Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 


О.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Шүүгдэгч О.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор О.Б-т холбогдох эрүүгийн 2416000550071 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

О овгийн О.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ........... сумын ........... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д......... регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ............ сум .............. баг ........... гэх газарт байрлах гэртээ Ц.Б маргалдаж, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас чулуугаар толгой руу нь цохиж, гараараа толгой нүүр рүү нь олон удаа цохиж биед нь баруун дээд 1, зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал, уг буйланд шарх, шүд унасан хэсгийн буюу дээд эрүүний түүшин ясны сэлтэрсэн хугарал, духны баруун дээд хэсэгт шарх, толгойн орой хэсэг буюу баруун зулайн ар хэсэгт шарх, дагзны төвгөрөөс зүүн тийш 5 см зайд эрүүний доод хэсгээр дамжин зүүн чихний доод хэсэгт хүрсэн зулгаралт, дарагдлын ором, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын дунд хуруу, ядам хуруу, зүүн сарвуу, баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, чигчий хуруунуудад зулгаралт, баруун дээд доод зовхи, баруун суганы доод хэсэг, баруун тохой, зүүн мөр, цээжний гол баруун хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд согтуурал, бэртэл гэмтлийн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай Ц.Б-г өвлийн хүйтэн шөнө буюу амь нас эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нам хэмийн нөлөөгөөр осгож нас барсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүгдэгч О овгийн О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бэртэл, гэмтэлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 (Нэг) жил 10 (Арав) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (Дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 (Нэг) жил 10 (Арав) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 (Дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 60 (Жар) хоног буюу 2 (Хоёр) сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ын сэжигтнээр баривчлагдсан 48 (Дөчин найм) цагийг 2 (Хоёр) хоногоор тооцож, хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг энэ өдрөөс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан амь хохирогчийн оршуулгын зан үйлийн зардал 19,925,000 (Арван есөн сая есөн зуун хорин таван мянга) төгрөгөөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын мөнгөн төлбөр 99,000,000 (Ерэн есөн сая) төгрөгөөр, нийт хохирол, төлбөрийг 118,925,000 (Нэг зуун арван найман сая есөн зуун хорин таван мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 15,000,000 (Арван таван сая) төгрөгийг хасч тооцон 103,925,000 (Нэг зуун гурван сая есөн зуун хорин таван мянга) төгрөгийг шүүгдэгч О.Б-оос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М нарын амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэтгэмжийн зөрүү болон малчны тэтгэврийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б сэжигтнээр 48 (Дөчин найм) цаг баривчлагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн улаан өнгийн зүйлээр нэг тал нь бохирлогдсон чулуу 1 ширхэг, эсгийн 3 ширхэг, улбар шар өнгийн морины нэмнээ 1 ширхэг, ARKHI гэсэн бичиглэлтэй архины шил 3 ширхэг, ногоон өнгийн хүрэм 1 ширхэг, хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох талаарх 13 хуудас баримт, мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М-аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 24 хуудас баримтыг тус тус хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариулага хүлээлгэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. О.Б нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос шүүх рүү шилжүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг.
Анхан шатны шүүхээс О.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар учруулсан хор уршигийн хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. О.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн ар гэрт шүүхээр тогтоосон хохирол болон сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирол нийт 118,925,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мөн О.Бын хувийн байдлын хувьд 4 бага насны хүүхэдтэй, эхнэр нь уушигны архаг өвчтэй эмчийн хяналтанд байдаг бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуульд заасан хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

4.1. Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн .......... сум .......... баг ........... гэх газарт байрлах гэртээ Ц.Б маргалдаж, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас чулуугаар толгой руу нь цохиж, гараараа толгой, нүүр рүү нь олон удаа цохиж биед нь баруун дээд 1, зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал, уг буйланд шарх, шүд унасан хэсгийн буюу дээд эрүүний түүшин ясны сэлтэрсэн хугарал, духны баруун дээд хэсэгт шарх, толгойн орой хэсэг буюу баруун зулайн ар хэсэгт шарх, дагзны төвгөрөөс зүүн тийш 5 см зайд эрүүний доод хэсгээр дамжин зүүн чихний доод хэсэгт хүрсэн зулгаралт, дарагдлын ором, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын дунд хуруу, ядам хуруу, зүүн сарвуу, баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, чигчий хуруунуудад зулгаралт, баруун дээд доод зовхи, баруун суганы доод хэсэг, баруун тохой, зүүн мөр, цээжний гол баруун хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж Ц.Бгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн Ц.Бг 2024 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих өвлийн хүйтэн шөнө согтолт, бэртэл, гэмтэлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай, амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нам хэмийн нөлөөгөөр осгож нас барсан байна.

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

5.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-15-р хуудас)
5.2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 85-86-р хуудас),
5.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаачийн зан үйлийн зардал болох 19.925.000 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохирол барагдуулж авна. Тухайн хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-р хуудас), 

5.4. Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би амь хохирогч Ц.Б гэх хүнийг сайн танина. Манай төрсөн ах байгаа юм. Би Говь-Алтай аймгийн .......... сум ......... багт малчин... 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн төрсөн дүү болох М-ийн хамт аймгийн төвд ирсэн. Хөдөө манай мал дээр талийгаач Б ганцаараа үлдсэн. Тухайн үед манай байдаг газраас ертөнцийн зүгээр зүүн талд 500-600 орчим метр газарт ........... гэх нэртэй газарт байдаг манай төрсөн дүү О.Б ганцаараа үлдсэн байсан. М, Б нарын эхнэр хүүхдүүд нь өмнө өдөр аймаг явсан байсан. Тэгээд би 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны хооронд эмнэлгээр явж үзүүлчхээд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өглөө эмнэлэг дээр шинжилгээ өгөх гээд байж байсан чинь талийгаач Бгийн эхнэр М над руу утсаар яриад Бг нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед би сандраад яг юу болсныг мэдээгүй аймгийн төвөөс бэр эгч М, хүргэн Т нарын хамт ......... сум ......... баг ........... гэх газарт төрсөн дүү Б-ын гэрт очиход их сандарсан байдалтай талийгаачийг баруун талын орон дээр хэвтүүлсэн дээлээр хучсан байдалтай байсан. Тэрлэгийг сөхөж үзэхэд нүүр нь цус болсон нас барсан юм шиг байсан. Тухайн үед сандраад сайн хараагүй. Тухайн үед манай дүү Б талийгаач нар байсан. Өөр хүн байгаагүй. Би тухайн үед юу болсон талаар сайн мэдээгүй Б нь тухайн үед юм хэлээд байсан юу гэж хэлээд байсныг санахгүй байна. О.Б нь намайг очиход эрүүл уйлсан байдалтай байсан. Урьд өмнө талийгаач Ц.Б, Б нарын хооронд хэрүүл маргаан болж байгаагүй ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Талийгаач нь зан байдлын хувьд төлөв даруу архи уухаараа янз бүрийн авир ааш гаргадаггүй хүн байсан. О.Б нь зан байдлын хувьд төлөв даруу архи уудаггүй болохоор ямар авир ааш гаргадаг талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-71-р хуудас),

5.5. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би талийгаач Ц.Б гэх хүнийг танина. Манай төрсөн ах байсан. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өглөө Говь-Алтай аймгийн төвд эмнэлэг дээр эхнэр болон төрсөн ах М-ын хамт шинжилгээ өгөөд байж байсан чинь М ах руу манай төрсөн дүү Б залгаад Б ах нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд М ах талийгаачийн эхнэр түрүүлээд хөдөө явсан. Би араас нь мотоциклтой хөдөө Бын гэрт очсон. Тухайн үед талийгаачийг гэрийн баруун талын орон дээр тэрлэгээр бүтээсэн байдалтай байсан. Тухайн үед юу болсныг сайн мэдээгүй Б тухайн үед юм хэлж яриагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 75-р хуудас),

5.6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.А-ын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “... Амь хохирогч Ц.Бгийн цогцост баруун дээд 1, зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал, уг буйланд шарх, шүд унасан хэсгийн буюу дээд эрүүний түүшин ясны сэлтэрсэн хугарал, духны баруун дээд хэсэгт шарх, толгойн орой хэсэг буюу баруун зулайн ар хэсэгт шарх, дагзны төвгөрөөс зүүн тийш 5см зайд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний урд дээд хэсэгт баруун чихний доод хэсгээс эрүүний доод хэсгээр дамжин зүүн чихний доод хэсэгт хүрсэн зулгаралт, дарагдлын ором, дээд, доод уруулын дотор салстад шарх, зүүн гарын дунд хуруу, ядам хуруу, зүүн сарвуу, баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, чигчий хуруунуудад зулгаралт, ууц, 2 өгзгийг хамарсан зулгаралт, баруун дээд доод зовхи, баруун суганы доод хэсэг, баруун тохой, зүүн мөр, цээжний гол баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Ц.Бгийн биед учирсан дээд эрүүний түүшин ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь амьд ахуйдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 1, зүүн дээд 1, 2 дугаар шүднүүдийн булгарал гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шинжилгээгээр амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ ...” гэх 17 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 87-91-р хуудас),

5.7. Шинжээч эмч Т.А-ын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Талийгаач Бгийн цусанд дунд зэргийн согтолт илэрсэн байсан. Энэ нь нас барах үедээ илэрсэн зэрэг юм. Хэрэг учрал болж эхлэх үед тухайн талийгаач нь дунд зэргийн согтолтоос дээш хэмжээтэй согтолттой байсныг үгүйсгэхгүй. Дунд зэргийн согтолттой болон ийм гэмтэл авсан хүн нь амь насанд эрсдэл үүсэж болзошгүйг мэдрэх боловч, өөрийгөө хянах чадваргүйн улмаас арга хэмжээ авах чадвар муу байдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 104-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

6.1. Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “бэртэл, гэмтэлтэй, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргүүдийг үйлджээ. 

6.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 (Нэг) жил 10 (Арав) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (Дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 (Нэг) жил 10 (Арав) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (Дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (Найм) цагийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

6.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д нь “...О.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн ар гэрт шүүхээр тогтоосон хохирол болон сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирол нийт 118,925,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мөн О.Б-ын хувийн байдлын хувьд 4 бага насны хүүхэдтэй, эхнэр нь уушигны архаг өвчтэй эмчийн хяналтанд байдаг бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуульд заасан хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

6.4. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”, 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ... Арван тавдугаар бүлэг /Эрүүл мэндийн эсрэг/ ...  заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилжээ.

6.5. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

6.6. Хохирлын хэмжээг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээр тогтооно.” гэж заажээ. Иймд гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 (Зургаан зуун жаран мянга) төгрөгийг 150 (Нэг зуун тавь) дахин нэмэгдүүлж тооцоход 660,000х150=99,000,000 (Ерэн есөн сая) төгрөг байна.

    6.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан амь хохирогчийн оршуулгын зан үйлийн зардал 19,925,000 (Арван есөн сая есөн зуун хорин таван мянга) төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын мөнгөн төлбөр 99,000,000 (Ерэн есөн сая) төгрөг нийт хохирол, төлбөрийг 118,925,000 (Нэг зуун арван найман сая есөн зуун хорин таван мянга) төгрөгөөр тогтоожээ.

    6.8. Шүүгдэгч О.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 68,925,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд төлөхөөр давж заалдах шатны шүүх дээр тохиролцсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М нарын гаргасан хүсэлт, тайлбар зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Б 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “1 жил, 10 сарын” гэснийг “1 жил” гэж, 3 дахь заалтын “1 жил, 10 сарын” гэснийг “1 жил” гэж, “нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар” гэснийг “1 жил, 2 сарын хугацаагаар” гэж, 4 дэх заалтын “2 жилийн” гэснийг “1 жил, 2 сарын” гэж тус тус өөрчилж, 7 дахь заалтад “сэтгэл санааны хохирол 68,925,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд төлөхөөр давж заалдах шатны шүүх дээр тохиролцсон болохыг дурдсугай” гэж нэмж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.


       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                         ШҮҮГЧИД                             Ж.Б

                                                                             Ц.О