| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 155/2021/01162/И |
| Дугаар | 225/МА2022/00005 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 225/МА2022/00005
| 2022 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 225/МА2022/00005 |
М.Батын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2021/01349 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.Батын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчид холбогдох
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Бат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Бат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хатгал тосгоны Захирагч Андрей овогтой Баттүшиг нь 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн Б/33 тоот захирамжаар надад сахилгын шийтгэл ногдуулан намайг жолоочийн үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн. Надад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан захирамжийг 2021 оны 09 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгсөн. Уг захирамжаар надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.
...Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 тоот захирамжаар ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагч А.Баттүшиг шүүхэд гаргасан тайлбартаа: ...М.Бат ажилд ороход жолооч гэсэн албан тушаалтай машин албан ёсоор эзэмшиж байгаагүй бөгөөд миний бие ажил аваад жолооч албан тушаалтай бол шинэ ирсэн машинд улсын дугаар ав гэдэг үүрэг чиглэл 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр өгөхөд хэрэгжүүлээгүй.
...Сул зогсож байхад галлагааны ээлжинд гарч байхдаа Захирагчийн ажлын албаны байрыг цоожлоод явчихдаг асуудал хэд, хэдэн удаа гаргаж чөлөө зөвшөөрөл авахгүй ажил таслах байдал удаа дараа гаргаж байсан. 2021 оны 5 дугаар сард шинээр томилогдсон Захирагчийн ажлын албаны дарга ажил хүлээж аваад хурал дээр М.Батын хувийн хэрэг материал юу ч байхгүй байна, хуучин хөдөлмөрийн гэрээ байгуулснаа авчирч материал бүрдүүлж өг гэхэд мөн л үүрэг чиглэл биелүүлэхгүй хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллая гэхэд урд дарга нартай байгуулсан гээд би жолоочоор байгуулж ажиллана гээд хөдөлмөрийн гэрээ хийхгүй ажиллаж ирсэн. 7 дугаар сард Согоотын даваанд албан хаагчидтай эргүүлийн ажилд 7 хоног явах үүрэг чиглэл өгөхөд мөн л яваагүй. Захирагчийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журамд 3-аас дээш хоногийн чөлөөг Захирагчаас авах ёстой байтал Захирагчийн ажлын албаны даргаас 9 дүгээр сард чөлөө гуйхаар нь өргөдөл номоо бичээд албан ёсоор аваад яв гэхэд шууд л дур мэдэн ажил тасалсан үйлдэл гаргасан.
Иймд нэхэмжлэгч М.Батын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2021/01349 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Шарнууд Мягмаржавын Батыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,210,908 (нэг сая хоёр зуун арван мянга есэн зуун найм) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Батад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Батын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нийт 103,812 (нэг зуун гурван мянга найман зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагч А.Баттүшиг давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагчийн нотлох баримтыг үнэлж дүгнэхгүй шийдвэрлэлээ. Тухайлбал, М.Бат нь шүүх хуралдаан дээр ажил үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан талаар нотлох баримтаар нотолж чадаагүй, харин цаг тухайд нь үүрэг даалгавар өгч, ажил тасалсан талаар хүлээн зөвшөөрч байхад шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажил олгогч үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байгаа нь буруу дүгнэсэн гэж үзэж байна.
Нэгд: Ажилтан ажил олгогчтой тохиролцож ажилд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Захирагчийн ажлын албаны дарга өөрчлөгдөн хүлээж авахад хувийн хэрэг материал байхгүй байсан бөгөөд материал бүрдүүлэхийг удаа дараа шаардахад урд байгуулсан, өгсөн гэсэн тайлбар тавьж ирсэн болно. М.Бат нь ажлын байранд үүрэг гүйцэтгэхэд удаа дараа чөлөө зөвшөөрөл авч явахгүй байдаг бөгөөд хамгийн сүүлд хөдөлмөрийн дотоод журам зөрчин дараалан 5 өдрийн ажил тасалсан үйлдэлд сахилгын шийтгэлээр халсан болно.
Шүүхэд нотлох баримт ирүүлээгүй гэж үзсэн бөгөөд хуулбар үнэн дарсан цагийн бүртгэл өгснийг үнэлж дүгнээгүй. ...ажилд томилогдохдоо ч ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй томилогдож тэр давуу байдлыг буруугаар ашиглаж байгаа ёс зүйн зөрчлийг шүүх хамгаалан шийдвэр гаргасан. Мөн Б.Ганбаатар нь 2018 оны сонгуулийн үр дүнгээр томилогдсон захирамжийг давж заалдах, хяналтын шатны шүүхээс хүчингүй болгосон байхад ажилд томилсон шийдвэр нь хүчингүй.
Иймд ...Шарнууд Мягмаржавын Батын нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч М.Бат нь Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/33 тоот захирамжаар ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч дээрх зөрчлүүдийг гаргасан нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, ...баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчил гаргасныг эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, зохих эрхийн акт гаргасныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, ажилтан ажил тасалсан болохыг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлоогүй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:
1.Ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хувийг ажилтанд өгөх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх нь тухайн байгууллагын хариуцах асуудал учир хувийн хэрэгт хөдөлмөрийн гэрээ байхгүйд ажилтныг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
2.Зохигч нотлох баримт гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэсэн шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлэх журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэсэн заалт нь хэргийн оролцогчоор дээрх байгууллага, хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд хамаарахгүй байхаар Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарласан.
Иймд анхан шатны шүүх 2021 оны 9 сар гэх бичвэртэй Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримтыг үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй байна.
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч хэрхэн ажилд томилогдсон, томилсон албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй учир уг байдлыг тогтоох шаардлагагүй.
Түүнчлэн ажлын байранд ямар шалгуур тавигдах, сонгон шалгаруулалт явуулах, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал тул уг албан тушаалд зохих ёсоор томилсон эсэх асуудлыг ажилтанд хамаатуулах үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 155/2021/01349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ
.