| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/00035/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-06-22 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 35
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 сарын 19-нд Ховд аймгийн М суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архив бичиг хэргийн эрхлэгч мэргэжилтэй, Ховд аймгийн М сумын 12 жилийн дунд сургуульд архив бичиг хэргийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн М сумын У багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Л-ийн М /РД/
Холбогдсон хэргийн талаар:
Л.М нь 2017 оны 04 сарын 16-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Гэрэлчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Л.М ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэрт оршин суудаг хадам аав Ч.Баасандоржийн гэрээс охин Энхриймааг авах гэж очоод охиноо баруун талын орон дээр хөхүүлэх гэхэд хадам ээж Л.Гэрэлчимэг чи хүүхэд халуурч байхад дөрвөн хоног хаагуур шоудаад явсан чи наад хүүхдээ мөөм өгөхөөс өмнө хөхөө сааж байж хүүхдэд өгөхгүй яасан даравгар минь чамайг хадам аав Ч.Баасандоржид хүзүүг чинь улайсаныг харуулна гээд надруу дайраад намайг үснээс татахаар зөрүүлээд гарыг нь түлхээд үснээс таталцаад зогсож байхад манай хадам дүү Б.Баясгалан ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл хадам ээж намайг гурван хоног явахдаа хүзүүний улайлтаа арилгуулчихаад ирсэн үү гээд хэл амаар доромжилж байгаад галын дэгээ барьж ирээд миний зүүн хөл рүү цохиод дахин зүүн далруу цохиход тухайн үед би хадам ээжийн галын дэгээ төмөрийг гарнаас нь булааж аваад баруун гараар толгойруу нь дэгээгээр нэг удаа цохиж элэгрүү нь нэг удаа өшиглөөд үстэлцсэн. Гэтэл намайг хадам аав Ч.Баасандорж шөнө орой хэрүүл зодоон хийж хүүхэд айлгалаа гээд гэрээс түлхэж гаргасан” гэх мэдүүлэг
Хохирогч Л.Гэрэлчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 04 сарын 16-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн гэртээ нөхөр Ч.Баасандорж, охин Б.Баясгалан, Б.Баянжаргалын охин Энхриймаа, Баясгалангийн охин Элбэгзаяа бид нар байсан тухайн үед Б.Баянжаргалын охин халуураад байсан учир би тэврээд сууж байхад нөхөр Ч.Баасандорж Галмандахтай утсаар ярьж манай бэр Л.М Ховд аймгаас ирсэн бол хүүхэд халуурч байна хурдан ир гээд дамжуулаад өгөөч гэсэн. Тэгээд удалгүй Л.М орж ирээд надаас охин Энхриймааг аваад орлуу очиж охиноо хөхүүлээд суухаар нь би Л.М ээ чи наад хөхний сүүгээ дотоод хормойруугаа сааж байгаад хүүхдээ хөхүүлээрэй олон хоног гадуур явж ирчихээд хүүхдээ нэг асуучихгүй яасан бэ? намайг хүүхэд халуурч байна битий яв гэж хэлэхэд яагаад явсан талаар надад хэл чи хүүхэд хаячихаад сураг чимээгүй явсан гэхэд, Л.М миний урдаас яаг яалгах гээд байгаа юм юу гэж хэлүүлэх гэж байгаа юм гээд байхаар нь тухайн үед босч очоод чи яахаараа битүү захтай цамц өмсдийм чи урд нь ямар байдА байсан одоо чамайг хадам аав Ч.Баасандоржид чинь үзүүлэх болно гээд захтай цамцын татах гэтэл намайг шууд үстэж аваад элэгрүү өшиглөж үснээс тавихгүй болохоор нь манай охин Б.Баясгалан урдуур нь орж бид хоёрыг салгасан. Тэгээд би галын дэгээ аваад Л.М ийг зүүн гарлуу нэг удаа зүүн далруу нэг удаа цохиод авахад миний барьж байсан дэгээг миний гарнаас Л.М булааж аваад шууд миний урд духруу нэг удаа цохиод дахин Л.М дэгээ надруу далайх үед манай охин Б.Баясгалан дэгээ төмөрийг булааж гадагш шидсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Баясгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...ээжийн барьж байсан дэгээ төмөрийг Л.М эгч булааж аваад ээжийн толгой дундуур 1 удаа цохьсон” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Оюунцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:”...Л.Гэрэлчимэгийн дух нь хавдчихсан, харин Л.М ямар нэгэн зодуулсан зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг,
Гэрч З.Галмандахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 04 сарын 16-ны 20-21 цагийн үед манайд найз Бямбабаяр, манай ах Ч.Баасанцэрэн, бид нар хөзөр тоглоод сууж байтал гаднаас Баасандорж ах ирээд шууд Бямбабаярлуу уурлаад та нар архи дарс уугаад манай бэр Л.М ийг хамт авч яваад уруу татсанаас болоод манай гэрт маргаан гараад байна. Галмандах чи манай эхнэр Л.Гэрэлчимэгийг утсаараа дуудчих гэхээр нь дуудсан, удалгүй Л.Гэрэлчимэг ирээд Бямбабаярлуу уурлаад Л.М ийг дуудаад тэгээд хэрүүл маргаан үүсэх гээд байхаар нь би тухайн үед та нарын маргадаг газар биш гээд хөөгөөд гаргасан юм” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Баасандоржын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:” 2017 оны 04 дүгээр сарын 16 –ны орой 20 цагын үед манай бэр Л.М манайд орж ирэхээр нь сайн явж ирвүү чи хэнтэй ирэв гэхэд би Пүүжээтэй ирлээ гэсэн манай эхнэр Л.Гэрэлчимэг манай бэр лүү чи 4-5 хоног явлаа ганц удаа ярьчихаар яадаг юм бэ хүүдээ санаа зовдоггүй гэж хэлэхэд манай бэр Л.М дуугүй сууж байснаа чи тэгээд яалгах гээд байгаа юм бэ гэж Л.М Л.Гэрэлчимэг рүү хэлэхэд Л.Гэрэлчимэг чи яагаад битүү захтай юм өмсөөд байгаа юм бэ гээд цамцныхан захнаас Л.Гэрэлчимэг татахад Л.М Л.Гэрэлчимэгийн үснээс нь татаад гэрийн зүүн талын орон дээр гараад Л.Гэрэлчимэгийн гэдэс рүү нь өшиглөсөн. Манай охин Б.Баясгалан салгах гэхэд үснээс нь татаж байсан. Л.Гэрэлчимэг галын дэгээ төмөр аваад уурандаа Л.М ийг зүүн хөлрүү нэг удаа цохиж зүүн далруу бас нэг удаа цохисон. Тэгтэл Л.М Л.Гэрэлчимэгийн дэгээ төмөрийг булааж аваад духруу нь цохиод авсан” гэх мэдүүлэг:
Хохирогч Л.Гэрэлчимэгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 226 тоот:
1. Л.Гэрэлчимэгийн биед гэмтэл учирсан байна.
2. Л.Гэрэлчимэгийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр, тархи доргилт, толгойн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд эгнээний үүдэн хэсгийн зүүн 1-р шүдний сулрал, 2 нүдний уг болон хамрын нуруунд 8х3см цус хуралт, зүүн гарын бугуй гадаргууд 0.5х0.5см, 2х2см, 0.3х0.1см, зүүн гарын 4-р хурууны 1-р үед 0.5х0.2см, баруун гарын 3-р үенд 0.3х0.2см тус бүр зулгаралтууд, зүүн хөлийн хурууны 1-р үед 2х2см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Л.Гэрэлчимэгийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4. Л.Гэрэлчимэгийн биед үүссэн дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч С.Хосбаяр, П.Энхдэлгэр, З.Бямбацэцэг нарын мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Л.М нь 2017 оны 04 сарын 16-ны орой 20 цагийн үед Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Гэрэлчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Гэрэлчимэг, гэрч З.Галмандах, Ч.Баасандорж, Б.Баясгалан, Э.Оюунцэцэг нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээч эмчийн 226 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Л.М ийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Гэрэлчимэгийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч Л.Гэрэлчимэгийн “Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй байна.
Хохирогч нь шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.М т холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Л.М т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэгээ төмөрийг устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Л-ийн М ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Л.М т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дэгээ төмөрийг устгаж, шүүгдэгч Л.М ээс гаргуулах хохиролгүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Л.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Л.М т буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Л.М т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.