тус тусын шилэн кабель худалдан авсан баримтуудыг ирүүлжээ. 

 

Эндээс үзвэл хариуцагч “С” ХХК, “Г” ХХК–иуд нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн  эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж тодорхой чиглэл байршилд байгаа өөрийн өмчлөлийн шилэн кабелийг шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцож талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулсан байна. 

 

Түрээсийн гэрээний агуулга бол аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж тодорхой эд хөрөнгөө ашиглуулж, түүний үр дүнд бий болсон үр шимийг олж авдаг, ингэхийн тулд түрээсийн төлбөр төлдөг бөгөөд мэдээж энд зааснаар өөрийн өмч хөрөнгийг түрээслэх түүнд төлбөр төлөх үндэслэлгүй ба энэ утгаараа түрээсийн зүйл болох эд хөрөнгө түрээслэгчийн өмч болох нь тогтоогдсон тохиолдолд гэрээний агуулга алдагдаж тухайн нөхцөлөөр талуудыг тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй болно. 

 

Энэ тохиолдолд гэрээг байгуулах болсон үндэслэл, нөхцөл нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход хамааралтай бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч байгууллага өөрийн өмчлөлийн шилэн кабелийг суурилуулахаар нэр бүхий компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж зардал материалаа өөрийн хөрөнгөөр гаргасан, хариуцагч тал мөн түрээсийн гэрээг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс шаардагдах шилэн кабелийг худалдан авсан гэсэн үйл баримт тогтоогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх зохигчдоос ирүүлсэн зөвхөн шилэн кабель худалдан авсан гэх баримтанд тусгагдсан хэмжээг үндэслэж тэдний өмчлөлийн шилэн кабелийн хэмжээг тогтоосон, мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Э” ХХК-ийн дотоод сувагчлал, ластмайл хийсэн техникийн акт, “Н” ХХК-ийн дотоод сувагчлал техникийн акт , “С” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, “С” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрч Х.Ш-ийн мэдүүлэг, нэхэмжлэгч байгууллагын зүгээс Дорноговь аймгийн Сайншанд суманд С үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудад техникийн нөхцөл гаргуулахыг хүссэн болон шилэн кабель татах зөвшөөрөл хүссэн албан бичгүүдэд үндэслэн нэхэмжлэгчийг нийт 3865 метр шилэн кабелийг өөрийн хөрөнгөөр суурилуулсан гэж үзэж тухайн шилэн кабелийн өмчлөгч болохыг тогтоосон нь үндэслэл бүхий болж чадаагүйн гадна  түрээсийн төлбөрт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний дагуу төлсөн 34404925,3 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний дагуу төлсөн 15027438,7 төгрөгийг тус тус гаргуулахаар гэж шийдвэрлэсэн тооцоолол, үндэслэлээ дурдаагүйгээс  энэ талаарх дүгнэлт нь ойлгомжгүй, тодорхойгүй болсон.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зохигчид тэдний хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний хавсралт 10-т, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний хавсралт 13-т нийт 33 чиглэлийн 6895 метр шилэн кабелийн чиглэл тус бүрийн хэмжээ, үнийг зааж, тухайн нөхцлөөр тохиролцож гэрээ байгуулсан байхад тухайн 33 чиглэлийн байршил, хоорондын хэмжээг харгалзан үзэлгүй зөвхөн дээрх дурдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгч байгууллагыг нийт 3865 метр шилэн кабель суурилуулсан гэсэн дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

 

Тодруулбал зохигчдоос ирүүлсэн шилэн кабель худалдаж авсан тухай баримтууд нь цаг хугацааны хувьд гэрээ байгуулсан үйл баримттай хамааралтай байж болох боловч тухайн кабелийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний хавсралт 10-т, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний хавсралт 13-т заасан нийт 33 чиглэл байршлын 6895 метр шилэн кабельд хамааралтай буюу эдгээр чиглэлд хэрхэн яаж хэдэн метрээр тавигдсаныг тухайн баримт дангаараа нотлох боломжгүй юм. 

 

Мөн анхан шатны шүүх 3865 метр шилэн кабелийн хэмжээг тогтоохдоо хариуцагчийг 1200 метр шилэн кабелийг Х.Ш-ээс худалдаж авсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй ба хэрэгт Х.Ш-д “С” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 300000 төгрөгийг шилэн кабелийн үнэ гэж шилжүүлсэн баримт авагдсан байх боловч энэ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч байгууллагатай түрээсийн гэрээ байгуулснаас хойш 3 сар гаруй хугацаа өнгөрсөн байсан, мөн гэрч Х.Ш нь мэдүүлэгтээ “...тэнд надад өөрийн гэсэн ямар ч кабель байгаагүй, тэр 1200 метр кабель авсан гээд байгаа нь С компанид байсан 1200 метр кабелийг Холбооны байрнаас 13 дугаар байр хүртэл, Холбооны байрнаас 30 дугаар байр хүртэл татуулсан кабелийн мөнгийг Л Н эгчид өөрөө өгч тооцоогоо дуусгана, танайд 1200 метр кабелийг буцаан олгоно гэсэн боловч өгөөгүй. Энийгээ надад зарсан гээд яриад байгаа юм шиг байна ...” гэсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй буюу 1200 метр шилэн кабель нь 300000 төгрөгийн үнэтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үнэлж дүгнээгүй.

  

Харин хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар болон гэрээний 1.2, 1.3-т зааснаас үзэхэд хариуцагч “С” ХХК, “Г” ХХК-иуд нь өөрийн өмчлөлийн шилэн кабелийг нэхэмжлэгч “С” ХХК-д ашиглуулах, ингэхдээ тэдний захиалга өгсөн байршилд шилэн кабельгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр шилэн кабелиар холбох, суурилуулалтыг нэмж хийх гэсэн агуулга тусгагдсан ба ийнхүү хийхдээ хариуцагч нь гэрээнд заасан 33 чиглэл байршлын зарим байршилд нэхэмжлэгч “С” ХХК-ийн зүгээс тухайн ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтнаас болон ажил гүйцэтгүүлсэн хувь хүнээс шилэн кабель авч суурилуулснаа үгүйсгээгүй боловч үүнийгээ хариуцагч худалдан авсан гэж маргажээ.

 

Түүнчлэн гэрээний зүйл нь шилэн кабель боловч гэрээнд заасан агуулгаас үзэхэд буюу гэрээний үнэ нь тухайн шилэн кабелиар дамжуулж байгаа шугам, сүлжээг харилцаа холбооны чиглэлээр ашиглах, ийнхүү ашиглах боломжтой болсноор тухайн шилэн кабелийн үнэ цэнэтэй байдал нь өмч хөрөнгө болох агуулга тодорхойлогдсон байна. 

 

Энэ утгаараа зөвхөн талуудын худалдаж авсан, энд зарцуулсан гэх шилэн кабелийн хэмжээгээр өмчлөлийн асуудлыг  шийдвэрлэх нь учир дутагдалтай бөгөөд талууд гэрээндээ нийт 33 чиглэл байршилд 6895 метр кабелийг түрээслэхээр байршил чиглэл бүрийг болон хамаарах шилэн кабелийн хэмжээг /уртыг/ нэг бүрчлэн тодорхой зааж тохиролцсон тул энэ нөхцөлөөр зохигчдын өмчлөлийн маргааныг дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ. 

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд буюу “С” ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээнд 34 чиглэл байршилд шилэн кабелийн уртыг 7045 метр гэж, “Г” ХХК-тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээнд 33 чиглэл байршилд шилэн кабелийн уртыг 6895 метр гэж өөр өөрөөр заасан боловч зохигчид маргааны үйл баримтад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээнд заасан 33 чиглэл байршлын нийт 6895 метр шилэн кабель хамааралтай болох талаар маргаагүй болно.

 

Энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтыг авч үзвэл гэрээнд заасан нийт 6895 метр кабелийн чиглэл байршлыг тухайн үед нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж С үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан гэрч Х.Ш л байршил тус бүрээр шилэн кабелийн өмчлөгчийг нэрлэсэн байх ба түүний мэдүүлгийг бусад  нотлох баримтуудтай буюу зохигчдын тайлбар, хариуцагч “С” ХХК-д ажил гүйцэтгэж ажилласан гэх гэрч М.Н-ийн мэдүүлэг, зохигчдын хоорондоо харилцсан албан бичиг, цахим шуудан, нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд Дорноговь аймгийн Сайншанд суманд ажилласан тайлан /1 хх 150/ зэрэг нотлох баримтуудтай харьцуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн шилэн кабелийг гэрээнд заасан чиглэл байршил тус бүрээр тогтоох нь зүйтэй гэж үзэв. 

 

Гэрч Х.Ш мэдүүлэгтээ “...Холбоо 13 дугаар байрны сувагчлалын кабель, ... МХС 30 дугаар байрны сувагчлалаар ... энэ 2 чиглэлийг Н инженерээр ... С-ийн 1200 метр кабелиар татуулсан, ...33-35 дугаар байр ...С-ийн кабелиар С ХХК татсан, ...35-34 ... С-ийн кабелиар С компани татсан, ...13-329-р байр ... С-ийн кабелиар С компани татсан, ...13-43 дугаар байр ... С-ийн кабелиар МХС ..., МХС гэдэг нь Мэдээлэл холбоо сүлжээ компани, ...43-44 Мэдээлэл холбоо сүлжээ компани ерөнхий инженер Н С-ийн кабелиар, ...17-15, 15-16 дугаар байр ...С-ийн кабелиар С компани ..., ...Неткогоос 31 дүгээр байр хаалтанд залуус ...Н С*ийн кабелиар ... , ... тэнд надад өөрийн гэсэн ямар ч кабель байгаагүй, тэр 1200 метр кабель авсан гээд байгаа нь С компанид байсан 1200 метр кабелийг Холбооны байрнаас  13 дугаар байр хүртэл, Холбооны байрнаас 30 дугаар байр хүртэл татуулсан кабелийн мөнгийг Л Н эгчид өөрөө өгч тооцоогоо дуусгана, танайд 1200 метр кабелийг буцаан олгоно гэсэн боловч өгөөгүй. Энийгээ надад зарсан гээд яриад байгаа юм шиг байна. ... 300000 төгрөг ... намайг Улаанбаатар хотод ирсэн хойно баярласан сэтгэлээ илэрхийлж байна гээд миний дансыг аваад над руу шилжүүлсэн ...” /2 хх 191-201/ гэжээ,

 

Гэрч М.Н “...С ХХК-ийн шилэн кабелийн ажлыг хийсэн. ... Тухайн үед С ХХК-ийн ажлыг яаралтай, богино хугацаанд хийлгэхээр хандсан. Кабель нээх их байхгүй. 2 инженерийн 1 нь байсан, Нэгнээс нь шилэн кабель авсан, дараагаар нь кабель дутаад байна олоод өг гэсэн, С-ийн кабель уу, С ХХК-ийн кабель уу гэдгийг тухайн үед асууж тодруулаагүй тэр ажлыг дуусгасан ... Манайх мэдээлэл холбоо сүлжээний Дорноговь аймаг дахь салбар, байгууллага тэр ажлыг хийж гүйцэтгээгүй, ... хувиараа ...ажлын бус цагаар хийсэн.” /2 хх 103/ гэжээ,

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч С ХХК-д цахим шуудангаар хүргүүлсэн захидалд “... Шалгалтаар манай компанийн өмч нийт 4095 метр шилэн кабель дутсан. Энэхүү дутсан шилэн кабелиуд нь Ш, Н гэх мэт хүмүүсээр дамжин танай компанийн эзэмшилд очсоныг баримтжуулаад байна. ...” гэжээ /2 хх 13/,

 

2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хариуцагчийн s********.mn хаягт үзлэг хийсэн тэмдэглэлд “... доор дурдсан байруудад татсан шилэн кабелиуд нь иргэн М.Н болон Х.Ш нараас худалдан авсан кабель бөгөөд тус байршлуудад татагдсан шилэн кабелиудыг танай байгууллагын эзэмшилд түрээсийн гэрээнд тусгагдсан тухайн чиглэлүүдийн ... түрээсийн төлбөрийг хөнгөлөх дээр ярилцах саналтай байна. /хүснэгтийг хавсаргав/ Хүснэгтэд ...МХС 13-р байр 443 метр, МХС 30-р байр 900 метр, 13-329-р байр 550 метр, 329-339-р байр 90 метр, 13-43 дугаар байр 600 метр, 43-44-р байр 60 метр,  56-55-р байр 90 метр, 55-58-р байр 100 метр ...” гэжээ /2 хх 64-74/,

 

Нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд Дорноговь аймгийн Сайншанд суманд ажилласан тайланд “ ... Хэмжилтийг СХНТ М, М, М болон С ХХК-ийн инженер С, Сайншандын гэрээт инженер Б нарын дэмжлэгийг авч хамт ажилласан бөгөөд С-ын инженер өөрийн кабелийг ялгаж зааж өгч байсан. ... Инженер Ш-ийн тайлан болон “С” ХХК-ийн трассын зургийг үндэслэн нийт 38 байрны дээвэр дээр болон орцны MDU-с гарсан, орсон кабелийг хэмжин ажилласан. Шилэн кабель тайланд тусгагдсан шилэн кабелийн урт 6660 метр, шалгалтаар хэмжсэн шилэн кабелийн урт 2565 метр, зөрүү буюу дутсан шилэн кабель /12 кор/ 4095 метр ...  гэжээ. 

 

Дээрх бүгдээс дүгнэхэд гэрээг хэрэгжүүлэхэд оролцсон ажилтнуудын ажлыг хийж гүйцэтгэхдээ хариуцлагагүй, зохион байгуулалтгүйн улмаас шилэн кабелийг худалдан авч суурилуулахдаа төлбөр тооцооны асуудлыг тухай бүр ойлгомжтой байдлаар шийдвэрлээгүйгээс өмчлөлийн маргаан үүсэх шалтгаан болсон.

 

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болох ба Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар өмчлөх эрх үүсэх үндэслэл нь талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. 

 

Гэрч Х.Ш-ийн мэдүүлэгт “...кабелийн мөнгийг Л Н эгчид өөрөө өгч тооцоогоо дуусгана, танайд 1200 метр кабелийг буцаан олгоно гэсэн боловч өгөөгүй. ...” гэснээс үзэхэд хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч байгууллагын ажилтнаас шилэн кабель авч, түүнийгээ буцаагаад шилэн кабелиар нь өгөх агуулгатай тохиролцоо байсан боловч үүнийгээ өгөөгүй, мөн “С” ХХК-иас Х.Ш-д шилэн кабелийн мөнгө гэж 300000 төгрөгийг шилжүүлэхдээ цаг хугацааны хувьд гэрээ байгуулсны дараа шилжүүлсэн, мөн уг төлбөр нь хэдэн метр, хаана ямар чиглэлд байрлуулсан шилэн кабелийн үнэ болох зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүйгээс “С” ХХК-ийг эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул түүнд өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ. 

 

Иймд дээрх  нотлох баримтуудыг үндэслэн гэрээнд заасан нийт 33 чиглэл байршлын:

• 1-т  Холбоо 13-р байр /сувагчлалаар/ - шилэн кабелийн урт 443 метр,

• 2-т   Холбооны 30-р байр /сувагчлалаар/ - шилэн кабелийн урт 900 метр,

• 14-т 13-с 329-р байр - шилэн кабелийн урт 550 метр,

• 16-д 13-с 43-р байр – шилэн кабелийн урт 600 метр,

• 17-д 43-с 44-р байр – шилэн кабелийн урт 60 метр,

• 22-т 17-с 15-р байр – шилэн кабелийн урт 170 метр,

• 23-т 15-с 16-р байр – шилэн кабелийн урт 60 метр, 

• 25-д NetCo-аас 31-р байр – шилэн кабелийн урт 250 метр буюу нийт 3033 метр шилэн кабелийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмч гэж тогтоох нь зүйтэй байна.

 

Учир нь гэрч Х.Ш-ийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулж хариуцагчаас нэхэмжлэгч “С” ХХК-д хүргүүлж байсан албан бичигт дурдсан байршил, гэрч Х.Ш-ийн мэдүүлэгт дурдсан байршлуудтай давхацсан чиглэл байршлыг нэхэмжлэгчийн өмч гэж тогтоосон бөгөөд хариуцагч тухайн байршлуудад гэрч Х.Ш, М.Н нараас худалдаж авч шилэн кабелийг суурилуулсан гэх боловч энэ нь тухайн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй, гэрч М.Н нэхэмжлэгч байгууллагын шилэн кабелиар хариуцагч “С” ХХК-д ажил гүйцэтгэсэн тухайгаа үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгч “С” ХХК-ийн дотоод хяналт шалгалт хийхэд хариуцагч С ХХК-ийн инженер оролцож өөрийн шилэн кабелийг зааж өгөхөд “С” ХХК-ийн кабель дутсан талаар дурдагдсан зэргээс үзэхэд дээрх 8 чиглэл байршлын нийт 3033 метр шилэн кабелийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Гэрч Х.Ш-ийн мэдүүлэгт  “... 33-35 дугаар байр ...С-ийн кабелиар С ХХК татсан, ...35-34 ... С-ийн кабелиар С компани татсан ...” гэх боловч энэ нь хариуцагчийн нэхэмжлэгчид илгээж байсан тэдний өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн агуулга бүхий цахим захидалд дурдсан чиглэл байршилтай тохироогүй, мөн хариуцагчийн уг цахим захидалд дурдсан “...56-55-р байр 90 метр, 55-58-р байр 100 метр ...” байршил нь мөн гэрч Х.Ш-ийн мэдүүлэгт “... Б инженерийн туслан гүйцэтгэгч компанийх ...” гэсэн зөрүүтэй  байх  тул эдгээр чиглэл байршилд татсан шилэн кабелийг нэхэмжлэгчийн өмч гэж үзээгүй болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нийт 3865 метр шилэн кабелийн өмчлөгч гэж тогтоохдоо “Э” ХХК-ийн дотоод сувагчлал, ластмайл хийсэн техникийн акт, “Н” ХХК-ийн дотоод сувагчлал техникийн акт , “С” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ,“С” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэсэн байх ба эдгээр баримтуудад зааснаас үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний хавсралт 13-т заасан нийт 33 чиглэл байршилтай хэрхэн яаж давхцаж байгаа нь тодорхойгүй буюу техникийн актад заасан байршлын хаяг энэхүү 33 чиглэл байршил мөн эсэх нь тогтоогдоогүй, нэршлийн хувьд зөрүүтэй, мөн тухайн компаниудтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хийх ажлын талаар шилэн кабелийн угсралт суурилуулалт шинээр хийх, дотоод сувагчлал шинээр хийх, радио UPT/STP холболт, дотоод сүлжээ, төхөөрөмж суурилуулах гэж нэрлэн заасан атал шүүхэд дотоод сувагчлал ластмайл хийсэн техникийн актыг ирүүлсэн, гэрч Х.Ш “...Н болон П гэдэг 2 компани утасны сувагчлал, орц хоорондын шилэн кабель татах байсан, С гэдэг компани надаас авсан захиалгын дагуу байр хоорондын шилэн кабелийг татах байсан” /2-хх193/ гэж мэдүүлсэн, улмаар нэхэмжлэгч тухайн компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлж ажлын үр дүнг хүлээж авсан атлаа түүнийг өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг мэдээгүй гэж үзэх нь ойлгомжгүй байгаа зэргээс анхан шатны шүүхийн 3865 метр шилэн кабелийг эдгээр компаниуд суурилуулсан тул нэхэмжлэгчийн өмч гэсэн агуулга бүхий дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдсонгүй. 

 

Мөн анхан шатны шүүх хариуцагч нарыг маргаан бүхий шилэн кабелийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмч гэдгийг мэдсээр байж өөрийн өмч мэтээр ойлгуулан дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж дүгнэж хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д нийцээгүй гэж үзэв. 

 

Тодруулбал тэд хэн аль нь гэрээний зүйл болох шилэн кабелийн өмчлөлийн талаар төөрөгдсөн буюу нэхэмжлэгч гэрээний агуулгатай холбоотойгоор тухайн чиглэл байршилд хариуцагчийн өмч хөрөнгө байгаа гэж үзсэн, хариуцагч нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа этгээдээс авч байгаа шилэн кабелиа түүний хувиас нь эсхүл албан байгууллагаас нь авч байгаа аль нь болох асуудлыг буюу эд хөрөнгийн үнийг хэнд хэзээ хэрхэн яаж төлөх асуудлыг тодорхой шийдвэрлээгүйгээс хариуцагчийн хувьд санаатай хууран мэхэлсэн үйлдлийг хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Улмаар талуудын хооронд байгуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний агуулга нь хариуцагчийн хувьд дамжуулах сүлжээний шилэн кабелийг бусдад түрээсэлж байгаагийн хувьд түүний ашиглалт, үйлчилгээг хариуцах үүрэгтэй байхаас гадна тухайн түрээсэлж байгаа эд хөрөнгө нь түүний өмчлөлийнх байж, түрээслэгчээс түүнд үнэ буюу түрээсийн төлбөр төлөх нь энэхүү гэрээний агуулга зарчимд нийцнэ. 

 

Гэтэл дээр дурдсан нотлох баримтаар нийт 8 чиглэл байршлын нийт 3033 метр шилэн кабель нь хариуцагчийн өмч болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй буюу өмчлөлийн маргаан үүсэх шалтгаан нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралтай тул түүнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. 

 

Энэ талаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т түрээслэгчээс түрээслүүлэгчийн цахим шуудангийн хаягаар шилэн кабелийн суурилуулалтын захиалгыг явуулах, түрээслүүлэгч техникийн хувьд хэрэглэгчийг шилэн кабелиар холбох боломжтой эсэх талаар хайгуул хийж, түрээслэгчид шилэн кабелийн эхлэлийн цэг, суурилуулалтын зардал, сар бүрийн түрээсийн төлбөр, суурилуулалттай холбоотой холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай эсэхийг тодорхойлж хариу өгөх зэрэг үүргийг хариуцагч хүлээсэн байх бөгөөд гэрээний энэ агуулгаас үзэхэд шинэ суурилуулалт хийж байгаа тохиолдолд хариуцагч буюу түрээслүүлэгч нэхэмжлэгч буюу түрээслэгчид мэдэгдэх, улмаар  түрээслэгчээс хариуг баталгаажуулснаар захиалга хүчин төгөлдөр болох байжээ.

 

Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг ёсоор түрээсийн зүйл нь хариуцагч түүний өмчлөлийн эд хөрөнгө байх ёстой атал түрээслэгчийг төлөөлөн ажиллаж байгаа этгээдээс маргааны зүйл болсон эд хөрөнгийг авч хэрэглэсэн атлаа үнийг хэрхэн яаж, хэнд төлсөн нь ойлгомжгүй, тухайн үед нь энэ талаар түрээслэгчид мэдэгдэж шилэн кабелийн өмчлөлийн асуудлыг маргаангүй тогтоосны үндсэн дээр гэрээг байгуулаагүйгээс хариуцагчийн энэ үйлдэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иймд дээр нэр дурдсан нийт 8 чиглэл байршлын нийт 3033 метр шилэн кабелийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмч болохыг тогтоож, талуудын хооронд байгуулагдсан гэрээний энэхүү холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус нийцнэ. 

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний хавсралт 10-т, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний хавсралт 13-т зааснаас үзэхэд гэрээний үнийг талууд гэрээнд заасан шилэн кабелийн уртаар тодорхойлж, чиглэл байршил бүрт өөр өөр үнэ зааж, тэдгээрийн нийт үнийг сарын 4100000 төгрөг, 4000000 төгрөг гэж тохиролцсон байх боловч зохигчид энэхүү сард төлөх нийт төлбөрийн хэмжээ болон төлсөн түрээсийн төлбөрийн хэмжээ, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн тооцооллын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэх нь гэрээний үнэд харшлахгүй гэж үзэв. 

 

Энэ нь нэхэмжлэгч тооцооллоо хийхдээ гэрээ ёсоор төлсөн нийт түрээсийн төлбөрийг нийт түрээсэлсэн шилэн кабелийн уртад харьцуулж 1 метр шилэн кабелийн дундаж үнийг тогтоож нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний дагуу 2017.08.01-2019.06.01 хүртэл нийт 90 200 000 /нийт 22 сар*4100000/  төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний дагуу 2019.06.01-2020.03.16 хүртэл нийт 36 000 000 /нийт 9 сар*4000000/ төгрөг төлөх ёстой гэж үзвэл эндээс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний дундаж үнэ 13081 /90200000:6895/ төгрөг ба 3033 метр шилэн кабельд хамаарах үнэ нь 39674673 /13081х3033/ төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний дундаж үнэ 5221 /36000000:6895/ төгрөг ба 3033 метр шилэн кабельд хамаарах үнэ нь 15835293 /5221х3033/ төгрөг, нийт 55509966 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ба нэхэмжлэлийн энэ шаардлагаас хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс 27133245,58 төгрөгийг, “Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс 13283206,26 төгрөгийг буюу нийт  40416451,84 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.2, 1.3,  3 дугаар зүйл  болон  6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т зааснаар түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн сувгийн ашиглалт, үйлчилгээг хангаж, түрээсийн сувгийн тасралтгүй найдвартай хэвийн ажиллагааг хангах, урсгал засвар үйлчилгээг хуваарийн дагуу тасралтгүй хийхээр үүрэг хүлээсэн байгаагаас үзэхэд түрээсийн гэрээний үнэд энэхүү ашиглалт үйлчилгээний зардал хамаарахаар байх боловч зохигчид анхан шатны шүүхэд энэ талаар маргаагүй, нотлоогүй, энэхүү үйл баримт анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар хэлэлцээгүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд анхан шатны шүүхэд 1125600 төгрөг /1 хх 6/, нэмэгдүүлсэн шаардлагад 261270 төгрөг /3 хх 209/, нийт 1386870 төгрөг төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д  “мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр”, 63.1.3-т “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр”, 63.1.4-т “гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлон төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг авч үзвэл:

 

1. Нийт 5063 метр шилэн кабелийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагад 70200 төгрөг төлөх, 

2. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний 4095 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад гэрээний үнийн дүнгээр буюу зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тэр хэсгээр нь тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлбол 53566695 төгрөг /4095*13081/, төлөх улсын тэмдэгтийн хураамж 466350 төгрөг, 5063 метр болгож нэмэгдүүлсэн шаардлагын нэхэмжлэлийн үнийн дүн 66229103 төгрөг /5063*13081/, нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээ 12662408 төгрөг /66229103-53566695/, төлөх улсын тэмдэгтийн хураамж 217548 төгрөг, нийт 683898 төгрөг, 

3. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний дагуу 4095 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад гэрээний үнийн дүнгээр буюу зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тэр хэсгээр нь тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлбол 21379995 төгрөг /4095*5221/, төлөх улсын тэмдэгтийн хураамж 273229 төгрөг,  5063 метр болгож нэмэгдүүлсэн шаардлагын нэхэмжлэлийн үнийн дүн 26433923 төгрөг /5063*5221/, нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээ 5053928 төгрөг /26433923-21379995/, төлөх улсын тэмдэгтийн хураамж 95812 төгрөг, нийт  369041 төгрөг, 

4. Мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд буюу түрээслээгүй 340 метр шилэн кабелийн түрээсийн төлбөрт нийт 6800000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлсөн 54034846,25 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлсөн 23551304,46 төгрөг, нийт 84386150,71 төгрөгийн нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 651266 төгрөг, 

5. Нэмэгдүүлсэн шаардлагад буюу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн АҮ-672/17 тоот гэрээний хувьд нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээ 12773072,3  төгрөг /66807918,58-54034846,25/, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТЛ-19/408 тоот гэрээний хувьд нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээ 5567194,8 төгрөг /29118499,26-23551304,46/, нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн нийт хэмжээ 18340267,1 төгрөг, төлөх улсын тэмдэгтийн хураамж 254991 төгрөг,

6. Нэхэмжлэгч нийт 2029396 төгрөг /70200+683898+369041+651266+254991/ улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохихоос 1386870 төгрөгийг төлж,  642526 төгрөгийг дутуу төлсөн байна. 

7. Энэ нь гэрээний 5063 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гэрээг бүхэлд нь биш тодорхой зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн нь үнийг тодорхойлоход бэрхшээлтэй буюу гэрээний нийт үнийн дүнгээр тодорхойлох боломжгүй гэж үзэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д  “нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх ...” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8. Мөн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн бөгөөд энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх үндэслэлтэй. 

 

Одоо хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 876996 төгрөгийг, үүнд өмчлөгчөөр тогтоох тухай шаардлагад 70200 төгрөг, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагад 382998 төгрөг /3033*13081=39674673/, мөнгө төлүүлэх шаардлагад 423798 төгрөг /6800000+39674673=46474673/, “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 479922 төгрөг, үүнд гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад 239961 төгрөг /3033*5221=15835293/, мөнгө төлүүлэх шаардлагад 239961 төгрөг /15835293/-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй ба анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан заалтад энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.

 

           Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-аас гаргасан “... 3863 м шилэн кабелийг нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоосон нь үндэслэлгүй ... тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШШ2021/00322 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “С” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан АҮ-672/17 тоот  “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ”-ний гэрээний 3033 метр шилэн кабелийг, “С” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ТЛ-19/408 тоот “Дамжуулах сүлжээний шилэн кабелийн түрээс, ашиглалт, үйлчилгээ”-ний гэрээний 3033 метр шилэн кабелийг тус тус нэхэмжлэгч “С” ХХК –ийн өмч болохыг тогтоож, гэрээнүүдийн 3033 метрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагч “С” ХХК-аас нийт 46474673 төгрөг, хариуцагч “Г” ХХК-аас 15835293 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40416451,84  төгрөгийг болон “гэрээний 2030 метр шилэн кабелийн өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.“ гэж,

 

2 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 1386870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК-иас 876996 төгрөгийг, “Г” ХХК-иас 479922 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 642526 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.     

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ