| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Янсанжавын Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 159/2025/0080/3 |
| Дугаар | 159/ШШ2026/0001 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 159/ШШ2026/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0080/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: Н.Д нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Я, хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Б нь анх Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны төслийг хангалтгүй гэж дүгнэсэн тухай” 15 дугаар тогтоол, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах санал уламжлах тухай” 19 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
1.3 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 291 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй гэж дүгнэсэн тухай” 15 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хүлээн авчээ.
1.4. Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2249 дүгээр захирамжаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхийн шүүгчийн 291 дүгээр захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан боловч 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уг хүсэлтээсээ татгалзсан.
1.5. Шүүх Б.Бэс Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Баянгол сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах тухай” Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Сумын засаг даргыг огцруулах санал уламжлах тухай” 19 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухай:
2.1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (цаашид Хурлын гэх) 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолоор сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй гэж дүгнэсэн байна.
2.2. Ийнхүү дүгнэлттэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргыг огцруулах асуудлыг Хурлын нэр бүхий 12 Төлөөлөгчөөс, мөн асуудлаар Төлөөлөгч Ц.Саас 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар албан бичгийг,
2.3. Тус сумын Хурлын даргыг огцруулах асуудлыг нэр бүхий 9 Төлөөлөгчөөс, мөн Засаг дарга Б.Бэс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус Хурлын ажлын албанд хүргүүлснээр Хурлын даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар захирамжаар Хурлын ээлжит бус 8 дугаар хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цагт Соёлын төвийн Б танхимд хуралдуулахаар тов тогтоож, хуралдаанаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон албан тушаалтнуудын асуудал”-ыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.4. Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдаанаар Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй гэж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэж, сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах саналыг хуралд оролцсон төлөөлөгчийн 56,5 хувийн саналаар дэмжсэнээр Сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах санал уламжлах тухай 19 дүгээр тогтоолыг баталжээ.
2.5. Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/74, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” 01/75 дугаар албан бичгээр Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
2.6. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 66 дугаар зүйлийн 66.1, Хурлын 2025 оны 19 дүгээр тогтоол, тус тогтоолыг үндэслэн ирүүлсэн саналыг үндэслэн сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
2.7. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Засаг даргад нэр дэвшигдэж, хуульд заасны дагуу томилогдож хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байсан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэх” асуудал хэлэлцэхээр батлагдсан. Гэтэл хэлэлцэх асуудалд ороогүй Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх асуудлаар “Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй гэж дүгнэсэн тухай” 15 дугаар тогтоолыг хууль зөрчин, хүч түрэн гаргасан нь Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж, ажлаа тайлагнах хугацаа олголгүйгээр хурлын шийдвэр, хууль биелүүлээгүй мэтээр үйл ажиллагааг дүгнэсэн нь илтэд хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна.
Сумын Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоол гарах болсон үндэслэл нь илт хууль бус шийдвэрт үндэслэгдсэн, шийдвэрлэж буй асуудал нь баримталсан хуулийн зохицуулалтад нийцээгүй, хуульд заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлээгүй. Сумын Засаг даргыг огцруулах хуульд заасан үндэслэл бий болсон гэж үзэж сумын Хурлын даргаас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “хурлын тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай” А/23 дугаар захирамжаар хуралдааны товыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр товлосон боловч уг асуудлыг хэлэлцэх хуралдаан болоогүй.
Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах үндэслэл бий болж, огцруулах санал гаргасан өдрөөс хойш Хурал 17 хоногийн дараа хэлэлцэж, “Сумын Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай” 19 дүгээр тогтоолыг гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасныг илтэд зөрчсөн.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлсэн эсэх, тухайн хурлаар сумын Засаг даргад хариуцлага тооцох, огцруулах санал гаргах үндэслэл бүрдсэн эсэх, Засаг даргад хариуцлага тооцох үндэслэл бодит үндэслэлд нийцсэн эсэх талаар бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр сумын хурлаас хуулиар тогтоосон журмыг огт хэрэгжүүлэлгүйгээр, илтэд үндэслэлгүйгээр 15 болон 19 дүгээр тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй.
Мөн аймгийн Засаг дарга нь захирамж гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан саналын дагуу сумын Засаг даргыг огцруулахаар бол 14 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн.
Аймгийн Засаг дарга нь Б/32 дугаартай захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтыг үндэслэн гаргасан боловч захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, захиргааны актад тавигдах шаардлагад нийцээгүй хууль бус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Сумын Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай” 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Баянгол сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү...” гэжээ.
3.2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн Засаг даргад хандан 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/63 тоот "Санал хүргүүлэх тухай" албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/75 тоот албан бичгээр Баянгол сумын Засаг дарга Б.Б нь ... хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хуулийн шаардлагыг хангаагүй гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 15 дугаар тогтоолоор дүгнэсэн.
Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08 -ны өдрийн 19 дугаар тогтоолоор сумын Засаг дарга Б.Б нь хурлын шийдвэрийг болон нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл бий болсон гэж Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзсэн тул сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан.
Иймд дээрх нөхцөл байдлууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зааснаар "...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх..." гэх зарчимд нийцэж байх тул Баянгол сумын Засаг даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан бодит нөхцөлүүд тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаартай захирамжаар Баянгол сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах үндэслэл бий болсон. ... захиргааны акт гаргахад сонсох ажиллагааг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/1161 тоот албан бичгээр хүргүүлэн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/347 тоот албан бичгээр сумын Засаг дарга Б.Бэс сонсох ажиллагаатай холбоотой хариу тайлбар ирүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт гаргахаас өмнө хуульд заасан холбогдох урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон тодорхой нөхцөл байдлуудыг тогтоосны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг ханган аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02- ны өдрийн Б/32 дугаар захирамжийг гаргасан...” гэжээ.
3.3. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2024 оны 10 дугаар сарын 24-өөс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнийн томилогдсон цагаас огцрох хүртэлх хугацааны бүх хуралдааны даргаар ажиллаж байсан. ... Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, хууль эрхзүйн хяналтын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн, Эдийн засаг, төсөв, дэд бүтцийн хороо, Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй хорооны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын хорооны 2025 оны 04 дүгээр 03-ны өдрийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар тус тус хэлэлцэж, тухай бүр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.3-т заасан шаардлагад нийцүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах чиглэл өгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн дунд хугацааны бодлогын баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт нь заалт бүрээрээ алдаатай, тооцоо судалгаа, үндэслэлгүй материал ирүүлсэн. Уг хуралдаанаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.9 дэх заалтыг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэж олонх төлөөлөгч үзсэн тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалт, 65.1.2 дахь заалтыг үндэслэн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хуулийн шаардлага хангаж ирүүлээгүй гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 15 дугаар тогтоолоор дүгнэсэн.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 05 дугаар тогтоолоор "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө"-г баталсан. Төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын материалыг бэлтгэж ирүүлэхийг 2025 оны 02/09, 01/48 дугаар албан тоотоор хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Энэ нь Хурлын Зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөний хагас жилийн биелэлтэд нөлөөлж, 61,7 хувьтай дүгнэгдсэн бөгөөд Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 49.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, 59.1.2 дахь заалт, 59.1.9 дэх заалтыг зөрчсөн байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 01/13, 01/16, 01/37, 01/42, 01/43 дугаар албан тоотоор хамтран ажиллах, хэлэлцэх асуудлын материал ирүүлэх, хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад хүргүүлсэн. Дээрх албан тоотод хариу ирүүлээгүй үйлдэл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалт, 59.1.2 дахь заалт, 59.1.9 дэх заалт, 59.1.18 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааныг ямар ч шалтгаан, тайлбаргүйгээр хэсэг төлөөлөгчдийн хамт хаяж гарсан нь төлөөлөгчдийг талцуулах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж, Засаг дарга төрийн төлөөлөл байх зарчмыг зөрчсөн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 7.1.9 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дүрмийн 1.2, 2.1.4, 2.1.11, 2.1.12, 2.2.2 заалтыг зөрчсөн байна.
Цахим орчинд бичлэг байршуулахдаа Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь хууль эрх зүйн шаардлагад нийцээгүй тухай үнэн бодит мэдээллийг бус, үйл ажиллагааны хөтөлбөр батлаагүйгээс болж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд гацах, зогсох болсон тухай иргэдийг өдөөн турхирсан өнгө аястай, байгууллагын нэр хүндэд халдсан, илт худал мэдээлэл өгсөн нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38.1, 38.5, 49.1, 56.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.3, 37.1.7, 37.1.10, 39.1.14 дэх заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.3, 7.1.8, 8.1.4 дэх заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дүрмийн 1.2, 2.1.2, 2.1.4, 2.1.5, 2.1.9, 2.1.10, 2.1.11, 2.1.12, 2.2.2, 2.2.6, 2.2.8, 2.2.9, 2.2.11, 2.2.12 заалтыг зөрчсөн байна.
Иргэдийг өдөөн турхирсан бичлэг оруулснаас болж цахим орчинд иргэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг гутаан доромжилсон үйлдлүүд гаргасан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38.1, 38.5, 49.1, 56.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.7, 37.1.10, 39.1.14 дэх заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.8, 8.1.7, 8.2.1, 8.2.4 дэх заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дүрмийн 1.2, 2.1.2, 2.1.4, 2.1.5, 2.1.9, 2.1.10, 2.1.12, 2.2.1, 2.2.2, 2.2.11, 2.2.12 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Засаг даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнийг холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, хамтран ажиллаж чадахгүй байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2025 оны 02/07, 01/63, 01/75 дугаар албан тоотоор хүргүүлж байсан.
Мөн 2025 оны 17 дугаар тогтоол, 01/69 тоот албан бичгээр хамтран ажиллахыг санал болгосон ч хариу ирүүлээгүй.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргад хууль бус шаардлага тавьсныг 01/71 тоот албан бичгээр хэрэгжүүлэх боломжгүй тухай гаргаж хүргүүлсэн.
Иймд дээр дурдагдсан олон хуулийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаануудаар удаа дараа хэлэлцэж Засаг даргаар ажиллаж байсан Б.Болор- Эрдэнийг огцруулах шийдвэр гаргаж Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь хавсралт баримтуудаар нотлогдоно, огцруулсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
3.4. Гуравдагч этгээд Н.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нямсүрэн овогтой Д миний бие Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр хурлаар сумын Засаг даргад нэр дэвшин олонхын санал авч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/41 дүгээр захирамжаар Баянгол сумын Засаг даргаар хуулийн дагуу томилогдсон.
Баянгол сумын Засаг даргын хувьд Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлэн нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоол болон аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаар захирамжид үнэлэлт дүгнэлт гаргах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т "Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ" гэж, мөн зүйлийн 65.1-д "Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно: 65.1.1-д Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн; 65.1.2-т нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн; " гэж тус тус хуульчилсан. ... Гэвч бодит байдалд тухайн өдрийн болон өмнөх хурлуудаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.1.6 дахь хэсэгт заасан Засаг даргын тайланг огт хэлэлцээгүй болох нь тухайн хурлын тов тогтоосон баримт, хурлын тэмдэглэл 3, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. ... Хуулийн дээрх зохицуулалтад заасан хурлын бүрэн эрхэнд зөвхөн хуульд заасан үндэслэлээр засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэхээр заасан. Харин хуульд заасан үндэслэлд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй боловсруулсан гэх үндэслэл огт байхгүй.
... Хурал нь 15 дугаар тогтоолыг гаргахдаа хуралдаанаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар шийдвэр гаргасан байх бөгөөд 2025 оны 06 сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. ... Сумын Засаг дарга нь хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд үйл ажиллагааны хөтөлбөрөө иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлуулж, хууль, иргэдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, үүргийн хэрэгжилтийн талаар жил бүр тухайн хуралд тайлагнаснаар тухайн хурал нь Засаг даргын тайланг хэлэлцэж, үйл ажиллагааг нь дүгнэхээр хуульчилсан. Энэ үйл ажиллагаа огт хэрэгжээгүй байхад үйл ажиллагааг дүгнэж буй мэтээр, түүнийг үндэслэн засаг даргыг огцруулах санал уламжлах шийдвэрийг хууль зөрчин гаргасан 15 болон 19 дүгээр тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт тус тус заасан хязгаарлалтыг зөрчсөн шинжээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;" гэх үндэслэлд хамаарах захиргааны илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй.
Сэлэнгэ Аймгийн Засаг дарга нь Б/32 дугаар захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт, Хурлын 2025 оны 19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гаргажээ. ... Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/32 дугаар захирамжийн "Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байгаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.3. захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;" гэж заасан зохицуулалтыг зөрчсөн байна. ... Хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэн бий болсон гэж үзэж Хурлын даргаас "хурлын тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай" А/23 дугаар захирамжаа 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, хуралдааны товыг 07 дугаар сарын 08-ны өдрөөр тогтоож, хэлэлцэх асуудалд "Сумын Засаг даргыг огцруулах" гэж захирамжилсан. Гэвч энэ хуралдаан болоогүй.
Хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэн бий болсон гэж үзэж Хурлын дарга болон нэр бүхий төлөөлөгчид 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 05 тоот албан бичгээр санал гаргасан байдаг.
Засаг даргыг огцруулах тухай асуудлаар, үндэслэл нь бий болсон гэх өдрөөс бүтэн 1 сарын дараа, мөн гарын үсэг зурж санал гаргасан өдрөөсөө хойш 17 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцэж, Сумын засаг даргыг огцруулах санал уламжлах тухай 19 дүгээр Тогтоол гаргасан нь хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасан Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэх хугацааг зөрчсөн.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах санал уламжлах тухай" 19 дүгээр тогтоол албажиж, Засаг даргад 2025 оны дугаар сарын 13-ны өдөр хүргэгдсэн. Хуулийн 65 дугаар зүйлийн 64.4-т хурлын саналын дагуу сумын Засаг даргыг огцруулахаар бол 14 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан хугацаа 3 хоногоор хэтэрсэн байсан ч Засаг дарга хууль зөрчин шийдвэр гаргасан.
Хариуцагч аймгийн Засаг дарга нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоосон гэх боловч санал гаргагчдын үндэслэлийг бодит үнэн гэж үзсэнээс бус оролцогчийн сонсох ажиллагаанд гаргасан тайлбарын үндэслэлд хамаарах тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь захиргааны актын хувийн хэрэг, шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ нь Үндсэн хуулийн тэгш байдлын зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд дээрх хуулийн зөрчлүүд буюу тэгш байдал, хууль дээдлэх зарчим зөрчигдсөөр байхад үл хэрэгсэж гаргасан нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр нь хууль дээдлэх, хуульд нийцсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй хууль бус шийдвэр гэж үзэхээр байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж буй шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг судлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “... гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасны дагуу гуравдагч этгээд Н.Д нь шүүх хуралдаанд оролцохгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар хүсэлтээ бичгээр гаргасан тул гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хурлын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тогтоолыг гаргахдаа хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар хүч түрэн шийдвэр гаргасан, Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж батлаагүй, Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олголгүйгээр Хурлын шийдвэр, хууль биелүүлээгүй мэтээр үйл ажиллагааг дүгнэж гарсан, 19 дүгээр тогтоол нь уг хууль бус тогтоолыг үндэслэж гарсан бөгөөд эдгээр тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн” гэж тайлбарлан маргасан.
1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох энэхүү маргааны тухайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тогтоолыг гаргах эрх зүйн үндэслэл байсан эсэх, энэхүү акт нь илт хууль бус акт мөн эсэх, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэнэ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж Хуралд асуудал оруулах бүрэн эрхийг, 48 дугаар зүйлийн 48.3-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана”, 52 дугаар зүйлийн 52.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах” гэж зааснаар Хурлын үндсэн үйл ажиллагааны хэлбэр, түүнийг зохион байгуулах нийтлэг бүрэн эрхийг Хурлын дарга хэрэгжүүлэхээр заасан байна.
1.4. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тус сумын Засаг дарга болон Хурлын даргыг огцруулахаар нэр бүхий Төлөөлөгчид болон Засаг дарга, Төлөөлөгч (Хурлын дарга Ц.С)-өөс бичгээр ирүүлсэн саналын дагуу Хурлын даргын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар захирамжаар ээлжит бус 8 дугаар хуралдааныг товлож, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон албан тушаалтнуудын асуудал”-ыг хэлэлцүүлэхээр тогтоож, холбогдох баримтыг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд Төлөөлөгчдөд тараажээ.
Тус Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдаанд нийт 25 Төлөөлөгчөөс 24 Төлөөлөгч оролцож, 96 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаас Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэснээр асуудлыг хэлэлцэж, хуралд оролцсон 24 Төлөөлөгчөөс 1 төлөөлөгч ашиг сонирхлын зөрчил үүссэнийг мэдэгдэж санал өгөөгүй, санал хураалтад оролцсон 23 төлөөлөгчийн 13 төлөөлөгч дэмжиж, 10 төлөөлөгч татгалзсанаар 56,5 хувийн саналаар санал хураалтыг хүчинтэйд тооцож “Сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах санал уламжлах тухай” тогтоол гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдааны тэмдэглэл, хуралдааны ирцийн бүртгэл зэрэг баримтаар нотлогдож байна.
1.5. Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засаг дарга Б.Болор-Эрдэнийг Хурлын шийдвэрийг болон нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр огцруулахаар шийдвэрлэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч, Хурлын дарга нарт олгосон бүрэн эрхийн хүрээнд гарсан саналын дагуу хуралдаж, Засаг даргыг хуульд заасан хугацаанаас өмнө огцруулах үндэслэл бий болсон гэж үзэж хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн...олонхын саналаар батална гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн тус Хурлын 19 дүгээр тогтоолыг 15 дугаар тогтоолтой шууд холбох байдлаар илт хууль бус гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан хязгаарлалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн “... хууль бус 15 дугаар тогтоолыг үндэслэн гарсан, акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
1.6. Мөн хариуцагч Хурал нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Хурлыг хуралдуулж шийдвэр гаргахдаа Засаг даргыг огцруулах санал гаргасан өдрөөс хойш 17 хоногийн дараа хэлэлцэж тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийг зөрчсөн гэх боловч нэр бүхий төлөөлөгчдийн санал ажлын албанд 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ирсэн[1] байна.
Засаг даргыг огцруулах үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэх ёстой, хугацааг хэтрүүлсэн гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй учир шүүхээс уг үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй, “илт хууль бус захиргааны акт” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд Засаг даргыг огцруулах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан. Тус зүйлд зааснаар тухайн орон нутгийн Хурлаас бүрэн эрхийн хүрээнд хамтын шийдвэрээр гаргасан огцруулах шийдвэрийг дээд шатны Засаг дарга Захиргааны ерөнхий хуульд заасан “бодит нөхцөл байдлыг тогтоох” байдлаар хянахгүй, шийдвэрийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
2.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:”, 64.2.3-д “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан”, 64.4-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана...” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Сумын Засаг дарга Б.Болор-Эрдэнийг огцруулахаар шийдвэрлэсэн Хурлын шийдвэрийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар сумын Засаг даргыг огцруулсан нь хууль зөрчөөгүй байна.
2.3. Сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргахдаа хуульд заасан 14 хоногийн дотор шийдвэрлэх хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд Хурлаас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/74 тоот албан бичгээр “Сумын Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай” 19 дүгээр тогтоолыг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” 01/75 тоот албан бичгээр уг тогтоолыг хэрэгжүүлж, сумын Засаг даргыг огцруулах саналыг тус тус хүргүүлсэн байна.
Хурлын санал уламжилсан тогтоолын дагуу аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргахдаа 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нь Хурлын олонхийн саналаар гаргасан шийдвэрийг үгүйсгэх, Засаг даргыг огцруулах тухай саналыг хүлээж аваагүй гэх үндэслэл болохгүй юм.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.1, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Болор-Эрдэнийн “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АРИУНЦЭЦЭГ
[1] Ээлжит бус 8 дугаар хуралдааны тэмдэглэл 6 хуудас, 3 дахь догол мөр