Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 


Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Шүүгдэгч Г.Б, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Г.Б-д холбогдох эрүүгийн 2316001900073 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: Ц овгийн Г.Б нь Монгол Улсын иргэн, 20... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамтаар Говь-Алтай аймаг, ........... сум, ............. багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д............. регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь Ц.Б-тай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ................ сумын ............. багийн ..... тоот хашаанд байрлах С.П-ийн өмчлөлийн байшингийн хаалгыг эвдлэн орж држателийн утас, массны утас, залгуурын утас, батерейтэй дриллийн цэнэглэгч 2 ширхэг, батерейтэй дриллийн цэнэглэгч суурь 1 ширхэг, цэцгэн толгойтой автерка 1 ширхэг, хайлшин тогоо 1 ширхэг, гагнуурын электрод 2,5 кг 1 ширхэг, буузны жигнүүрийн ком, архи ууттай чихэр, унагалдай тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, телевизийн шилэн суурь, дорцов, дорцовны иш, хуурай, баттерейтэй гар дрилл, цахилгаан таслагч, хөнгөн цагаан тогоо, тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, гар таслагчны ир 5 ширхэг, гагнуурын аппарат 220вт 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.П-д 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүгдэгч Ц овгийн Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 925,000 (Есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч С.П-д олгож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээс түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Г.Б нь харааны бэрхшээлтэй өндөр настай ээж н.Д, хөгжлийн бэрхшээлтэй эгч Г.О нарын хамт Говь-Алтай аймгийн .......... сумын ......... багийн ... - ... тоотод оршин суудаг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан хохирогчийн үлдсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрийнх нь биеийн байдал тааруухан, оюуны хөнгөн зэргийн хомсдолтой, анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгг зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хорих ялын хэмжээг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

4.1. Шүүгдэгч Г.Б нь Ц.Б-тай бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ............ сумын ........... багийн ... тоот хашаанд байрлах С.П-ийн өмчлөлийн байшингийн хаалгыг эвдлэн орж држателийн утас, массны утас, залгуурын утас, батерейтэй дриллийн цэнэглэгч 2 ширхэг, батерейтэй дриллийн цэнэглэгч суурь 1 ширхэг, цэцгэн толгойтой автерка 1 ширхэг, хайлшин тогоо 1 ширхэг, гагнуурын электрод 2,5 кг 1 ширхэг, буузны жигнүүрийн ком, архи ууттай чихэр, унагалдай тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, телевизийн шилэн суурь, дорцов, дорцовны иш, хуурай, баттерейтэй гар дрилл, цахилгаан таслагч, хөнгөн цагаан тогоо, тракторын гидрийн хувиарлагч 1 ширхэг, гар таслагчны ир 5 ширхэг, гагнуурын аппарат 220вт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна.  

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

5.1. Дээр дурдсан үйл баримтууд нь хохирогч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хашаа байшиндаа ирээд үзтэл бүргэд хаалгыг нь хөшөөд онгойлгосон байсан. Би ороод юм алга болсон эсэхийг шалгахад миний гагнуурын аппарат, дражетелийн утас, массны утас, залгуурын утас, баттерейтэй дрилл, цэнэглэгчийн суурь, автерка, цахилгаан таслагч, таслагчийн ир, хөнгөн цагаан тогоо, хайлшин тогоо, электрод, орос буузны жигнүүрийн ком, архи, чихэр, унагалдай тракторын гидрийн хувиарлагч, телевизорын суурь, дорцов зэрэг алдагдсан байсан. Би Улаанбаатар хот руу 2023 оны 09 дүгээр сарын 03-нд эмчилгээ хийлгэхээр явахынхаа өмнөх орой байшингаас очиж юм авсан юм. Тэгэхэд юм алга болоогүй байшингийн хаалга үүд зүгээр байсан юм. Манай хашаанд нэгдсэн эмнэлэгт сувилагч хийдэг хүүхэн 2 хүүхэдтэйгээ гурвуулаа манай хашаатай залгаа хашаанд байдаг юм. Тэр хэд л харж байдаг юм. Танилцсан. Тухайн дүгнэлт дээр миний алдсан эд зүйлс дутуу байсан юм. Ийм л санал хүсэлт байсан юм. Одоо санал хүсэлт байхгүй. Гагнуурын аппаратаа хүлээж авсан. Хэвийн ажиллагаатай байна. Манай ойролцоо амьдардаг 2 хүүхэд байсан байх л гэж бодож байгаа юм. Хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас),

5.2. Насанд хүрээгүй гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хажуу хамар хашаанд байдаг Б ах танай урд талын байшин руу оръё гээд надад хэлсэн. Тэгээд байшингийн үүдний амбаарын хойд талын цонх бид хоёрыг очиход хагархай байсан бөгөөд урд талын хаалга нь цоожтой байхад Б жоотуугаар цохиж онгойлгоод эхлээд Б ганцаараа ороод гагнуурын аппарат, таслагч, тогоо, гэх мэт зүйлс аваад гаргаад ирсэн юм. Тэгээд гаргаж ирэхээр нь би цуг төмөрт авч очиж өгөх юм уу гэхэд ганцаараа аваад явсан. Тэгээд буцаагаад ганцхан гагнуурын аппаратыг нь утсыг нь салгаж авсан байдалтай манай хашаанд эргүүлээд авч ирээд тавьчихсан юм. Гагнуурын аппарат нь цайвар цэнхэр өнгөтэй таслагч нь хар өнгөтэй тэгээд нэг тогоо аваад гараад ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас),

5.3. “А” ХХК-ны 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан №ТХҮ921/78 дугаартай шинжээчийн “...Дээр дурдагдсан эд зүйлийн нийт үнэ 1.425.000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 67-69 дүгээр хуудас),

5.4. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Г.Б-д хийсэн Шүүх, сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ “...Г.Б нь болсон явдлыг бүрэн санаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт шинжилгээ (хх-ийн 76-77 дугаар хуудас),
5.5. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 12-16 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:    

6.1. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг.

6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

6.3. Шүүгдэгч Г.Б нь тухайн гэмт хэргийг Ц.Б-тай хамтран үйлдсэн бөгөөд Ц.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ ... нас ... сар ... хоногтой буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 17-ны 06 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 143-145 дугаар хуудас)-оор Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гарсан хохирогчийн үлдсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрийнх нь биеийн байдал тааруухан, оюуны хөнгөн зэргийн хомсдолтой, анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хорих ялын хэмжээг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар гаргасан байна.

6.6. Иймд шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч С.П-д хохирлын үлдэгдэл 925,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн хүсэлт гаргасан зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Б-д 1 (нэг) жил 1 (нэг) хоног хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан” гэж нэмж, “2 жилийн” гэснийг “1 жил, 1 хоног” гэж өөрчилж, 3 дахь заалтын “2 жилийн” гэснийг “1 жил, 1 хоногийн” гэж, 5 дахь заалтын “...шүүгдэгч Г.Б-ээс 925,000 (Есөн зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч С.П-д олгосугай” гэснийг “..шүүгдэгч Г.Б нь 925,000 (Есөн зуун хорин таван мянга) төгрөгийг хохирогч С.П-д төлж барагдуулсан болохыг дурдсугай” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.


       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б 

                         ШҮҮГЧИД                             Ж.Б 

                                                                             Ц.О