2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01299

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12

191/ШШ2025/01299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Амармэнд, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, У******* овогт С*******гийн Б******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, У овогт Б*******гийн О /РД:/ нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: , , , , Х ХК /РД:/,

Хариуцагч: *******, , , од байрлах, А ХХК /РД:/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 14 425 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А,

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Иргэдийн төлөөлөгч А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б*******, Б.О нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээс гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь 2024.03.27-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Эрдэнэ уул-ын 4 дүгээр багийн замд Х ХК-ийн өмчлөлийн Hyundai Universe маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг зөрчиж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн Toyota Sienta маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсныг Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалган тогтоож, жолоочид арга хэмжээ авсан.

Үүнтэй холбоотойгоор Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024.03.28-ны өдрийн автомашины үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 14 425 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч Х ХХК болон тухайн жолоочийн ажил олгогч болох А ХХК нарыг хариуцагчаар оролцуулсан.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд оруулах эсхүл мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч нараас тээврийн хэрэгслийн зардал болон эрүүл мэндэд учирсан хохирол буюу дүрс оношилгооны зардалд нийт 14 725 000 төгрөгийг нэхэмжлэгч нар шаардсан.

Үүнээс одоогийн байдлаар, хариуцагч А ХХК-ийн жолооч А.Г 5 000 000 төгрөг, М ХХК-иас 2 416 258 төгрөгийг нөхөн төлбөрт тус тус төлж нийт 7 416 258 төгрөг төлөгдсөн тул татгалзаж байна. Үлдэх 7 308 742 төгрөгийг нэхэмжилж байна.

2023.09.21-ний өдрийн А ХХК болон А.Г нарын хооронд байгуулагдсан Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч Б.Г-тай байгуулсан тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ-р тухайн тээврийн хэрэгслийг А ХХК нь Б.Г-д шилжүүлсэн байх тул А ХХК-иас 7 308 742 төгрөгийг шаардаж байна.

Бид хариуцагч Х ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х ХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3.-д Жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байхаас гадна энэ нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд болох А.Г байна.

Иймд Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.3.-т Авто тээврийн тухай хуулийн 3.1.15.-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна гэж заасны дагуу А.Г нь заавал даатгуулах этгээд буюу учруулсан хохирлыг хариуцах этгээд болно.

Өөрөөр хэлбэл, тухайн зам тээврийн осолтой холбоотой харилцаанд Х ХК буюу түүний ажилтан оролцоогүй учир хариуцагч биш гэж үзэж байна.

2. Жолооч А.Г нь Х ХК-ийн ажилтан биш, тухайн тээврийн хэрэгсэл Х ХК-ийн дотоод хэрэгцээндээ ашигладаг тээврийн хэрэгсэл биш болно. Нэхэмжлэлд хэдийгээр Х ХК-ийн өмчлөлийн гэж дурдагдсан ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хуулийн 499.4.-д заасан Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэх заалтыг үндэслэсэн.

Х ХК болон А.Г нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй буюу Х ХК нь жолооч А.Гыг Иргэний хуулийн 499.4.-д зааснаар томилоогүй, тухайн тээврийн хэрэгслийг А.Гад шилжүүлэн өгөөгүй.

Иймд нэхэмжлэлд дурдсан хохирлыг хариуцан арилгах этгээдийн хууль зүйн шинжийг хангахгүй байх тул Х ХК-д холбогдуулсан шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Хариуцагч А ХХК нь тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд тус компани болон Х ХК нарын хооронд 2024.02.08-ны өдөр 1080101221 тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулагдаж, А ХХК 100 000 000 төгрөгийн зээлийг 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар тухайн өдөр 1080101221-02 дугаартай Фидуцийн гэрээ байгуулж, , улсын дугаартай 2 ширхэг нийтийн тээврийн хэрэгслийг Х ХК-ийн өмчлөлд түр шилжүүлсэн.

Х ХК нь арилжааны банкны хувьд зээлийн харилцаанаас үүссэн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар фидуцийн гэрээ байгуулах замаар тус тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд олж авсан ба өнөөдрийн байдлаар 7000 гаруй тээврийн хэрэгсэл ийм байдлаар манай өмчлөлд түр шилжсэн байна. Энэ нь банкны бизнесийн үйл ажиллагааны хувьд энгийн өдөр тутмын эрх зүйн харилцааны нэг хэлбэр юм.

4.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5.-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу А ХХК болон Х ХК нарын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан гэрээ юм.

Фидуцийн гэрээний үндсэн дээр Х ХК нь зөвхөн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой буюу үүрэг хүлээгч нь үндсэн үүргийг зохих хэмжээгээр биелүүлээгүй бол тухайн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Иргэний хуулийн 235.2.-д шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно гэж заасны дагуу А ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцсон.

А ХХК фидуцийн хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлж байхдаа Х ХК-ийн өмчлөлд түр хугацаанд шилжсэн улсын дугаартай автобусыг зориулалтын дагуу ашиглаж байх хугацаанд буюу осол гарсан гэх 2024.03.27-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Toyota Sienta маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна.

Иймд Х ХК болон А ХХК нарын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 3.2.9-д зааснаар фидуцийн хөрөнгийг ашиглаж байх хугацаандаа гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд үүнтэй холбоотой аливаа шаардлага, гомдол, нэхэмжлэлээс банкыг чөлөөлж, үүссэн үр дагаврыг бие даан бүрэн хариуцах үүргийг А ХХК бүрэн хариуцахаар харилцан тохирсон.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байх тул Х ХК нь нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасны дагуу тухайн үед тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байсан этгээд болох А ХХК нь өмчлөгчийн нэгэн адил тооцогдох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд гуравдагч этгээдэд үүссэн аливаа хохирол, гэм хорыг хариуцах этгээд нь фидуцийн гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч буюу түүний ажилтан, хөрөнгөө итгэмжлүүлэн шилжүүлсэн этгээд байх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол эсхүл тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтын хувьд Х ХК нь хариуцагч байх шалтгаант холбоо, хамаарал байхгүй.

Иймд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг Х ХК хэрхэн учруулсан, энэ дүнгийн аль хэсгийг яагаад хариуцан төлөх болсон талаар нэхэмжлэлд дурдаагүй тул Х ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч А ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Хариуцагч А ХХК-ийн хувьд 2024.08.19-ний өдөр 78 тоот албан бичгээр тайлбар гаргасан.

Тухайн өдөр А.Г жолооч нь Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Жолооч А.Гтай А ХХК нь ажил үйлчилгээний гэрээтэй ажилладаг. Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ний 7.2.3, 7.3, Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.5-д зааснаар ямар нэгэн зам тээврийн осол, гэмтэл гарвал жолооч 100 хувь өөрөө хариуцна гэж тохирсон байдаг. Энэ 2 гэрээг үндэслэн бид тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Тухайн үйл явдал болсон өдөр цаг агаарын хувьд маш аюултай, муу байсан, замын нөхцөл маш хүнд, үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас тухайн өдөр тэр чиглэлд олон осол гарсан байдаг. Жолооч замын хөдөлгөөний зөрчил гаргасан гэж яригдаж байгаа боловч тухайн өдөр гарсан ослуудыг тойрч очиход нилээдгүй төвөгтэй байсан нь тодорхой байна. Тухайн чиглэлд зорчиж байгаа жолооч нар эгнээ хоорондын зай бариагүй асуудал байдаг. Жолооч А.Гын тухайн асуудлыг Төв аймгийн Замын цагдаагийн хэлтсээс шалгаж, торгуулийн арга хэмжээ авсан. Ямар нэгэн эрх хасагдаагүй байдлаас үзвэл тухайн үеийн цаг агаарын аюултай нөхцөл байдлыг хуулийн байгууллага харгалзаж үзсэн гэж бодож байна.

Тухайн осол гарснаас автобусанд учирсан эвдрэл гэмтлийг хариуцагч А ХХК хариуцаж, засвар үйлчилгээ хийлгэсэн. Үүнд 10 000 000 гаруй төгрөг зарцуулсан. Тийм учраас үлдэгдэл төлбөрийг жолооч А.Г өөрөө хариуцна, А ХХК төлөхгүй. Төв байгууллагатай байгуулсан гэрээний заалт болон жолоочтой байгуулсан ажил үйлчилгээний гэрээний заалтад тодорхой заасан, уг заалтуудыг баримтлан жолооч А.Г хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн хувьд, мөрдөгдөж байгаа хэм хэмжээгээр зам тээврийн осол гарснаас үүсэх үр дагаврыг жолооч өөрөө хариуцдаг. Учир нь нийгмийн болон компанийн өмнө хариуцлага хүлээж байгаа. Нэгэнт хийсэн гэрээний үүргээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд жолоочийн тус үйлдэлд эрх бүхий байгууллага арга хэмжээ авсан учраас компани түүнд холбогдох шаардлагагүй гэж үзэж байна. Тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд мөрдөгдөж байгаа болон Авто тээврийн үндэсний төвтэй хийсэн гэрээг бид үндэслэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ гэдэг баримт ямар ч хуулийн байгууллагад чухал баримт бичиг байдаг. Жолоочтой тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ хийдэг, энэ гэрээ нь хөдөлмөрийн гэрээтэй адил үйлчилнэ, А.Г нь манай байгууллагын ажилтан мөн.

Тухайн осол болох үед жолооч А.Гын жолоодож байсан Hyundai Universe маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл танай өмчлөлийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн өмчлөлийн зүйл байсан юм.

Жолооч А.Г жолоочийн даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 2 416 258 төгрөгт болон өөрөө 5 000 000 төгрөг, үнэлгээний хөлс 850 000 төгрөгийн хамт төлсөн, манай компани зам тээврийн осолд ямар нэгэн гэм буруугүй учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэв.

 

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч А ХХК нь тухайн өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтныг нэхэмжлэлийн шаардлага болсон мөнгөн төлбөрийг хариуцах ёстой гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Миний үзэж байгаагаар ашгийн төлөө бизнесийн байгууллага ажил үүргээ гүйцэтгүүлэхийн тулд хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажиллуулж байгаа. Тухайн өдөр бизнесийн байгууллагын үйл ажиллагаа явагдаж байсан учраас жолооч биш А ХХК нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтны 2024.03.27-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2024.04.02-ны өдрийн 2434000292 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2024.04.11-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоол, шинжээч Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын дүгнэлт, хавсралтууд, оролцогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд, 2024.04.15-ны өдрийн холбогдогч А.Гаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлүүд, 2024.04.20-ны өдрийн А.Гад оногдуулсан 0125116 дугаартай шийтгэлийн хуудас, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, А ХХК болон А.Г нарын хооронд байгуулсан 2023.09.21-ний өдрийн 23/09/21 тоот А ХХК-иас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч А овогтой Г-тай байгуулсан тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ, дугаартай Hyuhdai Universe маркийн тээврийн хэрэгслийн 04525848 дугаартай гэрчилгээ, дугаартай, Toyota Sienta маркийн тээврийн хэрэгслийн 05097085 дугаартай гэрчилгээ, А.Гын иргэний үнэмлэхийн болон жолоочийн лавлагаанууд, 2024.03.28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны Эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шинжилгээ хийлгэх тухай хүсэлт, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024.03.28-ны өдрийн 18542 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан түүний хавсралтууд, 850 000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт, кассын зарлагын ордер, Ино марк мастер ХХК-ийн дугаартай, Toyota Sienta маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас үүссэн гэмтэл тодорхойлсон 2024.03.28-ны өдрийн Дүгнэлт, кассын зарлагын ордер зэргийг /хх 4-51/,

 

6.Хариуцагч Х ХК-иас нотлох баримтаар, регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, Х ХК болон А ХХК-ийн хооронд 2024.02.08-ны өдөр байгуулсан 1080101221 тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, 1080101221-01 тоот Барьцааны гэрээ, 1080101221-02 тоот Фидуцийн гэрээ зэргийг / хх 53-56, 63-72/,

 

7.Хариуцагч А ХХК-иас нотлох баримтаар, 2589591 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2023.12.13-ны өдрийн ХХНТ033/2023 тоот Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ, түүний хавсралтууд, 2023.09.21-ний өдрийн 23/09/21 тоот А ХХК-иас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч Агваан овогтой Гтай байгуулсан тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ, Миг даатгал ХХК-ийн 2024.08.12-ны өдрийн А ХХК-д явуулсан 01/12-1175 тоот Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, ХААН банк ХК дахь Ж.Бадамхандын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг /хх-ийн 76, 80-94/ тус тус шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б*******, Б.О нар нь хариуцагч Х ХК болон А ХХК нарт холбогдуулан, гэм хорын хохиролд нийт 14 725 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.О эрүүл мэндийн үзлэг хийлгэсний төлбөр буюу дүрс оношилгооны төлбөрт төлсөн 300 000 төгрөгийг, нэхэмжлэгч С.Б******* нь өөрийн өмчлөлийн дугаартай, Toyota Sienta маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 14 425 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь 7 416 258 төгрөг төлж, нэхэмжлэгч нар үлдэх 7 308 742 төгрөгийг хариуцагч А ХХК-иас нэхэмжлэн, харин хариуцагч Х ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон нэхэмжлэгч С.Б******* 7 416 2578 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзсан байна.

 

Шүүхээс нэхэмжлэгч С.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 008 742 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Оийн хариуцагчаас хохиролд 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нар татгалзсаныг, хариуцагч А ХХК-иас хохиролд 7 416 258 төгрөг гаргуулах тухай шаардлагаас нэхэмжлэгч С.Б******* татгалзсаныг тус тус батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч С.Б*******, Б.О нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2024.03.27-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Х ХК-ийн өмчлөлийн, дугаартай Hyuhdai Universe маркийн автомашиныг жолоодож явсан жолооч А.Г Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасныг зөрчиж С.Б*******гийн өмчлөлийн дугаартай, Toyota Sienta маркийн автомашиныг мөргөснөөс 14 425 000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч Б.О нь эмнэлэгт үзүүлж дүрс оношилгоо хийлгэсний зардалд 300 000 төгрөг төлж хохирсон нь нотлогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч А ХХК төлөх ёстой, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа төлсөн 7 416 258 төгрөгийг хасч тооцон татгалзан, үлдэх 7 308 742 төгрөгийг тус компаниас шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2. Хариуцагч А ХХК дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2023.12.13-ны өдрийн ХХНТ033/2023 тоот Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ний 7.2.3, 7.3-т зааснаар зорчигчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг тээвэрлэгч хариуцахаар заасан тул жолооч А.Г бүрэн хариуцах үүрэгтэй, А.Г манай байгууллагад гэрээгээр ажилладаг ажилтан мөн, түүнтэй байгуулсан 2023.09.21-ний өдрийн 23/09/21 тоот Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.5-д Зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд гарах хохирлын болон торгуулийн тооцоог 100 хувь жолооч хариуцна гэж заасан, жолооч А.Гаас жолоочийн даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 2 416 258 төгрөг болон 5 000 000 төгрөг, үнэлгээний хөлс 850 000 төгрөгийн хамт төлсөн, манай компани зам тээврийн осолд ямар нэгэн гэм буруугүй учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1.2024.03.27-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар-Дундговь чиглэлийн асфальтан замд А ХХК-ийн өмчлөлийн, дугаартай Hyuhdai Universe маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Г нь нэхэмжлэгч С.Б******* жолоодож, нэхэмжлэгч Б.О зорчиж явсан дугаартай, Toyota Sienta маркийн автомашиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан зам тээврийн осол гарсан нь 2024.03.27-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2024.04.02-ны өдрийн 2434000292 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024.04.15-ны өдрийн холбогдогч А.Гаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлүүд зэргээр нотлогдсон.

 

3.2.Дээрх зөрчилд жолооч А.Г Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгч С.Б*******гийн өмчлөлийн, дугаартай, Toyota Sienta маркийн автомашинд эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь цагдаагийн байгууллагын ажилтны 2024.04.11-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоол, шинжээч Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дүгнэлт, хавсралтууд, 2024.04.20-ны өдрийн А.Гад оногдуулсан 0125116 дугаартай шийтгэлийн хуудас, ХААН банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдсон.

 

3.3.Хэрэгт авагдсан Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024.03.28-ны өдрийн 18542 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан, түүний хавсралтууд, 850 000 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт, кассын зарлагын ордер, Ино марк мастер ХХК-ийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас үүссэн гэмтэл тодорхойлсон 2024.03.28-ны өдрийн Дүгнэлт, кассын зарлагын ордер зэрэг баримтуудаар дугаартай, Toyota Sienta маркийн автомашины эд ангид учирсан эвдрэл гэмтлийн хохирлыг 14 425 000 төгрөгөөр тодорхойлжээ.

Эдгээр үйл баримтын талаар буюу жолооч А.Гын гэм буруугийн талаар, С.Б*******гийн өмчлөлийн, дугаартай, Toyota Sienta маркийн тээврийн хэрэгслийн 05097085 дугаартай гэрчилгээ хэрэгт хуулбараар авагдсан боловч уг автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээний талаар зохигчид хэн аль нь маргаагүй байна.

 

3.4.Зам тээврийн осол болох үед зөрчлийн хэргийн холбогдогч А.Гын жолоодож явсан дугаартай Hyuhdai Universe маркийн тээврийн хэрэгсэл нь хариуцагч А ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд тэрээр Х ХК болон А ХХК-ийн хооронд 2024.02.08-ны өдөр байгуулсан 1080101221 тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1080101221-02 тоот Фидуцийн гэрээ-ний зүйл болж хариуцагч Х ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн тухай тээврийн хэрэгслийн 04525848 дугаартай гэрчилгээ хэрэгт авагдсан байна.

 

3.5.Хэрэгт авагдсан 2023.09.21-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан 23/09/21 тоот А ХХК-иас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч Агваан овогтой Гтай байгуулсан тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ-ний 1.5-д Гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль зэрэг гол суурь хуулиуд, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, тодорхой заалтуудыг хэрэгжүүлэн...ажиллах гэж, 2.3-т Замын хуудсын Авто тээврийн үндэсний төвөөс авч ханган маршрут, цагийн хуваарь, графикийн биелэлт...жолоочийн ажлын гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргаж, жолоочийн гэрээг дүгнэхэд харгалзаж үзнэ гэж, 2.6-д Компаниас батлагдсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон галын аюул, хөдөлгөөний осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх журам, жолоочийн хөдөлмөр амралтын горим мөрдөн ажиллах журам, шөнийн тээвэр гүйцэтгэх журам, автомашинд засвар үйлчилгээ хийх үед мөрдөн ажиллах хөдөлмөр хамгааллын заавар, автобусны жолоочийн мөрдөх заавар, холбогдох тушаал, шийдвэрийг мөрдүүлэн ажиллана гэж, 2.15-д Тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гүйцэтгэлийг рейс тутамд бүртгэлийг шалгажтээврийн хөлсийг тухайн жолоочийн дансанд шилжүүлнэ гэж, 3.1-д Батлагдсан чиглэл, цагийн хуваарь, графикийг мөрдөн ажиллана, 3.2-т холбогдох хууль тогтоомж, компанийн дотоод журам хөдөлмөрийн аюулгүй байдлын болон хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны тухай дүрэм, зааврыг мөрдөж биелүүлэх гэж тус тус заасан байна.

Үүнээс үзэхэд А ХХК нь А.Гтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч жолооч А.Г нь хариуцагч байгууллагаас өгсөн заавар, дүрэм, журмын дагуу хот хоорондын нийтийн зорчигч тээврийн ажил үйлчилгээг эрхэлж, цалин хөлс авч байсан нь тухайн ажилтныг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтантай адилтган үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэйн дээр энэ талаар хариуцагч талаас жолоочтой тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ хийдэг, энэ гэрээ нь хөдөлмөрийн гэрээтэй адил үйлчилнэ, А.Г нь манай байгууллагын ажилтан мөн гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар хариуцагч байгууллага болон А.Г нарын хооронд 2023.09.21-ний өдөр байгуулагдсан 23/09/21 тоот А ХХК-иас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч Агваан овогтой Гтай байгуулсан тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ-ний дагуу хот хоорондын нийтийн зорчигч тээврийн ажил үйлчилгээг эрхлэн ажиллаж байсан А.Г нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан хэм хэмжээг зөрчсөнөөс нэхэмжлэгч С.Б*******гийн өмчлөлийн, дугаартай, Toyota Sienta маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд буюу автомашинд Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024.03.28-ны өдрийн 18542 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан-р тодорхойлсноор 14 425 000 төгрөгийн хохирол учирсан үйл явдал нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

5.Хариуцагч А ХХК нь 23/09/21 тоот А ХХК-иас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч Агваан овогтой Гтай байгуулсан тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээ-ний 4.5-д Зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд гарах хохирлын болон торгуулийн тооцоог 100 хувь жолооч хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг жолооч дангаараа хариуцаж төлөх үүрэгтэй, байгууллага зам тээврийн осолд гэм буруугүй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-р бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

Иймд хариуцагч байгууллагын жолооч А.Гын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хариуцагч А ХХК хариуцах үүргийг хүлээнэ.

 

6.Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 499.4.-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Хуулийн эдгээр зохицуулалтуудаар, зорчигч тээврийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан бол гэрээ, хэлцлийн үндсэн дээр тухайн тээврийн хэрэгслийг ашиглагчид шилжүүлэн өгсөн уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн ажил үйлчилгээний гэрээний дагуу жолооч А.Гын хариуцагч байгууллагын өмчлөлийн дугаартай Hyuhdai Universe маркийн тээврийн хэрэгслийг ашиглах явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн, дугаартай, Toyota Sienta маркийн автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу хариуцагч А ХХК арилгах үүрэгтэй болно.

Иймээс нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч А ХХК-иас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг шаардах эрхтэй, харин хариуцагч талын дээрх нэхэмжлэлийг татгалзсан тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Доржбаасангийн хариуцагч байгууллагын жолооч биш, хариуцагч А ХХК нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7.Тухайн зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч С.Б*******гийн жолоодож явсан дугаартай, Toyota Sienta маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэхэмжлэгч Б.О нь эмнэлэгт үзүүлж дүрс оношилгоо, шинжилгээ хийлгэсний зардалд 300 000 төгрөг төлж хохирсон гэж нэхэмжилсэн байх боловч тухайн ослын улмаас түүний биед ямар гэмтэл учирсан болох, ямар эмнэлэгт үзлэг шинжилгээ, оношилгоо хийлгэсэн, эмчлүүлсэн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг бүрдүүлж цуглуулан шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8.Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2023.12.13-ны өдрийн ХХНТ033/2023 тоот Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ний 7.2.3-т Зам тээврийн осол гаргасан, холбогдсон, хүнд буюу хүндэвтэр гэмтэдл учруулсан, хүний амь нас хохироосон болон тээвэрлэлтийн явцад зорчигчийг замд үлдээж амь нас эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөлд хүргэсэн, зам тээврийн ослыг нуун дарагдуулсан тохиолдолд тухайн чиглэлийн үйлчилгээг тээвэрлэгчийн буруутай эсэх нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдох хүртэл тухайн жолоочийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсооно гэж, 7.3-т Уг гэрээний 7.2.3-т заасан нөхцөл байдлын улмаас зорчигчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг тээвэрлэгч хариуцна гэж тус тус заасан байх бөгөөд уг заалтуудыг хариуцагч А ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нэг үндэслэл болгон тайлбарлаж байх боловч дээрх зохицуулалтууд нь тухайн гэрээний талууд болох үйлдвэрийн газар буюу Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, тээвэрлэгч буюу А ХХК-д хамааралтай заалтууд болохыг дурдах нь зүйтэй.

 

9.Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэж дүгнэн, хариуцагч А ХХК-иас гэм хорын хохиролд 7 008 742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б*******д олгож,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК-иас /жолооч А.Гаас/ төлсөн буюу Миг даатгал ХХК-иас жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрт төлсөн 2 416 258 төгрөг, ХААН банк ХК дахь Ж.Бадамхандын эзэмшлийн тоот дансаар төлсөн 5 000 000 төгрөг, нийт 7 416 258 төгрөгийг хасч тооцон нэхэмжлэлийн энэ хэсгээс нэхэмжлэгч С.Б******* татгалзсаныг, нэхэмжлэгч нар нь хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг тус тус батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Б.Оийн хариуцагч А ХХК-иас хохиролд 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 127 090 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 7 008 742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б*******д олгож, нэхэмжлэгч Б.Оийн хариуцагч А ХХК-иас эрүүл мэндэд учирсан хохиролд 300 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б*******, Б.О нар нь хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг болон нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч А ХХК-иас хохиролд 7 416 258 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг тус тус батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 127 090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б*******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Ц.АМАРМЭНД

 

А.ЦЭЛМЭГ