Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 


Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Б-д холбогдох эрүүгийн 2316002220036 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: Х овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... сумын ерөнхий боловсролын сургуульд ....... ажилтай, ам бүл ..., нөхөр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ............... сумын ......... баг ........... -р гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй одоо тус аймгийн ............. сумын ........... баг түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Д.......... регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2002 оны 06 дугаар сард Монгол Улсын Их сургуулийг төгссөн мэтээр D20***** дугаартай “биологич” мэргэжлийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2006 оны 01 дүгээр сараас 2008 оны 08 дугаар сарыг дуустал Физик техникийн дунд сургууль, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Халиун сумын дунд сургууль, 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар дуустал Төгрөг сумын дунд сургууль, 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 07 сар хүртэл Чандмань сумын 8 жилийн дунд сургууль, 2018 оны 09 сараас 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, 2019 оны 09 дүгээр сараас Тайшир сумын сургуульд багшаар ажиллаж байгаа гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүгдэгч Х овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б сануулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 54,088,732 (Тавин дөрвөн сая наян найман мянга долоон зуун гучин хоёр) төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулан улсын орлого болгож хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Б (.....) би Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүхээс түүнд 450 нэгжээр торгох ял оногдуулсан. Д.Б нь умайн хүзүүний хорт хавдар оноштой химийн эмчилгээнд байнга ордог. 2 бөөр нь хорт хавдраасаа үүдэлтэйгээр хатгинширч бөөрний дутагдалд орсон, байнгын гуурстай байдаг. Өдөр бүр өндөр үнэтэй эм тариа хэрэглэж Улаанбаатар хотод хавдар судлалын төвд байнгын хяналттай байдаг. /Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно./ Д.Б анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгч, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Төрд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Б би Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Миний бие умайн хүзүүний хорт хавдарын 4, хавдрын дараах эмчилгээний үед бий болсон 2 бөөрний дутагдлын 3 зэргийн оноштой 2 бөөрөндөө гуурс суулгах мэс засалд орсон. Хавдрын бай хими эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээнд өндөр үнэтэй эм тариа, гуурс гуурсны уут, боолт зэргийг байнга солиулдаг. Би тухайн үед дипломыг хуурамч гэж мэдээгүй. Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирсэн бичгээр мэдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Миний биеийн байдал муу байнгын эм тариа, гуурс, гуурсны уут, боолт хэрэглэдэг. Анхан шатны шүүхээс надад 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд миний дээрх байдлыг харгалзан торгуулийн ялыг өөрчилж хуульд заасан үндэслэлээр намайг ялаас чөлөөлж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар: 

4.1. Шүүгдэгч Д.Б нь 2002 оны 06 дугаар сард Монгол Улсын Их сургуулийг төгссөн мэтээр D20***** дугаартай “биологич” мэргэжлийн дипломыг авч хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан 2006 оны 01 дүгээр сараас 2008 оны 08 дугаар сарыг дуустал Физик техникийн дунд сургууль, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Халиун сумын дунд сургууль, 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар дуустал Төгрөг сумын дунд сургууль, 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 07 сар хүртэл Чандмань сумын 8 жилийн дунд сургууль, 2018 оны 09 сараас 2018 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, 2019 оны 09 дүгээр сараас Тайшир сумын сургуульд багшаар ажиллаж байсан байна. 

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

5.1. Дээр дурдсан үйл баримтууд нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Т-ын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн: “...1 Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал Боловсролын шинжлэх ухааны газрын улсын байцаагч Ц.Т-ын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03-0018/39/03 дугаартай шалгалтын тэмдэглэлд Д.Б нь Монгол Улсын Их сургуулийг төгсөөгүй байж болзошгүй талаар тусгасан байв. Дээрх тэмдэглэлийн дагуу Д.Б-аас хуурамч диплом ашиглаж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 30-р хуудас),
5.2. Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 500 дугаартай “...Тус газарт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/780 дугаартай албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. Албан бичгийн дагуу Д.Б-ийн D20***** дугаартай диплом олгогдоогүй, дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэлгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 23.4, 17.3 дугаар зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй тул харьяаллын дагуу шилжүүлэв...” гэх албан бичиг (1-р хх-ийн 3-р хуудас),
5.3. Боловсролын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн: “...Иргэн Д.Б нь их, дээд сургууль төгссөн тухай мэдээлэл дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлгүй байна. Дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд D20***** дугаартай диплом нь Монгол Улсын Их сургууль төгссөн иргэний нэр дээр бүртгэлтэй байна...” гэх 01/36 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 47-р хуудас),
5.4. Боловсролын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн: “...Дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд Д.Б нь их, дээд сургууль төгссөн тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна. Албан бичигт дурдсан D20***** дипломын дугаар нь Монгол Улсын Их сургуулийг 2002 онд Биологи мэргэжлээр төгссөн иргэн М.У-ийн нэр дээр бүртгэлтэй байна...” гэх 01/431 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 55-р хуудас),
5.5. Гэрч М.У-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Би 2002 онд Монгол Улсын Их сургуулийн Биологийн тэнхимийг Биологич мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Миний дипломын дугаар D20***** гэсэн дугаартай байгаа. Намайг сурч байхад Биологийн нэг л анги байдаг байсан. Манай ангид Д.Б гэж хүүхэд байгаагүй. Би өөрийнхөө дипломыг эх хувиар нь хүнд өгч байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 51-52-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:    

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдлийг тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

6.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээд боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн лавлагааны санд Д.Б-ийн их, дээд сургууль төгссөн тухай мэдээлэл бүртгэгдээгүй, харин шүүгдэгч Д.Б-ийн ашигласан дипломын D20***** дугаар нь Монгол Улсын Их сургуулийг 2002 онд “Биологи” мэргэжлээр төгссөн иргэн М.У-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

6.3 Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

6.4. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлж шийдвэрлэсэн, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсан нь үндэслэлтэй байна.

6.5. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар гаргасан байна.

6.6 Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.7. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                 ШҮҮГЧИД                             Ж.Б

                                                                     Ц.О